“Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн зөвлөх, Удирдлагын академийн багш Д.Намхайдагватай ярилцлаа.
-Урт хугацааны зорилго, зорилт гэхээр дан ганц нийгэм, эдийн засгийн салбарын тухайд л ярьдаг мэтээр ойлгодог. Тэгвэл хувь хүн ч бас өмнөө нэлээд алсыг харсан зорилго, зорилт тавиад бодит амжилтад хүрэх боломжтой талаар Та нэгэн нийтлэлдээ дурдсан байдаг шүү дээ. Энэ тухай яриагаар ярилцлагаа эхлэмээр байна?
-Хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олон, салбар, улс орон аль нь ч адилхан тулгамдсан хэрэгцээ, шаардлага, хүсэл эрмэлзлэлээ урт хугацааны зорилго, зорилт болгон дэвшүүлэн тавьдаг. Гэхдээ цөөхөн хэсэг нь түүнийгээ бодит үр дүн болгож чаддаг. Амжилтанд хүрсэн хүний дэвшүүлсэн зорилго нь зөв, тодорхой, тогтвортой, түүнийгээ хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил болгож, бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай, хариуцлагатай, сахилга баттай байсанд оршдог.
Зөв гэдгийн цаана хувь хүнийхээ онцлог өгөгдөл, нөхцөл байдалд тохирсон байх тухай асуудал. Тууштай, хариуцлагатай, сахилга баттай гэдгийн цаана ерөнхий үр дүндээ хүрэх завсрын үр дүнгүүдийг зөв тодорхойлж, хооронд нь уялдуулан, эрэмбэлж, түүнрүүгээ үйл ажиллагаа, арга хэмжээ, нөөц боломжийг чиглүүлэх, өдөр тутмын аар саар асуудалд сатаарахгүй байх тухай асуудлыг хөндөж байгаа юм.
2013, 2015, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Рио-де-Жанейро, 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмын 73 кг жингийн алтан медальтай Япон улсын жүдогийн домогт тамирчин Шохэй Оногийн жишээн дээр авч үзье.
Шохэй Оногийн дэлхийн 3 удаагийн, олимпийн 2 удаагийн аварга болсон амжилт нь түүний тив, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг жудогийн тамирчин болох өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадсаныг харуулж байна. Тамирчдын өмнөө дэвшүүлэн тавьдаг энэхүү зорилго нь аяндаа биеэлдэггүй. Олимпийн аварга тамирчин болохын тулд мэдлэг туршлагын хувьд, сэтгэл зүйн хувьд, бие бялдарын хувьд, ур чадварын хувьд бэлтгэгдсэн байх шаардлага тулгардаг. Энэ нь зорилгыг хангахад чиглэсэн зорилтууд буюу ерөнхий үр дүнг хангахад чиглэсэн завсрын үр дүнгүүд юм. Завсрын үр дүнгүүд хангагдаж байж ерөнхий үр дүн хангагдах нөхцөл бүрддэг.
Шохэй Оногоос нэг удаа сэтгүүлч “Та ялчихаад яагаад баярладаггүй юм бэ” гэж асуухад тэрээр “Дэргэд минь ялагдсан хүн зогсож байхад би яаж баярлах вэ дээ” гэж хариулсан байдаг. Эндээс харахад түүний сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэгдсэнийг, сэтгэлзүйгээ гайхамшигтай удирдаж чаддагыг харуулж байгаа юм. Энэ нь зорилгоо хангахад чиглэсэн зорилтдоо хүрч чадсаныг харуулж байна.
Мэдлэг, туршлага, сэтгэл зүй, бие бялдар, ур чадвар юу ч хийхгүй байж байгаад аяндаа хангагдчихдаг зүйл биш. Ийм учраас зорилго, зорилтыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ, ажилбарыг төлөвлөх шаардлага үүсдэг. Гол зарчим нь ажилбаруудыг гүйцэтгэвэл арга хэмжээ хэрэгжинэ. Арга хэмжээнүүдийг хэрэгжүүлбэл үйл ажиллагаа хэрэгжинэ. Үйл ажиллагаануудыг хэрэгжүүлбэл зорилтын хүрээнд хөндөгдөж буй үр дүнд өөрчлөлт гарна гэсэн зүй тогтол, хамаарлыг тооцож төлөвлөдөг. Төлөвлөснөө хэрэгжүүлдэг, хэрэгжилтээ үнэлж дүгнэдэг, эргэн нягталж, сургамж авдаг байх тухай асуудал юм.
Шохэй Оно мөн нэг ярилцлагадаа "Миний бага насанд ялагдаад уйлж байснаас өөр дурсамж үлдээгүй" гэсэн байдаг ба тэрээр өдөрт 12 цагийн турш жүдогийн дасгал сургуулилалт хийж, нэг техникээ 1000 удаа давтаж суралцдаг байжээ.
Урт хугацааны зорилго, зорилтоо бодит үр дүн болгож чадсан хувь хүний амжилтад хүрсэн нууц нь ерөнхий үр дүндээ хүрэх завсрын үр дүнгүүдийг зөв тодорхойлж, хооронд нь уялдуулан, эрэмбэлж, түүнрүүгээ үйл ажиллагаа, арга хэмжээ, нөөц боломжийг чиглүүлэх, өдөр тутмын аар саар асуудалд сатаарахгүй ерөнхий үр дүндээ суурилсан удирдлагыг хэрэгжүүлсэнд байдаг.
-Улс орны хувьд хөгжилд хүрэх нууц хувь хүнийхтэй адилхан байдаг уу?
-Ерөнхий арга зүй нь бол ижилхэн гэхдээ гэр бүл, байгууллага хамт олон гэх мэт шат ахих тусам хэрэгцээ, асуудал хоорондын уялдаа хамаарал нь нарийн төвөгтэй болж ирдэг. Ялангуяа улс орны түвшинд хэрэгцээ, асуудал нь хүний хөгжил, нийгэм, байгаль орчин, эдийн засаг, засаглал гэсэн өргөн хүрээг хамардаг учраас тэдгээр чиглэлийн хүрээнд тодорхойлсон төрийн бодлого, төрийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулах шаардлага үүсдэг.
Төрийн бодлого гэдэг бол ямар нэгэн гоё нэртэй бодлогын баримт бичиг батлаад, тэндээ гоё гоё үр дүнгүүдийг тусгачихвал л ирээдүйд биелчихдэг зүйл биш. Түүнийхээ төлөө системтэй, уялдаа хамааралтай алхам хийх хэрэгтэй. Тэгж байж бодлого маань бодит биелэлт болдог.
Системтэй, уялдаа хамааралтай алхам гэдэг нь тодорхойлсон бодлого, түүний хүрээнд дэвшүүлсэн бодлогын зорилго, зорилтыг хангахад чиглэсэн төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн төрийн удирдлагын бүрдэл хэсгүүдийг хэрхэн яаж, зөв уялдуулан зохион байгуулах тухай асуудал юм. Энэ системтэй, уялдаа хамааралтай алхамыг яаж хэрхэн хийх вэ гэдэг арга зүйг үр дүнд суурилсан удирдлагын хүрээнд хөндөж авч үздэг.
Төрийн бодлогын онцлог шинж нь нийтэд хамааралтай асуудлыг хөндөж авч үздэг. Төрийн бодлогоор нас, хүйс, газар зүйн байршил, амьдралын хэв маяг гэх мэт ялгаатай зорилтот бүлгүүдэд тулгамдаж буй хэрэгцээ, асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгардаг.
Нийт улс орны, нийт иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ерөнхий бодлогоос гадна тодорхой салбар, эрхлэх асуудлын хүрээнд тодорхойлогдсон бодлогууд, тэдгээрийн хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилт хоорондын хэвтээ болон босоо хамаарлыг тооцох шаардлагатай байдаг. Босоо гэдэг нь зорилтын зорилгод үзүүлэх нөлөө, хэвтээ гэдэг нь зорилт хооронд нөлөөллийг тооцно гэсэн үг. Энэ уялдаа, хамаарлыг зөв тооцохгүйгээр ерөнхий үр дүн хэзээ ч биелэдэггүй. Нөгөө талаар нийгмийн харилцаа харилцан уялдаатай бие биендээ харилцан нөлөө үзүүлж байдаг, тэрхүү нийгмийн харилцааг зохицуулах, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад шаардлагатай нөөц боломж хязгаарлагдмал учраас илүү нарийн төвөгтэй байдлыг үүсгэдэг.
Төрийн бодлого, шийдвэрээс огт хамааралгүйгээр өөрийн амьдрал, үйл ажиллагаагаа удирдан чиглүүлээд явчидаг иргэн, аж ахуйн нэгж гэж байдаггүй. Яагаад гэвэл та замын хөдөлгөөнд оролцоо гэхэд замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцох, тодорхой үйл ажиллагаа эрхлэхэд нийтийн эрх ашгийн үүднээс зөвшөөрөл авах, тодорхой үйл ажиллагаа явуулж орлого оллоо гэхэд татвар төлөх гэх мэтээр төрөөс гаргасан бодлого, шийдвэрийн нөлөөн дор амьдрал, үйл ажиллагаагаа зохицуулах шаардлага үүсдэг.
Гэхдээ нийгмийн харилцааг зохицуулах, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бодлого, шийдвэр нь тодорхой ойлгомжтой, тогтвортой байвал иргэд өөрийн амьдрал, үйл ажиллагаагаа удирдан чиглүүлээд явчихдаг. Төрийн бодлого, шийдвэр нь тэрхүү нийгмийн харилцааны хамгийн зохистой тэнцвэрийг хангах, амьдрал, үйл ажиллагаагаа удирдан чиглүүлээд зорьсон үр дүндээ хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, саад тотгорыг нь хамгийн бага түвшин байлгахад л чиглэх ёстой.

-Монгол Улс өнгөрсөн хугацаанд дэвшүүлсэн төрийн бодлого, түүний хүрээнд дэвшүүлсэн үр дүндээ хүрч чадсан уу?
-Тодорхой нэг чиглэлийн хүрээнд тодорхойлсон үр дүндээ хүрсэн бодлогууд бол байгаа. Гэхдээ улс орны хөгжлийн урт хугацааны бодлогын хүрээнд дэвшүүлсэн ерөнхий үр дүндээ хүрч чадаагүй. Яагаад ингэж хэлж байна вэ? гэхээр Монгол улсын анхны ерөнхийлөгч агсан П.Очирбат “Монгол улс азийн бар улс болно” гэж хэлсэн байдаг. Гучин орчим жилийн дараа иргээд харахад Азийн бар улс болж чадаагүй байна. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно” гэсэн алсын хараа тодорхойлоод гучин жилийн өмнө тодорхойлж байсан зүйлээ, дахин гучин жилээр хойшлуулчихаад байж байна. Мөн өвчлөл, агаарын бохирдол, ажилгүйдэл, ядуурал, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанар гэх мэт хамрах хүрээ, тархалтын хурд улам өсөн нэмэгдэж байгаа олон асуудал байсаар байна.
Энгийн жишээ хэлэхэд бид төрийн бодлогын хүрээнд олон жилийн өмнөөс эдийн засгаа солонгоруулъя. Уул уурхайн түүхий эдийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой байх зарчмаар хөгжүүлж, үйлдвэржсэн орон болоё хэмээн бодлого тодорхойлж ирсэн. Гэтэл бодит байдал дээр Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай. Нүүрс, төмрийн хүдрээ түүхийгээр нь зөөсөн хэвээр байна. Үйлвэрлэл хөгжүүлэхэд нэн шаардлагатай эрчим хүчний хэрэгцээгээ ч хангаж чадахгүй. Гэр хорооллын боломжтой айл өрх нүүрсний хэрэглээгээ цахилгааны хэрэглээгээр орлуулах нөхцөл боломж нь ч хангагдаагүй хэвээр байна.
Өөр жишээ дурдвал боловсролын үйлчилгээний чанарын ялгаа, хүртээмжгүй байдлаас шалтгаалан иргэд чанартай боловсролын төлөө харьяаллын бус сургууль, цэцэрлэгт хүүхдээ суралцуулж өрхийн зардлын өсөлт, замын түгжрэл, агаарын бохирдол, хөдөлмөрийн бүтээмжгүй байдал зэрэг олон сөрөг үр дагаварыг үүсгэж амьдрал, үйл ажиллагаагаа зохицуулахаас өөр аргагүй нөхцөл байдалтай тулгарч байна.
-Та Европын холбооны төсвийн дэмжлэгийн хүрээнд НҮБХХ-өөс хэрэгжүүлсэн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” нь төсөлд зөвлөхөөр ажилласан байна. Энэ төслийн гол зорилго, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүн, туршлага сургамж юу байсан бэ?
-Төслийн хүрээнд дэвшүүлсэн нэг гол зорилт нь Монгол Улсын хөгжлийн бодлого, удирдлагын үйл ажиллагаанд үр дүнд суурилсан удирдлагыг нэвтрүүлэхэд чиглэсэн. Үр дүнд суурилсан удирдлага гэдэг нь хүний хөгжил, нийгэм, байгаль орчин, эдийн засаг, засаглалын хүрээнд тодорхойлсон бодлогууд, тэдгээрийн хүрээнд хүлээгдэж байгаа үр дүнгүүдийг зөв тодорхойлж, хооронд нь уялдуулан, эрэмбэлэх болон тэдгээр үр дүнгээ бодитой болгоход чиглэсэн төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ гэх мэт төрийн удирдлагын үйл ажиллагаануудыг хэрхэн зөв зохион байгуулах тухай асуудал юм.
Улс орон хөгжих үү, эс хөгжих үү? Иргэд, нийгэмд тулгамдаж асуудлууд шийдэгдэх үү, үгүй юү? Иргэдийн амьдралын чанар дээшлэх үү, үгүй юү гэдэг нь тухайн улсын төрийн удирдлагын үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Үр дүнд суурилсан удирдлагыг сонгодог утгаар нь нэвтрүүлж чадсан улс орон хөгждөг.
Тус төсөл нь олон улсад туршигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү арга зүйг Монгол улсад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан. Төслийн хүрээнд Монгол улсын хөгжлийн бодлого, төрийн удирдлагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, олон талт хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулж оролцогч талуудыг ойлголтыг нэгтгэх, эрх зүйн орчны хүрээнд холбогдох хууль, журам, аргачлалуудыг боловсруулах, гарын авлага боловсруулах, мэдээллийн систем хөгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж гол үр дүнгүүдийг бий болгосон.
Төсөл хэрэгжих хугацаанд тодорхой үр дүнгүүд гарсан боловч тэдгээрийг Монгол улсад тохируулан улам сайжруулж нутагшуулах, тогтвортой байдлыг хадгалах, цаашид учир дутагдалтай байгаа асуудлуудыг улам сайжруулж нэвтрүүлэх шаардлага байсаар байна.
Үр дүнд суурилсан удирдлагыг бүрэн нэвтрүүлэхгүйгээр улс орон хөгжих, иргэдийн амьдралын чанар дээшлэх боломжгүй. Яагаад гэвэл төрийн бодлогын асуудлууд хоорондоо маш их уялдаа хамааралтай, нарийн төвөгтэй байдгаас гадна, төрийн удирдлагын үйл ажиллагаа цаг үеийн аар саар асуудалд сатаараад, урт хугацааны хөгжлийн бодлого, үр дүнгийнхээ төлөө тууштай, хариуцлагатай, сахилга баттай байж чаддаггүйд байгаа юм. Үүний хажуугаар хувийн, тодорхой бүлгийн эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүр тавьж төрийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлбэл илүү хор хохирол, сөрөг үр дагаварыг үүсгэдэг. Төрийн бодлого тодорхойлох нэг хэрэг, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх зүйн орчны хүрээнд холбогдох хууль, журам, аргачлалуудыг боловсруулах нэг хэрэг. Хамгийн гол нь түүнийгээ мөрдөж ажиллах, гол үзэл баримтлал, арга зүйг нь эвдэхгүй байх явдал хамгийн чухал.
-Монгол Улсын хувьд цаашид Үр дүнд суурилсан удирдлагыг сонгодог утгаар нэвтрүүлэхэд анхаарах гол асуудалд юу байсан бэ?
-Үр дүнд суурилсан удирдлагыг сонгодог утгаар нь нэвтрүүлэх, цаашид тогтвортой байдлыг хангахад улс төрийн нам, дарга төвтэй удирдлагаас хууль дээдлэх зарчим төвтэй удирдлагад бүрэн шилжих. Улс төрийн нам нь намын, тодорхой бүлгийн, хувийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг нэгд тавьж чаддаг болж төлөвших. Баталсан хууль, журам, аргачлалаа нэг мөр мөрдөх. Холбогдох хууль, журам, аргачлалыг улам боловсронгуй болгох зэрэг зүйлүүд дээр анхаарах шаардлагатай байгаа нь харагдсан. Эдгээрийг засахгүйгээр үр дүнд суурилсан удирдлагыг бүрэн нэвтрүүлэх, тодорхойлсон бодлого, түүний хүрээнд хүлээгдэж буй үр дүнг бодит үр дүн болгож чадахгүй. Үүний тулд эрдэмтэн судлаачид, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хяналт, шахалт шаардлага зайлшгүй шаардлагатай байна. Бусад улс орнуудад ч энэ асуудал тодорхой хэмжээн сорилт болсоор байна. Тэдгээр улс орнууд энэхүү сорилтыг даван туулахын тулд, субьектив хамаарлыг бууруулахын тулд мэдээллийн технологийн хөгжлийн давуу талыг ашиглаж байна. Энэ хүрээнд удирдлагын мэдээллийн нэгдсэн цахим системийг хөгжүүлж байна.
Удирдлагын мэдээллийн нэгдсэн цахим систем нь бодлогын нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байдлыг дэмжих; Бодлогын тогтвортой байдлыг дэмжих; Мэдээллийг нэг дор төвлөрүүлж, системтэйгээр удирдах боломж олгох; Оновчтой, хурдан шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлэх; Бүтээмжийг нэмэгдүүлэх; Хяналт, ил тод байдал сайжруулах; Үүрэг, хариуцлагыг сайжруулах; Явцуу ашиг сонирхол, сөрөг нөлөөллийг хязгаарлах; Цаг хугацаа, зардал хэмнэх гэх мэт олон талын ач холбогдолтой байдаг.