UBLife Logo
Нийгэм

Британи дахь монголчуудын “Монгол орны хөгжилд” 18-р чуулга уулзалт Оксфорд хотод боллоо 

Ж.Хулан
Ж.Хулан
Британи дахь монголчуудын “Монгол орны хөгжилд” 18-р чуулга уулзалт Оксфорд хотод боллоо 

Их Британи дахь монголчуудын уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт 18 дахь удаагаа Оксфорд хотноо тус их сургуулийн Эх дэлхийн шинжлэх ухааны сургуульд боллоо. Энэ жилийн хувьд “Монголын ирээдүй: Залуусын нүдээр” сэдвийн дор гадаадад ажиллаж, сурч буй монголчууд төдийгүй гадаадад төрж, өссөн монгол залуусыг өөр хооронд нь холбох, улмаар тэдний мэдлэг, ур чадварыг Монголын нийгэм, бодлогын түвшинд хэрхэн оролцох боломж бий болгох талаар яриа, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Чуулганыг Их Британи дахь монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат, зохион байгуулагчдын нэг Оксфордын их сургуулийн доктор Б.Марал нар хөтлөн явууллаа. Нээлтийн үгийг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин Сайд Б.Энхсүх хэлсэн бол энэ удаагийн чуулганы зорилго, ач холбогдлыг үнэлж, бүх талаар дэмжин ажилласан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Бумдарь уншиж танилцуулав. Мөн УИХ-ын гишүүн, Монгол-Британын парламентийн найрамдлын бүлгийн гишүүн М.Мандхай чуулганд оролцогч залуусын санал, санаачилгыг сонордон, хүлээн авах тохиолыг олзуурхаж буйгаа онцлон мэндчилгээ дэвшүүллээ. 

“Монгол орны хөгжилд” чуулганы илтгэл, хэлэлцүүлгийн хэсгийг нээж Лондоны Саут Банк их сургуулийн Манлайлал, менежментийн ахлах багш, доктор М.Саранзаяа нүүдэлчин соёлын онцлог, монгол хүний оюун сэтгэлгээ ба хиймэл оюун сэдвээр илтгэв. Мөн NICE ContactEngine компанийн өгөгдлийн ахлах шинжээч Б.Мөнхтулга хиймэл оюун ба бүтээлч сэтгэлгээ сэдвээр, UCL их сургуулийн магистрын оюутан Г.Гэрэл олон соёлын огтлолцлын эрин дэх монгол соёлын онцлог сэдвээр ярилцлаа. Технологи, хиймэл оюуны эринд хөгжлөөс хоцрохгүй байх нь чухал ч, тэдгээрийг үр ашигтай хэрэглэх, өөрийн соёл, сэтгэлгээний өвөрмөц онцлогийг харгалзах, бүтээлчээр ашиглах нь нэн чухал болохыг эдгээр илтгэлд онцлон дурдаж байсан юм.

Арга хэмжээний хоёрдугаар хэсэг буюу панел хэлэлцүүлэгт орчин үеийн шинжлэх ухаан, технологийн инновац нь Монголын уламжлалт нүүдэлчин ахуйтай хэрхэн хорших, мөнхүү бэрхшээл учруулж болох вэ, бид бэлэн үү гэх олон талт, сонирхолтой хэлэлцүүлгийг Оксфордын их сургуулийн доктор Б.Марал чиглүүлж УИХ-ын гишүүн М.Мандхай, Оксфордын их сургуулийн профессор Ричард Уолкэр, Кэмбрижийн их сургуулийн судлаач Т.Ганбаатар, Лондоны их сургуулийн Биркбек коллежийн профессор Жеймс Хаммонд нар өрнүүллээ. Түүнчлэн хоёрдугаар панелд хилийн чанадад ажиллаж, суралцаж буй залуусын төлөөллийг оролцуулж монгол хүний амин чанар, гадаадад сурч буй болон төрж, өссөн монгол залуусын монгол илэрхийллийн талаар төдийгүй тэдний мэдлэг, ур чадвар, дуу хоолойг Монголын нийгэмд хүргэх, тусгах боломж, эрмэлзлийн талаар хэлэлцлээ. Энэ хэсэгт Бристолын их сургуулийн Санхүү, эдийн засгийн 2-р курсийн оюутан, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлгийн эзэн О.Азбилэг, OctoLearn олон хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагч Т.Оргил, Лэйстэр их сургуулийн Сэтгүүл зүйн ангийн оюутан Р.Хэлэн (Хулан), Лауфборо их сургуулийн Бүтээгдэхүүний загварчлалын инженерийн магистрын оюутан Ц.Баяраа нар оролцож санал, сэтгэгдлээ хуваалцахын сацуу тэдний туршлага, мэдлэгийг улс орны мэдлэгийн сантай хэрхэн уях боломжийн талаар Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Бумдарь хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

Арга хэмжээний төгсгөлд хүндэт зочин, Оксфорд хотноо номын дуу сонсохоор ирээд буй Наро Банчин Ринбүүчи оролцогчдод хандан бусдын сайн сайхны төлөө энэрэнгүй сэтгэх, өөрийн мэдлэг оюуныг бусдын сайхны төлөө зориулах сэтгэлийн тухай товч айлдвар хуваалцлаа. 

Цар тахлын улмаас хоёр жил саатаад байсан “Монгол орны хөгжилд” чуулга, уулзалт ийнхүү 18 дахь удаагаа эргэн зохион байгуулагдаж, 100 гаруй оролцогчдын эрдмийн яриа хөөрөө, улс орныхоо төлөөх санаа, шийдлийн хэлэлцүүлэг дүүрэн өрнөж, хилийн чанад дахь монголчууд өөр хоорондоо танилцан нөхөрлөсөн, халуун дулаан уур амьсгал дүүрэн болж өндөрлөлөө. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\52.221.213.193
Илтгэлүүдийг нь олж унших юмсан. Ямар нэгэн сайт дээр тавигдаж бгаа болов уу?