UBLife Logo
Кино

BBC: 2025 онд гараад байгаа ШИЛДЭГ 10 КИНО

Ub.life
Ub.life
BBC: 2025 онд гараад байгаа ШИЛДЭГ 10 КИНО

2025 оны эхний хагас хэдийн ард хоцорч, энэ жил гараад байгаа шилдэг кинонуудыг хэвлэлүүд нэрлэж эхлээд байна. Бид энэ удаад BBC-гээс нэрлэсэн шилдгүүдийг танилцуулж байна.

Companion

Энэ жилийн хувьд хамгийн их анхаарал татсан инди, Америк кино гэж болно. Жэк Куэйд, Софи Тэтчэр нар Оросын тэрбумтны ойн гүн дэх алслагдсан зусланд найзуудын хамт амрахаар очно. Үдшийн цэнгээн, маргаан, сонирхолтой яриа хөөрөөнүүд эхэндээ уг киног романтик инээдмийн эсвэл нууцлаг триллер мэт санагдуулах боловч үнэндээ зөгнөлт инээдмийн гэхчлэн юу ч гэж тодорхойлоход бэрх эргэлтүүдээр үзэгчдийг татна. Найруулагч Дрью Хэнкокын энэ бүтээл нийт 97 минут үргэлжилнэ.

Sinners

Найруулагч Райан Куглерийн “Black Panther” шуугиан тарьсан бүтээл болсон бол “Sinner” түүнээс ч илүү болсон гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Майкл Би Жордан гол дүрд нь тоглож, ороо бусгаа амьдралын хэв маягаасаа залхсан ах, дүүс төрсөн хотдоо ирж, бүхнийг шинээр эхлэхийг хичээсэн боловч тэднийг бүр ч илүү адал явдал хүлээж байгааг төсөөлөөгүй байна. Энэхүү драм төрлийн бүтээлд 1930-аад оны Америк дахь арьс өнгөний үзэл, гэр бүлийн амьдрал, хөгжмийн урлаг гээд олон талт асуудлыг үзүүлжээ.

Art for Everybody

Түүхэн дэх хамгийн их борлуулалт хийсэн уран бүтээлч Томас Кинкэйдийн тухай баримтат киног найруулагч Миранда Йүсеф толилуулж байна. Шүүмжлэгчид Томас Кинкэйдийн бүтээлийг хэтэрхий эмзэг гэх нь бий боловч 1990-2000 оны үед Америк даяар алс хязгаар тосгодын дотно, дулаан уур амьсгалыг үзүүлсэн түүний зургууд түгж байв. Эл баримтат кинонд урлагийн үнэ цэнийг хэрхэн шүүх вэ, уран бүтээлчийн мораль гэж юу вэ гэх урлагийн сонирхолтой асуултуудыг эргэцүүлсэн төдийгүй хувь уран бүтээлчийн ээдрээт амьдралын түүхийг ч хослуулан гаргасан байна.

Warfare

“Civil War” киноны зохиолч, найруулагч Алекс Гарланд болон тус киноны цэргийн зөвлөх, ахмад дайчин Рэй Мэндоза нарын хамтын бүтээл “Warfare” нь Америк болон ал-Кайда хоорондын энэ цагийн тулааныг дэлгэцнээ буулгав. Уран бүтээлчийн авьяаслаг дүрслэхүй, ахмад дайчны бодит туршлага хосолсон энэ кино үзэгчдийн анхаарлыг татахгүй байх аргагүй хүчтэй бүтээл болжээ. Түүнчлэн улс төрийн үзэл санаанаас илүүтэй дайчдын хувь хүний золиос, эр зоригийг голчлон харуулсан нь энэ төрлийн кинонд тэр бүр барьж авдаггүй чухал өнцөг болсон юм.

Bring Them Down

Ирландын хөдөө тосгон доторх хоньчид хоорондын дайсагналын түүхийг харуулсан триллер төрлийн кино. Тосгонд хулгай нүүрлэхэд тэдний бухимдал, хорсол дээд цэгтээ хүрч буйг найруулагч Кристофер Андрьюс дүрслэн харуулжээ. Гэхдээ энэ бүхэн ердөө нэг гэмт хэрэг, өшөө хорслын тухай үйл явдлын урт дараалал бус эдийн засгийн хүндхэн нөхцөл, залуу насны ааг омог, эрчүүдийн бардамнал, үе дамжсан эцэг, хүүгийн сэтгэл зүйн асуудал зэргийг хөндөн харуулснаараа онцлогтой. Эдгээрийг дэлгэцэд гайхалтай буулгаж, агуулгын зангилааг ухаалгаар найруулсан нь киноны агуулгыг улам хүчтэй илэрхийлнэ.

The Friend

Манхэттэний гудамжинд аварга том нохойгоо хөтөлсөн Наоми Уоттсын дүр эхэндээ яах аргагүй хэний ч анхаарлыг татна. Харин хайр сэтгэл, гашуудлын тухай дотно, дулаан мэдрэмжээр дүүрэн энэ кино улмаар сэтгэл хөдлөм түүхийг өгүүлэх болно.

Наоми Уоттс Айрис хэмээх багшийн дүрийг бүтээсэн бол түүний дотнын нөхөр, эмэгтэйчүүдийн сэтгэлийг булаасан алдартай зохиолч Уолтерийн дүрийг Билл Мюррей гаргажээ. Харамсалтай нь, нэрт зохиолч амиа егүүтгэн өөрийн Апполо нохойг найздаа үлдээсэн нь Айрисын хувьд гашуудлаа даван туулж, нөхөрлөлөө эргэн дурсах гайхалтай хөтөч болно. Эл киног 2018 онд хэвлэгдсэн Сигрид Нуньезийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд сэтгэл хөдлөм, дотно бүтээл болжээ.

Highest 2 Lowest

Акира Куросавагийн 1963 оны “High and Low” киноноос киноноос сэдэл авч бүтээсэн Спайк Лийгийн шинэхэн уран бүтээлийн гол дүрд Дэнзэл Уошингтон тогложээ. Хөгжмийн ертөнцийн могул түүний амьдралд арьс өнгө, анги давхарга, амин хувийн асуудлууд гээд бүхий л зүйл тохиолдоно. Дэнзэл Уошингтоны гайхалтай тоглолт дээр реппер A$AP Rocky туслах дүрээр өнгө нэмэх нь бүр ч сонирхолтой.

Materialists

“Past Lives” киногоороо нэрээ тамгалсан найруулагч Селин Сонгийн шинэ бүтээл “Materialists” хайр дурлал, эд мөнгө хоорондын мөнхийн зөрчлөөс сэдэвлэжээ. Романтик-инээдмийн ангилалд багтаж буй энэ кино гэхдээ тийм ч хөнгөн, зугаатай бас биш бөгөөд үзэгчийг эргэлзээ, эргэцүүлэлд хөтлөх нь гарцаагүй. Гол дүрд Дакота Жонсон тоглосон бол түүний хамтрагчаар үргэлжийн дэгжин, ялдам Педро Паскал гол дүрийг бүтээсэн байна.

The Ballad of Wallis Island

Эхнээсээ дуусах хүртлээ таныг уйдаахгүй, гайхалтай хөгжилтэй Британи инээдмийн түүх. Зохиолч Том Басдэн, Тим Ки нар жүжигчин Кэри Муллиганы хамт гол дүрүүдэд тоглож жижигхэн арал дээрх зугаатай үйл явдлууд ээлж дараалан хөвөрнө. Тэдний харилцан яриаг тун ч няхуур бичсэн нь илэрхий бөгөөд сугалаанд хожсон, ер бусын зантай хөгшин эр өөрийн амьдардаг арал дээрээ дуртай дуучдаа авчирч тоглуулах болсноор адал явдал эхэлнэ.

Lurker

Дэлгүүрийн худалдагч Маттью болон өсөж яваа од Оливер нарын учрал нь орчин цагийн сошиал медиа эрин дэх алдартан, шүтэн бишрэгч хоорондын дотно боловч давах ёсгүй шугамын талаар харуулжээ. Энэ кино нь “The Bear”, “Beef” зэрэг хүчирхэг өгүүлэмжтэй кинонуудыг бүтээсэн найруулагч Алекс Расселын ээлжит уран бүтээл юм. Алдар нэрийн талаарх төөрөгдөл, шүтэн бишрэх, ойртон дотносох хязгааргүй хүсэл нь сүүлдээ аймшигт үйл явдлын эхлэл болж буй сэтгэл зүйн хүчтэй өгүүлэмжийг энэ кинонд гаргасан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.