UBLife Logo
Кино

Алдартай найруулагчид яагаад дайны эсрэг кино хийхийг эрхэмлэдэг вэ?

Алдартай найруулагчид яагаад дайны эсрэг кино хийхийг эрхэмлэдэг вэ?

1945 оны 8 дугаар сарын 6-ны эл өдөр хүн төрөлхтний түүхэнд нэгэн том толбо үлдсэн нь арлын Япон улс атомын бөмбөгдөлтөд өртсөн явдал байлаа. Энэ явдал дэлхий дахинаа том сургамж болсон хэдий ч одоо хүртэл зарим газар дайн үргэлжилсээр буй нь харамсалтай. Тэгвэл алдарт найруулагч нар дайны тухай юу гэж хэлж мөн өөрсдийн хальснаа хэрхэн буулгасныг танилцуулж байна.

1, “Гэрэлт цохны булш” (1988): Найруулагч Исао Такахата (Grave of the Fireflies)

Японы алдарт Ghibli студийн хамтран үүсгэн байгуулагч, алдарт Хаяо Мияазакигийн хүндэт нөхөр, багш асан Исао Такахата 1988 онд “Миний хөрш Тоторо” кинотой нэгэн зэрэг тус бүтээлээ нээж байлаа.

Харин түүний бага нас дайнд өнгөрч, хожим хойно бөмбөгдөлтийн гал дундуур эгчийгээ хайж явахдаа ямар их айж байснаа олон жилийн хойно дурссан байдаг. Найруулагч дайныг дүрслэхдээ хүний зүрх сэтгэлийг хамгийн их эмтэлж чадах хагацлыг дайн л цор ганцаар үзүүлдэг талаар нэгэн ярилцлагадаа дурдсан удаатай.

Мөн киноны тухай нэгэн сонирхолтой факт хуваалцахад гол дүрийн бяцхан охинд 3 настай охин дуу оруулсан тул аймшигтай дүрслэлүүдийг харуулж тухайн хүүхдийг айлгахгүй гэсэндээ бусад киноны адилаар киногоо харангаа дуу оруулах бус түрүүлж дуу оруулаад, оруулсан дуунд нь тохируулан анимешнээ зурж байжээ.

2, “Ирээд, хар” (1985): Найруулагч Элем Климов (Come and See)

Оросын найруулагч Элем Климов тус киногоороо Беларусь хүүгийн нүдээр дамжуулан Дэлхийн хоёрдугаар дайныг бодитоор, айдас төрүүлэм байдлаар харуулжээ. Сэтгэлзүйн хувьд үзэхэд хүнд, яг л дайн дунд өөрөө орсон мэт мэдрэмж төрүүлдэг тул дайны муу муухай харгис талуудыг харахад хамгийн их нөлөөлөх кинонд зүй ёсоор тооцогддог билээ.

 Анх найруулагч болон кино зохиол хамтран бичсэн Алес Адамович нар кинондоо “Гитлерийг ал” гэсэн нэр өгөх гэж байжээ. Гэтэл төсөл 7 жил завсарласны дараа нэрийг нь өөрчлөх ёстой болж “Ирээд, хар” болгон өөрчилж байсан түүхтэй.

Тэр анх “Гитлерийг ал” гэж нэрлэхдээ нэг хүн рүү дайрсан бус дайн өдөөгчид рүү чиглэн тэднийг буруутгахыг хүсжээ. Мөн түүний бага нас Сталинград хотод өнгөрсөн тул түүний бага нас ч мөн дайн дунд өнгөрсөн юм.

3. “Баширтай бүжиглэсэн нь” (2008): Найруулагч Ари Фолман (Waltz with Bashir)

Израйль улсын найруулагч Ари Фолман энэхүү киногоороо дамжуулан дайн ямар ч зорилготой байсан, хаа ч хүрэх байсан ямар ч хэрэггүй гэдгийг харуулахыг зорьжээ.

Мөн тэрээр ихэнх Америк дайны тухай кинонууд дайныг аймшигтай гэж харуулахаас гадна баатарлаг байдал, анд нөхөрлөл, дайны баатар байхын сайн сайхныг дүрслэх нь элбэг байдаг.

Угтаа дайн бол өндөр эготой өчүүхэн удирдагчдын л өдөөдөг үйлдэл. Түүний итгэл үнэмшлээр дайн бол аймшигтай.

Тиймээс тэрээр энэ киног үзэж буй нэг ч гэсэн залуу үе маань дайны баатар болъё гэж хичээлгүй, дайнд явахгүй байх шийдвэрийг нэг ч гэсэн хүүхэд бодолдоо тээж чадвал энэ киноны хэрэг гарлаа хэмээн үзнэ гэжээ. Мөн тус баримтат анимешнээр дайнд нэрвэгсдээс илүү дайнд явж буй цэргүүдийн өнцгөөс харуулахыг хүсжээ.

4. “Алдрын зам” (1957): Найруулагч Стэнли Кубрик (Paths of Glory)

Найруулагч Стэнли Кубрикын тус бүтээл нь Дэлхийн I дайны үеийн цэргийн командлал, шударга бусын тухай хатуу шүүмжилсэн кино. Дайны талбарт төдийгүй тушаал өгдөг дарга нарын дунд оршдог ёс зүйн уналтыг онцлон харуулжээ.

Мөн дээр дурдсанчлан өндөр эготой, өчүүхэн удирдагчид хэмээн Ари Фолманы хэлсэнчлэн тэдгээр удирдагчдыг өөрийн бүтээлүүдээрээ дамжуулан хүчтэй шүүмжилдгээрээ түүний кинонууд онцлог.

Зарим улсын архивын баримтад дайн гарсан үед энгийн ард иргэдээ золиосонд гарган бөмбөгдөх шийдвэрийг зарим эрх мэдэлтнүүд гаргах гэж оролдсон түүхүүд нэлээдгүй их байдаг. Тиймээс дайныг эсэргүүцэх эсэргүүцлээ Стэнли Кубрик өөрийн арга барилаар хэд хэдэн бүтээлдээ тусгасан байдаг.

Тэрээр дайны тухай хэлэхдээ “Дайн бол нэг төрлийн хүлэмж. Маш хурдан хугацаанд нэг үзэл бодлыг хүчээр тулгаж орхидог” гэж шүүмжилж байжээ.

5. “Салхи сэвэлзэнэ”  (2013) : Найруулагч Хаяао Мияазаки (The Wind Rises)

Азиас төрсөн анимешний хамгийн агуу найруулагч Хаяао Мияазаки бага байхдаа онгоц зохион бүтээгч болохыг мөрөөддөг байсныг фенүүд нь мэдэх болов уу.

Түүний гэр бүл бөмбөгдөлтөөс зугтааж явж байхдаа ээж нь хүндээр өвдсөн байдаг. Бага насандаа  өвчтэй ээж, агаарын нисэх хүчинд ажилладаг аавынхаа эзгүйд дасаж, ганцаарддаг байхдаа онгоц зурж, нисгэгч зохион бүтээгч болохыг хүсдэг байжээ. Харамсалтай нь ээж нь удалгүй нас барсан байдаг.

 Үүнээс шалтгаалан тэрээр дайныг үзэн ядаж өсжээ. Энэ бүтээлээрээ дамжуулан анх удаагаа реалист бүтээл бүтээсэн бөгөөд өөрийнхөө алтер эгог ч илэрхийлсэн байж магадгүй юм.

Дайны онгоц биш аяллын онгоц бүтээхийг хүсдэг залуу хүчээр дайны онгоц бүтээх даалгавар авна. Нэг хэсэг түүнийг хөглөдөг байсан мөрөөдөл түүний зовлон болж хувирвал яах вэ? Хайртай хүндээ ч цаг гаргаж амжилгүй түүнийгээ алдвал яах бол? Энэ бүгдэд түүний бүтээл хариулт болж магадгүй юм.

Оскарын хоёр ч удаагийн шагнал гардуулах ёслолууд дээр хүрэлцэн ирээгүй, 2014 оны Хүндэтгэлийн шагнал гардуулалт дээр дайныг буруутгасан үг хэлсэн зэргээс нь түүнийг дайныг хэр их үзэн яддагийг харж болно.

Бэлтгэсэн Г.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.179.240.159
Маш гоё нийтлэл болжээ, нийтлэлийг бэлтгэсэн Г.Ариунзаяад баяр хүргэе