UBLife Logo
Ном

Э.Бүжинлхам: Эхлээд надад сэтгэл гэдэг ганц үг л байлаа

Э.Бүжинлхам: Эхлээд надад сэтгэл гэдэг ганц үг л байлаа

“Эрүгэ өртөө” номын зохиолч Э.Бүжинлхамтай ярилцлаа. Тэрбээр яруу найргийн төрлөөр “Намрыг мартагсад” (2012), “Сүнс урлал” (2020) түүвэр, хүүрнэл зохиолын төрлөөр “Ариан” (2015) туужийг хэвлүүлсэн билээ.


-Та өмнөх ярилцлагадаа “Арван найм, арван естэй үеийн догдлуун сэтгэл, гэнэн итгэл хоёр “Намрыг мартагсад”-ыг бичүүлсэн бол “Ариан” харин тэр сэтгэлийг миний дотроос бүгдийг нь шавхан гаргаад, цэгцлээд тавьчихсан” гэж хэлсэн байдаг. Тэгвэл “Эрүгэ өртөө” номынхоо сэдэв болох энэ түүхийг та хаанаас олсон бэ?

-Эхлээд надад сэтгэл гэдэг ганц үг л байлаа. Ертөнц бидэнд цаг ямагт л ямар нэгэн асуулт тавьж байдаг даа. Орчлон хорвоог том зургаар нь төсөөлөөд бодсон чиг л, цогцлоож буй нийгмийнхээ сайн мууг нь дэнслээд үзсэн чиг, үгүй ядахдаа л өөрөө, өөрийнхөө талаар эргэцүүлсэн чиг л асуулт бүхний минь хариулт “Сэтгэл” гэгч ганц л үгэнд хураагдчихаад байв. Тэгээд л уран зохиолоор хөндөж болох сэдвүүдийн охь нь буюу хүний оршихуйн мөн чанар, гүний ухамсар болоод сэтгэл зүрхний тухай өөрийнхөөрөө дуулахыг хүссэн. Хүний сэтгэл гэдэг шархалдаг, өвддөг нь үнэн. Харин тэрхүү шархаа үл эдгээх аваас хүн өөрийнхөө амьдралыг өвдөлтөөрөө залж эхэлдэг гэдэг нь ч бас л үнэн. Тиймээс энэ тухай, нэн ялангуяа “Тэгвэл сэтгэл яаж эдгэрдэг юм бэ” гэх асуултад хариулахыг хүссэн минь л ийм нэгэн бүтээл боллоо.

-Номын гол дүр болох “Эрхас”-т мэдрэгддэгийн адилаар танд ч бас зохиолыг тань далдын ямар нэгэн хүч бичүүлчихсэн ч юм шиг, түүнийг та зөвхөн буулгасан ч юм шиг мэдрэмж төрж байсан удаа байдаг уу?

-Уран бүтээлчийн онгодын тухайд ихэд сонирхон, эргэцүүлдэг байсан үе надад бий. Зохиолч ч гэлтгүй өчнөөн олон зураач, хөгжмийн зохиолчид (Фрида, Дали, Бетховен, Бах гэх мэт тоочоод байвал дуусашгүй) ямар нэгэн далдын хүчээр бүтээлээ туурвисан гэж, үгүйдээ л ухамсрын хувьд өөр төлөвт шилждэг талаараа бичиж тэмдэглэсэн байдаг. Оргүй зүйл биш л байх. Яах аргагүй л заримдаа гарын хурд бодлоо гүйцэхгүй үе гэж байдаг. Гэвч би уран бүтээлийн онгод хэмээх зүйлийг надаас тусдаа, ангид оршихуй гэж итгэхээс илүүтэй миний дотор надтай зэрэгцэн оршдог, магад миний оюун ухаан дахь хамгийн совинлог, хамгийн мэргэн хэсэг нь ч юм билүү гэх төсөөлөлдөө дуртай болж. Хэрэв зөвхөн онгодын хүчээр бичдэг гээд бат итгэчих юм бол аргын талд амьдарч буй би өөрөө, өөрийнхөө оюун санааг үгүйсгэж байгаа хэрэг болно оо доо? “Эрүгэ өртөө” зохиолоо бичиж байхдаа ч би энэ бодлоо өөртөө баталчих шиг санагдсан. Онгодын хүч байлаа ч, онгод болоод миний оролцоо бүтээлд минь ижил тэнцүү хувийг л эзлэх болов уу. Арга билиг гэдэг шиг аль аль нь үгүй бол аль нь ч оршин тогтнох боломжгүй зүйл ч юм билүү? Гэхдээ энэ л туйлын үнэн шүү гэж хэлэхэд ярвигтай, хэцүү ойлголт шүү дээ. 

-Та АНУ-ын Вашингтоны Их сургуульд “Бүтээлч уран зохиол ба яруу найраг зүй” мэргэжлээр суралцаж төгссөн шүү дээ. Сургуульд тань зохиол бичихийг хэрхэн заадаг байв?

-Өнөөдрийг хүртэл би зохиол бичихийг хэн нэгнээр заалгасангүй ээ. Миний сонгон суралцсан хөтөлбөрийн онцлог нь ямар нэгэн онол, зохиол бичих “жор” үзэхээс илүүтэй оюутнууд өөрийнхөө бичих арга барилыг олж авахад чиглэсэн байв. Тиймдээ ч хичээлийн явцад долоо хоногт багш бүр өөрсдийн сонголтоор нэгээс хоёр ном уншуулах бөгөөд уншсан номтой холбоотой (заримдаа холбоогүй ч байж болно) бичих даалгавар өгдөг. Тэгээд л багш болон арван оюутан тойрч сууж байгаад бие, биеийнхээ бүтээлд шүүмж хэлнэ. Энэ журмаар л хоёр жил сурсан. Өөрийгөө шахаж, бичих дадал олж авахад минь энэ хөтөлбөр надад тусалсан ч, анхныхаа хүүрнэл зохиолыг буюу “Эрүгэ өртөө”-г энд сурсан МЭДЛЭГЭЭР биччихсэн гэвэл өрөөсгөл зүйл болно. Анх сурахаар шийдэж байхдаа ч би барууны уран зохиолын хөтөлбөрөөс айхавтар чухал зүйл олж авахгүй гэдгээ  гадарлаж л байсан. Миний хувьд уран зохиолын хөтөлбөрийг бүхэлд нь үгүйсгээд байгаа юм биш. Гэхдээ бүх л насаа зориулдаг зохиолчийн хөдөлмөр гэх зүйлийн дэргэд хоёр жил бол богинохон хугацаа. Яах вэ мэдээд авчхад илүүдэхгүй боловч зөвхөн академик мэдлэгээр зохиолч болчих нь ч гэж сохроор итгэж болохгүй байх аа. 

-Тэгвэл та яагаад сурахаар шийдсэн юм бэ. Зохиол бичих арга барилыг биш юм аа гэхэд сурч байх явцдаа танд анзаарсан чухал ойлголт, мэдлэг бий байх? 

-Хүн өөрийнхөө алхаж үзээгүй замыг үгүйсгэж болно гэж үү? Өрнийн улс уран зохиолыг юу гэж хүлээж авдаг юм, ямар зохиолоо таашааж ямрыг нь үгүйсгэдэг юм бэ? Залуучууд нь юу бичиж байна, өдгөө яруу найргийг яаж ойлгодог болсон юм гээд мэдэхийг хүссэн зүйлс байх нь байсан. Би ангидаа цорын ганц олон улсын оюутан нь байв. Бусад маань бүгд америкчууд. Би унаган англи хэлтэй хүн биш шүү дээ. Тиймдээ ч заавал эхлээд монголоор бичиж байж түүнийгээ англи хэл рүү хөрвүүлнэ. Сурч байх хугацаандаа бүтээлээ яаж орчуулах вэ, юу гээд хэлчихвэл энэ нөхөд ойлгох вэ, эсхүл ингэчихвэл яг толгой нь эргэчих нь дээ гээд л тэдний сэтгэлгээг мэддэг, мэдэрдэг болчихсон. (Инээв) Магад энэ миний сурсан зүйлсийн хамгийн чухал хэсэг нь байх. Яруу найргийг ойлгож хүлээж авдаг өрнийн хүний сэтгэлгээ болоод сэтгэлийг анзаарсан гэж хэлбэл онох юм болов уу даа? Түүнээс гадна хамгийн чухал нь мөнөөх л хөдөлмөрлөх дадал. Өдөр бүр бичгийн ширээнийхээ ард суугаад бичих. Хийхийг зорьсон зүйлдээ хүндэтгэлтэй, хянуур хандах. 

-“Бүхээгт гудамж” гэсэн сэдвээр магистрын зэрэг хамгаалсан байна лээ. Энэ орон зай таны “Ариан” тууж, “Эрүгэ Өртөө” романд тань гардаг. Бүүр түүрхэн ой санамжийн хэлтэрхий юм шиг хэр нь ээ, хүчтэй дуудлага мэт санагдуулдаг энэ орон зай таны номуудад юуг бэлэгддэг вэ?

-Цээжний мухар дахь хамгийн бөглүү далд, гүний хэсгийг бэлгэддэг. Харин магистрын ажлын хувьд бол шинэ бүтээл биш. Хугацаа давчуу байсан болохоор би “Ариан” туужаа хэдэн шинэ бүтээлээр баяжуулан орчуулаад дипломоо хамгаалсан. Уг нь “Эрүгэ өртөө”-г бичээд эхэлчихсэн байсан юм. Төлөвлөгөө ёсоор бол жилийн дотор дуусгаад түүгээрээ дипломоо хамгаална гэж төсөөлж байсан ч яагаад ч амжаагүй. 

-“Эрүгэ өртөө” номоо бичиж дуусгачхаад хэвлүүлэх гэж нэлээн удах шиг санагдсан. Уншигчид хэрхэн хүлээж авах бол гэдэгт эргэлзсэн үү?

-Удсан гол шалтгаан нь бүтээлээ ахин дахин тордсоных. Тордох тусам дээрдсэн үү гэхээс дордоогүй учраас тэр нь ч зөв байж. Хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэдэгт эргэлзсэн гэхээс илүүтэй бүх хүнд ойлгогдохуйц, энгийн бүтэцтэй зохиол ч биш л болчихлоо доо гэж мэдрэх нь мэдэрсэн. Гэхдээ хүрэх ёстой хүндээ хүрнэ гэдэгт огт эргэлзээгүй. 

-Зөн совин, гүний ухамсар, сэтгэл зүрхний тухай уран зохиолын аргаар илэрхийлэх нь атугай шинжлэх ухаанч байдлаар тайлбарлахад ч хэцүү, төвөгтэй гэх хэвшмэл ойлголтыг та “Эрүгэ өртөө” номдоо эвдэж чадсан гэдэгтээ хэр итгэлтэй байгаа вэ. Эдгээрийг уран зохиолд сэдэв болгон бичихэд хэр хэцүү байв?

-Одоохондоо шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй байгаа учраас л уран зохиол бол эдгээр сэдвийг хөндөж болох хамгийн төгс орон зай. Өнгөц дүгнэвэл, “Эрүгэ өртөө” хэмээх хийсвэр орон зайг өнөө цагийн хамгийн сонирхолтой сэдэв болоод буй “Virtual World”-той дүйцүүлэн төсөөлж болно. Иймэрхүү сэдэвтэй шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд та өчнөөн л үзсэн байх. Үнэхээр сонирхолтой сэдэв мөн үү гэвэл мөн. Шинэ зүйл ч биш. Гэхдээ надад орчин үеийн барууны зохиолууд ихэнхдээ л нэг мөч нь дутуу, ширээ байлаа гэхэд гурван хөлтэй догонцож ядсан зүйл шиг санагдаад байдаг юм. Хэрвээ хүн төрөлхтөн үнэхээр тархиндаа чип суулгаад хийсвэр ертөнцөд цагийг өнгөрөөж, тэнд дур хүслээ хангах хэмжээний эрх чөлөөг эдлээд эхлэх юм бол хамгийн түрүүнд юу тодорч харагдах вэ? Хүний сэтгэлийн төгс бус байдал. Тэгээд л энэхүү бодлоо өөртөө батлахын тулд, хэлэх гэсэн санаагаа яаж илэрхийлэх вэ, юугаар бэлгэдэн харуулах вэ хэмээн удтал бодсоны эцэст “Эрүгэ өртөө” хэмээх төсөөллийн орон зайг зохиолынхоо дэвсгэр болгон ашигласан. Миний л ойлгож буйгаар сэтгэлийг засах, сэтгэлийг эдгээх гэдэг өөрөө ховс, бясалгалын шинж чанартай билиг ертөнцөд хамаарах зүйл. Тиймдээ ч уншигчдад эрүгэ өртөө илбэ үзүүлэн, хуурмаг үзэгдлээр сонирхлыг нь татлаа ч тэрхүү үйл явдал бүхний нөгөө үзүүрт үнэн нуугдаж байгаасай гэж хүссэн. Тэрхүү хүслээ гэвч гүйцээж чадсан эсэхийг минь уншсан хүмүүс л өөр, өөрсдийнхөөрөө тунгаах болов уу. 

Харин хэвшмэл ойлголтыг эвдэж чадсандаа итгэлтэй байна уу гэдэг асуултад тань хүн ер нь өөртөө зуун хувь бат итгээд эхлэхээрээ л буруу тийшээ алхчихдаг гэж хариулмаар байна. Би хэвшмэл ойлголтыг эвдчихсэн шүү гэж итгэх нь өөрөө ичгэвтэр хэрэг болно. Харин та намайг хэвшмэл ойлголтыг эвдэж чадлаа гэж бодож байна уу? Тийм бол өөр хэрэг. 

-Таны номуудад зүүдний тухай өгүүлэмж олонтоо тааралддаг. Үүний шалтгааныг сонирхуулаач, та ер нь зүүдээ хэр тод санадаг вэ?

-Бусад хүмүүстэй харьцуулахад хамаагүй тод санадаг юм шиг байна лээ. Өдөржин бодсон зүйлээ үргэлжлүүлж зүүдэлдэг минь яах аргагүй л үнэн. Бас бүрэн унтаагүй байхдаа зүүдэлж эхэлдэг. Унтаа сэрүүний завсар дахь гурван хуруу зай гэх жигтэй үгстэй та “Эрүгэ өртөө”-нд таарсан байлгүй. Тэр мөчийн зүүдүүд их сонин. Гэвч ер зүүдэлдэггүй гэж ярьдаг хүмүүст махан биеэ мэдрэх атлаа зүүдэлдэг тухайгаа ярьвал худал ярьж байна гэж л бодох байх. 

-“Эрүгэ өртөө” номынхоо төгсгөлд “Зохиолч бус үлгэрч явахыг хүснэм!” гэж бичсэнийг тань харахад “Сайн зохиолчийн дотор үлгэрч, багш, шидтэн гурав зэрэгцэн оршиж байдаг” хэмээсэн Набоковын үг санаанд буусан.  Гэхдээ тэр эдгээрээс шидтэнийх нь чадварыг илүү өндөрлөгт үнэлсэн байдаг шүү дээ?

-Үлгэрчлэх гэдэг үг зүйрлэн адилтгах гэсэн утгатай. Хувь уншигчийнхаа хувьд би далд агуулгатай, давхар санаа өөртөө тээсэн бүтээлд л маш дуртай юм билээ. Нүцгэн үйл явдлаар уншигчаа дагуулаад гүйчихдэг нэг цэгээс нөгөөд хүрээд л зогсчихдог хялбар бүтээлүүд сонирхлыг минь татдаггүй. Тэгээд л үлгэрч байхыг хүслээ хэмээн үнэнээ л өчсөн. Чадах хийгээд чадсан эсэх нь дараагийн асуудал. 

-Зарим зохиолчид туулсан амьдралын замнал, өссөн ахуйгаа шүтэж бичдэг. Харин та нээсэн, шинээр таньсан орон зайгаа барьж бичихийг сонгосон юм шиг санагдлаа. Энэ тухайд?

-Эрүгэ өртөөний үйл явдлууд ид шидийн учраас та намайг туулаагүй гэж бодож байж болох юм. Гэвч би ч бас туулснаа л бичсэн. Оюун санааны хувьд. Сүүлийн арваад жил мэдэрсэн, сэтгэл зүрхээрээ ажсан үнэнээ л хүүрнэсэн. 

-Бүтээл туурвих үед тань сэтгэлээр унах мэдрэмж төрдөг үү?

-Годог хүлээхүй гэж бүтээл бий дээ. Яг л тийм мэдрэмж төрдөг. Сэтгэлээр унах гэхээс илүү өглөө бүр, үдэш бүр оюун бодолд ямар нэгэн шинэ зүйл гялбасхийхийг хүлээх, удаан бодсон асуултынхаа хариултыг хайх, түүнийгээ олох л хэцүү. Шантармаар. Гэвч хүлээсэн учраас л хариулт ирсэн байж таарна. 

-Таны ярилцлагуудыг уншиж байхдаа нэг номоо бүрэн бичиж дуусгасан хойноо л сая дараагийн бүтээлээ эхлүүлдэг хүн болов уу гэж анзаарсан. Сэтгэл зүйн төлөв байдлаа тогтвортой, нэг түвшинд байлгахын тулд хэрхдэг вэ?

-Би ч бас тэгж л анзаарлаа. (Инээв) Анхны бүтээл болохоор ийм арга барилтай, тийм уран бүтээлч шүү гэж өөрийгөө тодорхойлоход хэцүү юм. Эрүгэ өртөөг бичиж байхдаа өөр бүтээлд төвлөрч чадаагүй ээ. Шүлэг ч цөөн бичсэн. Одоогоор дараа, дараагийн бүтээлдээ яаж хандах вэ гэдэг учраа ч олоогүй л явна. Ямартаа ч нурууны дасгал сайн хийх хэрэгтэй юм байна л гэж бодож байна. (Инээв) Сэтгэл зүйн байдлаа тогтвортой байлгах гэж хичээсэн зүйл мөн л байхгүй. Унахдаа унаад, шантрахдаа шантраад л туулсан байх. Гэхдээ зохиолоо хэвлэлд шилжүүлчхээд, нэг их урт амьсгаа аваад “Хүн зон яаж ч хүлээж авсан бай, юу ч гэж хэлсэн одоо бол хамаа алга даа. Ямартаа ч Бүжинлхам гэгч энэ хүн яг одоогийн өөртөө байгаа авьяас, бичгийн чадвараа бүгдийг нь л шавхлаа. Энэ хэсгийг нь ингэчихдэг байж, тэгдэг байж, арай л дутуудчихлаа гэх харамсал алга” гэж Тэнгэр өөд харж байгаад хэнд ч юм мэдүүлж орхисон. Нэг ёсны өөрийнхөө санаанд бол тулгасан. Арван жилийн дараа харин анхны бүтээлээ чамлах болов уу? Бусад зохиолчид ер нь яадаг юм бол оо? Мэдэхгүй л байна. 

-Та өөрийн дотоод хүнийг дүрслэн өгүүлж болох уу?

-Зохиолчоос илүү өөрийнхөө дотоод хүнийг дүрсэлж чаддаг мэргэжил бараг л үгүй байх шүү. Хэдийгээр зохиолч бүхэн л бүтээлээ зохиомол хэмээн мэлздэг ч их бага хэмжээгээр дүрүүддээ өөрийнхөө сүүдрийг тусгасан л байдаг. Эрүгэ өртөөнд ч ялгаагүй. Эрхас, Ариан, Халгай… Бүгд л миний бодол санааны хэлтэрхийнүүд. 

-Өөрийн гэсэн бичлэгийн давтагдашгүй хэл найруулга, хэлбэрийг олж авахын тулд хэрхэн эрэлхийлж, ямар хүчин чармайлт гаргаснаа хэлж болох уу. Гацах үедээ хэн нэгний зохиолыг сөхөж хардаг байсан уу. Мөн өөрийгөө хайрцаглагдахаас яаж аварсан бэ?

-Миний хэл найруулга яруу найргийн сууриас минь л гаралтай юм билээ. Өгүүлбэрийн найруулга болоод үгийн сонголт маань зөнгөөрөө л бүрэлдчих шиг болсон. Хүүрнэл зохиолын ном бараг уншаагүй ээ. Тэгсэн хэр нь Монголын уламжлалт анагаах ухааны ном нэлээд уншсан. Мөнөөх л бичсэн бүхэн минь нэг үнэнтэй холбогдох ёстой гэж бодсоных. Сэтгэл өвддөг, тэгвэл эдгэрдэг гэдэг тэр үнэнийг уламжлалт анагаах ухаанаас л эрж болох юм билээ. Тэнд л хүнийг сүнстэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг, “хийсвэр бие”-ийн өвчлөл махан биеийн өвдөх шалтгаан болдог талаар ярьдаг шүү дээ. Харгис, хэрцгий хүний зүрхэн хүрд буруу тийш эргэдэг эсхүл халивтай, гацаатай байдаг гээд л… Жинхэнэ шидийг (одоогоор л бид шид хэмээн бодож буй) тэндээс л уншиж, сонирхож болдог. Харин хайрцаглагдах вий гэх айдас надад ер байгаагүй. Яагаад гэвэл энэ зохиолын их биеийг бүрэлдүүлж, агуулгыг нь бий болгосон зүйл бол зүүд. Миний зүүдүүд. Тэгэхээр хүний зүүд ер нь хайрцаглагддаг гэж үү? 

-“Эрүгэ өртөө”-нд “Сэтгэл минь харанхуй нүхэнд уначихсан бололтой” гэх өгүүлбэр тааралдсан. Танд ийм хачин жигтэй мэдрэмжтэй нүүр тулсан удаа бий юу?

-Хүн бүр л амьдралдаа нэг ч гэсэн удаа тас харанхуй нүхэнд уначихсан мэт цөхөрч үзсэн байдаг байлгүй дээ. Мэдэрсэн учраас л бичсэн байж таарна. 

-Уран зохиол гэхээр танд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ?

-Хүний итгэл үнэмшилд нөлөөлж болох хамгийн уран ховс. 

-Та шүлэг бичсэнээрээ ямар нэгэн чөлөөлөлтийг мэдэрдэг үү, шүлэг бичсэнийхээ дараа ямар мэдрэмжтэй үлддэг вэ?

-Бодож байгаагүй зүйл байна. Гэхдээ шүлэг бичсэний дараа сэтгэл дүүрч, хүүрнэлийн дараа хоосордог бололтой. 

-“Сүнс урлал” номоо хэвлүүлснээс тань хойш чамгүй олон жил өнгөрчээ. Яруу найргийн төрлөөрх дараагийн номоо хэзээ гаргах вэ?

-Эрүгэ өртөөний гутгаар бүлгийг бичиж байхдаа шинэ яруу найргийн номынхоо нэрийг олсон. Гурван үг бий. Сониучирхаж байгаа улс байвал номын маань 247-р хуудаснаас яруу найргийн шинэ номын маань нэрийг олоорой. Харин хэзээ гаргах эсэх дээр амлалт өгч чадахгүй нь дээ. Ганц хүчилж болдоггүй зүйл шүлэг бичих л байна. Ширээндээ суугаад ч орж ирэхгүй л гэсэн бол орж ирэхгүй. (Инээв)

-Та яруу найргийг өөрийнхөөрөө тодорхойлооч?

-Бурхад гэж байдаг бол яруу найргийн хэлээр л хөөрөлддөг байх гэх хийсгэлэн итгэлдээ дуртай. 

-Танд уран зохиолоос өөр дуртай зүйл бий юу?

-Байлгүй яах вэ. Намайг уран зохиолд дуртай гэж хэн чамд хэлэв? Дуртай учраас л бичдэг гэж итгэв үү? (Инээв) Наргиа боловч уран бүтээлдээ хэт шунамхай ханддаг улс байдаг. Зөвхөн бичих хүслээр л бичдэг. Зурах хүслээр л зурдаг. Зохиолч, зураач гэж дуудуулахын тулд л өөрийгөө хүчилдэг, оюун санааны хувьд гацчихсан, итгэл үнэмшлийнхээ хязгаарыг тэлэхээсээ өнгөрсөн хүмүүс байдаг. Би үүнд шүүмжлэлттэй ханддаг. Хүн ер нь юуг ч болж өгөхгүй бол тавиад явуулчхаж чаддаг байх хэрэгтэй. Алсаас ажиж суухад уран бүтээлч хүмүүс чаддаг байсан зүйлээ чадахгүй болох өдөр заавал ирдэг юм биш үү? Тэр нь харин хэдэн настайд нь тохиох вэ гэдэг нь бол өөр асуудал. Надад ч гэсэн энэ өдөр ирэх л байлгүй дээ. Харин тэр үед нь уран зохиолд шунамхайраад байлгүй зүгээр л орхичих юм сан. Уншиж, бичихээс илүү сайхан зүйл амьдралд өчнөөн биз дээ? Нэгэнт чадахаа байчихсан зүйлтэйгээ зууралдаж цаг алдаад яах вэ дээ. Түүний оронд ядахдаа л хүүхдүүдэд, хүмүүст өөрийнхөө утга учиртай гэж бодсон замаараа туслах хэрэгтэй. Бичихээс илүү таашаал амьдралд үгүй гээд л туйлшраад байдаг зохиолчид надад бол дутуу амьдарсан санагддаг шүү.

-Өдгөө ямар бүтээл дээр сууж байна?

-Хэдэн жил “шидээр наадсаных” одоо байж болох хамгийн реалист өгүүллэгүүдэд оюун бодлоо нэг сориод үздэг юм билүү гэж бодож байна. Ихэнх өгүүллэгийн санаа нь толгойд буучихсан байгаа болохоор одоо урлах л дутуу байгаа. 

-Та өөрийгөө маш их аз жаргалтай байгаагаар төсөөлөөч гэвэл ямар дүр зураг санаанд тань бууж байна?

-Цонхныхоо дэргэд орон дээрээ суучихсан, борооны чимээ чагнангаа таны асуултанд хариулж буй яг одоогийн төрх минь л санаанд бууж байна. Надад бичих цаг хугацаа, эрх чөлөө байна. Хамгийн чухал нь биеийг минь, сэтгэлийг минь, үзгийг минь түшилцдэг хайртай хүн минь, үр минь дэргэд байна. Ээж, эгч, дүү нар минь тэгээд хэдэн сайхан найзууд минь хажууд байна. Үүнээс илүү юуг хүсэх билээ? 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.128.229.88
Дуртай🫂