Энэ хавар нэгэн үеийн төлөөлөл дөрвөн ч зохиолч томоохон хэмжээний туурвилаа зэрэгцээ шахам хэвлүүлж таарсан нь Монголын уран зохиолын түүхэнд тодоор бичигдэх түүхэн үйл явдал болов.
Тэдний нэг “Тагтаа” гэх нэрээр уншигчдын хэдийн танил болсон зохиолч, орчуулагч Б.Баясгалангаас “Догшин тэнгис” шинэ номынх нь тухай уншигчдад төсөөлөл, сэжим өгөх дараах асуултуудад хариулт авлаа.
-“Догшин тэнгис” номын тань үүдэл санаа юунаас эхлэлтэй вэ, хэдий хэр хугацаанд хэрхэн бичиж боловсруулав?
-Санааг нь бүр 2018 онд олсон. Америкт Олон Улсын Зохиолчдын Хөтөлбөрт байхдаа нэг өдөр Алжирын зохиолч Салахтай хамт хотын захын хуучин номын дэлгүүр лүү алхаж явлаа. Зам гарах болоод, ногоон гэрэл хүлээгээд зогсож байв. Айова хөдөөх хот болохоор зам дээр нь машин тэрэгсээд байх юмгүй. Бид хоёр ямар ч машингүй байхад дохио хүлээгээд зогсож байсан юм. Тэгсэн Салах “Хоёулаа юу хүлээгээд байгаа юм бэ? Зүгээр гарчихъя аа. Угаасаа чи Чингис, би далайн дээрэмчин, бид хоёрыг зэрлэгүүд гэдгийг дэлхий мэднэ!” гэж хэлээд, инээлдэж байсан юм. Тэр мөчид “Аан, нэг ийм зохиол бичнэ дээ!” гэсэн санаа зурсхийж орж ирсэн л дээ. Орой нь өрөөндөө ирээд санаагаа жаахан зураглаж, дэлгэрүүлж дэвтэртээ тэмдэглэчихээд мартчихсан байснаа түрүү жил сөхөж гаргаж ирж бичсэн гэх үү дээ. Үүнээс илүү дэлгэрүүлмээргүй байна.
Бичихийн тухайд бол 2024 оны долоон сараас 10 сарын хооронд, гурван сар л бичсэн байх. Тэгээд шүүгээнд хийж орхиод, сая хоёрдугаар сард гаргаж ирж засаж янзлаад хэвлүүллээ.
-Орчин цагийн завгүй амьдралын хэмнэлд зузаан ном унших нь тээртэй санагдах ч үе бий. Та уг романаа нойр хүргэсэн уйтгартай ном болохоос хэрхэн аварсан гэж хэлэх вэ?
-Тэр тал дээр санаа зовохгүй байна. Роман дотроо хорин таван бүлэгтэй, бүлэг тус бүр нь хүн уйдаахааргүй хурдан өрнөлтэй. Анхнаасаа тэр талыг нь тооцож бичсэн болохоор гайгүй байх.
-Энэ номыг бичиж байхдаа сэтгэлээр унасан удаа бий юу?
-Яалаа гэж сэтгэлээр унах вэ дээ. Чи бичиж байхдаа таашаал эдлэж чадаагүй бол уншиж буй хүнийг таашаалтай байна гэж төсөөлөх хэцүү шүү дээ.

-Таныг нийгмийн аливаа асуудал, шуугиан тарьсан үйл явдлуудад өөрийн үзэл бодлыг нээлттэй хэлдэг, буурьтай ч гэх үү, ямартаа ч аливааг бодитоор харах гэсэн тэмүүлэлтэй хүн гэж хардаг. Тэгтэл шидэт реалист зохиол биччихсэн нь тун сонирхолтой. Бодит ертөнцийг уран төсөөллийн нүдээр харахад, ер тэгж сэтгэхэд ямар мэдрэмж төрж байв?
-Бас л Салах гэж хүүхэдтэй холбоотой дурсамж яримаар байна. Надаас найм дүү болохоор нь би эгчирхээд “хүүхэд” гэж дууддаг юм. Бид хоёр Америкаас нутаг нутгийн зүгт зорихдоо “За, чи Алжирынх, би Монголынх, бид хоёр ахиад уулзана гэж байх ч үгүй!” гээд чухам өнөөдүүлээсээ сүртэй салах ёс хийсэн юм. Тэгсэн хойтон жил нь Франкфуртын номын яармагт оролцоод явж байтал өнөөх маань “Би Берлинд ирчихсэн байна шүү!” гээд зурвас бичиж байна. Тэгж амьдралдаа ахиж таарахгүй гэсэн хоёр хүн тэр зохиолчдын хөтөлбөрийн гучаад зохиолчдоос хамгийн түрүүнд эргэн уулзалдсан байдаг юм.
Хүүхэд маань “Чи ойрд юу бичиж байна?” гэж асуулаа л даа. Цээжинд явсан өнөөх романаа хэлтэл “Юун тухай юм?” гэж байна. Би бодож бодож “Identity -ийн тухай” [Үндэстний адилсал, ялгарал, танигдал гэж манайд орчуулж байна] гэсэн юм. Салах “Identity. Аймаар том сэдэв биш үү?” гэхээр нь “Санаа зоволтгүй ээ. Мань чинь наадахыг чинь жижиглэж байгаа!” гэж хэлээд мөн л хөгжилдөн инээлдэж байсан санагдана. Яаж жижиглэснийг уншигчид маань удахгүй уншаад мэдэх биз ээ.
-Номын тань танилцуулгаас эх орон, монгол хүмүүний мөн чанарын тухай ном гэж уншсан. Эх орон, монгол хүмүүний мөн чанар гэхээр дандаа л дэврүүн, уянгын халил давамгайлсан, эсвэл зөвхөн өөрсдийн сайн талуудыг тоочин бичдэг нь манай утга зохиолд тогтсон жишиг гэлтэй санагдуулдаг. Харин таны ном нийтлэг энэ хандлагаас юугаараа ялгарах вэ?
-Таны онцолсон бүх зүйлийн эсрэг зохиол болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ зохиолд гарч буй шидлэг юмс нь уншсан хүнээ харин ч хөрсөн дээрээ бууж, амьдралыг тунгаахад тусална гэж бодож байна.