UBLife Logo
Ном

Ш.Мөнхбаатар: Монголчууд газрын зураг бүтээх эртний уламжлалтай байжээ

Ш.Мөнхбаатар: Монголчууд газрын зураг бүтээх эртний уламжлалтай байжээ

“Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-гийн эрдэм шинжилгээний ажилтан, МУБИС-ийн гэрээт багш, доктор Ш.Мөнхбаатартай ярилцлаа. Тэрбээр “Монгол нутгийн зураг” гурван боть бүтээл, “Монгол нутгийн зургийн бүртгэл-1”, “Монгол нутгийн зургийн судалгааны зарим асуудал”, “Харилцаа холбооны альманах”, “Чингис хааны өв, соёл II, III, V, VI, VII, VIII боть” “Эртний дэлхийн түүх-I, II” зэрэг хамтын бүтээлүүдийг хэвлүүлсэн билээ.

Бид дөрөвдүгээр сард Чех, Унгарт болсон монголч эрдэмтдийн олон улсын эрдэм шинжилгээний хурлуудын талаарх элдэв сонин, мөн өртөө зам болон монгол нутгийн зургийн судалгаа, Мөнх хааны үйл хэрэг зэрэг сэдвээр ярилцсан юм.


-Судалгааны ажил зайлшгүй баримт сэлт, эх сурвалжийн материалд тулгуурладаг. Өнөө үед монгол нутгийн зургийн олдвор, хэрэглэгдэхүүн хэр элбэг байдаг юм бэ?

-XVII-XX зууны эхэн үе хүртэл аймаг, хошуу, өртөө харуул дээс хом хэмжин өөрсдийн нутгийг гар аргаар зурдаг байв. Үүнийг Монгол нутгийн зураг гэж нэрлэнэ. Манжийн төрөөс Монголын аймаг, хошуудын төдийгүй нийт Чин гүрний эзэмшил муж, хязгаар нутгуудын зургийг цуглуулан эмхэтгэдэг байв. Үүний гол зорилго нь эзэнт гүрний бүх нутаг дэвсгэрийг бичиж тодорхойлох, нутгийн зургийг нэгтгэн зурж албан ёсоор баталгаажуулах, төрийн албан хэрэгт ашиглах, эзэмшил нутгийн маргааныг шийдвэрлэхэд чиглэдэг байв. Монгол аймаг, хошууд нутгийн зургийг хэдэн хувь үйлдээд нэгийг тамгын газартаа хадгална. Бусад хувийг аймгийн чуулганы газар, Гадаад Монголын төрийг засах явдлыг яам руу илгээнэ. Дунджаар 10 гаруй жилийн давтамжтайгаар хошууд нутгийн зургийг зурдаг байж. Ингээд харвал эх хэрэглэгдэхүүн элбэг болов уу гэж бодогдуулахаар.

Нутгийн зургийг үйлдэнэ гэдэг дор хаяж 3-7 жилийн хугацаа зарцуулахуйц нүсэр ажил юм. Засаг ноёд дээс хом хэмжээд хошууныхаа нэг захаас нөгөө зах хүртэл явж нутгийн цэсийг бичиж, нутгийн зураг үйлддэг. Бидний тооцоолсноор өдгөө дэлхий дахинаа нийт 1500 гаруй нутгийн зураг бий. Үүний дийлэнх нь Монголд байдаг. Геодези, зураг зүйн газрын архив дахь зургуудыг бүртгэлжүүлэхэд тэнд нийт 186 зураг байна лээ. Үүнийг  бид “Монгол нутгийн зураг” 3 боть номд бүгдийг нь оруулж хэвлэсэн. Мөн Үндэсний Төв архивын Түүхийн баримтын архивт 193 зураг бий. Үүнийг бид гурван боть болгон хэвлүүлэхээр ид ажиллаж байна. Нутгийн зургийн хамгийн баялаг сан хөмрөгтэй газар бол Үндэсний номын сан юм. Цар тахлын үеэр тэндхийн Гар бичмэл-Монгол судлалын сан хөмрөгт сууж бүртгэл хийхэд ойролцоогоор 500 гаруй нутгийн зураг байсан. Үүнээс гадна Дундговь, Хэнтий, Баянхонгор, Хөвсгөл аймгийн музей, Өмнөговь аймгийн Манлай, Хөвсгөл аймгийн Галт сумдын орон нутаг судлах музей, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын орон нутаг судлалын музейд ч мөн нутгийн зураг хадгалагдаж байна. Гадаадын орнуудаас Германд 182 зураг, Японы Тэнри Их сургуульд 45 зураг, мөн Польш, Орос, Тайвань, Бээжингийн архивт Монголын түүхэнд холбогдох нутгийн зураг бий.

-Сая дурдсан “Монгол нутгийн зураг” хэмээх гурван боть хамтын бүтээлийг 2020 онд хэвлүүлсэн тань өдгөө олдохуйяа бэрх ном болжээ. Ер нь нутгийн зургийн тусламжтайгаар түүхэн ямар мэдээллийг тодруулах боломжтой вэ?

-Монгол нутгийн зураг түүхэн сурвалжийн чухал хоёр төрөлд хамаарна. Энэ нь нэг талаасаа зурмал сурвалж, нөгөө талаасаа бичмэл сурвалж юм. Өдгөө бид нутгийн зурагт тулгуурлан газар, усны нэрийг уугуулаар нь тогтоох, тэдгээрийн өөрчлөлт, хувирлыг тодруулах боломжтой юм. Эрт цагаас монголчууд газар, усны нэр өөрчлөхийг цээрлэдэг байсан. Тийм ч учраас Монгол нутаг дахь газар усны нэрийн ихэнх нь уугуул хэв маягтай байдаг. Гэвч бас газар, усны нэр өөрчлөгдөх тохиолдол үе үе гардаг. Ингэж өөрчлөгдөх хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, угсаатны шилжих хөдөлгөөнөөс болж өөрчлөгдөнө. Нэг газраас өөр газар шилжихдээ өмнө нэрлэж байсан газар усны нэрийг өөрсдийн дураар нэрлэх тохиолдол гардаг. Хоёрдугаарт, шашин соёлын нөлөөнөөс үүдэн газар, усны нэр өөрчлөгдөж байв. Манжийн үед Халхад тодрон гарч ирэх хутагт хувилгаад тухайн газар, усны нэрийг цээрлэх тохиолдол гарна. Гуравдугаарт, Засаг захиргааны өөрчлөлттэй холбоотойгоор газар, усны нэр өөрчлөгдөх нь бий. Дөрөвдүгээрт, байгаль газар зүйн хүчин зүйлээс болж өөрчлөгдөнө. Тухайлбал, жижиг гол, горхи, нуур, цөөрөм ширгээд хур тунадас элбэгтэй жил дахин сэргэхэд өөрөөр нэрлэж байх жишээний. Харин сүүлийн үед газар эзэмшил, бүтээн байгуулалттай холбоотой газар усны нэрийг дураараа өөрчилж байна.

Үүнээс гадна нутгийн зураг байршил тогтооход чухал хэрэглэгдэхүүн болдог. Монгол нутагт мянга гаруй сүм, хийд, хурлын газар, дуган байсан гэж үздэг бөгөөд 1937-1939 оны Их хэлмэгдүүлэлтийн үеэр дийлэнх нь шатаагдан, устгагдсан. Харин нутгийн зураг дээр тухайн үеийн сүм, хийдүүдийг зурсан явдал нь тэдгээрийн байршлыг тогтоох боломжийг бидэнд олгодог. Монгол нутгийн зурагт сүм, хийдүүдийг дүрслэхдээ архитектурыг нь дуурайлгаж зурсан байдаг юм. Иймд, тэр цагийн сүм, хийдүүдийн архитектур, загварыг ч үүнээс харж болно. Тухайн цаг үеийн хот суурин, яам тамгын газар, засаг ноёны орд өргөө, байшин барилга, суварга, хилийн овоо, тариан талбай, уурхайг нутгийн зурагт тэмдэглэсэн байх тул тэдгээрийн байршил, онцлогийг танин мэдэх боломжтой.

Мөн өртөө, харуул, худалдааны замыг зурж, суурьших газрын нэрийг бичсэн явдал нь ч үүнийг чухал сурвалж гэж үзэхэд хүргэдэг.

Сонирхолтой нь, оршуулгын газар, эзэмшил нутгийн маргаан, хулгайч этгээдийн оргосон газрын зургийг хүртэл үйлддэг байв. Оршуулгын газрын зурагт хэн гэдэг засаг ноёныг хаана оршуулсан тухай хүртэл тэмдэглэсэн байдаг юм. Түүнд мөн хүүр сахих тусгай алба байсан тухай мэдээлэл ч бий. Ерөнхийдөө бол нутгийн зураг нь засаг захиргаа, нутаг дэвсгэр, албатай холбогдох мэдээлэл, тухайн бүс нутгийн түүх, соёлын дурсгалууд, байгаль газар зүйн онцлог болон дүрслэлийн хувьд монголчуудын урлаг соёлын талаарх ойлголтыг хүртэл өгч байдаг.

-Тухайн цаг үед тогтоосон газар нутгийн хэмжээсүүд нь өнөө цагийнхтай таардаг уу?

-Зарим талаараа дүйдэг юм. Зарим нь зөрүүтэй байдаг. Нутгийн зургийг гараар зурдаг байсан тул байр зүйн алдаа гардаг байжээ. Гэхдээ хол зөрүү гарахгүй. Тийм учраас гол мөрний өргөн, уулын өндөр, хошууны эзэмшил нутаг, хот суурингийн хоорондын зайг тогтооход зарим талаараа судалгааны маш чухал хэрэглэгдэхүүн гэсэн үг.

-Нутгийн зургийг хэдий үеэс үйлдэж байсан бэ, тэгэхээр эдгээр эх сурвалжууд өнөө үед хэрхэн уламжлагдаж ирэв, энэ зуурт гээгдэж, үрэгдсэн нь хэр олон байдаг вэ?

-Монголчууд газрын зургийн нэн эртний уламжлалтай. Хүннү гүрний үеэс нутаг дэвсгэрийнхээ зургийг зурж байсан тухай бичгийн мэдээ бий. Энэ нь дараагийн улсуудад уламжлагдсан байдаг.

Монголын Их Юань улсын үед холбогдох нутгийн хоёр зураг хадгалагдан үлджээ. Эхнийх нь “Нийт нутаг дэвсгэр дээрх газар орон ба орчны онцлог байдлын зураг”  хэмээх 3 бүлэгтэй 6 дэвтэр нутгийн зураг бүхий нутгийн тэмдэглэлийн бар хэвлэл юм. Он цагийн хувьд Дадэ-гийн үе буюу 1297-1307 оны үед хамаарна. Тайвань улсын нийслэл Тайпей хотын Үндэсний ордон музейд хадгалагдаж байна. Хоёрдахь нутгийн зураг бол “Хол ойрын зай ба түүхэн нийслэлүүдийн нэгдсэн нутгийн зураг” юм. Энэ зураг Япон улсын Нагасаки мужийн Шимабара дахь Хонко-жи Токива түүхийн музейд хадгалагдаж байна. 1368 онд Солонгосын элч Жинь Шихэн гэгч “Газар орны нэрийн дуудлагыг үзүүлсэн газрын том зураг”, “Хятадын түүхэн нийслэлүүдийн нэрийг багтаасан хол ойрын зайн нэгдсэн нутгийн зураг” гэсэн хоёр зургийг нутагтаа авчирсныг баруун, зүүн гарын сайд Ким Тохион, Их Хоэг-ийн И Мү нарын тушаалаар 1402 оны үед нийлүүлэн нэг зураг болгосон байдаг. Энэхүү хоёр зураг нь Васко да Гама, Христофер Колумб нараас ч өмнө монголчууд дэлхий дахинаар хөндлөн гулд яваад газрын зураг бүтээж байсныг харуулдаг.

Мөн 1730 оны үед зурагдсан “Ренатын зураг” хэмээн алдаршсан хоёр зураг бий. Нэгдүгээр зурагт Зүүнгарын улсын төв, баруун нутгийг зурсан ба нийт 236 газар усыг тод үсгээр тэмдэглэн бичсэн байдаг. Хоёрдугаар зурагт Зүүнгарын улсын зүүн хэсгийг голлон зурахдаа 536 газрыг бичсэн байна. Ингэхдээ Монгол уламжлалын дагуу уулыг хүрэн өнгөөр, гол нуурыг хөх цэнхэр өнгөөр зурсан байдаг. Энэ хоёр зургийг нийлүүлэн тухайн үеийн Зүүнгарын улсын нутаг дэвсгэрийг бүрнээр төсөөлөн ойлгож болно. Уг хоёр зургийн хуулбар хувь Монгол улсын Үндэсний номын санд хадгалагдаж байна. Энэ хоёр зургийг Ренатыг Зүүнгарын хаант улсаас буцах үеэр монголчууд түүнд бэлэглэсэн байгаа юм. Энэ зураг нь Чингийн үеийн Монгол нутгийн зурагнуудтай зурах арга барил, тэмдэглэгээ, харах өнцөг зэргээрээ адил байна. Үүгээрээ монголчууд нутгийн зураг үйлддэг өөрийн гэсэн онцлогтой гэж ойлгож болно.

Харин Манжийн үеийн монгол нутгийн зургууд архивт сайтар хадгалагдаж, өнөө үед уламжлагдан иржээ. Гэвч бидний амьдарч буй цаг үед эдгээр чухал зургийн зарим нь үрэгдэж гээгдсэн тохиолдол байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Галт суманд байсан Далай Чойнхор вангийн хошууны зургийг судлахаар очиход Соёлын төвийнх нь тухайн үеийн эрхлэгч бидэнд үзүүлээгүй л дээ. Дараа нь МУБИС-ийн профессор Ж.Гэрэлбадрах багшийг очиход цагдаагийн хяналттайгаар тэр зургийг харуулсан байдаг. Багш тэгэхэд тухгүй байж таараад хальт бүртгээд л гарсан юм билээ. Тэд үүнийг зөвхөн өөрсдөд нь байдаг, өөр хаа ч байхгүй охь гэж ойлгож байсан юм. Гэвч энэ нь түгээмэл зураг л даа. Харин ч судалгааны эргэлтэд орж байж уг зураг үнэ цэнтэй болно гэдгийг тэд ойлгоогүй тул зургийг нь авхуулаагүй, хэмжээ, онцлогийнх нь талаар судлахыг зөвшөөрөөгүй. Харамсалтай нь, Галт сумын музей саяхан шатахад тэр зураг ч мөн үрэгдсэн. Хадгалалт, хамгаалалтын хувьд хангалттай бус байсан учраас уг зургийн эх хувийг үрэгдүүлсэн төдийгүй тухайн зургийг цахим хэлбэр рүү ч сайн шилжүүлж чадаагүй.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Орон нутаг судлах музейд Сэцэн хан аймгийн Ёст засгийн хошууны 1859 оны нэг чухал зураг байлаа. Харамсалтай нь саяхан болсон үерийн үеэр усанд нороод ашиглаж болохооргүй болжээ.

Тэгэхээр 1730-аад оноос хойш үйлдсэн нутгийн зургийн чухал эх сурвалжууд бидний үед гээгдэж, үрэгдэж байгааг харах гунигтай мэдрэмж өгдөг. Яагаад гэвэл энэ зургийг үйлдэхэд асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулаад дахин давтагдашгүй өв бий болдог гэдгийг ойлгодог учраас. Өөрөөр хэлбэл, Монгол нутгийн зураг бол дэлхий дээрх хамгийн сүүлчийн гар зургийн өв шүү дээ. 1931 оныг хүртэл монголчууд газрыг зургийг гараар үйлддэг байсан юм.  

-Хувь цуглуулагч нарт байх нутгийн зургийн сурвалжуудтай хэр олонтоо тааралдаж байв?

-Ховор нандин нутгийн зургууд байдаг л юм. Зарим нь арилжих гээд зар тавьчихсан ч харагдах нь бий. Тухайлбал, Засагт хан аймгийн бүх хошуудыг тэмдэглэсэн нутгийн зураг нэг цуглуулагчийн сан хөмрөгт байж л байна. Зарим цуглуулагч надад ийм зураг байгаа гээд харуулдаг. Гэхдээ хувь цуглуулагчдын гарт байгаа нутгийн зургууд одоогоор бүртгэлгүй байна.

-Та хэдий үеэс түүхч болохоор шийдэв?

-Түүхч болох сонирхлыг манай аав надад өгсөн байх. Манай аав залуу байхдаа Хөвсгөл аймгийн геологид ажиллаж байсан юм. Багадаа аавыгаа дагаад хөдөө, хээрээр их явдаг байв. Тэр үед аав газар, усны онцлог, чулуулгийн тогтоцын тухайд дэлгэрэнгүй тайлбарлана. Энэ үйл явдал хожим намайг түүхэн газар зүйн судалгаа руу ороход ойрхон байсан болов уу гэж бодогддог. Сурагч байхдаа би эмч болъё гэж шийдээд хими, биологийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж байлаа. Үүний хажуугаар түүхийн номыг ихэд сонирхон уншдаг байсан юм. Элсэлтийн шалгалт өгөхөд түүхийн хичээлээр өндөр оноо авч таараад МУБИС-ийн Түүх, нийгэм судлалын багшийн ангид элссэн. Тэнд сурч байх явцдаа түүхийн шинжлэх ухааны сайхныг мэдэрсэн. Түүх бол тэр чигтээ л адал явдал, эрэл хайгуул юм. Түүх, соёл бол тухайн ард түмнийг нэгтгэдэг үнэт зүйл төдийгүй хүүхэд залуусаа, Монгол хүнээ бий болгодог баялаг. Түүхийн алдаа, оноо аль нь ч бидэнд сургамжийг өгдөг. Тиймээс түүхээ уншиж судлах нь сонирхолтой байдаг.

-Харин Монгол нутгийн зургийн судалгаа руу хэрхэн оров?

-Миний судалгааны ажлын удирдагч Ж.Гэрэлбадрах багш маань түүхэн газар зүйч О.Пүрэв гуайн шавь, өөрөө ч түүхэн газар зүйч хүн юм. Ж.Гэрэлбадрах багшийнхаа удирдлагад очоод энэ чиглэлийн судалгаа хийж эхэлсэн. Улмаар докторын зэргээ “XVII-XX зууны эхэн үеийн Ар Монгол дахь өртөөний судалгаа” сэдвээр хамгаалсан. Ийнхүү өртөөний судалгаа хийж байхдаа монгол нутгийн зургийг шүүн үзэж, түүнээс үүдэн энэ чиглэлийн судалгаа руу орсон доо.

-Монголын эзэнт гүрний үед өртөөг ямар зориулалтаар байгуулсан гэж Та үздэг вэ?

-“Монголын нууц товчоон”-д “Өгөөдэй хааны дөрвөн сайн үйлийн нэг нь өртөө зам байгуулав” гэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс үүдэн Монгол нутагт Өгөөдэй хаан анхлан өртөө байгуулсан хэмээх ойлголт нийтлэг байдаг. Ер нь аян дайн хийж байгаа тохиолдолд өртөө зайлшгүй хэрэгтэй болдог. Тэрхүү өртөөнүүд нь заавал суурин байх албагүй, түр өртөө ч байх бололцоотой. Зэр зэвсэг, хоол хүнс, тагнуулын мэдээ, цэрэг илгээх үйл явц нь түүхийн бүхий л хугацаанд тодорхой өртөөг дамжиж байсан. Тэгэхээр Өгөөдэй хаанаас ч өмнө Монголд өртөө байсан болов уу.

Энэ тухай Елюй Чуцайн булшны чулуун дээрх бичээс, Чанчунь Бумбын Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл зэргээс тодорхой харагддаг л даа. Нэг талаас сурвалжийн мэдээнүүд нотолдог бол нөгөө талаас түүхэн үйл явдлын логик нь өөрөө үүнийг баталдаг. Чингис хаан 1207 оноос Тангуд улсыг дайлж, дараа нь Алтан улсыг довтолж, залгаад Хоризм руу цэрэглэсэн. Шар тэнгисээс Амударьяа хүртэл, өмнө зүг Хатан голоос умард зүг Эрчис мөрөн хүртэл цэрэглэж байсан юм. Энэ үед харилцаа холбооны тогтолцоо байж л таараа. Харин Эзэнт гүрний харьяа бүс нутгуудад өөр өөр хэв шинжтэй байсан өртөөдийг нэгэн дүрэмд оруулсан нь Өгөөдэй хааны бодлого.

Ер нь өртөөг зөвхөн дан ганц монголчууд ашигладаг байсан гэж ойлгож болохгүй. Үүнээс өмнө Грек, Ром, Перст харилцаа холбооны үүрэг бүхий өртөө байсан. Харин монголчуудын байгуулсан өртөө нь илүү өргөн уудам нутгийг хамарсан төдийгүй, тогтсон зам, чиглэл, дүрэм журамтай, тусгай албан хаагчтай, байгаль цаг уурын онцлогоос хамаараад эзэмшил нутаг дотроо нүүдэг, маневр хийж болдог байснаараа онцлогтой байв.

-Манж Чин улсын үед хамаарах өртөөнүүдийн онцлог нь юу байв?

-Эзэнт гүрний өртөөний хэв маягийг дуурайж Манж нар монгол нутагт өртөө байгуулсан юм. Халхын нутагт 1696 оноос эхлэн цэргийн түр өртөө суулгажээ. Энэ нь Энх Амгалан хаан, Галдан Бошигтыг дарахаар Халхын нутаг руу гурван замаар цэрэг оруулж ирсэнтэй холбоотой. 1715 оноос манж нар Халхын нутагт цэргийн бэхлэлт хот, цэргийн тариалан, хүнсний агуулах, өртөө, харуулыг суулгах зэргээр цэргийн дэд бүтэц зохион байгуулж эхэлжээ. Хот сууринг холбосон эдгээр өртөөнд ардууд өрхийн хамт сууж цалин хөлс авдаг байв. Байгаль, газар зүйн онцлогоос хамаараад өртөө хоорондын зай нь ялгаатай байв. Тухайлбал, говь нутагт дахь өртөөнүүд хоорондын зай нь 45 км бол, хангай нутаг дахь өртөөнүүд хоорондоо 15-20 км-ийн зайтай байсан юм.

Тэр үеийн өртөө нь харилцаа холбоог шуурхай дамжуулах, засаглалыг бэхжүүлэх, хяналтаа тогтооход чиглэж байв. Мөн өртөө нь албаны хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байсан төдийгүй монгол нутгийг бүрэн холбож, хүн амын төвлөрөл, улс төрийн харилцаа, худалдаа арилжаа, соёлын солилцоо явагдахад зохих үүрэг гүйцэтгэж байжээ. 

Музейг үзэхээс гадна 200 жилийн өмнөх хүмүүсийн яриа, найр наадам, дуу авиаг сонсож байлаа

-Та дөрөвдүгээр сард Чех, Унгарт болсон монголч эрдэмтдийн олон улсын хурлуудад оролцоод ирсэн. Эдгээр хурлуудыг зохион байгуулсан газрынх нь талаар сонирхуулна уу?

-Дөрөвдүгээр сарын 4-6-ний хооронд Чехийн Брно хотын Масарикийн Их сургуульд “Төв Ази дахь орон нутгийн түүх, хүрээлэн буй орчин хийгээд нүүдлийн мал аж ахуй“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон бөгөөд үүнээс 2 хоногийн дараа 4 дүгээр сарын 8-9-нд Унгарын Будапешт хотын Өтвөш Лорандын Их сургуульд “Монголын бурхны шашны бичгийн ба аман уламжлал” сэдэвт мөн олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон юм. Миний хувьд энэ хоёр хуралд оролцож судалгаагаа танилцуулсан ба хурлын далимаар Монголын түүх, соёлтой холбогдох газар нутаг, дурсгалыг үзэхийг зорьсон билээ. Тийм ч учраас би хамгийн түрүүнд музейтэй танилцахаас аялалаа эхэлсэн.

Ямар түүх, соёлтой ард түмэн бэ гэдгийг музейгээс нь таньж мэдэх боломжтой байдаг. Унгарын Угсаатны зүйн музейг үзсэн бөгөөд тэр надад их таалагдсан. Унгарчууд XVIII-XIX зууны үеэс эхлэн Төв Ази, Ойрхи Дорнод, Африк руу судлаачдаа илгээж, угсаатны зүйн хэрэглэгдэхүүнүүдийг цуглуулаад хожим түүгээрээ том музей байгуулсан нь энэ юм билээ. Ойролцоогоор 200 мянга гаруй үзмэртэй гэж яригддаг. Энэ музейг үзэж байхад тэр бүх дурсгалуудыг хэн, хэзээ, хаанаас авчирсан тухай мэдээллийг тухайн судлаачийн хөрөг зурагтай, аяллын маршруттай нь тэмдэглэсэн байсан. Мөн Унгарын угсаатны зүйчид гэрэл зургаас гадна бичлэг, дуу хоолойг маш чанартай хурааж авсан байдаг. Музейг үзэхээс гадна 200 жилийн өмнөх хүмүүсийн яриа, найр наадам, дуу авиаг сонсож байлаа.

Манайд ийм хандлага их үгүйлэгдэж байгаа шүү дээ. Монголын музейнүүд үзмэрүүдээ л товч тайлбартайгаар дэлгэдэг болохоос тэр олдворыг хэн гэдэг археологич хаанаас, хэзээ, яаж нээсэн бэ гэдэг мэдээлэл нь төдийлөн нээлттэй байдаггүй. Тэгтэл Унгарын Угсаатны зүйн музейд бол энэ бүгд нь тодорхой бичигдсэн байгаа юм.

Монгол нутгаар явсан Унгар аялагчдын олдворууд мөн тэнд цөөнгүй байсан. Тухайлбал, XIX зууны монгол эмэгтэй, эрэгтэй хүний хөрөг, бөөгийн хэрэгсэл, ахуйн эд зүйлийг дурдаж болно.  

Миний бас очихыг зорьж байсан зүйл бол Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох газар нутаг юм. Ийм газар Унгарт олон байдгаас энэ удаа зорьж очсон нь Эстергом, Пешт, Эгер, Мишкольц хотууд юм. Эдгээрээс Эстергомд өмнө нь 2019 онд очиж байлаа. Энэ удаад очихдоо Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох нэгэн сүм Эстергом хотод байдаг тухай сонсоод, түүнийг хайж хэд хэдэн сүмээр орсон л доо. Тэгтэл нэг сүмийнх нь ханан дээрх IV Бела хааны зураг миний анхаарлыг татсан. Сүмийн пасторт нь Монголоос яваа гэдгээ хэлж, учир шалтгаанаа дуулгахад халуун дулаанаар хүлээн авч, сүмийнхээ түүхийг ярьж өгсөн юм. Тус сүмд IV Бела хааны удмынхны бунхан хадгалагддаг гэсэн. Сүмийн ханан дээрх бичээс анхаарал татаж байсан бөгөөд “Татарууд ирж сүмийг нураасан тухай” бичиг байгаа гэсэн юм. Нэг үгээр бол Татараас биднийг авраач гэсэн утгатай.

Сүмийн хажууханд Эстергомын цайз байдаг. Эстергомын цайз нь Унгарын хамгийн эртний чулуун цайзын нэг бөгөөд анхны нийслэл нь байсан юм. Энэ цайз мянган жилийн түүхтэй. Харин 1241 онд Бат хаан Эстергомыг бүслэн авч сүйтгэсэн байдаг. 

Би 4 дүгээр сарын 12-ний өдөр Мишкольц хотод очоод тэндээсээ Мохийн цэцэрлэгт хүрээлэнд очсон юм. Тэнд 1241 оны энэ өдөр том тулалдаан болсон. Тэгтэл миний очсон өдөр тэрхүү түүхэн өдөртэй давхцаж таарсан юм. Бат хаан энэ газар Унгарын IV Бела хааныг бут цохиод хөөсөн нь түүхэнд “Мохийн дэргэдэх тулалдаан” гэж тодоор бичигдсэн.

“Мохи” гэдэг нэрийн утгыг тодорхойлсон тайлбар байхгүй. Голын нэр лав биш, хажууд нь Шаёо гол урсаж байгаа. Үүнийг монголчуудын оноож өгсөн нэр үг болов уу гээд “өмхий” гэсэн утгатай монгол үг байх гэж тэд хэлдэг. Мохи тосгон хотоосоо 10 км-ийн зайтай. Би Мохийн цэцэрлэгт хүрээлэн рүү 8 км алхаж очоод буцаж хот руу ирэхдээ нэг зүйлийг ойлгосон юм. Тэр газар намгархаг учраас маш их өмхий үнэртдэг. Магадгүй монголчуудад энэ газар намаг ихтэй, өмхий санагдсанд ийнхүү “өмхий” гэж нэрлэсэн юм болов уу гэх мэдрэмж төрж байсан, тэгэхэд. Мохид хожуу дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулсанд нутгийн хүмүүс тэнд очиж цэцэг тарьдаг, түүнийгээ усалдаг нь өдгөө ч хэвээрээ юм билээ.

Харин Унгарын эдгээр хотод “Татар” болон “Монгол” гэсэн нэртэй гудамжнууд байдаг юм билээ. Эдгээр хотуудад ахин очиж, үүнийг лавшруулан судлах нь зүйтэй гэж бодож байгаа.

-Та эдгээр эрдэм шинжилгээний хуралд оролцохдоо ямар сэдвээр илтгэл хэлэлцүүлэв, тухайн судалгааны ажлынхаа сонирхолтой үр дүнгээс хуваалцаач?

-Масарикийн Их сургуульд “XVIII-XX зууны эхэн үеийн Халхын нутаг дахь суман өртөөний эзэмшил нутгийг тодруулах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Манж Чин улсын үед Монгол нутаг дахь хот сууринг холбосон төрийн албан өртөө гэж байв. Гэтэл үүнтэй зэрэгцүүлэн аймаг, хошуу өөрсдийн хэрэгцээнд зориулж тамгын газраа хот сууринтай холбосон өртөө байгуулж байсныг “суман өртөө” гэж нэрлэдэг. Суман өртөө бол Манжийн төрийн өртөөнөөс хэд хэдэн зүйлээр ялгаатай. Алба залгуулах сум ардууд нь цалин хөлсгүй, эзэмшил нутаг дэвсгэр нь жижиг, хүн ам цөөн байсан юм. Эхэн үедээ суман өртөөний хоёр чиглэл байсан юм. Үүнийг Хүрээний баруун замын суман өртөө, зүүн замын суман өртөө гэж нэрлэнэ. Баруун зам нь Хүрээг Улиастай хоттой холбох бол зүүн зам нь Сан бэйсийн хүрээг Хүрээтэй холбодог. Түүн дотроос баруун замын чиглэлийн өртөөг Түшээт хан болон Сэцэн хан аймгийнхан тус тусын хэрэгцээнд тулгуурлаж эмхлэн байгуулсан тул өртөө замууд нь ч мөн тус тусдаа байсан. Миний хувьд суман өртөө ямар эзэмшил нутагтай байсан бэ гэдгийг тогтоох судалгааг хийсэн юм. Хүрээний зүүн, баруун замын суман өртөөний эзэмшил нутаг ялгаатай байжээ. Үүний шалтгааныг тодруулахыг зорьсон.

Монгол нутагт өртөө байгуулсан нь газар эзэмшлийн өвөрмөц хэлбэрийг бий болгосон. Тэр үед хошууны нутаг дээгүүр хөндлөн өртөөнүүд байгуулаад тэдгээрийн газар нутгийг нарийвчлан тогтоож байв. Өртөөний эзэмшил нутаг руу хошууны ардын болоод засаг ноёны мал сүрэг орохыг хүртэл хориглож байлаа. Үүнээс улбаалаад өртөө болон хошуунуудын хооронд олон удаагийн зөрчил гардаг. Уг зөрчлөөс үүдэн нутгийн зураг, заргын баримт, цэсийг цөөнгүй үйлдсэн байдаг. Эл баримтыг түшиглэж суман өртөөний эзэмшил нутгийг тогтоосон тухайгаа илтгэсэн.

Унгарын Өтвөш Лорандын Их сургуульд “Халхын нутаг дахь Харчин өртөөний сүм, хийд” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Манж Чин улсын үед байгуулсан өртөөдийг алба залгуулах угсаатны бүлгээр нь Харчин, Халх, Цахар, Захчин өртөө зэргээр бас нэрлэдэг байв.

1715 он болон 1719 онд Халхын нутгийн гүн рүү суурин өртөөг байгуулахдаа Өвөр Монголоос Харчин, Түмэд, Цахарыг дайчилсан байдаг. Үүн дотроо хамгийн их хүн амтай, олноороо сууж байсан нь харчингууд юм. Тиймээс “Харчин өртөө” гэдэг хэллэг үүссэн байдаг.

Халхын нутагт Харчин 26 өртөө байв. Эдгээр өртөөд нь Халхын нутагт байгуулсан бусад өртөөтэй харьцуулахад эзэмшил нутаг өргөн уудам, хүн ам олон. Үүнээс улбаалаад өртөөний сүм хийд нь бас том хэмжээтэй байв. Эдгээр нь өнөөгийн Дорноговийн аймгийн Хатанбулаг, Мандах сум, Өмнөговь аймгийн Манлай сум, Дундговь аймгийн Өлзийт, Хулд, Эрдэнэдалай, Сайхан овоо сум, Өвөрхангай аймгийн Сант, Баянгол, Тарагт сумын нутаг юм.

Би 2017 оноос хойш энэ бүс нутгийг зорьж хэд хэдэн удаа хээрийн судалгаа хийхээр очиж байсан. Тухайн бүс нутаг дахь өртөөдийг хайж байхдаа тэдгээрийн хажууд маш том хийдийн тууриуд байгааг анзаарсан.

1940 онд хэвлүүлсэн Оросын улаан армийн жанжин штабын газрын зурагт Монгол нутагт байгаа сүм, хийд, дацан, хурлын газруудыг тэмдэглэсэн байх бөгөөд Харчин өртөөний зам дагуу хийд, хурлын газар байгуулсан нь бусдаасаа хэмжээний хувьд том байсан юм. Тиймээс уг асуудлыг хөндөн судалж эхэлсэн.

Монгол нутагт байгуулсан Харчин өртөөний сүм хийдүүд хэмжээний хувьд том байсан нь хэд хэдэн шалтгаантай. Тухайн үед хүн амын төвлөрөл Харчин өртөөнд илүү байсан гэсэн үг. Халхын нутагт байгуулсан бүх өртөөн дотроос хамгийн том нь Харчин өртөө юм. Харчин өртөөнд үндсэн хүн амаас гадна Халхаас хавсарга, цагдаа өрхийг суулгаж байсан нь нөлөөлсөн. Мөн Хоньчийн, Толь булгийн хийдийг байгуулахад Манжийн төрөөс хөрөнгө зардлыг гаргаж байсан юм билээ.

-Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор гадаадын хотуудаар очихдоо судалгааны баримт, материал эрж хайх тохиолдол байдаг л болов уу. Сая Чех, Унгарт очихдоо ямар сонирхолтой олзтой тааралдав?

-Хуучин номын худалдаа миний анхаарлыг татдаг. Монголын түүхэнд холбогдох чухал материал тэнд байж магадгүй гэж горьддог юм. Унгарын хуучин номын худалдааг сонирхож явахад Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох ном зохиол, ялангуяа унгар хэлээрх бүтээл олон тааралдаж байсан. Эртний суурин иргэншилтэй ард түмэн гэдэг өөрсдийнхөө түүх, соёлыг маш сайн хадгалж, хамгаалан авч үлддэг л дээ.  

Сүүлийн үед Монгол нутгийн зургийн судалгаанд голлон төвлөрч байгаа тул газрын зургуудыг хайж түүгээр явсан юм. Унгарын хуучин номын худалдаанаас 1749 онд Будапешт хотноо хэвлэсэн “Татарын газрын зураг” нэртэй нэгэн зургийг онцолж авсан. Түүнийг 1732 онд Жироблоны хийсэн зурагт түшиглэж үйлдсэн болох нь “гол”-ыг “бира”, “уул”-ыг “аалин” гэхчлэн газар усны нэрийг манжаар бичсэн байдлаас тодорхой мэдэгдэж байв. Гэхдээ 1749 онд Татарын газрын зургийг зурсан нь нэн сонирхолтой. Манж нар Зүүн гарын улс руу довтлохоор бэлтгэж байсан тэр цаг үед Унгарт Монголын газрын зургийг хэвлээд ашиглаж байсан болж таарах нь. Түүн доторх газар усны нэрийн улбаа нь баялаг агаад монгол нутаг дахь өртөө, худалдааны замыг тухайн зурагт тэмдэглэсэн явдал нь бидний судалгаанд чухал сурвалж, хэрэглэгдэхүүн болохуйц үнэ цэнтэй юм.

1895 онд Унгарт хэвлэсэн монгол угсаатны газрын зураг, 1901 онд германчуудын хийсэн атлас ч хуучин номын худалдаанд байсан билээ. Цахимд эдгээр газрын зургийг байршуулсан боловч татаж үзэхээр сарниад болдоггүй сул талтай.

Түүнчлэн хуучин, эртний ном гэвэл 1890 оны үед хэвлэгдсэн Татаруудын түүхийн талаар тэмдэглэсэн ном хүртэл байсан юм. Хуралд илтгэлээ хэлэлцүүлэхээс гадна тухайн бүс нутагт Монголын түүх, соёлд холбогдох ямар материал, хэрэглэгдэхүүн байна вэ гэдгийг үүргэвчээ үүрээд хайдаг л даа. Хэрвээ байвал тэмдэглэж авах, боломжийнхоо хэрээр цуглуулах, судалгаандаа ашиглахыг л зорьдог.

-Та Монгол судлалын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн хардаг вэ. Хуралд оролцоход хүндрэл бэрхшээл гардаг уу?

-Чех, Унгарт болсон монгол судлалын хуралд оролцохдоо байгууллагаасаа ч юм уу, хаа нэг газрын санхүүжилтээр явсан байх гэж таамаглаж магад. Үнэнийг хэлэхэд, би өөрийнхөө зардлыг өөрөө гаргаад, үүргэвчээ үүрээд л явсан. Үүнийг өөрийнхөө боловсролд зарцуулж буй хөрөнгө оруулалт гэж ойлгодог. Түүнээс судалгаа хийх, гадагш явахад зардал мөнгө бараг олдохгүй шүү дээ. Ялангуяа төрийн байгууллагад ажиллаж буй судлаачдад гадаад томилолт битгий хэл дотоод томилолт ч олддоггүй.  

Ер нь монгол судлалыг дэмжих зайлшгүй шаардлагатай гэж боддог. Монголыг сурталчилж байгаа хамгийн том үйл явдал бол гарцаагүй монгол судлалын хурал шүү дээ. Өдгөө дэлхий дахинаа болж буй монгол судлалын хурлууд санхүү, зардал багатай болж байгаа нь харагддаг. Тэдний асуудлыг сонсоход ийм мэдрэмж төрдөг. Гэвч судлаачдын зардлыг даах эсэх нь хамаагүй, ингээд ч болов эдгээр хурлыг зохион байгуулж байгаа нь сайшаалтай. Монгол судлалын хурлаар дамжуулан тухайн улсад Монголын түүх, соёлын сурталчилгаа явагдаж байгаа. Тэгэхээр Монголыг дэлхий дахинаа хамгийн идэвхтэй таниулж байгаа монголч эрдэмтдийн үйл хэрэг, хичээл зүтгэлийг бид үнэлэх ёстой гэж хардаг. 

-Монголч эрдэмтдийн үйл хэргийг үргэлжлүүлэх залуу судлаачид маань эдгээр хуралд хэр идэвхтэй оролцов. Ер нь монголч эрдэмтдийн залгамж халааны тухайд Та юу хэлэхсэн бол?

-Монголоос очиж байгаа судлаачдын дотор залуу хүн цөөнгүй байна. Гэтэл бусад орны монгол судлалынхан дотор залуучууд харьцангуй цөөн байна. Залуучууд Монгол судлал, тэр дундаа судалгааны ажлыг сонирхохоо больж, анхаарал хандуулах нь багасвал монгол судлалын цар хүрээ хумигдах эрсдэлтэй болно. Монгол судлалаар дагнан ажиллаж байгаа залуу судлаачид өөрсдийн хүсэл, сонирхлоороо энэ салбарт хүчин зүтгэж байгаа болов уу. Монголд өнөөдөр судалгааны байгууллагын цалин хөлс бага шүү дээ. Миний хувьд ч гэсэн өөрийн дур сонирхлоороо л эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. Тэгэхээр төрийн зүгээс шинжлэх ухааны салбарт анхаарал хандуулж, залуучуудыг шинжлэх ухаан, монгол судлалын үйл хэрэгт идэвхтэй оролцоход нь дэмжээсэй гэж хүсдэг. 

-Өдгөө та ямар судалгааны ажилд төвлөрч байна вэ?

-“Монгол нутгийн зураг” номынхоо дараагийн ботийг хэвлүүлэхээр архивын зургуудыг галиглан бичиж, тухайн зургуудын судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Мөн Манж Чин улсын хот суурин, тэдгээрийг холбож байсан өртөөний тогтолцоо зэргийг лавшруулан судалж байна. Бас Эзэнт гүрний түүхэнд холбогдох газар усны нэрийг олж тодруулахаар ажиллаж байна.

-Та 2023 онд “Их хаадын ертөнц: Мөнх хаан-815” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хөвсгөл аймагт зохион байгуулахад оройлон оролцсон. Тэр хурал хэр өргөн хүрээтэй болж өнгөрсөн бэ?

-Мөнх хааны хурлыг сайхан боллоо гэж хүмүүс ярьж байсан. Орон нутагт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал харьцангүй цөөн болдог. Бид нэг талаас түүх, соёлын нөөцийг илрүүлэх, нөгөө талаас орон нутагт бахархах үнэт зүйлийг бий болгохыг зорьсон.

Чингис, Хубилай хааны сүр хүчинд дарагдаад байгаа болохоос Мөнх хаан бол хэрэгжүүлсэн бодлого, эзэлсэн газар нутгаараа дэлхийд танигдсан агуу хаан юм. Мөнх хааны үед Эзэнт гүрний эдийн засаг сэргэж, Хархорум хот өрнө, дорныг холбосон худалдаа арилжааны гол төв болж байв. Тэгтэл түүний үйл хэргийн талаар гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хурал урьд өмнө нь бараг хийгдэж байгаагүй байдаг. Тиймээс бид Мөнх хааны мэндэлсний 815 жилийн ойг тэмдэглэх ажилд онцгойлон анхаарсан юм.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дахь Дэлгэр мөрөний хөвөө, Алтан гадас уулын урд бэлээс Мөнх хааны гэрэлт хөшөө олдсон. Хэдийгээр уг хөшөөг Мөнх хаан Сүн улсыг байлдан эзэлсэнд зориулаад түүний хүргэн Барс түгэ босгосон хэмээн үзэж байгаа боловч үүнд “Мөнх хаан түмэн түмэн насалтугай” хэмээн бичсэн байдаг. Бид Мөнх хааны хөшөө олдсон энэ газрыг сонгоод хурал зохион байгуулсан юм. Энд Япон, Орос, Унгар, Монголын олон эрдэмтэн идэвхтэй оролцож, шинэ сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох язгууртны оршуулга одоогоор Сүхбаатар аймаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дахь Хориг уул гэсэн хоёрхон л газраас олдоод байна. Ер нь бид Хөвсгөл аймгийг онцолж сонгоод хурлын илтгэлүүдийг тэнд хэлэлцүүлсэн нь Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох язгууртны оршуулга, хөшөө дурсгал энэ нутгаас олдож байгаатай, мөнхүү түүхэн домог бүхий газар, ус тэнд элбэг байдагтай холбоотой юм.

-Та судалгааны эх сурвалж, олдвор хэрэглэгдэхүүний талаарх мэдээллийг хэрхэн эрж хайдаг вэ?

-Нэн түрүүнд тухайн сэдвээр урьд өмнө нь хийгдэж байсан каталог, ном зүйн бүртгэлийг шүүж үздэг. Түүнчлэн өмнөх үеийн судлаачдын ном өгүүлэл, илтгэлийг уншина. Улмаар тэдгээрийг бичихэд эш татсан эх сурвалжуудыг эрж хайж, эх хувийг нь харна л даа. Судлаачийн хувьд эх сурвалжийг барьж үзэх, тухайн газар нутгийн байдлыг нүдээр харах, ажиглах үйл явц нэн чухал байдаг. Би орон нутгийн музей, Соёлын төвүүдэд хадгалагдаж байгаа нутгийн зургуудын ихэнхийг нь очиж үзсэн. Ер нь л эх сурвалжийнхаа хойноос өөрийн хөрөнгөөр ч хамаагүй явж эрж хайж судалдаг л даа.   

Сүүлийн хэдэн жил багшийгаа дагаад хээрийн судалгаанд зун болгон явж байна. Сурвалжтай бас тасралтгүй ажилладаг. Нэг сэдвийг аль болох олон талаас нь харж, эргэцүүлж бичихийг л зорино. Нэг хүнээс сонссоноо бичдэг биш, нэг сурвалж харснаа түүнд итгэдэг биш, бүх талаас нь тодруулахыг л хүсдэг. Нэг өртөөг судалъя гэхэд түүнийг газрын зурагт хэрхэн тэмдэглэв, үүний талаар аялагчид юу гэж бичсэн байгаа юм, заргын баримтуудад юу гэж өгүүлэв, цэсэд юу гэж заасан байна, нутгийн хүн нь юу гэж ярих нь уу гэдгийг харьцуулахын сацуу тухайн газрыг нүдээр үзэж газар зүйн хэв шинжийг тодорхойлж бичих байдлаар л ажилладаг.

-Та ямар үед судалгааны ажил тань бүрэн дүүрэн боллоо гэж үздэг вэ?

-Ер нь ингэж үзсэн судалгаа ховор. Судалгааны өгүүллээ дараа нь ахин уншдаг. Тэр бүрийд л алдаа харагддаг юм, тэгэхээр нь ахиад л засдаг юм.

-“Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-гээс эрхлэн гаргасан ямар номуудад биечлэн оролцов?

-Манай хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй “Чингис хааны өв, соёл” цувралаар Чингис хааны түүхэнд холбогдох эх бичгийн сурвалжуудыг хэвлэдэг. Гэхдээ бид урьд өмнө нь хэвлэгдээгүй, судалгааны эргэлтэд ороогүй сурвалжуудыг хайж олох, тэдгээрийг энэ цувралдаа хэвлэх, судалгааны эргэлтэд оруулахыг зорьдог юм. Энэ төрлийн сурвалжууд ихэвчлэн XVIII-XIX зууны үед бичигдсэн байх тул бурхны шашны нөлөө туссан нь бий ч, түүнийг нь гээгдүүлэхгүйгээр тухайн бүтээлүүдийг бүрэн эхээр нь олон нийтэд хүргэхийг хичээдэг. Бид өдгөө энэ цувралынхаа арав дахь номыг гаргахаар ажиллаж байна. Миний хувьд, энэ цувралаар хэвлэгдсэн эх сурвалжуудыг галиглах, тайлбар бичих, хөрвүүлэх ажилд оролцсон. Эдгээр бүтээлүүд эх сурвалжийн шинжтэй учир цаашид олон хүн судалгааны ажилдаа ашиглах боломжтой юм.

Түүнчлэн “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-гээс жилд хоёр удаа эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Нэгийг нь англи хэлээр, нөгөөг нь монгол хэлээр хэвлэдэг юм. Үүгээр бид дэлхий дахинаа Монголын Эзэнт гүрэн, Чингис хааны түүхэнд холбогдох судалгааг хийж байгаа эрдэмтдийн өгүүллүүдийг нэгтгэн хэвлэх, тухайн цаг үед бичсэн судалгааны өгүүллүүдийг нь олон нийтийн хүртээл болгохыг зорьдог. 

Мөн бид гадаадад хэвлэгдсэн Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох чухал номуудыг түүвэрлэн орчуулж, олны хүртээл болгохыг зорьж ажилладаг. Тухайлбал, манай хүрээлэнгээс “Монголын үеийн Иран дахь эмэгтэйчүүд”, “Дани дахь Монголын өв соёлын дурсгалууд” зэрэг номуудыг хэвлээд байна.

Саяхан манайхаас “Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа” гурвалсан бүтээлийг хэвлүүлсэн бөгөөд энэ ажлыг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрхлэгч, доктор Г.Алтансүх голлон удирдаж, “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-гийн судлаач Б.Хүрэлбаатар хамтарч оролцсон. Тэд Эзэнт гүрний түүхэнд холбогдох хүний нэрүүдийг урьд өмнө нь судалсан эрдэмтдийн өгүүллийг шигшиж, эмхэтгэх, өөрсдийн саналаа дэвшүүлэх, сурвалжуудтай ажиллах гэсэн сэжмээр эдгээр номуудаа бүтээсэн байна лээ.  

-Танай хүрээлэнг “Чингис хаан” музейтэй андуурах тохиолдол мэр сэр байдаг л биз?

-Тийм. Ер нь “Чингис хаан” музей, “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-г хооронд нь андуурах тохиолдол бий. Гэвч  хоёр тусдаа үйл ажиллагаа бүхий байгууллага юм. Анх “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-г байгуулсан. Улмаар “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”, “Чингис хаан” музей байгуулах ашиглалтын өмнөх судалгааг хийж байв. Одоо Соёл, спорт, аялал зуучлал, залуучуудын яамны харьяа хоёр тусдаа байгууллага юм.

-Та МУБИС-иас эрхлэн гаргасан “Эртний дэлхийн түүх-I, II” номын хамтран зохиогчоор ажилласан шүү дээ. Энэ бүтээл ямар онцлогтойгоор бичигдсэн ном бэ?

-Оюутнуудад маань дэлхийн түүхийн сурвалж, хэрэглэгдэхүүн хомс байдаг юм. Уг номыг бичих болсон нь оюутнуудын энэ хэрэгцээнээс үүдэлтэй. “Эртний дэлхийн түүх-I, II” номд агуулгаас гадна эх сурвалжийг аль болох баялаг байдлаар багтаахыг зорьсон. Ингэснээр оюутнууд эх сурвалжтай ажиллах арга зүйд суралцах, дэлхийн түүхэнд холбогдох эх сурвалжуудын талаар цогц мэдээлэл, ойлголт авах боломжтой болсон гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, газрын зургийг өргөнөөр ашигласан төдийгүй мэдлэгээ бататгахад нь зориулж агуулга бүрийн хойно дасгал ажил, сорил оруулсан.  

Энэ номыг бас ЕБС-ийн дэлхийн түүхийн хичээл зааж буй багш ашиглах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.