UBLife Logo
Дэлхий

“Fortune” сэтгүүлээс нэрлэсэн бизнесийн салбарын хамгийн НӨЛӨӨ бүхий 10 хүн

Ub.life
Ub.life
“Fortune” сэтгүүлээс нэрлэсэн бизнесийн салбарын хамгийн НӨЛӨӨ бүхий 10 хүн

Бизнесийн салбарын шилдэг хэвлэл “Fortune”-ээс хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлээд байна. Бид уг жагсаалтын эхний 10-т багтаж буй дэлхийн хамгийн хүчирхэг бизнес эрхлэгчдийг танилцуулж байна.

Женсен Хуанг 

Женсен Хуанг “Nvidia”-г тоглоомын график чип үйлдвэрлэгчээс хиймэл оюуны салбарын хамгийн чухал тоглогчдын нэг болгож хөгжүүлжээ. Тэдний чип нь Америкийн хувьд стратегийн бүтээгдэхүүнд тооцогдох болоод байгаа. Мөн тэрбээр компаниа зөвхөн тоног төхөөрөмжөөс гадна үүлэн тооцоолол, хиймэл оюуны загваруудыг хэрэглэгчдэд шууд санал болгодог болгох замаар “дээд түвшинд” өргөжүүлж байна. Nvidia-ийн зах зээлийн ноёрхол нь хувьцааг нь түүхэн дээд амжилтад хүргэж, компанийн үнэлгээ анх удаа 4 их наяд ам.доллар давсан байна.

Сатьяа Наделла 

Сатья Наделла “Microsoft” компанийг сүүлийн 10 жилд хоёр томоохон шилжилтээр амжилттай удирдсан нь cloud үйлчилгээ нэвтрүүлэх, мөн хиймэл оюун руу чиглэх явдал байв. Тэд OpenAI-д анхлан хөрөнгө оруулсан нь “Microsoft”-ийг generative AI-ийн өрсөлдөөнд тэргүүлэгч байр сууринд аваачсан юм. Мөн түүний удирдлага дор Microsoft Azure, Microsoft 365 болон GitHub Copilot зэрэг бүтээгдэхүүн зах зээлд тэргүүлээд зогсохгүй жолоочгүй автомашин, квант тооцоолол зэрэг ирээдүйн стартапууд руу ч ухаалаг хөрөнгө оруулалтууд хийсээр байна.

Марк Закерберг 

Meta компани болон Марк Закерберг өөрөө ч тэр үргэлж шинэчлэгдэж, шинийг эрэлхийлж байдаг гэж болно. Тэд эхэндээ ChatGPT-ийн өрсөлдөөнд хоцорсон ч өнөөдөр generative AI-ийн тэргүүлэгчдийн нэг болсон байна. Энэ жил тэрбээр AI бизнес эрхлэгчид, эрдэмтдийг багтаасан баг бүрдүүлж, AI “супер оюун ухаан” бүтээх дэд бүтцэд хэдэн зуун тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдээд буй. Олон нийтийн сүлжээний сөрөг нөлөөнд хамгийн их шүүмжлэл дагуулдаг Meta-ийн хувьд орлого нь тогтвортой өсөж байгаагаараа бизнесийн амжилт нь хэмжигдэж байна. 

Илон Маск 

Илон Маск улс төрийн талбарт тийм ч амжилттай тэссэнгүй. Харин өнгөрсөн онд өөрийн компаниудад харьцангуй бага цаг зарцуулсан боловч ахиц, дэвшил нь үргэлжилсээр байна. SpaceX нь аварга Starship пуужингийн туршилтын нислэгүүдийг тогтмол хийж, Tesla 6-р сард Остинд өөрөө явагч такси үйлчилгээг эхлүүлэх зорилтоо амжилттай биелүүлсэн бол Neuralink 8-р сарын байдлаар тархи-компьютерийн интерфэйс чипийг есөн хүнд суулгасан байна. Үргэлж маргаан, дуулианд холбогддог боловч Маск АНУ-ын хамгийн нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн нэг хэвээр байна.

Ванг Чуанфу 

Дэлхий дахинд цахилгаан автомашины зах зээлд Tesla бус BYD тэргүүлж байгаа билээ. Тус компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ванг Чуанфу энэ жагсаалтад эрэмбэлэгдэх нь зүй ёсны хэрэг. 1995 онд утасны зай үйлдвэрлэлээр бизнес ертөнцөд орж ирсэн BYD нь 2003 онд автомашины үйлдвэрлэлд шилжсэн билээ. Өнөөдөр тэд Хятадын зах зээлд ноёрхлоо тогтоогоод зогсохгүй Европ, Зүүн өмнөд Ази, Латин Америкийн зах зээлд хурдацтай тэлж байна. Тэд ойрын жилүүдэд Тайланд, Унгар, Бразил, Пакистан зэрэг улсад шинэ үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Сундар Пичай

Alphabet компанийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай нь Google, YouTube, Android, Waymo зэрэг тэргүүлэх технологийн бизнесүүдийг нэгтгэсэн, зах зээлийн үнэлгээ нь 2 их наяд ам.доллар давсан корпорацыг удирдаж байна. Бизнес салбарт нөлөө үзүүлээд зогсохгүй тэдний бизнес улс төрд ч нөлөөлж, бас хамааралтай болж байгаа нь Ерөнхийлөгч Трампын тангараг өргөх ёслолын тэргүүн эгнээнд сууж байгаагаас нь харагдсан. 

Рен Женфэй 

Huawei компанийн үүсгэн байгуулагч Рен Жэнфэй Хятадын технологийн салбарын тулах багана болсон гэхэд хилсдэхгүй. Huawei нэгэнтээ Apple-с ч олон тооны гар утас борлуулж байсан үзүүлэлттэй бол 2023 оноос Хятадад үйлдвэрлэсэн чиптэй өндөр зэрэглэлийн гар утас танилцуулснаар нэр хүнд нь улам ч тэлсэн. Тэд одоо AI чип, цахилгаан автомашин, эрчим хүч зэрэг стратегийн салбарууд руу хүч түрэн орж байна. Өнгөрсөн онд тэдний орлого 100 тэрбум ам.доллар давжээ. 

Сэм Альтман

OpenAI-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Альтман нь 300 тэрбум ам.доллар буюу түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компанийн нүүр царай болж, хиймэл оюуны салбарын гол төлөөлөл болоод байна. Тэрээр Японы SoftBank зэрэг түншүүдтэй хамтран 500 тэрбум ам.долларын өртөгтэй, дэлхий даяар дата төвүүдийн сүлжээ байгуулах Stargate төслийг эхлүүлээд байгаа билээ. Мөн Apple-ийн дизайн хариуцсан захирал асан Жони Айвтай хамтарч, AI эринд зориулсан шинэ төрлийн төхөөрөмж хөгжүүлэхээр зорьж байна. Өнөөдрийн байдлаар ChatGPT нь долоо хоног бүр 780 сая идэвхтэй хэрэглэгчтэй болж, OpenAI-ийн бүтээгдэхүүнийг Fortune 500-ийн ихэнх компани ашиглаж байна.

Жэйми Даймон 

Өдгөө 69 настай Жэйми Даймон нь Уолл Стрийтийн хамгийн нөлөө бүхий дуу хоолой юм. Тэрбээр 300 мянга гаруй ажилтантай JPMorgan-ийг удирддаг билээ. Тэрбээр өнгөрсөн онд таван жилийн дараа тэтгэвэрт гарна гэдгээ мэдэгдсэнээр түүнийг хэн залгамжлах вэ гэдэг Америкийн бизнесийн ертөнцөд сонирхол татаж байна. Учир нь, Жэйми Даймон зөвхөн байгууллагаа амжилттай удирдаад зогсохгүй олон нийтийн дуу хоолой болж, эдийн засаг, дэлхий дахины улс төр, Америкийн нийгмийн байдлаар талаар тогтмол хүчтэй байр сууриа илэрхийлдэг нэгэн юм. 

Мэри Барра 

Мэри Барра 2014 онд General Motors компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш ажил хаялт, АНУ-ын тарифын бодлого зэрэг олон сорилтыг даван туулж, дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэгийг амжилттай удирдаж байна. Өнгөрсөн оны хувьд GM-ийн орлого өмнөх оноос 9 хувиар өсөж, АНУ дахь цахилгаан автомашины зах зээлд эзлэх хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүллээ. Энэ онд тэд улс төрийн тогтворгүй нөхцөлд, хиймэл оюуны ширүүн тулааны эринд хэрхэн тогтвортой өсөлт үзүүлэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.