Өчигдөр орой АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаад эх орондоо харьсан. Путин, Уиткофф нар юуны талаар ярьсан нь тодорхойгүй ч Барууны хэвлэлээр ирэх 7 хоногт Дональд Трамп, Владимир Путин нар уулзаж магадгүй, дараа нь Украины Ерөнхийлөгчийг оролцуулсан 3 талын хэлэлцээр болно гэж мэдээллэж эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп "Уиткофф Москвад тун сайн ажиллалаа. Үр дүн санснаас хол илүү байлаа” гэж магтаад ойрын үед Оросын Ерөнхийлөгчтэй уулзах магадлал байгааг нотолсон.
Путин Уиткофф хоёр Кремльд гурван цаг ярилцсан. Стив Москвад Трампын ОХУ-д олгосон 10 хоногийн хугацаа өндөрлөхөөс хоёр хоногийн өмнө очсон гэдгийг онцлох хэрэгтэй. Мэдээж хоёр тал бүрэн ойлголцолд хүрэхэд хол байгаа ч тодорхой хэмжээний үр дүн гарсан нь олзуурхууштай. Ерөнхийлөгч Путин өөрөө Трамптай уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн гэнэ. Цагаан Ордноос мэдээлснээр уулзалтын бэлтгэл ажил хэдийн эхэлжээ.
Дэлхийн хоёр том гүрний тэргүүд уулзахад олон сарын бэлтгэл ажил хэрэгтэй ч Трамп багаа маш хурдан ажиллахыг даалгасан гэнэ.
Хоёр Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2019 онд Японы Осакад G20 дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж байв.
Харин одоогийн уулзалтаас бид их зүйл хүлээх үү, үгүй юу гэдэг тодорхой бус. Гэхдээ Украины дайныг ийм уулзалт хийж байж л зогсоох билээ.