Дани улсын “Aalborg Zoo” амьтны хүрээлэн орон нутгийн иргэдийг илүүдэл гэрийн тэжээвэр амьтдаа Амьтны хүрээлэнгийн махчин араатны хүнсэнд өгөхийг хүссэн байна. Гэхдээ зөвхөн эрүүл амьтан байх ёстойг анхааруулжээ.
Энэ нь Амьтны хүрээлэнгийн махчин амьтдад байгальд байгаа мэт хоолоо олж идэх мэдрэмжийг нь хадгалах, сэргээх хөтөлбөрийн нэг хэсэг гэнэ. Гэхдээ тэжээвэр амьтдыг араатанд өгөхөөсөө өмнө “унтуулна” гэж мэдэгджээ.

Амьтны хүрээлэнгийн албан ёсны Instagram хуудсанд “Гэрийн амьтдыг мэдлэг чадалтай ажилтнууд тун хүмүүнлэгээр “унтуулна”. Дараа нь махчин амьтны тэжээл болгон ашиглана. Ингэснээр хэнд ч хохирол учрахгүй. Бид хүрээлэнгийн амьтдаа байгалийн маягаар тэжээж, хооллож чадна. Харин та ямар нэг шалтгаанаар хэрэггүй болсон тэжээвэр амьтнаа ичиж зоволгүй бидэнд өгч чадна” гэж уриалсан байна. Мөн усан гахай, туулайнаас гадна адуу зэрэг том амьтан ч авна гэжээ. Адууг бар, арслангийн тэжээлд ашиглах юм.