1840 оны наймдугаар сарын 7-нд Англид хүүхдүүдээр яндан хөөлөгчийн ажил хийлгэхийг хориглосон юм. Жижигхэн, туранхай хүүхдүүд хамгийн нарийхан янданд ч багтдаг тул тэднээр ёстой л тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлдэг байлаа. 1840 оны энэ өдрөөс тэдний боолын хөдөлмөр зогссон түүхтэй.
Дундад зууны Английн утга зохиолд яндан хөөлөгчийг их л романтик маягаар дүрсэлсэн байдаг. Өндөр, нарийхан, цилиндр малгайтай, хар фрактай тэд Английн бүх байшингийн дээврийг мэддэг гээд л. Тэдэнтэй тааралдахад аз таардаг тул хүслээ шивнэдэг, хувцасных нь товчийг авч чадвал аз жаргалтай болох нь дамжаагүй гэж бичдэг байлаа.

Гэхдээ үнэндээ энэ нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр байсан юм. Хүүхдүүд 200 жилийн турш яндан цэвэрлэсэн. Яндан хөөлөгчийн туслах гэж нэрлэдэг байсан ч тэд материал, багаж зөөдөг, олс барьдаг, татдаг ажилтнууд байсангүй. Хүүхдүүд “амьд шүүр” байсан билээ. 50 см хүрэхгүй нарийхан янданд тэд л орж чадна, амьдрал нь зүгээр л там байжээ.

Бүх юм ингэж эхэлсэн
1966 онд Лондонд Английн түүхэн дэх хамгийн том түймэр болсон юм. Тэр үед 15 мянган байшин шатаж, 100 мянга гаруй хүн орон гэргүй болж байлаа. Энэ явдлаас хойш Англид барилга барих хэмжээ, нормыг өөрчилсөн юм. Өмнө нь айл болгоны зуух тус тусдаа дээвэрт гарсан яндантай байсан тул барилгын дээвэр зараа мэт харагддаг байв. Харин шинэ дүрмээр нэг байр нэг нийтийн яндантай байх болжээ. Ингэснээр барилгын яндан олон нугалаатай, нарийхан болсон байна. Утаа таталт сайжирсан тул нэг талаас энэ нь зөв шийдвэр байлаа. Гэхдээ бохирдолт буурсангүй, хөө харин ч хуримтлагддаг болсон байна. Харин төөрдөг байшин мэт олон салаатай энэ янданг яаж цэвэрлэх вэ? Хариулт ойлгомжтой байв.

4 наснаасаа
Нарийхан яндангаар орж чадах нь хүүхэд. Хөөлөгчөөр ажиллах хүүхдүүдийг ойрын асрах газраас худалдан авна. Тиймээ, та буруу уншаагүй. Худалдаж авна. Заавал асрах газар ч гэхгүй, олон хүүхэдтэй, ядуу айлууд байна. Хүмүүс хүүхдээ зарахыг муу зүйл гэж үздэггүй байв. Олон хүүхэдтэй айл нэг “ам” ч гэсэн байхгүй болбол гэсэн бодолтой тул хүүхдээ 8-10 шиллингээр зарчихна.

Яндан хөөлөгчийн ажилд хүүхдийг 4 настайгаас нь авна. Бяцхан хүүхэд харанхуй янданд яаж ордог байсан гэж бодож байна? Мэдээж, хүчээр. Түлхээд зодоод эсвэл зууханд гал асаахад хүүхэд түлэгдэхгүйн тулд дээш авирахаас өөр аргагүй болно. Тэд яндан дотор “амьд сойз” болох үүрэгтэй. Яндан хөөлөх ажил дороос эхэлнэ. Хүүхэд нүцгэлээд, гартаа шүүр, хусуур бариад хөл гараа тулан, дээш авирна. Сантиметр, сантиметрээр дээшлэхдээ хүү хамаг биеэрээ хөө, тоосыг яндангийн хананаас аваад, явах юм. Харанхуй яндан дотроо олон салаа замтай тул хорхой мэт мөлхөх үе ч бий. Зарим хүүхэд доошоо зуухандаа эргэн ойчно, зарим нь гацна, нэг хэсэг нь амьсгаа нь боогдож, ухаан алдана. Ийм тохиолдолд эзэн нь өөр нэг хүүхдийг аврах ажиллагаанд явуулна. Тус болохгүй бол янданг задалж, цогцсыг гаргахаас өөр аргагүй. Энэ нь маш их цаг, зардал шаардах ажил болох учир хүүхэд ажлаа сайн хийх ёстой.

Мэргэжлийн өвчин
Яндан хөөлөгч хүүхдүүдийн үхлийн хувь жирийн хүүхдүүдээс хамаагүй өндөр. Гэхдээ энэ нь хэний ч санааг зовоодоггүй байлаа. Хүүхдийн амь нас тэдний иддэг хоолноос нь хямдханд тооцогддог байв. Яндан хөөлөгч хүүхдүүд том болоод мастерын туслах, эсвэл жинхэнэ хөөлөгч болж болно. Гэхдээ энэ нь бараг л боломжгүй зүйл байв. Учир нь өсөж том болоод янданд багтахгүй болсон хүүхдийг зүгээр л гудамжинд гаргаад хаячхаад дахин шинэ жижиг хүүхэд худалдаж авна. “Амьд сойз” хүүхдүүд 20 наслах нь маш цөөхөн. Тэд зүгээр л үхчихдэг.

Хүүхдийн биед наалдсан хөө тортог хүүхдийн арьсыг зүгээр л иднэ. Ядаж байхад хүүхэд ажлаа дуусгаад усанд орохгүй, халуун ус бол бүр олдохгүй. Яндангаа цэвэрлэж дууссан хүүхэд хөө тортгоо зүгээр л сэгсэрч унагаад дараагийн яндандаа очдог байлаа.
XIX зуунд Английн эрдэмтэд нэгэн төрлийн хорт хавдарт “Яндан хөөлөгчийн хавдар” гэж нэр өгч байлаа. Энэ бол яндан хөөлөгч хүүхдийн үхдэг, өвддөг байсан олон өвчний ганцхан нь. Үүн дээр уушги, амьсгалах эрхтний өвчин, хөл гар хугарах, хүзүү гэмтэх гээд яриад байвал дуусахгүй.
Энэ зэрлэг байдал 1840 онд дууслаа. Яндан хөөлөгч хүүхдүүдийн үхэл эрс нэмэгдсэн тул Английн парламент хүүхдийг энэ ажилд ашиглахыг хориглосон хууль баталсан юм. Тэгээд яндангаа яаж хөөлөх вэ? Англид яндан хөөлөх тусгай багаж ашиглах болсон. Хамгийн муухай нь энэ багаж хүүхдийг хориглох хууль гарахаас 50 жилийн өмнө гарчихсан байсан юм. Гэвч компаниуд худалдаж авснаас хүүхэд ашиглах нь хямд гэж үзэж байжээ.
Ийм л хүнд үеийг яндан хөөлөгч хүүхдүүд үзэж, туулсан түүхтэй.