Өдгөөгөөс яг найман арваны тэртээ хүн төрөлхтний түүхэнд цөмийн зэвсэг буюу атомын бөмбөгийг хэрэглэсэн билээ.
АНУ-ын Зэвсэгт хүчин 1945 оны наймдугаар сарын 6-нд Японы Хирошима хотноо "Little boy" нэртэй атомын бөмбөгийг, наймдугаар сарын 9-нд Нагасаки хотноо "Fat Man" нэртэй атомын бөмбөгийг хаясан. Тэр даруйдаа энэ хоёр атомын бөмбөгийн дэлбэрэлтээс болж эгэл жирийн 80 000 орчим хүн (хүүхэд, хөгшид) амь насаа алдсан бол бөмбөгдөлтийн хор , хожмын нөлөөний улмаас нийтдээ Хирошимад 166,000 орчим, Нагасакид 80,000 орчим хүн амь насаа алдсан гэж үздэг юм билээ.
Харин энэ хоёр бөмбөгдөлтөд хоёуланд нь өртсөн, мөн амь гарсан газар дэлхий дээрхи цорын ганц хүн байсан нь Цүтомү Ямагүчи агсан.
Ямагүчи нь 1916 онд Нагасаки хотноо төрсөн бөгөөд "Мицүбиши" компанид ажилладаг, инженер мэргэжилтэй нэгэн байжээ. Нагасаки хотноо ажиллаж , амьдардаг байсан Ямагүчи 1945 оны зун Хирошима хотноо ажлын томилолтоор 3 сарын хугацаатай очиж. Наймдугаар сарын 6-ны өглөө томилолтоо амжилттай дуусгасан Ямагүчи гэртээ харихаар гэргий, хүү хоёртоо авсан бэлгээ бариад, хамт ажилладаг хоёр хүний хамт төмөр замын вокзал руу явжээ. Гэнэт Ямагүчи хувийн тамгаа мартсанаа санаж, ажил руугаа эргэн очиж. Яг энэ үед буюу өглөөний 8:15 минутад Хирошимагийн тэнгэрт АНУ-ын бөмбөгдөгч "В-29" онгоц эхний атомын бөмбөгийг хаясан юм. Ямагүчи онгоцыг харсан, тэр байтугай онгоцноос хоёр жижиг шүхэр унахыг ч харсан, яг тэр үед хүчтэй тод гал гарах шиг болоод өөрөө нэг тийш шидэгдэн ухаан алдсан гэж дурссан байдаг. Ухаан орсны дараа Ямагүчи ойролцоох хоргодох байр руу мөлхөж хүрсэн байна. Түүний чихний хэнгэрэг гэмтэж, нэг хэсэг хараа нь алга болж, биеийн зүүн тал нь ихэд түлэгдсэн байв.

Ямагүчи бусад хүмүүсийн хамт хоргодох байранд өдөр, шөнийг өнгөрөөгөөд маргааш өглөө нь галт тэргэнд сууж төрөлх Нагасаки хотноо харьжээ.
Эмнэлэгийн тусламж авч, гэртээ хоёр хоног амарсан Ямагүчи, бие нь битүү боолттой байсан ч наймдугаар сарын 9-нд ажилдаа очжээ. 11 цагийн үед Ямагүчи даргадаа Хирошимад болсон аймшигт дэлбэрэлтийн тухай тайлбарлан ярьж байх яг тэр үед Нагасаки хотын дээр Америкийн агаарын зэвсэгт хүчний "Bockscar" бөмбөгдөгч онгоц "Fat Man" хэмээх атомын бөмбөгийг хаяж таарсан байна.
Ямагүчигийн ажлын газар бөмбөг дэлбэрсэн эпицентрээс ердөө 3 км-ийн зайд байсан ч Ямагүчи энэ удаа яг цохилтод өртөөгүй аж. Гэсэн ч олон хоног халуурч, бөөлжиж байсан гэдэг.
Хоёр удаа цөмийн зэвсгийн дэлбэрэлтээс амьд гарсан хамгийн азтай, бас хоёр удаа аймшигт зүйлийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн азгүй Цүтомү Ямагүчи 2010 онд ходоодны хорт хавдраар 93 насандаа хорвоогийн мөнх бусыг үзжээ.
P.S. Хүж дэлхий минь амар амгалан, энх тайван байх болтугай!
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин