UBLife Logo
Хөрөг

Хөрөг | Баавгай жилтэй хүн

Хөрөг | Баавгай жилтэй хүн

-Зориг Улаанбаатарт “нүдний гэм” байсан зайдас авчраад шарж өгсөн 1990 оны арванхоёрдугаар сарын 25-ны шөнийг би мартдаггүй. Хельсинкээс аль намар гарсан тулдаа зул сарын энэ өдрийн өчигдөрхөн нь хүлээж авсан илгээмжээсээ хариу дайллаа. Бид зайдсаа, дараа нь финланд шоколад идэж зул сар тэмдэглэж билээ. Номын хуудаснаас таван настайдаа анх олж үзсэн олон газрын зүс царай дотроос монгол эрэгтэйн царайг яагаад би тогтоогоод үлдчихсэн юм бол? Ер нь энэ хүртэл явахыг хүссэн учир шалтгаан гэх зүйлд ямар ухаан үйлчилсэн юм бэ? Юу ч байхгүй шүү дээ. Тэгэхээр хувь заяа л байх даа...

***

Ялангуяа улс төр, хэвлэл мэдээлэл, түүх, гэрэл зураг сонирхогчдын сайн мэддэг Ирья Халаш. Монголчуудтай 40 жил хамт байгаа хүн. Төрж өссөн Финланддаа ч ийм урт хугацааг өнгөрүүлж үзэлгүй Монголд амьдарч байна. Бидний “насаараа” гэж хэлэх хугацаа өнгөрчээ.  

“Дасчихаж дээ, өөр хаачих гэж. Сүүлд визний журам өөрчлөгдсөнөөс харин ч бүр жилийн 183 хоногийг Финландад өнгөрүүлэх ёстой болсон шүү” гэнэ. Түүнтэй уулзсан хүн бүр яагаад заавал Монгол гэж, яагаад үлдчихсэн юм гэдэг тухайд ёс юм шиг сонирхоно. Ирьяд өнөө хэр тоймтой хариулт байдаггүй. Гэвч хэний ч асуугаагүй хүүхэд насанд нэгэн түүх ингэж эхэлжээ. 

-Би ээжээсээ үлгэрийн ном уншиж өгөхийг их шалдаг байж л дээ. Тэр үеэс ээж надад фин цагаан толгой зааж, би дөнгөж л гурван настайгаасаа үсэг тогтоож эхэлсэн байгаа юм. Дөрөв хүрэхдээ үсгээ бүгдийг мэддэг болчихсон, өвөр дээрээ ном тавьчихаад үсэг үсгээр нь дуудаад л суудаг байж. Манайх дөрвөн хүүхэдтэй, олон номтой айл. Гэвч аав ээж хоёрт надад ном уншиж өгөх зав огт гарахгүй. Ээж гэрийн ажлаа хийж байх нэг л өдөр дөрвөн настай би дуржигнатал уншчихсан гэдэг. Ингэж би миний амьдарч байгаа газраас өөр олон улс байдаг, олон янзын зүс царайтай хүмүүс аж төрдөг дэлхий ертөнцтэй танилцаж эхэлсэн юм. Дэлхийн зурагт атлас гэж ширээн дээр л тавьж уншихгүй бол өргөж дийлэхээргүй том ном байлаа. Би тийм бага байсан хэрэг, лав л сургуульд орох долоон нас хүрээгүй л үе. Тэнд улс орнуудын нэр, тэгээд тухайн улсын хүний төрхийг харуулсан зураг байх бөгөөд миний ой тойнд онцгой үлдсэн зураг нь яагаад ч юм бүү мэд, монгол эрэгтэйнх байсан юм даа. Энэ бол намайг Монголтой холбосон, хожим ийш хөтөлсөн байх магадлалтай анхны дурсамж.

Ирьягийн эцэг эх Германы эсрэг дайны төгсгөл үед танилцжээ. Залуу цэрэг Рэйно Уимонэн шархдан хэвтсэн цэргийн эмнэлэгт Хэйлья Хорданайлэн бүсгүй ажиллаж байж. “Аав маань 1600-гаад оноос үе дамжин чинээлэг амьдарсан Карелийн газрын эзний хүү боловч Зөвлөлт Холбоот улс Финландыг довтлоход оросуудад алдсан газар нутагтай хамт энгийн ядуу иргэн болсон юм билээ. Нутгаас гарахдаа эзлэн түрэмгийлэгчдийн хоол болгохыг хүсээгүй учраас манайхан бүх малаа өөрсдийн гараар нядалж орхисон” гэж аав хэлдэг байсан юм. Дайны дараа аав маань улс төрийн намын ажилтан, ээж минь хүүхдүүдээ хардаг гэрийн эзэгтэй болж, Финландын нийслэл Хельсинк хотын захаас 60-хан метрийн зайд орших Раяакюлэи хэмээх жижигхэн хотод айл болж амьдарсан даа. Ээж минь охиддоо “Эрэгтэй хүний хүслээр амьдарвал над шиг гэрийн хүн л болно. Эмэгтэй хүнд ч бас хүсэл зориг, үнэ цэн байх ёстой. Өөрийнхөөрөө амьдар” гэнэ. Аав болохоор мөнгө их олдог ажил мэргэжил эзэмшээд сайхан амьдрахыг сургана”.   

Ирья ном уншиж, модонд авирч, юу хүссэнээ хийж өсөв. Дунд сургуульд байх үеэс л ирээдүйгээ Финландад биш, бүүр холд зурах болжээ. Онгоцны нисгэгч болох мөрөөдөлтэйгөө нэг их удсан ч үгүй. Тэгж байтал сургуулиа төгсөөд ямар мэргэжлээр хаана сурахаа шийдэх цаг тулсан ч гадаад хэл сурч, гадаад улс оронд явах, мэдэхгүй газар, танихгүй хүмүүсийг өөртөө нээх боломжуудыг эрж хайна. Ирья Польш, Унгар, Орос, Швейцарь гээд чамлахааргүй олон оронд хөл тавьж үзлээ. Эгч нь Хятад явж ирэх замд таарах Монголыг галт тэргэн дотроос хэд гуравхан хальсанд буулгаснаа угаахад тэнд гэрүүд, морь унаад давхиж байгаа хүмүүс байх аж. Эгчид нь үүнээс өөр энэ орны тухайд дүүдээ хэлэх ямар ч сонин сайхан байсангүй. Коммунист системийн хаалттай орон л гэнэ.

19 настайдаа сайн дурын ажлаар Швейцарьт очоод байлаа. Энд болох олон улсын бага хурлын бэлтгэл ажилд оролцож, франц, англи, герман хэлнээс фин хэл хүү бичгийн орчуулга хийсэн юм. Нэг удаа ширээн дээрээс нэрийн хуудасны хэмжээтэй цаас санамсаргүй олж үзтэл тэр нь Монголын товч танилцуулга. Дэлхийн атлас дээрээс нүдэнд нь тогтож үлдсэн эрэгтэйн орон. Улсын нэр, хүн амын тоо, шашин шүтлэг гэсэн цөөн мэдээлэл байна. Христэд итгэдэг хүн байхгүй гэсэн нь л шинэ мэдээлэл байв. Ер нь түүний эргэн тойронд БНМАУ-ыг мэддэг хүн байхгүй, хаанаас ч сурагласан мэдээлэл олдохгүй тусам Ирьяд энэ улс хүсэмжит нууц болсоор байлаа.

***

Финландад буцаж ирээд их сургуульд монгол хэл, монгол судлалаар суралцахаар бэлтгэж эхлэв. Энэ мэргэжлээр Америкийн Индианагийн их сургууль, Польшийн Варшавын их сургууль, Унгарын Будапештын их сургуульд элсэх боломжтой. Төлж чадах сургалтын төлбөрийн хэмжээ, амьдрахад таатай болон өртөг харьцангуй дөхөм газраа бодоход Будапештын Эөтвөш Лорандын их сургууль л хамгийн тохиромжтой нь байв. Энд Монгол судлалын тэнхимийн нэгдүгээр курсэд ганцаархнаа элсэн орж, Кара Дьёрдь (монголчуудын нэрлэдгээр Хар Дорж) багшид шавь оров оо. Юу ч гэсэн нэг жил сураад л үзье гэж бодож хэл шинжлэл үзсэнээс хойш монгол хэл ярианд сайжирсан ч юмгүй нэг л мэдэхэд гурван жил өнгөрчээ. Харин энэ хугацаанд англи хэлний багш залуутай учран дотносож тэд Будапештад албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэв. Ийнхүү Ирья Уимонэн Халаш овогтой болжээ. Бүсгүйнхээ монгол судлалаар суралцаж буйг анхандаа огт гоочилдоггүй байсан эр нөхрийн санаа бодол өөрчлөгдсөөр байлаа. Англи хэлээр мэргэшлээ гэхэд одоогийн мэдлэг нь хүрэлцэхүйц, эсвэл бүр хятад хэл шинээр сураад цаашид энэ чиглэлээр ажиллахад ч болохуйц ирээдүй байгааг нь ятгана. Ирьяд монгол хэл үргэлжлүүлэн суралцах зорилгоо хамгаалах дорвитой учир шалтгаан ч үнэндээ байсангүй. Монголд очиж хэл үзмээр, энэ улсын тухай судалгаа шинжилгээний ажил хиймээр санагдаж буйгаа хэлэхэд гэр бүлийн зүгээс ямар ч дэмжлэг байсангүй. Ганцхан ээж нь л “Явах хэрэгтэй, үзэх хэрэгтэй, өөрийгөө олох хэрэгтэй” гэнэ. Христийн сүмээр дамжин нөхөрлөсөн хэдэн найз нь түүний өмнө тулгарсан салаа замын аль нэгийг дардан болгохын тулд 1985 оны долдугаар сард Ирьяд монголчууд наадмаа тэмдэглэн байх үеэр тав хоног энэ улсад аялах финланд жуулчдын группэд нэгдэх мөнгө цуглуулан өгчээ. “Наадам үзлээ, Улаанбаатар, театр, музей, үзэсгэлэн, хот орчмын аялал жуулчлалын газруудаар биднийг дагуулж явлаа, чин үнэндээ нэг их сэтгэл хөдөлсөнгүй. Харин би хүмүүстэй уулзмаар, тэдний ахуй амьдралыг өөрийн нүдээр хармаар байсан юм. Тэр л хориотой, хяналттай. Нэг орой зочид буудлаасаа гарч чадсан. Гэр хорооллоор явж байгаад ирлээ. Удаад нь 3-р хороололд явж байгаад нэг айлд яваад орчихсон. Миний монгол хэл муу болохоор тэгтлээ ярилцаж ойлголцож чадаагүй. Гэхдээ би энд заавал буцаж ирэх ёстойгоо, үүнийг л маш их хүсэж байгаагаа ойлгоод буцаж байлаа. Бас л яагаад ийм эргэлзээгүй болсонд минь учир шалтгаан гэх зүйл байхгүй”.

-Нөхөр бид хоёрын харилцаа хөндийрсөн ч бид бие биедээ хайртай хэвээр л байсан. Сургуулиа төгсөөд Финландад очсон миний нэг чухал зорилго боловсрол, соёлын харилцааны шугамаар Монголд сурах л байв. Замын зардлыг Финландын тал, МУИС тэтгэлэг хариуцах нөхцөлтэй шалгаруулалт зарлагдсанд өргөдөл өгөхдөө би аль болох урт хугацаагаар Монголд сурахыг эрэлхийлж байгаагаа бичиж орхисон. БНМАУ-ын Боловсролын яам өмнөх жилүүдэд хамгийн уртдаа хоёр сар, оюутны өргөдөлд бол бүр долоо хоногийн боломж өгдөг. Гэтэл миний хариу иртэл надад МУИС-д таван сар сурах тэтгэлэг олгохоо илэрхийлсэнд Финландын Боловсролын яамныхан ч бүр гайхаж хоцорсон. Ингэж би таван сар сурахаар МУИС-д ирээд албан ёсоор гурван жил тэтгэлгээ сунгасан хүн шүү дээ.

1987 оны аравдугаар сарын 10-нд Буянт-Ухаад газардахын өмнө асар хүчтэй салхилж онгоц савчин дайвалзаж зорчигчид бүгд сандралдаж байхад би гэж баяр хөөртэй амьтан буух газраа яаран цонх ширтэж явсан сан. Их салхинд ярагдсан үүлэн цоорхойгоор хамгийн түрүүнд үзэгдсэн Богд уулыг диваажин гэж байдаг бол тэр нь л юм шиг гэж бодсоноо ч өнөө хэр өөрчлөөгүй ээ. Монгол хэлний багш Ц.Өнөрбаян намайг тосож, бидэн Яармаг гэх тооноор нь од цухуйх гэр хорооллын зэлүүд, харанхуй замаар тээр тэнд бүдэг бадаг анивалзах Улаанбаатарын төв дэх МУИС-ийн оюутны байр руугаа, “дотуур байрны хүүхэд” болж 1990 оны намар хүртэл амьдрахаа ч мэдэхгүй хүзүү сунган явж билээ.  

***

Нөгөө хаалттай орны гүн төвд өөрийн гэсэн хаалгатай болсон нь түүнд ялалт шиг санагдаж байлаа. Монгол хэл сурах завшаан атгасан хүн чинь загас усандаа шумбах шиг л болов. Бараа таваар дулимаг нь дүүрч гэхэд хоол цайнд нь дасах аргагүй аж. МУИС-ийн гуанзнаас өдөрт 1 төгрөгийн үнэтэй аарцтай шөл л авч ууна. Нөхөдтэй ч болов. Араншинд нь ч байв уу, монгол бүсгүйчүүд түүнээс нэг л дөлөх маягтай. Ирья ч ая эвээ олохоор нь эрчүүдтэй найзална. Ерөөс барууны орноос ирсэн хэнийг ч бай хянах тул хүн хөөдчихгүйгээ, өөрөө ч бас хөөгдчихгүйгээ бүсгүй бас мэдэхтэйгээ болов. Нэг хүнийг нөгөөгөөр нь хянуулдаг НАХЯ-ны арга барил дор социалист биш орны иргэд Монголд ирж, хэл соёлыг нь сурдаг байжээ.

Ирья хайр дурлалаа мартаагүй. Монголд ирснээс хойш нөхөртөө суугаа орноо үзүүлэхийг, сонгосон мэргэжлээрээ хэчнээн их өсөж хөгжиж байгаагаа харуулахыг хүсэж байлаа. Түүнийг ирүүлэхийн тулд жил гаруйн турш хэрэглээнээсээ танаж илүүчилсээр лавтайяа онгоцны тийзэнд хүрэх мөнгө цуглуулав. Тэгээд Монголд ирэхийг урьсан захидал бичээд догдлон хүлээв. Харин хариу захидал түүний найдварыг тасаллаа. “Хэрвээ надад, миний хүсэл зорилгод итгэсэн бол, надтай уулзахаар ганцхан удаа хүрээд ирсэн бол би түүний санаа бодолд хүлээцтэй хандахаар болчихсон байсан юм. Бид гэр бүлээ салгахгүйгээр Финланд, Монголын хооронд ажиллаж амьдрах боломжийг би олж чадах л байсан. Түүнээс хойш олоон жилийн дараа тэр намайг уучилснаа хэлэх гэж утасдсан даа”.

1989 оны арванхоёрдугаар сард Сүхбаатарын талбайд жагсаал болж, олон нийт Зориг, Баабар гэдэг залуусын нэрийг анх дуулахаас хамаагүй урьд Ирья тэдэнтэй сургуулийн найзууд болсон байлаа. Монгол дахь ардчиллын төлөөх үйл явцын тухай мэдээллүүдийг хүлээн авах саналыг Ройтерс агентлагийн Бээжин дэх салбар түүнд тавьснаар Ирьягийн карьерт огцом эргэлт авчирсан юм. Анхны мэдээгээ НАХЯ-ныхнаас нууц байдлаар нэгэн найзынхаа телекс аппаратаар илгээчихээд нэвтрэх, эсэхийг нь хүлээн шөнийн 00 цагт дотуур байрныхаа цонхоор гудамж руу радиогийнхаа антенийг сунган хүлээсэн нь 1990 оны эх. “It is the BBC news from London at one o’clock” гэж зарлаад мэдээний цаг эхэллээ. Илгээсэн газартаа очсон үгүй нь бүү мэд, очлоо гэхэд нэвтрэх эсэх нь тодорхойгүй миний бэлтгэсэн мэдээ цацагдах нь тэр. “Монголчууд ардчиллыг шаардаж байна” гэсэн гарчигтай жагсаалын тухай мэдээ байсан юм.  

Монголын нийгмийг хамарсан асар хүчтэй хөдөлгөөн үүсэх, өрнөх, түүнээс хойш тогтолцооны өөрчлөлтөд шилжин энэ цагийн түүх хэрхэн үргэлжлэхийг нүдээр харж, гэрлээр зурж, дэлхийд чимээлсэн барууны анхны сэтгүүлчийн замнал ийн эхэлжээ. Түүнээс хойш Ройтерс агентлагийн Монгол дахь сурвалжлагч Ирья Халашийн бэлтгэсэн мэдээ, авсан гэрэл зургууд дэлхийн хүмүүст хүрэх болно. Ройтерс агентлагаас дэлхийн телевизийн шилдэг мэдээнд гардуулдаг “Оны онцлох мэдээ”-гээр 2000 онд Ирьягийн хийсэн монгол наадмын сурвалжлага тэргүүн шагнал хүртсэн билээ. Ирья Халаш 2006 он хүртэл Ройтерс агентлагт 16 жил мэдээ, гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллав. Үргэлжлүүлэн Associated Press (AP), BBC, Sky News, CNN, Deutsche Welle, Al Jazeera English Channel зэрэг дэлхийн томоохон агентлагуудад чөлөөт сэтгүүлч, продюсерээр ажиллажээ.

***

Сүхийн талбайд ардчиллын төлөөх жагсаал цуглааны нэгээхэнд авахуулсан залуухан Ирья. Камер агссан, хөдсөн дээлтэй гадаад бүсгүйн зураг “Сэрэлт” киноны орос эмчийг санагдуулна. Ирья 1990 оны намраас МУИС-ийн дотуур байрнаас бүрмөсөн гарах болов. Чингээд амьдрах дараагийн орон байраа олох хүртлээ хагас жил хүрэхгүй хугацаанд Монголын алдарт “Сэрэлт” уран сайхны киноны орос эмчийн дүрийг бүтээсэн Доржпалам гуайн гэрт амьдарсан зурвасхан түүхтэй. Мэдээж, түүнд ийм боломжийг найз С.Зориг нь олгожээ.

“Тэгэхэд Зориг, Оюун хоёр ээжтэйгээ амьдардаг байх үе л дээ. Зориг маань Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч болчихсон, маш завгүй ажилладаг байлаа. Өглөө гэрээсээ гараад шөнө дундаас хойш, үүр цүүрээр л буцаж ирнэ. Гэртээ бараг үзэгдэхгүй. 1990 оны арванхоёрдугаар сарын 25-ны зул сарыг би хэзээ ч мартахгүй. Манай Финландад энэ өдөр Исүс Христийн мэндэлсэн баяр гэж улс даяараа тэмдэглэдэг хамгийн том баяр юм. Финчүүд 25, 26 гээд л олон өдөр үргэлжлэн гэр бүлээрээ баярлалддаг байхгүй юү. Тэр жил гэрийнхэн минь намайг баярлуулах гээд аль намраар илгээмж явуулсан нь надад яг арванхоёрдугаар сарын 24-нд ирсэн юм. Тэгээд маргааш орой нь болтол Оюун маань найзуудтайгаа уулзахаар гараад явчихлаа. Гэнэт 21 цагийн үед ээжийн даралт ихсээд эм уугаад хэвтэхээр өрөөндөө орчихлоо. Миний нулимс цийлэгнээд л явчихсан. Ил захидалд бичсэн эгчийнхээ мэндчилгээг уншаад сууж байтал хаалга тогшоод Зориг ороод ирэхэд нь би их гайхсан.  Тэр хэзээ ч 23 цагт ирдэггүй хүн шүү дээ.

-Үгүй чи чинь ямар эрт ирж байгаа юм бэ?

-Би чиний баярыг мартаагүй шүү.

Зориг ингэж хэлээд гал тогооны өрөө рүү орлоо. Тэгээд цүнхнээсээ хоёр ширхэг зайдас, таван өндөг, жаахан гурвалжин будаа гаргаад ирэв.

-Хөөх, Улаанбаатарын хаанаас ийм юмнууд олдог байна аа?

-Олъё оо гэвэл надад өгөх хүн бас байна аа.

Зориг хөөрхөн инээж билээ. Би түүнийг гал тогооны өрөөнд хоол хийгээд зогсож байгааг огт хараагүй болохоор их сонин. Зориг будаа агшааж, зайдас өндөг шарлаа. Илгээмжээр ирсэн зургаан жижиг лаагаа асаагаад бид хамтдаа хооллосон. Тэгээд десерт болгож Финланд шоколадаа идсэн тэр баяр ямар гоё. Хэн ч үгүй, юу ч үгүй байхад Зориг гэнэт орж ирээд л бүх юм гэрэлтсэн. Зориг бид хоёр бие биенийхээ тухай ихийг мэддэг байлаа. Ухаантай, зарчимч хүн шүү дээ. Зарчмаас нь хэн ч, юу ч өөрчилж чадахгүй. Зарчимдаа үнэнч үлдэхийн тулд хэнээс ч, юунаас ч айхгүй тийм л хүн байсан юм.    

-Та бүх насаараа Монголд амьдарч байна. Дахин хайр дурлалтай учирч байв уу?

-Тэр тухай намайг 85 хүрэхэд ярья.

-Ингэхэд та яг хэдэн оны хүн бэ?

-Би баавгай жилтэй. Эмэгтэй хүний насыг асуудаггүй биз дээ.

-Одоо та юу хийж, яаж амьдармаар байна?

-Би хэзээ ч ашиг орлого хөөж амьдраагүй, одоо бүр ч орлогогүй гэлээ хиймээр ажил их байна. Хүн маргааш байх үгүйгээ мэдэхгүй. Тиймээс цаг хугацаа л надад үнэтэй. “Сэрсэн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргахдаа ч, “Шилжилтийн үеийн Монголын зурагт хуудас” номыг хамтран бүтээхдээ ч тэгж л бодсон, зорьсон. Би хийхгүй бол өнөөдөр шилжилтийн үеийн түүхэн баримтуудыг хадгалж хамгаалж байгаа, анхаарал тавьж байгаа хүн, байгууллага байхгүйтэй л адил болсон шүү дээ. Би өөрийн бүтээсэн архиваа 50, 100 жилийн дараах монголчуудад зориулан ном, үзэсгэлэн гаргамаар байна. Дэлхийд Монголыг таниулсаар байхыг л хүснэ.

***

Өдгөө Ирьяа Халаш Монгол Улсад 38 жил ажиллаж амьдарч байна. 2025 оны наймдугаар сарын энэ өдрүүдэд тэрбээр Монголд авсан гэрэл зургуудаа төрөлх Финландын нийслэл Хельсинк хотын София галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгээд буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
7
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.94.176
Ямар сайхан нийтлэл вэ? Энэ хүнтэй уулзах завшаан сүлэлдэг🙏❤️
Same \54.179.130.191
Zorigtoi ger byl bolson bol tyyx amidral yajch baix bilee dee
Same \54.179.130.191
Zorigtoi ger byl bolson bol tyyx amidral yajch baix bilee dee
Same \18.141.142.245
Zorigtoi her byl bolson bol tux amidral yajch baix bilee dee
ЗОЧИН\13.213.40.50
Урьд насандаа монгол хүн байсан байх аа. Сайхан нийтлэл байна.
ЗОЧИН\54.169.32.166
Сонирхолтой түүх. Сэтгэл зүрхээ дагана гэдэг энэ л байх даа....амжилт
Уншигч\54.151.229.59
Иймэрхүү урт нийтлэлийг шимтэж уншаагүй удсан байна. Сонирхолтой түүх байна.