UBLife Logo
Хөрөг

ХӨРӨГ | Хойд нутгийн гойд бүсгүй

ХӨРӨГ | Хойд нутгийн гойд бүсгүй

Уг хөрөг нийтлэл нь “Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points: Global Agenda” дугаарт 2025 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн болно.


Uemura studio

1-14-14 Shibuya

Shibuya.ku

03-400-2511

-Аавын “Тамгагүй төр” зохиолоор дэглэсэн жүжиг Токиод нээгдэхэд ээждээ үзүүлэхээр Монголоос гарахдаа заавал очно гэж зорьсон гэрэл зургийн студийн хаяг. Аав тэнд гэрэл зургаа авахуулснаас хойш олон жил өнгөрсөн тул зургийн газар хуучин хаягтаа хэвээр эсэх эргэлзээтэй. Бид Токиогийн төвөөс алс буусан тул метроны олон чиглэл сольж дамжсаар мөнөөх хаягтаа хүрч очив. Үэмура студи ажиллаж байна гээч. 70 шүргэм насны хөнгөн шингэн хүнд аавын зургийг үзүүлэхэд “Би энэ монгол эрийн зургийг авснаа санаж байна. 90-ээд онд шүү дээ, би студиэ байгуулаад удаагүй залуухан байж. За байз, хальсыг нь өгч чадаагүй явуулчихсанаа хадгалчихсан юмсан. Хүсвэл архиваасаа хайгаад олж өгч болох юм” гэв. Ингээд ээж Такаюки Үэмурагийн камерын урд яг 30 жилийн өмнө аавын суусан цагаан модон толгойтой цэнхэр торгон бүрээст сандалд суулаа. Такаюки Үэмура зургаа удаан боловсруулах тул биднийг буцахад бэлэн болгож амжаагүй юм. Би утсан дээрээ ийм нэг зураг аваад ирсэн.   

-Та аав ээжийнхээ амьдралын намтарт гоё түүх бүтээжээ. 

-Би аавынхаа тэр зурагт их дуртай юм. Тэгээд ээжийнхээ зургийг заавал энэ зурагчинд авахуулах гэж зорьсон хэрэг л дээ.

***

Зургаан жил үргэлжилсэн гурван дайны төгсгөлийнх шувтрах 1945 онд фронтод бүхнээ шавхаж туйлдсан БНМАУ-ын хойд буйдад мэндэлсэн хүүхдүүд хомс тарчиг дундаас социализм руу давшлах гэгээрлийн бодлогоор сургууль соёлд цөм суужээ. Хичээлийн дараа гэрээдээ яаралгүй элдэвт азнах насанд ч хүрцгээв. Тойрч зогсоод шулганалдах тэд төв газраас ирэх утга уянга, гар дамнуулан унших шүлэг найраг, үзэж дуулсан шинэ содноо хуваалцана. Хөвгүүдийн тухай яриандаа ч сатаарах нь бий. Охид голцуу л сургуулийн гадаа зогсох агаад тэнд савлуур байх. Дамнуур төмрийг тахимаараа ороож толгойгоо уруу харуулсан чигтээ тэднийг бараадавч ярианд үл оролцох нэгэн охин бас байдаг. Дүүжигнэж болох мод, төмөр л харвал гэдсээрээ, хөлөөрөө тэгнэж аваад удаан гэгч савлан зүүгддэг нь мөнөөх охины гэм биш зан. Түүнд биеэ эзэмдэн эрхшээж газраас хөндийрөх хүсэл төрүүлсэн асуултыг олноос онцгойлон тавьсан эрхэм хүн бий. 

-Манай сургуульд С.Бавуу гэж багш байлаа. Долдугаар ангид байхад Бавуу багш над руу хараад “Чи нисэгч болж чадах уу” гэж асуусан юм. Би тэр үед нисэгч гэж чухам хэн болох тухайд ямар ч төсөөлөлгүй, тэр бүү хэл хоёрхон удаа ногоон онгоц харсан хүүхэд шүү дээ. “Чадах л байх” гэж хариулсан. Надад ийм хариулт хэлэх итгэл, зориг хаанаас ирснийг бүү мэд. Багш чухам яагаад тийм гоё асуултыг ганцхан надаас асуусан юм бол.

Нутгийнхан маань багшийг “Бавуу зохиолч”, “Герман багш” гэлцдэг. Баруунд сурахаар явсан анхны монголчуудын нэг байсныхаа төлөө багш маань Германы тагнуулч хэмээгдэн хилс хэрэгт гүтгэгдсэн хүн юм. Бавуу багш Хөвсгөлийн хүүхдүүдийн зүрхэнд итгэл асаах үр тарьсан жинхэнэ сэхээтэн. Хөдөөгийн биднийг орчин үеийн хүн болгохын төлөө биеийн тамир, спортоор хичээллүүлж, Германд сурч мэдсэн шинжлэх ухаанч хандлагаараа үнэнхүү зүтгэсэн. Дасгал сургуулилалтыг дэс дараатай, тогтмол хийлгэнэ. Одоо л эргэн бодох нь ээ Бавуу багш надаас ямар нэг өгөгдөл олж харсан байгаа юм. Аймагт ямар л тэмцээн уралдаан болно, би орно. Бавуу багшийнхаа ачаар тухайн цагтаа бэлтгэгдсэн тамирчны хэмжээнд хүрсэн. Өрөөсөн хөлөө урагш жийгээд нөгөө хөл дээрээ суугаад босдог дасгалыг би баруун хөл дээрээ 32, зүүн хөл дээрээ 18 тоолчихно.  

Гэрт нь охиныг ир төмрийн нь гялгар нүүр өөд ойсон сайхан зүйл хүлээж байдаг. 1950-иад онд Хөвсгөлийн хүүхдүүдэд үйлдвэрийн хийцтэй боловсон эд нүдний гэм байтал Бавуу багш Улаанбаатар явж 10 какс олж ирсний нэг нь түүнийх болсон билээ. Хэдэн түлээ сажиж хагалахаас өөр гэртээ хийх ажилгүй. Ганц охинтой ижий нь орой ажлаасаа ирээд хоолоо хийхэд түлш бэлэн. Ингээд л хоёрхон ам бүлтэй айлын өдөр тутмын амьдрал үргэлжилж авай.

“Би хичээлдээ сайн биш ээ. Тоо бодлогоо хүүхдээс хуулчихна. Хэл уран зохиол ч тэгтлээ сонирхохгүй. Гэхдээ тааруу дүн авахгүйгээр шалгалтын өмнө нөхөж уншаад голтойхон өгч дөнгөнө. Бөмбөг, тэшүүр, теннис, савлуурт л адтай. Үлээвэр хөгжмийн дугуйланд бас сүрхий хичээллэсэн юм байна. Аймагт үлээвэр хөгжмийн хэрэг гарсан бүх юманд, оршуулганд хүртэл тоглоод л явдагсан”.

Дэлгэр мөрөн хөлдлөө бол охин тийш гүйчихнэ. Мөсөн дээгүүр жийхэд эрэг дээрх нутаг орныхоо дэргэдүүр дүүлэн нисэж буй мэт ер бусын жирэлзээний эзэн нь болж хувирах бөгөөд хүйтэн жавар хацар хайрч амжилгүй ард хоцрохын ид бахад улам хорхойсно. Нарийн зураас татуулан шунгинан гялалзсаар дун цагаан доторх ганц хар цэг болж холдоод эргэн тэших охиныг ажвал ноосон алчуур эрүүвчлэн зангидаж, дээлийнхээ хормойг бүсэндээ шууж, доогуураа хөвөнтэй өмд өмсчээ. Дух, эрүүгээр нь л цэвэрхэн шаргал арьстай хонгорхон охин болохыг нь мэдэх бөгөөд хоёр хацар нь тэмдэг тавьсан мэт час улаан.

***

Зургаатайд аав нь нас барж, ээж нь охиноо сурагч болдог жил хоёул Улаанбаатарт ирээд Консулын дэнжид амьдрах нагацуудынхаараа байж байгаад ажил төрөл нэг л идээшсэнгүйд төрөлх Хөвсгөл рүүгээ буцсан удаатай. Долдугаар анги төгсөөд нэг бол наймдугаар ангид дэвшин суралцдаг, нөгөө бол мэргэжлийн сургуульд ордог байсан үе. Охин Хүн эмнэлгийн техникумын хуваарь авахад Сэвжидийнх гэдэг айл Улаанбаатар руу нүүж, Дэнжийн 1000-д буусан нь 1961 он. “Миний ээж цэвэрлэгч, асрагч гээд хар бор ажил хийн гэрт эм, гадаа эр болж өргөмөл ганц охин намайг хүн болгосон юм. Эрхлүүлж бөөцийлөөгүй ч тааваар, дураар минь өсгөсөн. Хүүе хаая, байг битгий ч гэхгүй, сургаж зааварладаг ч үгүй. Их гүжирмэг, тэгээд зожиг гэмээр хүн байсан юм даа, миний муу ижий”.

Монголд анх удаа рентгений техникч бэлтгэх ангид суралцахаар болсон охинд энэ мэргэжлийн талаар ойлголт ч байсангүй, ер нь бол сонирхол ч төрсөнгүй. Харин Хэвлэх үйлдвэрт орж цалин авч байгаагаа ярьсан ангийнхаа хүүхдийг дагаад шууд л ажилчин болов.  

Дэнжийн 1000-ын залуус үдэш цуглан бүрий болтол гудамжиндаа гар бөмбөг тоглох аж. Шинээр нүүж ирсэн айлын өндөр шар охин ч бас нэгдлээ. “Тэнд л анх харсан туранхай бор залуу. Худалдааны техникумын товар судлалын оюутан. Бөмбөгт надаас лав сайнгүй харагддаг. Тэдний манай хоёр нэг гудамжинд, бүр яг өөд өөдөөсөө харсан хаалганд шүү. Бөмбөг тоглохгүй үед тэр намайг дуудаад ярьж сууна аа. Юугаа ч ярьдаг байсан юм, мань эр л ам хуурайгүй. Миний инээдийг их л хүргэдэг байж билээ. Хааяа алга болчихно. Тэгсэн хичээлээ тараад боксын клубт явдаг, театрын дугуйланд сурдаг, бас зураг зураад суучихдаг байж л дээ. Амралтын өдөр би тэднийхээр ордог боллоо. Ээж нь биднийг тухтайхан уулзаг гэдэг бололтой, гэрээсээ хоёр сандал гаргаж сүүдэрт тавиад өгдөг байж билээ. Яг над шиг айлын ганц. Бас яг над шиг дураараа. Аав ээж нь 17-той залуугаа “газар тавих” дургүй байх шиг л эрхэмлэдэгсэн”.

Өөд өөдөөсөө харсан хоёр хаалга хоёр залуу хүний орж гарахад дасал болжээ. Ээж нь улс амьтанд “Бавуугийн шомбогор бор хархүү шуугиж орж ирсээр байгаад ганц охиныг минь аваад явах нь дээ” гэсэн дуулдав. Хоёр тал ганц ганцаа нийлж хоёул болж буйд дуртай. Ийм эхлэлээс нэг нь мөнх бусыг үзүүлэх хүртэл охин, хүү хоёрыг хамтдаа угтах дахиад 57 он дараалан хүлээж буй.

Залуус гэрэл зургаа солилцдог соёл тэр үед их дэлгэрчээ. 1961 онд Лхагвасүрэн, Баасан хоёр ч бас танилцсаны дурсгалд зургаа солилцлоо. Гэтэл ярилцсан мэт хоёул Арслантай гүүрний гэрэл зургийн газарт авахуулсан байж таарав. Хожим хоёул зургаа нийлүүлэн жаазлахад яг л хамтдаа авахуулсан анхны зураг мэт болжээ.

Харахгүй өнгөрч чадахгүй

Харчуулын нүдэн дундуур туучиж

Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг

Хань минь болооч гэж гуйж                                  

Хайрын зовлонгоор гоёсон...

-Нэг гэртээ орчихоогүй, ёсолж гэрлээгүй байх 1962 онд бидний анхны хүүхэд мэндэлсэн юм. Хайр дурлалын ямар үг хэлэлцэж, биенийхээ ирээдүйд юу амалж байсныг дурсах гэхээр хэлж өгөх юм алга. Тэгэхэд би 17 настай, тэгтлээ их дурласан юмсанж уу, эсвэл хүн 65 жил өнгөрөхөөр мартчихдаг юм уу. Лавтай л Лхагвасүрэн намайг гоё үнэртэй гэхэд нь гайхдаг байлаа. Үүдээр орж ирэхэд нь учиргүй их баяр төрж би дуу шуу ороод явчихдаг байсан. Томоо гэдэстэй байхдаа өөдөөс нь гүйхдээ дээр дээр харайлгалаа гээд ээждээ зэмлүүлж билээ. Миний дурсаж чадах дурласан Баасан тэр л байх. Лхагвасүрэнгийн бичсэн анхны шүлгүүд дотроос надад зориулсан нь бүүр хожим “Баасандаа” гээд он сартайгаа гарч ирснийг гар бичмэлүүдээс нь үзээд нээрэн би чинь 3-р сургуулиас Дэнжийн 1000 руу алхдаг оройн сургуулийн сурагч байснаа санаж байна шүү дээ. Жаран илүү цаг хугацаа улирсны хойно хэлж чадах үнэн энэ.  

Лхагвасүрэн ууган хүүдээ хутагтын Равжаа нэрийг хайрласан. Ээж маань ажилдаа явчихсан, би хүүгийнхээ даавууг угаагаад сууж байтал Лхагвасүрэнгийн ээж ороод ирлээ. Гам алдлаа, ижий нь охиноо тойлно оо гээд хүү бид хоёрыг аваад харьсан юм. Лхагвасүрэнг хүүхэлдэйн театрын ажлаар хөдөө яваад эзгүй хойгуур бэрээ гэртээ оруулах гээд хадмууд маань бэлдчихсэн, над тэрлэг, хөвөнтэй дээл оёод зэхчихсэн байж билээ. Хоёр жилийн дараа удаах хүү төрөхөд Дулдуйтын Данзанравжаагийн алдарт зохиолоор Саранхөхөө гэж нэрлэжээ.

Шүхрийн клубт элсүүлэх зар анх хармагцаа л бүсгүй догдолсон ч тэр үед хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээж байсан тул орхизнохоос аргагүй байлаа. Нөхөртөө шүхэрчин болохоор шийдсэнээ хэлтэл өнөөх нь ч гайхсангүй. Хоёр хүүхдийн эх болсон ч анх уулзахын томоогүй нь өөрчлөгддөггүйд ямагт гайхаширдаг билээ. Бүсгүй цаг зав гарвал бөмбөг тоглохоор заал руу явдаг бол, хархүү нь эхнэрээ хөтлөөд кино ший үзэх, бүжиг таанцаар эргэлдэх дуртай. “Лхагвасүрэн маань хар багын л гоё сайханд нүдтэй хүн шүү дээ. Царайлаг өвөрмонгол бүсгүйтэй танилцлаа, ярьж хөөрч суулаа гэж надад сайрхаж байгаа юм шиг дуулгадаг юм. Би чинь учиргүй туниад ээжийндээ очоод суучихсан. Тэгсэн хадам ээж Лхагвасүрэнд “Би охинтой болсон шүү. Явж охиныг минь олж ир” гээд гаргасан байгаа юм. Манай хүн араас орж ирээд “Харья аа хө” гэхэд нь хамаг гомдол барагдчихаж билээ. Дахиж ер гэрээдээ гүйгээгүй”.  

Гэрэл зургийг: Г.Эрдэнэтуяа

-Өвөө надаас “Чи эмээгээ хөөрхөн гэж мэдэх үү” гэв. “Манай эмээ хөөрхөн шдэ” гэхэд “Эмээ чинь үнэхээр сайхан охин байсан. Бөмбөг тоглож байхыг нь харсан бол доо. Гоолиг тэгш хөлтэй. Өндөр үсэрнэ, тэгээд тэр бөмбөг чанга цохихыг ээ. Бүр тухтай сууж хармаар. Спортын дүйтэй байгаа энэ тэр нь маягтай шүү дээ. Би эмээгийнх нь тоглохыг харах гээд хашаа налаад суучихдаг байсан” гэж билээ хэмээн ач хүү С.Хабул дурслаа. “Эмээ зурагтаар сагс, воллейбол үзэхээрээ сэтгэл нь догдолно оо. Бөмбөг давуулж байгаа мэт гараа хий савж ирээд л “Сайхан цохих юмсан” гэнэ. Өвөө дагуулж бишрэнгүй харавч жуумалзангуй сууж байдагсан. Эмээ одоо ч паркийн галзуу хулганыг их шохоорхоно шүү дээ. Энэ л ёстой гоё тоглоом гээд л, суучих санаатай”.  

-Лхагвасүрэн бид хоёр нутагт нь очоод морь уналаа. Суурин газарт малаас хол өссөн амьтан чинь хөлс цутгачихсан. Айлын уяан дээр ирдэг юм. Нэг дөрөөн дээрээ гишгээд буух гэхээр л эмээл нь миний тал руу холбирчих гээд эвгүй. Тэгэхээр нь эмээл дээр хоёр гараараа тулж байгаад модон мориноос үсэрдэг шигээ үсрээд хоёр хөл дээрээ буучихсан. Аз болж хүн хараагүй л дээ. Өвгөн намайг гайхаж, би өвгөнийхөө цочирдсон царайг харж бид хоёр уяан дээр жаал хөхрөлдөөд айлдаа орж билээ.

“С.Баасан 20 настай эмэгтэй. Нөхөр, хоёр хүүхэдтэй. Хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч, Ажилчин залуусын оройн сургуулийн сурагч”. Ийм тодорхойлолттой бүсгүй шүхрийн клубийн гишүүн болов. Амь насанд эрсдэлтэй спортын энэ төрлөөр хичээллэж эхлээд тун удалгүй гурав дахь хүүхдээ төрүүлж богино хугацаанд завсарлалаа. Шүхэртэй сургуулилалт, онгоцноос үсрэх хээрийн дадлагад гарч, онц байдлын үед дайчлагдан бэлэн байхаар бэлтгэл ханган ажиллахад Мөрөнгийн тамирчин охины авхаалж самбаа, суурь чадвар тун дөхөм байлаа. Ингэж С.Баасан Монголын анхны эмэгтэй шүхэрчдийн нэг болж Агаарын харуул, гал түймэр унтраах албанд ажиллажээ.   

“Манайхан Шувуун фабрикийн ойролцоо нэг их салхитайд буух юм болов. Үсэрлээ, шүхрээ задаллаа, нөгөө их салхинд шүхэр бүр дийлддэггүй ээ. Тэгэхээр нь чадлаараа салхины эсрэг хандсан болоод л газардаж таарлаа. Шагайгаа жаахан гэмтээгээд гэртээ хазганаад иртэл Лхагвасүрэн “За одоо ингээд л больчих. Гэмтэж бэртэнэ ээ гэдэг чинь бага дээр нь боль гэсэн хэл. Гурван хүүхдээ бод” гээд л учирласан. Хар цайгаар шавшаад л дороо эдгэчихэж байгаа юм чинь. Түүний хойтон Хөвсгөлийн Цагаан-Үүр суманд гарсан түймэр дээр буугаад ажиллаж байх үед хадам ээжийн бие муудаж, хот руу буцсан юм. Хадам ээж минь бурхан болж, тэгээд л би ер нь шүхрээ орхисон. Хэдэн жилийн өмнө Онцгой байдлын газар шүхрийн албаны ойгоо тэмдэглэх хүрээнд ахмад шүхэрчдийн үзүүлэх тоглолтод оролцохыг урьлаа. Би Хасар хүүтэйгээ очиж уулзаад зөвшөөрсөн. Бэлтгэл хийхэд айх юм байхгүй шүү дээ. Орчин үеийн шүхэр бидний бууж байх үеийн шүхрээс хамаагүй ухаалаг, ажиллахад тун хялбар болсон. Би ямар их баярласан гэж санана. Улс үүрэг өгч байхад үсрэх ёстой юм. Хасар минь надаар их бахархсан хэрнээ нэг л дурамжхан ч юм шиг. Тэгсэн эгчдээ ховлочихож. Нөгөө Солонго чинь намайг сонсох ч үгүй тас хориглоод бэлтгэлд явуулаагүй шүү дээ. Одоо л бодох нь ээ, би харамсаад байдаг юм аа. Зүтгэснээрээ зүтгэчих байсан юм билээ. Шүхэрчин хүн чинь 75 насанд буулгүй яадаг юм”.

***

...Галын ээлэнд алтан ургийг уяж

Газрын заяанд аралт тооныг өргөж

Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар

Бавуугийн ганц хүү өөрийгөө

Ёс болгож гоёсон…

Бавуугийн Лхагвасүрэн эхнэр Баасан, найман хүүхэдтэйгээ таван ханатай гэрт суух. “Хэдэн хүүхэд нь хоймроороо шпрот шиг зулчихсан унтаж байдаг” гэж радиогийн “бүдүүн дуут” Б.Цэдэндамба гуайн хэлдэг чинь эднийх л дээ. Эдэн дээр тун удахгүй цаг үеэ бойжуулахаа ч мэдэхгүй цэл залуухан авьяас билигтнүүд хүсэл мөрөөдлөө тэврээд ирцгээдэг. Таних, танихгүй айлчин гийчний хөл тасардаггүй, найраг шүлэг, дуу хөгжим зайгүй дүүгсэн дүүрэн голомтын ээж боллоо, Баасан. Орсон гарсанд хоолтой цайтай, инээмсэглээд л сууж байдаг, үүдэн дээрээсээ од хийморь ерөөгөөд үддэг эзэгтэй. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол түмний их найрагчийн гэргий.

Дэнжийн 100-аас Хайлааст, Хайлаастаас нэгдүгээр хороолол руу нүүхэд үе үеэрээ дагаад л нисцгээсэн. Шүлэг найраг сонсох гэсэн танихгүй хүмүүс чиг л орой үдшээр хаалга тогшино. “Би ямар хагас онгойлгочихоод чи чинь хэн билээ гэлтэй биш. Өвгөн минь “Ах нь олон хүүхэдтэй, хүүхдүүд амрах цаг” гээд буцаасан тохиолдол бий”.

-Хоёулаа гадуур хөтлөлцөөд явж байхад Лхагвасүрэнд шүлгийн санаа гэнэт ороод ирдэг бололтой л, хэдэн мөр надад хэлнэ. Дараа нь надаас асууна аа. Би мартчихна шүү дээ, ганц нэг үгийг нь санаад хэлэхээр “Аа тийм” л гэнэ. Хожим бүтэн шүлэг болчихсон байдаг. Би анх шүлэг, зураг сонирхдоггүй байсан. Одоо бол яруу найргийг ч, уран зургийг ч, драм, киноны сайн бүтээлийг бол гадарлана аа. Аль дээхэн цагт ганц удаа нөхрийнхөө шинэ шүлгээс алдаа олсон удаатай. “Материал” гэдэг орос үг шүлэгт хэр зохистойг асуухад минийхээр монголчилж зассан удаа бий. Өвгөн буйдан дээрээ зурагт хараад сууж байхдаа, унтлагын өрөөнд амарч байхдаа ч дэвтэр, үзгээ ойр авна. Дэвтрүүд нь амархан дуусна даа. Зарим хуудаст хоёр мөр л бичсэн байх жишээний. Гар бичмэлүүдийг нь харахад шүлгээ их бага засдаг, анх буулгасан санаагаа алдаагүй нь харагддаг. Ер нь яруу санаа хэзээ ч, хаана ч орж ирж мэдэх яаруу эд шиг билээ. Бичиж байхад нь хүүхдүүд үймэлдээд л, өвөр, мөр, хөлд нь тээглээд их л түвэгтэй харагдана.

Би чөлөөтэй байлгах гэж хүүхдүүдээ зандрахаар “Миний хөөрхөн хүүхдүүдийг яах нь вэ дээ” гэдэгсэн. Дэггүйтэх, дуу шуу ихтэй байхыг хүүхэд хөгжиж байна гэдэг хүн байсан юм. Нас ахисан хойноо ч ялгаагүй. Толгой тархи нь ядрах гэж байхгүй. Хажуулаад унтах гэж байхдаа ч хаалгаа хаалгах дургүй л байсан даа.

“Одоогоос 15 жилийн өмнө болчихов уу даа, телевизийн “Хань” нэвтрүүлэгт зочноор оролцох урилга ирэв ээ. Би дэлгэр сайхан өгүүлж чадах биш. Нөгөө сүрхий Бавуугийн Лхагвасүрэнгийн эхнэр маруухан хүн байна гэж амьтан гайхна шүү дээ. Өвгөндөө оролцох дургүй байгаагаа хэллээ. “Баасан минь чи энэ нэвтрүүлэгт эс юм гэхэд хувийн амьдралаа хэзээ нэгтээ хүмүүст ярьж л таарна шүү дээ” гэсэн. Тэгээд бичлэгт орлоо. Асуусанд нь сэтгэлдээ хүртэл хариулж чадахгүй л суулаа. Эг маг гээд л... Тэгж тэгж “Миний хань чинь их зөөлөн хүн шүү дээ” гэж хэлэхтэйгээ зэрэг л өөрийн эрхгүй уйлчихсан. Нулимсаа шудраад, сүүлдээ нусаа татаад. Алчуургүй оччихжээ, ёстой нэг мундраа хутгалаа. Би тэр мөчид оволзсон юм аа. Хариугүй ч амьтан бол доо гэж өөртөө бухимдаад. Гэртээ ирээд өвгөнөө буруутгаж байгаа юм. “Би тэнд уйлж унжаад баларчихлаа, хүн онгироож явуулсан чамаас болж би ганцаархнаа нүдний булай боллоо” гэтэл манай хүн “Ээ, би цуг яваад хоёулаа хамт сайхан булай болдог байж” гэж хүн цаашлуулж бүр шар хүргээд хаячихсан. Би ямар Лхагвасүрэнгээс үг сонсох биш. Нэвтрүүлэг зурагтаар гарсан хойно үзсэн бололтой таних, танихгүй улс харин таатай үг дуулгаж би нэг тайвширсан шүү”.

Гэрэл зургийг: Г.Эрдэнэтуяа

Уран зохиол оролддоггүй, улс төр хөөдөггүй, кино жүжигт тоглодоггүй нэгэн эмэгтэй монгол хэлээр уншдаг бүх монголчуудын танил болсон хувь С.Баасан гуайгаас өөр үгүй. Нэртэй төртэй нөхрийнхөө дэргэд гэртээ инээж сууж байгаад амархан алдаршсан гэх нь ч таарах биз. Их найрагч гэргийгээ “Миний хөгшин чинь хойд нутгийн гойд хүн дээ” гэдэг байж. Анхны учралаас хойш 58 жилийн хамтын амьдралаа “Би сайн ханьтай, азтай хүн” гэж ганцхан өгүүлбэрээр тодорхойлж хэлж чадахын тулд хүн ер нь юу туулдаг бол. Гэргийдээ зориулж хамгийн олон шүлэг зориулсан байтлаа Б.Лхагвасүрэн “Тэр нэгэн бүсгүйд” шүлэгтээ “Найрагчийн гэргий болж Нажидаа эдлээгүйд чинь баяр хүргэе” хэмээсэн тэр нажид гэдэг нь юу байдаг юм бэ.

-Би бол аав ээжийнхээ гурав дахь хүүхэд, доороо таван дүүтэй анхны охин нь. Үе үеийн олон залуустай ажилласаар 60 хүрч яваа их сургуулийн багш хүн учраас ээжийгээ ээж л гэж харахаас өргөн өнцөг над байдаг. Ээж минь хэрэв гэр бүлийн амьдралаас гомдсон, халширсан зүрхтэй байсан бол ганц удаа ч гэсэн эр хүний тухай хэлж өгнө дөө. Би ээжээсээ амьдрал гэдэг чинь гэх айхтар юм сонсож үзээгүй. Харин аав ээжид “Өглөө үдэшгүй гоёод болзоонд явах насанд охин хүрчээ, Баасан минь” гэхийг сонссон.  

“Сүү алган дээрээ барьж яваа юм шиг л хайрладаг байлаа. Атгавал асгачихна, өөр эмэгтэйг "нааш ир" гээд даллавал цацчихна” гэж ээжийг хэрхэн хайрласнаа аав зүйрлэн хэлсэн шүү дээ. Ээж үнэхээр хүсвэл шүхрээр үсрэх байтугайг хийж чадах баригдашгүй хүн гэдгийг аав сайн мэддэг байсан. Баатарлаг, өөртөө хэтэрхий итгэлтэй, үнэнээ нууцгүй хэлдэг, бүх аашаа ил үзүүлдэг хүүхэд зан ээжид минь одоо ч байдаг. Одоо 80 гарчихсан хэрнээ үе үе эрхлээд ч байгаа юм шиг нүд, гараа намжиртай хаялан аягладгаас нь, яг залуу хүн шиг их инээдгээс нь ээж ийм зүйлсийг олж авсан, суралцсан гэхээсээ төрөлх зангаа л тавиагүй нь тэр. Аав ээжийг ер өөрчлөөгүй юм байна даа гэж би боддог юм. Архи уудаггүй, агсам тавьж айлгаж ичээдэггүй хүнтэй амьдарсан эмэгтэйчүүдийн унаган хөөрхөн нь эвдэрдэггүй.

Аавыг гаднаас нь харахад сүрдмээр, бүтээлийн агуулга, хэллэг нь ч ер бус болохоор эхнэр, хүүхдүүддээ хэдэр байж таарна гээд төсөөлчихсөн хүмүүс байдаг. Гэтэл аав минь гайхмаар зөөлөн, ээж минь л харин төсөөлшгүй хүн. Ээжийн нүдийг, арьсыг нь, хөдөлгөөнийг нь уншиж байна уу гэлтэй мэдэрнэ, ээж ч бас эр нөхрөө мэддэг. Хэдийд нь аавд ширүүлэх цагаа яг олдог, аймаар ч юм шиг. Гэнэн, болгоомжгүй, хар сэргүй, зориг зүрхтэй, заримдаа бүр болчимгүй зан чанар нь аавыг эр хүнийх нь хувьд татаж босгодог, сэргээдэг, баяр баясгалантай болгодог, бас эмээлгэдэг гэж МУИС-ийн англи хэлний ахлах багш, доктор Л.Үүлэнсолонго ярьлаа. “Ээж минь 13 төрсөн гэдэг. Томчууд ийм зүйлсийн талаар тоймтой ярих биш. Би 10-аад настай, манайд нэг л ер бус юм болсон өдрийн орой аав ээж хоёр биднийг унтсан хойно толгойгоо нийлүүлчихээд уйлалдаж байснаас би там түм сонссон нь “Хүн болсонгүй дээ үр минь” гэлцэн шивнэж байсан. Аав, ээж хоёр минь өөрсдөө орь ганц хүүхэд байгаад өнөр өтгөн айл болсон, цэл залуугаараа үр хүүхдээ алдахын зовлондоо адилхан шимширч үзсэн нь хэн хэнийгээ хэнээс ч илүү хайрлаж найман хүүхдийнхээ төлөө эцсээ хүртэл амьдрах бас нэг учир болсон биз ээ”.

-Эгч Баянгол ресторанд зөөгч, орой ажлаа тарахад нь ах тосно. Би хамт очоод хүлээнэ. Бидэнд хуйцаа авч өгнө, надад пиво нэмнэ ээ хааяа. Би УБДС-ийн гуравдугаар курсийн намраас буюу Лхагвасүрэн ахыг ЗХУ-ын Кино урлагийн дээд сургуульд Уран сайхны киноны найруулагчаар сурч байгаад үзэл сурталд нийцэхгүй бүтээл хийснийхээ төлөө хасагдаад ирэх 1975 оноос эхлэн туж хамт байлаа. Баасан эгчийг нэвтэрхий мэдэх болтлоо амьдрал дунд нь 50 жил явжээ. Оюун санааны там гэж юм нэгэнд нь байдаг, нөгөөд нь байдаггүй тэс өөр хоёр хүний амьдрал. Мөрөөрөө, үнэнээрээ, дулаахан гэдэг гурван үг энэ эмэгтэйг төгс тодорхойлно. Тэгсэн мөртлөө Б.Лхагвасүрэн гэдэг агуу их хүний хамгийн том тодотгол нь Баасан эгч л байдаг. Найрагчдыг мандаж явахад алдар хүнд, гавьяа шагналынх нь гал цогонд дурладаг хүмүүс олон бий. Гэтэл Лхагвасүрэн ахын авьяас билигийг таниа ч үгүй байхдаа хувь хүнтэй нь гэрлэчихсэн тэр охин огт өөрчлөгдөөгүй. Гэр орон нь Дэнжийн 1000-даа байсан ч, 4 өрөөтэй орон сууцанд орсон ч, ахуй амьдрал нь тааруу байхад ч хоосроогүй, сагсайтал цэцэглэсэн ч халиагүй. Ах байсхийгээд ажилгүй болчихно. Уран бүтээлд нь, уран бүтээлийн харилцаа холбоонд нь оролцохгүй, олж болох мөнгө, шагналыг нь ч тооцоолохгүй. Эгч амьдралаа ганцаархнаа дааж явсан он жил тийм ч богино биш. Гэсэн ч зорилго нь хэзээ ч Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар эр нөхөр байгаагүй, зүгээр л тайван амгалан гэр бүлийн ээж, эхнэр байхдаа л жаргалтай.  

Урлаг бол авьяастай, адтай хүмүүс цуглаж бусдыг соронз шиг татдаг газар шүү дээ. Б.Лхагвасүрэн ах эр хүн эргэж харахгүй, эргэлдэхгүй байхын аргагүй бүсгүйчүүдийн дунд насаараа ажилласан. Дурлалаас буцахааргүй цаг түүнд гарсан ч Баасан эгчид хайр халамжаа, хамаг бүхнээ зориулсан хэмээн Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар дурсан өгүүлж байна.  

“Би ханилсан ханиа мэднэ ээ. Залуу байхад хатуурхмаар үе гаралгүй л яах вэ. Би зовж чаддаггүй юм билээ. Чамаас, хүүхдүүдээсээ холдож чадахгүйг нь мэдсээр байж хэнтэй хаачаад ирснийг асуух хэрэггүй, мэдэх гэх тусам зовдог утга учиргүй зүйл гэж байдаг. Би өөрийнхөө буян заяанд хэзээ ч эргэлзээгүй. Амьдралдаа учирсан бүх зовлон жаргалыг надад маш их итгэсэн хүнтэй хамтдаа даван туулсан”.

***

-2000-ад оны эхээр л юм. Аав над руу залгаад “Ээж чинь аавыг нь загнаад байна. Миний хүү хүрээд ирээч” гэнэ. Яваад ортол ээж найзуудтайгаа наргисан гээд халамцуу байна шүү. “Өө за, эцэг нь хүүгээ дуудаад бүлэг дээрэмчид болж байгаа юм байна л даа” гээд л бүр агсамнах маягтай. Аав надаас хөтөлчихсөн. Ээж биднийг загнахаар аав дандаа тэгж хөтөлдөг юм. Аавыг дагуулаад гарлаа. Байшингаа хэчнээхэн тойрох вэ дээ. Бүрий ч болох нь. Би Хабул хүүгээ дуудлаа. Хабулыг хараад эмээ нь тайвширна, араас нь аав, өвөө хоёр нь орохоор гурван үеийн “баатрууд” тохирлоо. Хабулыг ортол “Миний хөөрхөн хүү” гээд л жигтэйхэн байх хооронд аав хажуугаар нь гүйгээд оров оо. Би араас нь орж явтал ээж “Саранхөхөө чи...” гээд дуу нь чангарахтай зэрэг хаалга руу эргээд гүйчихсэн. Хабул эмээгээ унтуулаад гараад иртэл аав “Миний хүү өвөөгөө орхиод явахгүй юм байгаа биз дээ” гээд л дахин дахин асуусан гээд хүү ярьдаг юм гэж зураач Л.Саранхөхөө дурслаа.

“Эмээ дээл, даашинз барагтай бол өмсдөггүй. Харин өвөө эд сонгохдоо гаргуун. Цаанаа л нэг дэгжинээс нь авна. Хүнсээ өвөө л цуглуулдаг байсан. Юм үзэж яваад ховор чамин хийцтэй аяга харвал заавал авна. Хана, шүүгээгээр дүүрэн аяга байхад л нэмээд байх юм гээд л эмээ үглэдэг. Өвөө машин тэрэг огт сонирхохгүй, мэдэх ч үгүй. Эмээ бол харин залуу байсан бол дээгүүрээ задгай спорт машин унах байсан гэж ярьдаг юм. “Хөгшин нь баларсаан, энэ гоё аягатай таарлаа” гэхэд эмээ тоож харах ч үгүй”.   

Төрийн ордны хажуугаар явж байхдаа тойруулаад хашаа барьчихсаныг нь анзаараад:

-Өвгөөн, хэзээ ингээд хашаа барьж орхио вэ гэхэд Лхагвасүрэн гуай

-Баасан гэж авгайцуулаас л болсон юм гэсэн шүү хэмээжээ.  

***

Ардын уран зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэн сэтгүүлч Ж.Тэгшжаргалд "Агуу их хойч үе ирэхийн цагт би тэдэнд тоогдохгүй гэдэгт бат итгэдэг хүн" нэртэй ярилцлагаа 2014 оны нэгдүгээр сард өгсөн нь "Өнөөдөр" сонинд анх нийтлэгдэн уншигчдын хүртээл болоход Г.Эрдэнэтуяа энэхүү гайхамшигтай гэрэл зургийг буулгасан билээ. Үүнээс 12 жилийн дараа энэхүү хөрөг найрууллыг төлөвлөхдөө Б.Лхагвасүрэн агсаны гэргий С.Баасантай ярилцах агшинуудыг мөн л Г.Эрдэнэтуяагийн нүдээр харахыг хүссэн нь 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны орой ийн байлаа.

-Аавын бие муудаж дор орсноос хойш ээж бүтэн амьсгалахгүй шахам биеэ барьчихсан. Би аавыг усанд оруулна. “Солонго оо, миний охин аяархан” гэнэ. Бие муутай хүн асарч тойлж үзээгүй болохоор тэгж их өвддөгийг нь ч мэдэхгүй. Аав нь ээжид нь сүүлчийн бэлгээ өгмөөр байна гээд булган дээлний худалдаа руу намайг явуулж билээ. Ээж над руу “хэрэггүй” гэж толгой сэгсрээд л. Би аавд олон зураг үзүүлээд сэтгэлд нь таарах дээл байсангүйд жаахан азнаад дахиад хайхаар болсон ч амжаагүй. Ээжид бэлгэнд булган дээл ирсэн. Ээж “Хань минь тэнгэрээс илгээсэн” гэдэг юм.   

“Бие нь муу байхад ч манайхаас хүн тасраагүй ээ. Хөгжмийн зохиолч Бямбабаяр хөгжмөө тэврээд ирчихсэн байлаа. Манай хүний надад зориулж бичсэн “Эрхлэхийн заяатай хорвоо” гэж дууны аялгууг бичсэн юм шүү дээ. Өвгөн түүнээс энэ дуугаа тоглож өгөхийг гуйсан. Чагнаад хэвтэж байхад нь нулимс нь аньсгаа даваад хоёр шанаа руу нь урсаж байж билээ. Ухаант чи минь юу бодож уяраа бол гэж санахаас одоо ч зүрх минь өмөрдөг дөө... Үнэндээ амьд юм шиг л санагдах юм. Манай Лхагвасүрэн байхуу цай л ууна. Яг дөрвөн ширхэг ёотон хийж хутгана. Би одоо өглөө болгон тэр цайг нь аягалж зургийнх нь өмнө тавьдаг. Тэнгэрээс биднийг хардаг гэдэгт итгэж амьдарч байна. Гэр музейг нь байгуулах бол одоо миний мөрөөдөл. Өвгөний минь эдэлж хэрэглэж байсан зүйлс, гар бичмэлүүд, зурсан зургууд, чүдэнз, аяганы цуглуулга гээд мөн их дурсгал байна даа. Гэр музейн хажуу хаалганд хэн ч юм хана дүүрэн номтой, дундаа дөрвөн ширээтэй кофе шоп ажиллуулдаг бол сайхан аа гээд л төсөөлж боддог юм”.

-Баасан эгч бид хоёр Номын баяраар нэг асарт гардаг юм. Эгч сэтгэл санаагаар их унасан хүнд үеийн дараахан шүү дээ. Ханийнхаа болон хүүгийнхээ номыг хэвлүүлээд хүмүүсийн дунд орж эхэлсэн нь түүний сэтгэлд их дэм болсон. Өглөө эрт ирээд асрынхаа үүдэнд намайг харуулдаад суучихна. Яг л “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж сумын төвд хүүгээ дагаж ирчихээд гэрийнхээ гадаах хөл хөдөлгөөнийг ажиглаад сууж байдаг шиг. Баасан эгч надад яг л ээж хүний хэв шинжит дүр, бүх хүнд ээжийг нь санагдуулдаг дотно хүн шиг санагддаг. Хүмүүс Баасан эгчид ямар хайртай гээч. Бид хамтдаа гадаадад аялж байлаа. Тэгэхэд эх орноо, ээжээ санасан хүмүүс ээждээ өгөх гээд чадаагүй сэтгэлээ Баасан эгчид гаргаж байх шиг харагдсан хэмээн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа хэллээ.

-Би ээжийг анх талбай дээр очиж ном зарна гэхэд чихэндээ итгээгүй. Би бараг ээжийгээ өрөвдөж байлаа. Ач зээ нараа зогсоовол яадаг юм гэхэд ээж “Та нарын гараас хэн ном авах юм. Намайг байвал авч байгаа хүнд ч, надад ч сайхан биз дээ” гэсэн. Яг л тийм зүйл болдог юм билээ. Ээж өөрийнхөө хаана байх ёстой орон зайгаа, сэтгэл зүрхний эрх чөлөөгөө мэдэрсэн. Би нэг очтол ээж дээр хүүхдүүд шавчихсан эмээ эмээ гэлцэж шуугилдаад л, хамт сельфи хийгээд л бүр ямар хөөрхөн байсан гээч. Ээжийн минь завгүй 80 нас эхэлсээн. Ёстой л аавын оноож хэлдгээр, хойд нутгийн гойд бүсгүй юм даа.      

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
7
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...