UBLife Logo
Кино

"Үлдэх Зориг" кино үзэгчдэд юу үлдээв

Ub.life
Ub.life
"Үлдэх Зориг" кино үзэгчдэд юу үлдээв

Сэтгүүлч, продюсер Бүдрагчаагийн Оюунчимэгийн бүтээл “Үлдэх Зориг” баримтат кино дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн. Үүнээс хойш IPTV-ийн видео сангуудаар хүрч буй тус киноны талаарх үзэгчдийн сэтгэгдлийг хуваалцаж байна.


У.Бямбаням, зохиолч, сэтгүүлч

Цаг гаруй үргэлжлэх баримтат киног танхим дүүрэн үзэгч амьсгал даран үзсэн тохиолдол өмнө нь байж болох ч ховор байх аа. Сэдвийн хувьд “хуучирсан”, бүр С.Зориг гэж хүн юунд зорьж, тэмүүлж явлаа гэдгийг ч марттал хуучруулсан сэдэв. Гэхдээ уран бүтээлчид тэр мартагдсан ой, дурсамжаас арилсан, магад албаар арилгасан өнцгийг асууж, сэргээж, эвлүүлж, эмхлэн нэгтгээд бүтээлээрээ дахин амьдруулжээ. Сэдэвтээ субьектив хандаагүй, хувь хандлагаар сэдвээ дүгнээгүй, агуулгынхаа шугамыг дагаж, хий зайгүй, ёстой дусал ус гарахгүй болтол шахсан нь амьсгаа даран үзэх шалтгаан болжээ. 

Яруу найрагч Б.Батзаяагийн шүлгээр холбосон богино хэсгүүд үзэгчдэд цэгцтэй, товч, тодорхой ойлголтыг өгч, гол хөтлөгчийн С.Зориг агсантай холбоотой дурсамжууд үзэгчдээ ядах юмгүй хөтөлж байлаа. “Үлдэх Зориг” баримтат кино зөвхөн нэг хүний тухай биш улс орныхоо төлөө гаргах зориг тэвчээр, чин үнэнч итгэлийн тухай кино гэж ойлголоо. Кино багийнханд баяр хүргэе. Энэ кино та бүхний ч “Үлдэх Зориг” болжээ. 


Б.Лхагвацэрэн, unnu.news сайтын Ерөнхий редактор 

С.Зориг агсны мэндэлсний 64 жилийн ойгоор, Ардчилсан хувьсгалын партизанууд болон түүний журмын нөхөдтэй мөр зэрэгцэн энэхүү киног үзэх хувь тохиол надад олдсон юм. Ямар нэгэн хүлээлтгүй очсон ч сэтгүүлч Б.Оюунчимэг болон түүний багийн ур чадвар, хувийн архивын ховор нандин материалууд, тэр бүр дэлгэгдээд байдаггүй зочдын илэн далангүй ярианууд хоорондоо гайхалтай сүлэлджээ.

Ялангуяа мэргэжлийн сэтгүүл зүйн нүдээр, баримт түшиж урласан нь бүтээлийг илүү амьд, өгөөжтэй болгосон байна. Киноны төгсгөлд “Үзэгчдээ уйдаагаагүй гэж найдаж байна” хэмээн өгүүлэх С.Зориг агсны дүр төрх өнөөдөр ч бидний дунд амьд байгаа мэт мэдрэмж төрүүлж, өөрийн эрхгүй нулимс асгаруулсан юм.

“Үлдэх зориг” кино нь хүүхэд байхаас л авхуулж чихэнд хадаатай явсан тэрхүү эрхэм хүний түүхийг дэргэд нь суугаад сонсож буй мэт дотно мэдрэмжийг өглөө. Түүнтэй нэгэн цаг үед амьдарч үзээгүй манай үеийнхний хувьд энэхүү бүтээл бол С.Зоригтой илүү ойроос, илүү нягтаар “дахин танилцуулсан” үнэ цэнтэй гүүр болж чаджээ.


Ж.Мөнхзул, үзэгч

“Үлдэх зориг” баримтат киног яагаад ч юм үзэхээс зүрхшээх мэдрэмж төрж байв. Энэ хүний түүх бол Монголын ард түмний сэтгэлийн хөндүүр шарх шүү дээ. С.Зориг агсны тухай яриа харуусал, гуниг дарсан өнгөөр хүүрнэдэг сэдэв болж хувирсан болоод ч тэр үү. Харин кино багийнхан Санжаасүрэнгийн Зориг ямар ах, ямар дүү, ямар хүү, ямар найз нөхөр байсныг хөнгөн хүүрнэж, гадаад дотоодын сэтгүүлч, улс төрчдөд хэрхэн танигдсан ямар араншин, харизмтай хүн байсныг олон өнцгөөр бүтээлдээ тусгасан нь үзэгчийн сэтгэл дэх бул чулууг хөнгөлж өгөх шиг таатай байлаа.

С.Зоригийн тухай өөдрөг дурсамж, итгэл найдвар, түүний оюун ухааны легаси, мөн зөөлөн аядуу хоолой, 30-аад насны ид эрэмгий залуу төрхийг нь ч нийгмийн ой санамжид хадгалуулж, хойч үеийнхэнд түүнийг өөр өөрсдийн бодолтой нь “үлдээсэнд” уран бүтээлчдэд талархаж байна.


Б.Мэнд-Амар, “Монгол дүрслэмж” ТББ

Энэ бүтээлийг үзээд сэтгүүлч Б.Оюунчимэг л тус бүтээлийг гагцхүү амьд мэт амьдруулж чадна гэдгийг бат мэдэрсэн. Учир нь сэтгүүлчийн хувиар С.Зориг агсантай 1990, 1991 онд өөрийн биеэр уулзаж ярилцаж, түүний яриа үзэл санаа, залуу насыг архив болгож үлдээсэн нь ямар их аз завшаан бэ гэдгийг дахин, дахин мэдэрсээр үзлээ. 

Найруулагчаар ажилласан Л.Ариунжаргал ч С.Зоригтой ойр дотно явсан найз нөхөд, журмын хамтрагчдын ярилцлагын араас түүхэн гэрэл зургууд үргэлжлээд, араас нь С.Зориг өөрийн дүрс дуу хоолой бүхий архив үргэлжлэх зэргээр маш нарийн мэдрэмжтэй ханджээ. Ер нь л кино багийнхан эмэгтэй хүн дан байсан нь тус бүтээлийг илүү мэдрэмж талаас өгүүлэгдсэнтэй холбож болохуйц.

Миний бие 2021 онд “Зориг сан”-гийн гэрэл зургийн архивыг Цахим, дижитал хэлбэрт оруулах гэрээт ажлыг гүйцэтгэж байсны хувьд, мөн "Миний дарсан 10 зураг" цуврал нэвтрүүлгийн продюсер, гэрэл зургийн редакторын хувиар харвал баримтат бүтээлд С.Зоригийн алдартай кадруудыг буулгасан С.Цацралт, Р.Энхбат, Н.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбаяр, Б.Болор-Эрдэнэ, П.Баттулга нарын бүтээлээс нэмж оруулсан бол  бүр л төгс бүтээл болох санагдсан. 

С.Зориг агсанд зориулж 1999, 2012 онд хоёронтоо дуу бүтээж өөрийн өөрийн дуу хоолойгоо мөнхөлсөн эрхэм бол “Дайн ба Энх” хамтлагийн Д.Энхтайван буюу Mcit. Түүний “8 дахь гараг” хамтлагтай хамтран туурвисан “Амьдрал” бүтээлийн дуртай хэсгээс дор үлдээн сэтгэгдлээ жаргаая.

“Ганцхан удаа амьдрах байж хоёр амьдрах юм шиг

Өөрийн амьдралаа ард олондоо төлөх төлөөс болгож

Сэтгэлд эм бол бусдад дэм болж

Алдсанд нь шаналж олсонд нь баярлаж эгэл амьдрахдаа

Энэ амьдралын аясыг нь дагаж уруудалгүй урагшилж

Мандаж бас гандаж тэр бидний төлөө ихээс их зовлонд шаналсан

Нүглээс их буян үйлдсэн бурхан хүний эгэл бие нь залуухан байсан ч

Амьдралын бэрх нугачаанд унасан ч ертөнцийн эцэс хүртэл энэ нэр нь үл унана

Сайн хүнийг хотлоороо ярина уйдахгүй түүнийг олноороо дурсана мартахгүй

Зөв зүйл хийснийг нь хожим санах зөв хүн байсныг нь хожим ухаарах ардууд миний хэлэх хэсэг үгс энэ - Үг ав” Д.Энхтайван (MCIT)


О.Цотан, Phoenix Tsotsan’s diary

“Үлдэх зориг” баримтат киног үзэж дуусаад хоёр зүйлийн тухай эрхгүй бодов. 

Эхнийх нь үзэл санааны тухай. Зоригийн ах С.Баяр хэлэхдээ “Хамгийн удаан амь бөхтэй үлддэг тэр ганц зүйл үзэл санаа юм байна гэдгийг дүүгийнхээ амьдралаас ойлгож байна” гэж хэлсэн нь үүний баталгаа болов. Учир нь түүний нэр төрийг мянга харлуулах гээд ч цав цагаанаараа байгаа нь үзэл санааных нь хүч болов уу. Учир нь үзэл санаа бол үнэт зүйлээрээ, үнэ цэнээрээ холбогддог учир түүний эхлүүлсэн үйл хэрэг өнөөдөр улам л  хүрээгээ тэлж буй нь тодорхой. 

Хоёр дахь нь аливаа бүтээлийн үнэ цэн. Киноны агуулга болоод хийц нь яруу найрагч Б.Батзаяагийн “Надаас нэг ах хүнд” гэх шүлгийн мөртүүдтэй яв цав нийцэж, нэг үгээр хэлбэрээ олсон нь бүтээлийн өгүүлэхийг хүссэн түүхийг илүү цэгцтэй гаргаж өгчээ. Энэ нь өгүүлж байгаа түүхээ үзэгчдэд ойлгомжтой тайлбарлахад шууд утгаараа тусалсан бөгөөд тус баримтат кино нь түүний тухай үнэн зөв мэдээлэл авахыг хүсэгч хэн бүхэнд санал болгох цаашлаад үлдэх зоригтой хэн бүхэнд урам зориг, итгэл найдвар болж чадах бүтээл болжээ. 

Нэмээд хэлэхэд  киноны нэр нь тун ч оносон бөгөөд “Үлдэх зориг” нэрээр С.Зоригийн үзэл санаа, үнэт зүйлс, зориг тэвчээр үнэн мөнөөрөө дэлгэцэд ийн үлдлээ.


Ш.Анармаа, МУИС-ийн Дэд профессор  

Үлдэх Зориг, Үгүйлэгдэх Зориг…

Монгол хүний саруул ухаанд итгэдэг.

Монгол хүн хүндээ итгэхийг хүснэм, итгэнэм, итгэж амьдарна.

Энэ бол “Үлдэх Зориг” гэдэг баримтат киног үзсэний даруй товчхоноор сэтгэлээ уудалж бичсэн пост маань. Нэг талаас энэ баримтат киноны нэр нь бидэнд дурсагдан үлдэж буй С.Зориг агсны талаар байсан. Мөн бидэнд үгүйлэгдэж буй С.Зориг агсны талаар байлаа. Харин миний хувьд энэ баримтат кино түүнийг сануулсан гэхээс илүүтэй тэр хүн юуны бэлгэ тэмдэг болон сэтгэлд үлдээ вэ гэдгийг санууллаа. 

Үлдэх зориг… Монголдоо, эх орондоо эзэн болж үлдэх зориг. Бас надад үгүйлэгдэх зориг. Яагаад Монголдоо амьдарна гэж сэтгэл шулуудсанаа, юу хийнэ гэж мөрөөдсөнөө мартаад эхэлжээ, би. Үлдэх зориг дутаж эхэлсэн байна. Өдөр тутмын амьдралын буулгадаа дарагдаад, залхаад, эндээс явах тухай бодоод эхэлж. Мөн амьдралын буулгаас ч илүүтэйгээр шударга ирээдүй, хүмүүнлэг нийгэмд итгэх итгэл алдрах цагт итгэлийг минь нухчин дарж буй хүчийг сөрөн зогсох зориг үгүйлэгдэх. 

Харин үлдэх, үгүйлэгдэх зоригийг бадраах нь монгол хүний саруул ухаан, түүнд итгэх найдвар аж. С.Зориг агсан тэртээ үзэл суртал ноёрхсон тэр л үед монгол хүний саруул ухаанд итгэж, өөрчлөлтийг авчрахаар зоригтойгоор дуугарч чаджээ. Талбайд жагсаал манлайлахдаа ч монгол хүний саруул ухааныг эрхэмлэж, эмх журмыг уриалж байжээ. Энэ үед хүмүүс бие биедээ, саруул ухаандаа, илүү гэрэлтэй ирээдүйг авчирна гэдэгтээ итгэж, нэгдэн жагсаж чадсан мэт. 

Харин магад өнөөдрийн нийгэмд бидэнд хамгийн ихээр дутагдаж буй тэр зүйл бол бие биедээ итгэх, нийгмийн итгэлцэл болж. Зөвийн төлөө тэмцэх зоригоос ч илүү саруул ухаанд итгэх итгэл. Харин энэхүү кино тэрхүү саруул ухаан биднээс холдоогүйг санууллаа. Саруул ухаан байгаа цагт бие биедээ итгэх итгэлийг олж авах амархан болов уу. Тэр цагт үлдэх зоригийг, үгүйлэгдэж буй зоригийг олж авах амархан бус уу. 

С.Зориг агсантай мөр зэрэгцэж явсан залуус (өнөө цагийн ахмадууд), С.Зориг агсан алагдсан гэх өдөр эмгэнэл илэрхийлсэн залуус (идэр үе), түүнийг сургаар л мэдэх жинхэнэ энэ цагийн залууст тэр л саруул ухаан оршиж, ирээдүйнхээ төлөө бат зогсох зориг байгааг харуулсан нь магадгүй энэ киноноос, киног үзэгчдээс олж авсан миний хамгийн том олз байв.


Ц.Соёлмаа, зураач  

Хорин найман жилийн өмнөх хүнд оргисон түгшүүрт өдрийг эргээд санав. Арван настай хүүхдийн ой тоонд Монгол Улсын “маш чухал хүн” нас барсан тухай телевиз, радиогоор цуврах эмгэнэлийн мэдээ, аав ээжийн минь түгшүүртэй царай, дүнсийсэн саарал өдрүүд л үлджээ. С.Зориг агсны тухай миний дурсамж энэ олон жилийн турш ердөө иймхэн л байсан юм.

1998 оноос хойш “ардчилал-аллага-улс төр” гэх гурван үг түүний нэртэй хамт, дөрвөн жилийн давтамжтай “жам” мэт эргэлдсээр, би ч түүнийг сонгуулийн үеэр эргэн сөхөгддөг амьгүй дуулиан төдий мэтээр л дурсаж иржээ. Эдгээр жилүүдэд бид хүнээ байгаа юу даа?

Харин энэ олон жилийн дараа, анх удаа, С.Зориг гуайг улс төрийн “бэлгэдэл” бус, бодит хүн байсан гэдгээр нь мэдэрч, хэдэн өдөр түүнийг, ҮЛДЭХ ЗОРИГ киног эргэцүүлэв. Хүнийг хүнээр нь дурссан, “танилцуулсан” кино багийнханд талархаад баршгүй. Түүнтэй ойр байсан хүмүүсийн дурсамж, амьд ахуйнх нь бичлэгүүдээс С.Зориг гэдэг хүний итгэл үнэмшил, зан чанар, дотоод төрх аажим тодорсоор “Амь гэж юу билээ дээ?” хэмээн өөрийн эрхгүй бодоход хүргэсэн юм. Хүний оршихуй зөвхөн бие махбодоор хэмжигдэхгүй, үзэл бодол, итгэл найдвараар дамжин бат бөх оршсоор л байдаг бодит түүхийн гэрч болов.


Б.Бат-Оргил, New Nomad Institute-ийн Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Киноны эхэнд “С.Зориг агсан ардчилсан хувьсгалыг удирдаж явахдаа одоогийн миний насан дээр буюу ердөө 28 настай байжээ” гэх миний яриа орсон. Хэдий өнөөдрийн бидний амьдарч буй Монголын нийгэм, цаашлаад дэлхий нийт тоолж баршгүй олон асуудлаар дүүрэн мэт байгаа ч, залуу хүний хувьд би эх орныхоо ирээдүйг гэрэл гэгээтэй харахыг хичээдэг. Харин хүйтэн дайн дуусгавар болж, дэлхийн олон улс орнуудад тогтолцооны асар том өөрчлөлтүүд ид өрнөж байх үед С.Зориг агсан улс эх орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байсан нь надад үргэлж сонирхолтой санагддаг юм. Гэвч Монгол Улсын түүхэнд тодоор үлдсэн түүний хүүхэд нас, үзэл баримтлал, алсын харааны талаарх яриа, хэлэлцүүлэг, мэдээ мэдээлэл хомс, ялангуяа ирээдүйг тодорхойлох залуусын дунд хангалттай байдаггүй нь харамсалтай санагддаг байлаа.

Би АНУ-д их сургуулиа дүүргэж, тэнд хэсэг ажиллаж байгаад эх орондоо ирээд “Зориг сан”-д хоёр жил ажиллахдаа С.Зориг агсны амьдрал, үйл хэргийн талаар илүү ойроос ойлгох боломж олдсонд олзуурхаж явдаг. Харин улс төрийн сонгууль бүрээр түүний нэрийг барьж, улс төр хийх үйл явц миний нүдэнд дэндүү арга ядсан, дэндүү харамсалтай харагддаг болсон байв. Тиймдээ ч С.Зориг агсны тухай баримтат кино хийх санаа төрөөд хэсэг хүмүүстэй уулзаж үзсэн ч удаа бий. Харин төд удалгүй Б.Оюунчимэг эгч С.Зоригийн тухай кино хийх гэж байгааг сонсоод өөрийн бодлоо орхиж, эл кинонд түүний амьдралыг ямар өнцгөөс харуулж, С.Зоригийн цэл залуу насны хүсэл зоригийг хэрхэн дэлгэх бол гэдэг нь сонирхол татаж байв. Түүний бага балчраас эхлэх намтраас гадна ямар эгэл даруу, энгийн хүн байсан бэ гэдгийг харуулсан нь маш их таалагдсан.

Өнөөгийн нийгэмд залуу хүмүүс эргэн тойрныхоо хүмүүст цаашлаад ирээдүйд итгэл найдвараа алдах нь хамгийн харамсалтай үзэгдэл. Тэгвэл “Үлдэх Зориг” киног үзсэн хэн бүхэн шаардлагатай өөрчлөлтийг авчрахад ус, агаар мэт хэрэгтэй тэрхүү итгэл найдвараа бага ч гэсэн сэргээнэ гэж бодож байна.


Б.Мөнх-Эрдэнэ, график дизайнер, NomadicHUB Holding LLC

Үлдэх Зориг.

Тэр бидэнд хүн ямар байхыг харуулж, тодоос тод мөр үлдээгээд явжээ. Түүний тарьсан үзэл санааны үр түүнтэй хамт мөхөөгүй, өнөөдөр ч бидэнд итгэл, найдвар түгээсээр байна.

Харамсаж, уйлж үзээд төгсөхдөө, энэ бүхний цаана үүнийг л ухааруулах гэсэн хувь тавилан байсан ч юм шиг санагдлаа. Зориг гэдэг гадна биш, бидний дотор байдаг зүйл юм байна. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, хайр түгээж чаддаг хүмүүс энэ нийгэмд олон хэвээр гэдгийг дахин мэдрүүлж, итгэх итгэл өгсөн уран бүтээл байлаа. Баярлалаа.


Ж.Хулан, Ub.life

Түүхийг үнэнээр нь өгүүлж хадгалах, хожим түүний үнэ цэнийг дурсан тэмдэглэж, ярьж хэлэлцэж байх ямар чухал вэ гэдгийг хэт их мэдээллийн урсгал дунд туучиж яваа өнөөдрийн нийгэм маань бидэнд сануулсаар байна. Улс үндэстэн юу үнэ цэнтэй вэ, юу бидний үнэт зүйлс вэ, түүнийгээ бид хэрхэн хичээж, ямар үнээр олж авсан бэ гэдгээ умартвал өөрийгөө алдаж байгаагаас ялгаагүй болов уу. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоохыг Үндсэн хуулиараа эрхэмлэн зорьсон монголчуудын хувьд энэ үнэт зүйлийг тунхаглан авчирсан эрхмийнхээ тухай, түүний үзэл санааны талаар дэндүү бага хэлэлцэж, “хэрэг” тойрсон дуулиан төдийхнөөр ярьсаар ирсэн энэ цаг үед “Үлдэх Зориг” бидэнд үнэнийг үзүүллээ.

Мөн үзэл санаа гэдэг уран сайхнаар тоочоод л цаасан дээрээс босоод ирдэг юм биш, түүнд тэмүүлж, судалж, оюун ухаанаа дайчилж, тэр хэрээр олныг дагуулж, олны итгэлийг олж байж нийгэм, нийтийн санаа бодолд биеждэг ажээ гэдгийг С.Зоригийн хувь хүний хүсэл тэмүүллийг илэн далангүй өгүүлэх гэр бүл, хамтран зүтгэгчид, нөхдийнх нь ярианаас олж харлаа.

“Үлдэх Зориг” кино багийнхны хувьд мэргэжлийн уран бүтээлийн стандартыг өндөр баримталсныг хараад бахархаж, хүндлэв. Зураг авалт, гэрэлтүүлэг, найруулга гээд хийцлэл талаасаа ийм эмх цэгцтэй, нягт нямбай бүтээл үзэх сайхан байлаа. Чамирхах дүрслэл, сүр дуулиантай хөгжим сэлтгүй, баримт, зураглал өөрөө агуулгаа илэрхийлж, үнэний мөн чанар нь эгэл, даруу юм байна гэдгийг ч мэдэрлээ. С.Зориг үнэн хүн байжээ.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...