Шинэ сар, шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Бидний хүсэн хүлээсэн зуны налгар, дулаахан өдрүүд хаяанд ирлээ. Ингээд бүгдээрээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг сонирхоцгооё.
Цаг агаарын хувьд ИЙМ байх нь ээ.
URGAKHUI Live Concert

Инагш ирсэн урин дулаан цагийг тохиолдуулан The Royal Heartaches хамтлаг 6-р сарын 6-нд болох бие даасан бүрэн хэмжээний “URGAKHUI” тоглолтоо зарлажээ.
Өмнө жил хийгдсэн тэдний анхны “KHARUI” тоглолтын тасалбар богино хугацаанд борлогдож дууссантай холбоотой энэ удаад суудал, талбайн багтаамжаа нэмэгдүүлж, шинэ цомгийн аялалдаа гарахад бэлэн болсон байна.
Хаана: “М банк” арена
Хэзээ: 6-р сарын 6-нд
Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
БҮРГЭДИЙН АН соёлын үзүүлбэр 2025

“Жуулчин Тэрэлж Резорт” нь Монголын нүүдэлчин соёл, олон үндэстний өв уламжлалыг жуулчдад таниулан, сурталчлах зорилгоор хоёр дахь жилдээ “Бүргэдийн ан” соёлын үзүүлбэрийг зохион байгуулах гэж байна. Энэ жилийн “Бүргэдийн ан” соёлын үзүүлбэр 06.05-08.05 өдрийн хооронд, өдөрт 2 удаагийн давтамжтайгаар хийх бөгөөд Казах түмний аж ахуй, соёлыг үзэж сонирхох боломжийг олгодгоороо онцлогтой.
Хаана: Жуулчин Тэрэлж Резорт
Хэзээ: 06/05-08/05 хооронд
Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
XMF 2025 - OPOZIT - BOLOR TSOM

Улаанбаатарын шөнийн гэрэл, залуусын чихэнд эгшиглэх Opozit-ийн аялгуу... Монголын хип хоп урлагийн томоохон төлөөлөл, гудамжны яруу найргийн эгшиг бас хөг “Опозит” хамтлаг 20 жилийн ойн хүрээндээ “Болор цом” тоглолтоо хийх гэж байна.
Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хаана: Төв Цэнгэлдэх хүрээлэн
Хэзээ: 6-р сарын 7-нд
"Yoga Festival Mongolia-2025"

Монголын Иогчдын Холбооноос жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээ нь Иогийн талаар зөв, цэгцтэй мэдлэг өгөх, олон нийтэд эрүүл мэнд, сэтгэл зүйн ухамсрын боловсрол олгох, амьдралын зөв хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач тусыг таниулан мэдрүүлэх зорилготой. Олон улсын болон Монголын шилдэг багш нарын анхан, дунд, ахисан түвшний, эмчилгээний гэх мэт 37-н төрлийн хичээлийг толилуулах юм.
Хаана: Blue Sky Hotel&Tower
Хэзээ: 06/07-06/08
Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Ж.Пуччини "Чио Чио Сан" дуурь

"Чио Чио Сан" дуурь дэлхий дахинаа тогтвортойгоор хамгийн их тоглогддог дуурийн зургаадугаарт бичигддэг ба Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа хамгийн анх 1967 оны 4-р сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар анх удирдсан байдаг аж. Тус дуурьт хайр сэтгэл, үр хүүхдийнхээ төлөө амь насаа өгөх үнэнч сэтгэлт, хатан зоригт үзэсгэлэнт ази бүсгүйгийн тухай өгүүлнэ. Ж.Пуччинигийн дууриудаас "Манон Леско", "Богема", "Чио Чио сан" зэрэг нь хүнлэг, энэрэнгүй гүн ардач бүтээл болсноороо эрин үеийн дуурийн урлагт асар их нөлөөлсөн юм.
Хаана: Дуурь бүжгийн эрдмийн театр
Хэзээ: 06.07-06.08
Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
РОМЕО ЖУЛЬЕТТА /Эмгэнэлт драмын жүжиг/

Үзэсгэлэнт Верона хот. Атаа хорслын эзэд болох Капулетти, Монтекки гэх хоёр гэр бүл эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс сөргөлдөж өсөрхөж хонзогнон дайсагналдсаар иржээ. Хоёр гэр бүлийн цорын ганц өв залгамжлах үрсийнх нь үнэнч хайр дурлал, хувь заяаг яруугаар үзүүлэх "Ромео Жульетта" жүжиг хамгийн анх 1966 онд Хүүхэд залуучуудын театрт толилуулж байсан бол ийнхүү 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин амилуулж байна.
Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
Хэзээ: 06.07-06.08
Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Riedel Master Class

269 жилийн түүхтэй дэлхийд чанараараа гайхагдсан тансаг зэрэглэлийн хундаганы брэнд болох RIEDEL-ийн MASTER CLASS Монголд дахин зохион байгуулагдах гэж байна. Энэхүү мастерклассыг удирдан явуулахаар Riedel компанийн Ази номхон далайн бүсийн Дэд ерөнхийлөгч Jean-Baptiste Cherriere өөрийн биеэр хүрэлцэн ирж, брэндийн талаарх өөрийн мэдлэг, мэдээллээ хуваалцахаас гадна дэлхийд чанараараа гайхагдсан RIEDEL брэндийн онцлогийг танд мэдрүүлэх зорилготой билээ. Riedel брэнд нь дэлхийд алдартай, өндөр зэрэглэлийн шил үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд дарсны амтыг илүү тодотгон амтлуулах зорилгоор тусгайлан хийгддэг тансаг зэрэглэлийн хундаганы брэнд юм.
Хаана: СБД, Novotel зочид буудлын 4 давхарт
Хэзээ: 06.04
Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Бүх цэргийн наадам

Бөхчүүдэд цол чимэг олгох 2025 оны эхний наадам 6-р сарын 6-ний өдөр Бөхийн өргөөнөө болно.
Өмнөх жилүүдийн бүх цэргийн наадамд хүчний байгууллагуудад харьяалалтай бөхчүүд зодоглодог байсан бол өнөө жил өндөр чансаатай аймаг, цэргийн цолтнуудыг энэ барилдаанд оролцуулахаар шийдсэн.
УЛААНБААТАР БИЕННАЛЬ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг 2025 оны 06 дугаар сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээний үйл ажиллагааны 7 төрөлд Гар урлал ба ардын урлаг /Crafts & Folk Art/, Дизайн урлаг /Design/, Кино урлаг /Film/, Хоолны урлаг /Gastronomy/, Уран зохиол /Literature/, Медиа урлаг /Media Arts/, Хөгжмийн урлаг /Music/ багтдаг.
2025 онд эдгээр 7 төрлийн нэг болох медиа, дүрслэх урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Улаанбаатар биенналь”-ийг санаачлан, хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, түүх, соёл, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
“Улаанбаатар биенналь”-ийн ерөнхий хөтөлбөр боловсруулагчаар Монголын Урлагийн Зөвлөл ТББ, хамтран зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Хөх нар” орчин үеийн урлагийн төв, Marketainment Mongolia ХХК, ерөнхий куратороор Австрали улсын куратор Тиан Жан удирдан ажиллаж, “Сарны дор, Тэнгэрийн хаяанд” сэдвийн дор олон улсын ерөнхий болон хамтарсан үзэсгэлэн, тайз болон гадна талбайн хөтөлбөр, урлагийн боловсролын хөтөлбөр, куратор, уран бүтээлчдийн сургалт, уулзалт зэрэг хөтөлбөрүүд тус тус зохион байгуулагдана.