Польшид Ерөнхийлөгчийн сонгууль болж, 42 настай Кароль Навроцкий шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Үүнтэй холбогдуулан тус улсын хэвлэлээр Навроцкий Гданьскийн “Лехия” багийг хэрхэн галзуу дэмждэг байсан, яаж зодолддог байсан талаар мэдээллэж эхэллээ.
Түүний шүтдэг баг аварга болж байгаагүй
Навроцкий Гданьск хотод төрж, өссөн. Тэнд тэр сургууль төгсөж, их сургуульд элсэж, дүүргийн зөвлөлийн дарга, хотын музейн захирлаар ажиллаж байлаа. Мэдээж хотынхоо “Лехия” багийг ухаан орсон цагаасаа дэмжсэн.
Ерөнхийлөгч 1980-аад оноос аавыгаа даган, цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөг үздэг болсон. 1983 оны зун түүнийг 3 сартай байхад нь “Лехия” баг Польшийн цомын эзэн болж, 1,5 настайд нь Европын Цомтонгуудын цом тэмцээнд Италийн “Ювентус”-т 0:7 ялагдаж байлаа.
“Тэр цагаас хойшх хөлбөмбөгийн дурсамж үгүй тул яг ухамсартайгаар “Лехия” багийг дэмжиж, тоглолт үзэж эхэлсэн маань 1992 оны зун. 9 настай байлаа. “Стилон”-той хийсэн 4:4 тоглолтыг хэзээ ч мартахгүй. Гайхалтай тоглолт. Жинхэнэ эргэн ирэлт” Новицкий

Тэр тоглолтыг цэнгэлдэхэд 4000 хүн үзэж сонирхсон. “Стилон” 27 дахь минутад 4:0 ялж явлаа. 59 дэх минут хүртэл сайн ч хамгаалсан. Гэвч “Лехия” 59, 63 минутад хоёр гоол оруулж, 72 дахь минутад пенальти хийж, 87 дахь минутад тоог тэнцүүлж чадсан юм. Тэр үед “Лехия” дээд лигээс унаж, 2000 оны эхээр бүр зургаадугаар лигт тоглож байсан ч 2008 онд дээд лигт эргэн ирж чадсан. Гурван жилийн дараа “Лехия” баг Евро-2012 тэмцээнд зориулан барьсан шинэ цэнгэлдэхэд тоглодог болсон байв.
Тэр цагаас хойш “Лехия” ганц удаа л зиндаа буурсан, Польшийн цомд түрүүлж, Европын лигт өрсөлдөөд амжсан. Энэ улирлыг тэд 14 дүгээр байранд дуусгасан. Одоогийн байдлаар улсынхаа аварга болж үзээгүй байна.
Боксчин, хөлбөмбөгчин Кароль
Гданьск хотод төрсөн хүн “Лехия” багийг дэмждэгт гайхах зүйлгүй. Харин шинэ Ерөнхийлөгчийг хэт их дэмжлээ гэж буруутгасан юм. Өөрөөр хэлбэл хулиган буюу танхай үзэгчийн хэрэг.
Навроцкий залуудаа хөлбөмбөг, боксоор хичээллэж байсан. 2009 онд Познанийн “Лех” багийн фэнүүдтэй 70х70 зодоонд оролцож байлаа. Энэ нь аль аль талаас далан фэн нударга зөрүүлсэн гэсэн үг. Нийтийн зодоон долоон минут үргэлжилж, “Лехия” багийн фэнүүд ялалт байгуулжээ. Ялагдсан Познанийн дэмжигчид автобусандаа суугаад хотдоо буцлаа. Цагдаагийн газрын мэдээлснээр маш ширүүн, харгис зодоон болсон бөгөөд олон хүн ухаан алдаж, хэд хэдэн хүн эмнэлэгт хүргэгджээ. Ялсан “Лехия” багийн фэнүүд дараа нь зохион байгуулалттай гэмт бүлэглэл, хар тамхи, зэр зэвсгийн хууль бус худалдааны хэрэгт шийтгүүлсэн. Зодоонд оролцсон далан хүний өдүүлсэн хэргийн тоо 135 байсан гэдэг. Навроцкий 26 настай байлаа.

Польшийн хэвлэлд бичсэнээр тийм зодоонд тохиолдлын хүн ордоггүй, зөвхөн хашир туршлагатай буюу өөрөөр хэлбэл урьд өмнө хэрэгт орж байсан залуус л оролцдог гэнэ. Тэгэхээр шинэ Ерөнхийлөгч танхай, хүнд гар байсан байх нь. Мөн Польшийн хэвлэлээр Ерөнхийлөгчөө неонацист идэвхтэн байсан гэж бичжээ. Навроцкийн найз неонацист Гжегож Городко бол хотын атаман, домог. Тэрээр СС-ийн уриа болон Адольф Гитлерийн дүрстэй шивээстэй. Зарим эх сурвалжийн мэдээлснээр шинэ Ерөнхийлөгч маш олон шивээстэй бөгөөд ихэнх нь “Лехия” багийн хулиган фэн гэдгийг нь харуулсан утгатай гэнэ.
Навроцкий зодоонд оролцдог байснаа үгүйсгэдэггүй. “Жирийн нэг эрчүүдийн гардан зодоон бол би хангалттай олон хийсэн. Би чинь Гданьск хотын “Сточневец” боксын багийн тамирчин байсан хүн шүү дээ. Хүнд жингийн аварга болж байлаа. Одоо хүртэл спорт танхимынхаа үнэрийг санадаг” гэж тэр хэлж байв.

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск мөн л Гданьскийн уугуул, “Лехия” багийн фэн. 1970 онд байгуулагдсан Шүтэн бишрэгчдийн клубт дэд ерөнхийлөгч нь байсан хүн. Бас зодоонд оролцож явсан гэдэг.

Гэхдээ 2011 онд Тускийг Гданьскийн шинэ цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд фэнүүд “Чи “Лехия” багт хамаагүй. Чи манай багийн фэн хэзээ ч байгаагүй, цаашдаа ч байхгүй” хэмээн тун хүйтэн угтаж авсан билээ. Гол шалтгаан нь Ерөнхий сайд хөлбөмбөгийн хулигануудын эсрэг хууль санаачилсан болохоор тэр биз ээ.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бас нэг эрхэм бол Славомир Ментцен. Тэрээр 14,81% саналаар гуравт бичигдсэн. 2006 онд “Легия” баг Донецкт Украины “Шахтёр”-той тоглоход польшууд бүгд цээж нүцгэн байв. Сонинд гарсан гэрэл зурган дээр гарсан тэдний нэг нь Ментцен байлаа.

Ийм л эрхмүүд Польшийн улс төрийн элит зиндаанд өрсөлдөж байна даа.