UBLife Logo
Спорт

Лиза Туктамышева: Монголын шоу түгжрэлээс хамаарч байлаа

Лиза Туктамышева: Монголын шоу түгжрэлээс хамаарч байлаа

ОХУ-ын олимп, дэлхийн медальтнууд, уран гулгалтын одод Монголд шоу зохион байгуулаад удаагүй байна. Шоуг зохион байгуулагч нь дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт Евгения Медведева байлаа. Түүнтэй хамт Алексей Ягудин, Елизавета Туктамышева, Никита Кацалапов, Виктория Синицина зэрэг алдартнууд ирсэн. Монголд хийсэн шоуныхаа талаар Лиза Туктамышева блогтоо ийнхүү бичжээ.

“Бүгдийн амрыг эрье.

Тавдугаар сард бид Женя Медведевагийн шоунд оролцохоор Улаанбаатарт очсон. Уран гулгалт хөгжөөгүй оронд шоугаа толилуулах нь үргэлж сонирхолтой, сайхан байдаг. Яагаад бид Монголд очих болов? Санаанд үлдсэн хамгийн том дурсамж юу вэ?

УБ-ын нэг онцлогоос болж, шоу балрах дөхсөн

Гурван жилийн өмнө бид Монголд ирж байсан. Яг л энэ удаагийнхаа ордонд тоглосон, яг л энэ замаар явж байсан. Тиймээс энэ аялал надад шинэ зүйл байгаагүй. Ташрамд дурдахад, тэр үед бид шоу болсон энэ ордныг нээж байсан юм. Энэ бол өвлийн спорт бараг хөгжөөгүй Монголын анхны мөсөн ордон.

Женя Медведева намайг энэ шоундаа урихад би хаана, ямар газар очих гэж байгаагаа мэдэж байлаа. Очоод удаагүй байгаа тул Монгол санаанд тодхон. Ингээд маш баяртайгаар урилгыг хүлээн авсан.

Монгол хөрш, ойрхон орон боловч бид маш их цаг зарцуулж очсон. Соня Дурова бид хоёр эхлээд Истанбулд очлоо. Тэнд гурван цаг хүлээгээд Улаанбаатар хүртэл 9 цаг ниссэн гэж байгаа. Буцахдаа ч гэсэн амар байсангүй. Астана явах гэтэл шууд нислэг байсангүй. Ингээд эхлээд Эрхүү нисээд, дараа нь  Эрхүүгээс Новосибирск орж, тэндээсээ Казахстан орсон доо.

Улаанбаатар хотын байдал үнэхээр хачирхалтай. Нийслэл хот ч ганц гол замтай. Хотод орох, гарахад тэр замаас өөр замаар явах боломжгүй, заавал дайрна. Эргэн тойрон хээр тал тул замын голоос эргээд явчхаж болохгүй. Ингээд л аймшигтай түгжрэл үүснэ. Энэ түгжрэлийг бид биеэрээ амсаж мэдэрсэн.

Манай шоуны сүүлийн өдөр хотод нэг баяр болж, зарим замыг хаалаа. Бид хотын төвд буудаллаж байсан бол Мөсөн ордон хотын захад. Өмнө нь 20-30 минут яваад ордог байсан бол энэ удаа 3 цаг явж байж, нэг юм ордонд хүрсэн. Арай ядан шоу эхлэх цагтаа амжлаа гээд баярласан ч нээлтээ хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Учир нь үзэгчид ч бас түгжрэлд гацаад ирээгүй байв. Гэхдээ манай баг үнэхээр сайхан баг байсан тул би цаг хэрхэн өнгөрөхийг ч анзаараагүй, ядраагүй. Тэр 3 цагийг бид хөнгөхөн өнгөрөөсөн. Онгоцонд байгаа мэт баг зүүсэн ч “хэзээ очих юм бол” гээд л, инээлдэж наргиад тун хөгжилтэй байлаа.

Ганц замаар ордог хотод очиж үзнэ гэдэг ховор тохиолдол шүү дээ. Энэ түгжрэлээс манай шоуны хувь заяа шалтгаалж байсан гээд бод. Тэр чигээрээ гацвал тэгээд л өнгөрнө, юу ч хийх аргагүй. Азаар тамирчид, үзэгчид, зохион байгуулагчид ч ордондоо хүрээд ирсэн тул бүх юм сайхан өнгөрсөн.

Монголд чөлөөт цагаараа юу хийх вэ?

Монгол орон ноолуураараа алдартай. Өглөө чөлөөт цагаараа бид гадаадын жуулчин болгоны очдог том дэлгүүрт очлоо. Зөндөө юм авч, том том ууттай дэлгүүрээс гарсан шүү. Үнэнийг хэлэхэд барааны үнэ, чанар намайг гайхуулсан. Маш чанартай сайн ноолуур мөртөө Италийн ноолуурын хажууд маш хямдхан.

Гурван жилийн өмнө ирэхдээ би дэлгүүр оролгүй, буудалдаа унтаад үлдсэн юм. Цагийн зөрүү мэдрэгдэж байлаа. Тийм үед би унтахыг илүүд үздэг ч энэ удаад дэлгүүр сонгоод харамсаагүй.

Хүнсний дэлгүүрт нь маш олон орны бараа байдаг. Нэг лангуун дээр орос жигнэмэг, япон амттантай зэрэгцээд л байж байна. Үнэхээр гайхалтай.

Бид ресторанд орж, шабу-шабу идсэн. Монгол биш япон хоол ч амттай байлаа. Оройн хоол тун хөгжилтэй өнгөрсөн ч  Женя Медведева байгаагүй. Тэр мөсний гэрэл янзлах ажилтай байлаа. Ер нь Женя бүх юмыг хариуцан, удирдаж байв. Тийм болохоор бэлтгэлийн дараа ч ордонд үлдэнэ. Гэрэл бүдэг, тодыг шийдэж, хөтөлбөр боловсруулан давтаад л.

Монгол уран гулгалтын орон биш, ийм шоу болдоггүй тул туршлага байхгүй. Тиймээс бүгдийг нь Женя удирдаж байлаа. Биднийг амарч байхад ажиллаад л, Женя сайн байсан шүү.

Медведева ямар продюсер вэ?

Женя шоуны удирдагч, продюсер болсон ч өөрчлөгддөггүй. Түүнтэй хамтран ажиллахад маш тухтай. Тэвчээртэй, тайван, хүлээцтэй байсанд нь талархаж байна. Бүгд мэргэжлийн тамирчин тул хийх зүйлээ ч мэдэж байлаа. Би Монголд хоёр хурц үзүүлбэрээ хийхээр бэлтгэсэн.

Нэг нь Рианнагийн аялгуутай. Монголд дэлхийд алдартай аян дор гулгах нь дээр гэж шийдсэн юм. Бага зэрэг хүнд байлаа. Гулгаагүй удсан байсан тул бэлтгэлдээ хурдан орсон. Эхлээд удаан хэмнэлтэй үзүүлбэр хийх гэж бодсон ч үзэгчдэд таалагддаг, шалгагдсан найдвартай, хурц зүйл үзүүлье гэж шийдсэн юм.

Улаанбаатарын шоунд өвөрмөц зүйл хангалттай байсан. Женя Медведева, Вика Синицина, Никита Кацалапов нар амьд хөгжим дор гулгасан.

Яагаад уран гулгалт хөгжөөгүй оронд очих гэж?

Бидний гол зорилго бол хэн ч уйтгарлахгүй, уйдахгүй, хурц шоу үзүүлэх байлаа. Харин Монголын үзэгчид уран гулгалтыг давгүй мэдэрдэг, ойлгодог нь гэнэтийн зүйл байсан байж магадгүй. Ордонд биднийг маш сайн дэмжсэн. Ордон үзэгчдээр бүрэн дүүрээгүй ч бид хоосон зайг анзаараагүй. Үзэгчид маш сайхан хүлээж авсан. Ийм сайхан нөхцөлд гулгахад ч урамтай. Монголчууд хэн нэгнийг орхилгүй, бүгдийг нь дэмжиж байлаа. Монголчууд цэвэр сонирхлын үүднээс л уран гулгалт үзэх байх гэж бодож байтал үгүй байлаа.

Уран гулгалт бараг байдаггүй оронд очиход үргэлж сонирхолтой байдаг. Би Тайландад очмоор байна. Таатай зүйлээ ашигтай юмтай хослуулах дуртай. Тиймээс халуун оронд 2-3 шоу хийгээд, 2-3  хоног наранд биеэ шарах. Бали, Пхукет, Филиппинд шоу хийвэл би хамгийн түрүүнд оролцоно, ха ха.

Наргилгүйгээр хэлэх юм бол энэ нь уран гулгалтыг сурталчлах нэг арга. Эдгээр улсуудад уран гулгалт огт байхгүй байж болно. Гэхдээ манай төрөл сонирхогч, мэргэжил гээд ямар ч түвшинд байж болох тул хэцүү биш. Мэдэхгүй байсан ч сонирхох хүн заавал байгаа. Мөсөн талбай барих л хэрэгтэй. Том дэлгүүрт каток хийхэд л уран гулгалтын нэр хүнд өснө.

Хэрэв бид цаашдаа сайн тамирчидтай, хурц хөтөлбөртэй шоу хийгээд байвал уран гулгалт сонирхох хүний тоо улам нэмэгдэнэ. Тийм орнуудад сайн мэргэжилтэн илгээж болж байна. Монголын хувьд энэ дөнгөж эхлэл байж болох ч эхлэхийн тулд ч сонирхол хэрэгтэй.

Өөрийн нэрэмжит шоу?

Мэдээж би өөрийн шоутай болох хүсэлтэй. Санал тавивал татгалзахгүй. Маш сонирхолтойгоос гадна өөрийгөө хөгжүүлж чадна. Энэ бол маш олон мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах уран бүтээлийн үйл явц. Тамирчин төдийгүй зохион байгуулагчаар оролцоно гэсэн үг. Энэ бол шинэ мэдлэг олгох, урагш давших сэдэл өгөх дуудлага юм. Тэгэхээр  шоугаа хийж байгаа Женя Медведева, Алина Загитова хоёр маш сайн байна.

Миний хувьд есдүгээр сард Женягийн шоунд оролцоно. 2000-аад оны диско сэдэвтэй тул шууд л зөвшөөрсөн. Бага настай минь холбоотой учир би энэ үед их дуртай. 2000 оны бүх дууг цээжээр мэднэ. Тэр үед орж байсан бүх үдэшлэг, цэнгээн энэ үеийн дуугаар л өндөрлөдөг байлаа. Зуслан, хөдөө явахад одоо ч тэр үеийн дуу хит хэвээр байгаа. Тийм шоунд оролцож, бага зэрэг хуучнаа эргэн санаж, гуниглаад авч яагаад болохгүй гэж. Одоохондоо ямар дуунд гулгахаа сонгоогүй л байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.213.14.200
Оросууд нээрээ өөрсдийгөө Ари үндэстэн гээд бодчихсон цагаачид шүү
ЗОЧИН\13.214.121.234
үнэн л хэлж. паралель зам тавих гэтэл аль хэдийн зарагдсан газруудыг буцаан худалдаж авах бараг боломжгүй тул боломжгүй гацсаар л байх болно.