БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 3 өдөр үргэлжилж, өчигдөр дүнгээ гаргалаа. Тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр сөрөг хүчин болох Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мён 49 хувийн саналаар ялалт байгууллаа. Түүний гол өрсөлдөгч “Ардын хүч” намын Ким Мүн Сү 41 хувийн санал авсан бөгөөд ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Энэ хоёроос гадна өөр гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч өрсөлдөөн үзүүлж чадсангүй.
БНСУ-д ээлжит бус сонгууль болсон шалтгаан нь Ерөнхийлөгч Юн Сүк Ёл өнгөрсөн оны 12 дугаар сард улс оронд дайны байдал зарлах гэсэн амжилтгүй оролдлого байлаа. Энэ үйлдлийнх нь дараа Юн Сүк Ёлын эсрэг хөдөлгөөн өрнөж, тэрээр огцорч, шүүхэд шилжсэн билээ.
Шинэ Ерөнхийлөгч И Жэ Мён дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ “Би албан ёсоор ажлаа хүлээн авсан цагаасаа эхлэн ард түмний амьдралыг сайжруулж, улсынхаа эдийн засгийг сэргээхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана” гэж онцолсон байна. Тэрээр 2022 оны сонгуульд өрсөлдөж, Юн Сүк Ёлд ганцхан хувийн саналаар ялагдаж байсан юм.

Сүүлийн 18 жилд анх удаа сонгуульд эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөнгүй. Мөн сонгуулийн ирц 80 хувь байсан нь 1997 оноос хойш тохиолдсон хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
И Жэ Мён сонгуулийн хууль зөрчсөн, гэрчийг хуурамч мэдүүлэг өгүүлсэн зэрэг хэд хэдэн хэргээр Шүүхэд байгаа ч шүүхээс Ерөнхийлөгчийн сонгууль дуустал хэргийг зогсоогоод байсан юм. Одоо ялалт байгуулсан тул Ардчилсан намаас хэргийг бүрэн хаахыг шаардаж эхэлжээ.
Шинэ Ерөнхийлөгчийн хамгийн эхний чухал үүрэг нь нийгмийг нэгтгэх асуудал байгаа. Дайны онц байдал зарласан, эдийн засгийн хямрал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын үл ойлгогдох байдал зэрэг олон зүйлд шаналж байгаа ард түмнээ нэгтгэх хэрэгтэй байгаа юм. Тиймээс ч И Жэ Мён сонгуулийн өмнө “Хоол идээд сайхан амьдрах нийгэм” байгуулна гэж ард түмэнд маш ойрхон амлалт өгч байсан юм.