UBLife Logo
Дэлхий

Трамп, Маск нарын ширүүн “зодоон”

Ub.life
Ub.life
Трамп, Маск нарын ширүүн “зодоон”

Доналд Трампын “тэргүүн хатагтай” гэгдэх хүртлээ дотно нөхөрлөж байсан энэ цагийн улс төрийн хамгийн ойр хамтрагчдын дунд ан, цав суугаад байна. Засгийн газрын үр ашгийн хороог санаачлан ажилласан Илон Маскын талаар Доналд Трамп “Төсвийн тэрбум, тэрбум долларыг хэмнэх хамгийн хялбар арга бол Засгийн газраас Илонд “өгдөг” татаас, гэрээг цуцлах явдал юм” гэж цахим хуудастаа бичсэн. Хэрэв энэ дүр зураг биеллээ олбол технологийн тэрбумтан Илон Маскад маш их хохирол учрах нь гарцаагүй үнэн. Зөвхөн энэ мэдэгдлийн улмаас өчигдөр Тэслагийн хувьцааны үнэ 14 хувиар унаад байна. 

Үүний хариу болгож гэлтэй Илон Маскын зүгээс Трампад итгэл үзүүлэх эсэх асуудал хөндөхийг уриалж, Олон улсын сансрын станцад Америкийн сансрын нисгэгчдийг хүргэх Dragon хөлгийн ажлыг буулгах талаар ажиллана гэж эсэргүүцлээ илэрхийлэв. Түүнчлэн ирэх жилийн сонгуульд Бүгд найрамдах намыг эсэргүүцэгчдийг ч санхүүжүүлэх байдлаар хариу авах нөөц бололцоо түүнд бүрэн бий. Энэ бүх сануулгынхаа дараа Илон Маск “Би бөмбөг тэсэлж байна” хэмээгээд бэлгийн хүчирхийлэл үйлдэгч Жеффри Эпштейний хавтаст хэрэгт Трампад холбогдох хэсэг бий гэсэн мэдээлэл хийв. 

Трампын хэвлэлийн албанаас үүнийг ноцтой асуудал биш гэж мэдэгдэн Илоныг Засгийн газрын шинэ хуулийн төсөлд дургүйцсэндээ энэ мэт үйлдэл гаргаж байна гэлээ. Тодруулбал, цахилгаан автомашины татаасыг цуцлах асуудалтай холбоотойгоор Илон Маск шүүмжлэлт хандлага гаргаж, хэтэрхий даварч байна гэлээ. Харин Маск АНУ-ын өрийн бодлого болон төрийн үрэлгэн зардлыг хариу шүүмжилж, өөрийнх нь дэмжлэггүйгээр Трамп ялж чадахгүй байсан хэмээн ундууцаж байгаа юм. Ийнхүү итгэлт анд, нөхөд байсан тэдний хувьд бие биеэ ил тод шүүмжилж, улс төр, бизнесийн харилцаа нь мухардалд орсон нь илэрхий болоод байна. 

Хэдийгээр энэ тэмцэлд Илон ялахгүй байх магадлал илүүтэй ч Трамп болон БНН-д тэр багагүй төвөг удаж чадна. Энэ ч утгаараа Трамп асуудлыг бага зэрэг намжаах байдлаар хандаж, Илоны сөргөөцөлдсөн хандлага нь хэвийн зүйл бөгөөд тэр ядаж төрийн албанаас хэдэн сарын өмнө гарсан болоосой гэсэн тайлбар хэлжээ. Гэвч энэ маргаан цаашид улам гүнзгийрэх магадлалтай бөгөөд ирэх жилийн сонгуульд Илон Маск БНН-ын төлөө ажиллах уу, эсрэг ажиллах уу гэсэн олон асуудал хөндөгдөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.