UBLife Logo
Нийгэм

Ахмад настай аав, ээжийнхээ төлөө амжиж хийх 10 зүйл

Ахмад настай аав, ээжийнхээ төлөө амжиж хийх 10 зүйл

Өдөр хоног, цаг хугацаа өнгөрсөөр. Нэг л мэдэхэд хүүхдүүд өрх тусгаарлан гарч, өөрсдийн гэр бүлтэй болно. Ажилдаа хамаг заваа зориулж, үргэлж л яарсан, гүйсэн хүмүүс болцгооно. Харин таны дэргэд хар нялхаас чинь хамт байсан аав ээж чинь байгаа гэдгийг бүү мартаарай. Ертөнцийн жам ёсоор юм болгон төгсгөлтэй гэдгийг санаарай. Тэд хэзээ нэгэн цагт харанхуй шөнө нойроо хасан, дэргэд чинь сууж байсан. Харин одоо тэд нас ахижээ. Гэтэл бид бүгд нэг л их завгүй, ажилтай улсууд. Хааяа нэг гэрт нь дайрч орохдоо ганц аяга цай хамт ууж, тухтай ч ярилцалгүй, ядарч байгаагаа гайхаад л гарч одно. Хайргүй болохоороо тэр биш. Харин цаашдаа уулзах цаг хугацаа их байгаа гэж итгэдэг болохоор тэр. Үнэндээ хамт байх цаг хугацаа богиносоод л байгаа шүү. Ингээд та бүхэнд ахмад настай аав, ээжээ амжиж баярлуулж чадах 10 зүйлийг санал болгож байна. Хийгээд үзээрэй.

1. Баярлалаа гэж хэлээрэй

Таны хувьд талархлын ганц үг үнэ цэнтэй биш байж болох ч аав, ээжид чинь маш их утга учиртай байж болно. Хүнд хэцүү үед тусалж, дэмжиж байсанд нь, хүмүүжүүлж, өсгөж, тэвчиж ирсэнд нь баярлалаа гэж хэл. Сэтгэлд чинь үлдсэн ямар нэг тодорхой үйл явдал, тохиолдол дурдвал тэд бүр их баярлана. Анхны унадаг дугуйтай болоод яаж баярласнаа одоо аавдаа хэл, халуураад хэвтэж байхад чинь ээж чинь эдгээж байсныг дурсан сана.

2. Залуу цагийг нь дурсан ярь

Бид аав, ээжээ ямагт насанд хүрсэн, тохитой томоотой хүн байсан мэтээр төсөөлдөг. Тэгвэл тэдэнд ч бас халуун залуу нас байсан, алдаж, онож ч явсан. Хорин настайдаа юу мөрөөдөж байсныг нь яриул, арван жилдээ  юугаараа онцгой байсныг нь асуу. Тэд ихэд баярлах болно. Та ч эцэг эхийнхээ талаар илүү олныг мэдэх болно.

3. Сайхан өдрөөр бэлэг барь

Ер нь бид ихэнх тохиолдолд өөрсдийн хүсэл, зоригийг эцэг эхдээ тулгадаг. Гэнэт хүрч ирснээ маргааш салхинд гарна гэдэг ч юм уу, эсвэл өнөөдөр хүүхэд харах хүн алга гээд л. Тэгвэл ядаж тэдэнд ганц өдөр бэлэг болгон барья. Тэд өөрсдөө юу хийхээ шийдэг. Хоёулхнаа цэцэрлэгт хүрээлэнд зугаалах уу, төрсөн сум, газар дээрээ очих уу, эсвэл бүх хүүхэд, ач, зээгээ цуглуулахыг хүсэж байна уу. Хамгийн гол нь тэр хүслийг нь дэмжээд өгөх хэрэгтэй. Гол нь хамтдаа байж, ганц өдрийг гар утасгүй өнгөрүүлээрэй.

4. Мэддэг, чаддаг бүхнийг нь асууж, лавла

Ааваасаа хэрхэн мод хагалах, хорхог хийхийг асууж, ээжээсээ гарын хоолных нь жорыг лавлаарай. Мэдэхгүй, чадахгүй болохоороо биш, тэд баярлах болно. Мөн та гэр бүлийн жорыг өөрийн үр хүүхдүүддээ өвлөн үлдээх боломжтой болох юм. Нэг өдөр хажууд нь сууж, хамтдаа хоол хийгээд үзээрэй.

5. Дурсгалын гэрэл зураг авхуулаарай

Бидний гар утсанд янз бүрийн анд найз, хэрэгтэй хэрэггүй арга хэмжээний өчнөөн төчнөөн зураг хадгалагдаж байдаг. Харин аав, ээжтэйгээ авхуулсан гэрэл зураг маш цөөхөн. Харин мэргэжлийн студид цайных нь хувцсыг өмсүүлээд хамтдаа очоорой. Эсвэл зүгээр гудамжинд явж байгаад хүн гуйж, гар утсаараа зураг авхуулаад, тэвэрч инээхэд тэд маш их баярладаг.

6. Орчин үеийн технологи эзэмшихэд нь туслаарай

Гар утсаа бариад юм асуухад нь “За за, та ойлгохгүй” гэж цааргалж байсан түүх бүх хүнд байгаа байх. Хэдхэн цаг зарцуулаад тэдэнд яаж гар утсаар зураг авах, видео яриа хэрхэн хийх, фэйсбүүк яаж ашиглахыг заагаад өгөөрэй. Ойлгохгүй дахин дахин асуусан ч бүү бухимд,

7. Залилагчдаас хамгаал

Ахмад настай хүмүүс гэнэн цайлган тул хүмүүст залилуулахдаа хялбар байдаг. Яаж тэднээс хамгаалахыг зааж өгч, хэрэгтэй үед залгах утсаны дугааруудыг тод томруунаар бичээд хананд наачих. Мэдээж, таны утас хамгийн дээр байх ёстой. Харин тэднийгээ залгахад “Яав л гэж, зав алга” гээд авахгүй байж болохгүй шүү.

8. Найз нөхөдтэй нь уулзалт зохион байгуул

Нас ахих тусам уулздаг хүний хүрээ хумигдаад ирнэ. Аав, ээжийнх нь үеийн хүмүүс ч цөөрөөд, эсвэл нүүгээд хол явчихна. Аав, ээжээсээ одоо уулзмаар байгаа хүн байна уу, танай нөгөө багын найз чинь хаана байгаа вэ гэдгийг асууж лавла. Таны хувьд хоёр хүнийг уулзуулах жирийн зүйл мэт боловч тэдний хувьд жинхэнэ баяр хөөр, хэзээ ч мартахгүй дурсамж байж болох юм шүү. Найзууд руу нь утасдаад боломжтой цагийг нь асуугаад тэднийг сайхан хоолонд оруулж, тухтай суух цагаар хангаарай. Гэртээ харихдаа инээд дүүрэн буцаж ирэх болно доо.

9. Эрүүл мэндийг нь анхаар

Заавал өвчин тусаж, бие нь муудахаар нь сандарч, гүйж очдог нь хүүхэд болгоны гэм биш зан. Байнга эрүүл мэндийг нь лавла, эмчид үзүүлэх эсэхийг нь асууж байгаарай. Гэрт нь даралтын аппарат, шаардлагатай эм тан байгаа эсэхийг шалга. Хамтдаа эмнэлэгт оч. Аав ээж тань хүүхдүүдээ их л завгүй гэж боддог, итгэдэг болохоор эмнэлэгт авч очихоос эмээдэг болчихсон байгаа. Харин та төвөгшөөх зүйлгүй, хамт яваарай.

10. Зүгээр л дэргэд нь бай

Заримдаа юу ч ярих, юу ч хийх хэрэг байдаггүй. Зүгээр л хажууд нь байхад л хангалттай. Хамтдаа цай уугаад, юм яриад, хуучин цагийг нь дурсаад суухад л аав, ээждээ өчнөөн их эрч хүч, магадгүй амьдралын дахиад хэдэн жил нэмээд өгч чаддаг. Гол нь яарах хэрэггүй. Та дарга, захирал байж болно, сайд байж болно. Гэхдээ ээж, аавынхаа гарт очоод гарах гэж бүү яар. Харин ч аль болох удаан хамт суу. Яагаад гэвэл энэ үнэтэй сайхан цаг урам богино болж байгааг байнга бодож бай. Боломж байгаа дээр нь хамтдаа байгаад байгаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.