Дэлхийн спорт сонирхогчдын анхаарал Монгол Улсын нийслэл Улаанбаатар, тодруулбал Сүхбаатарын талбайд шилжих цаг боллоо. Учир нь энд 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ эхлэх гэж байна. Энэ сарын 23-29-нд болох ДАШТ-д өнөө цагийн шилдэг бүх эмэгтэй сагсан бөмбөгч ирнэ. Тэдэн дундаас онцлох 4 тамирчныг танилцуулж байна.
Нуртье Дриссен (Нидерланд)

Онцлох тоглогчоо дэлхийн чансааны манлайд заларч байгаа тамирчнаас эхлэхгүй бол алдас болно. Дриссен 2025 оны улирлын эхний хагаст 3x3 эмэгтэй сагсан бөмбөгийг бүх утгаар нь тэргүүлсэн. Хоёр тэмцээнд MVP шилдэг тоглогчийн шагнал хүртэж, бараг бүх үзүүлэлтээр манлайлсан. Дунджаар нэг тоглолтод 6 оноо авч, самбар, дамжуулалт, таслалт ч сайн. Сагсан бөмбөгийн шинжээчид түүнийг 3х3 төрөлд тоглохын төлөө төрсөн, энэ спортын тулд бараг зохиомлоор бүтээсэн гэж тодорхойлдог. Харин Дриссен “том” сагсан бөмбөгөөр ч шигшээ багтаа сонгогддог. 3x3 сагсан бөмбөгөөр Нидерланд дэлхийд тэргүүлдэг ч дэлхийн тэмцээнд медалийн тавцанд зогсож байсан түүхгүй. Харин одоо дэлхийн чансааны эхний хоёр тамирчин нь Нидерландынх. Нуртье Дриссен, Janis Boonstra хоёрын чансаа бусдаасаа илт тасархай байгаа тул Улаанбаатарт тэдний од гийх магадлал өндөр.
Онолбаатарын Хулан (Монгол)

Энэ өдрүүдэд монголчууд бидний харц О.Хулан дээр байх нь гарцаагүй. Энэ жил 26 настай, жинхэнэ ид үетэй яваа ч тэр маш эртнээс тодорсон. “Токио 2020” олимпын наадмын Монголын багийн тугч, Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн анхны легионер гээд дурдаад байвал цол хэргэм нь урсаад л байна. О.Хулан талбай дээр хамаг бүхнээ гаргадаг, багийнхаа зүрх, сэтгэл болсон тоглогч. Түүний хамгаалалтыг сэтэлж гарах өрсөлдөгч цөөхөн. Мэдээж бүгд хамгаалдаг ч нэг хүн өрсөлдөгч багийн хамгийн сайн тоглогчийг тогтоон барьж, тоглолтыг нь хааж байх ёстой. Тийм тамирчны авсан оноо цөөхөн байж болох ч гүйцэтгэсэн үүрэг нь асар их. Энэ бол О.Хулан. Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн төлөө маш их зүйл хийсэн ч энэ удаад нутаг дээрээ манай баг ДАШТ-д амжилт гаргавал гавьяаг нь мөнхөлсөн ч болно. Манай эмэгтэй багийн гол нүүр царай.
Марена Уиттл (Австрали)

Австралийн эмэгтэйчүүд ямар ч тэмцээнд оролцсон алтан медалийн төлөө тоглодог. Ази тивд манай шигшээ багийн гол саад билээ. Тэд гурван жил дараалан Азийн Цомд түрүүлж, өнгөрсөн ДАШТ-ээс хүрэл медаль авсан хүчирхэг баг. Энэхүү дайчин, эрэмгий багийн гол цөм нь Марена Уиттл. 180 см гэсэн өндөр нуруутай ч самбарт эзэрхэж чадна. Хамгаалалтад сайн, холоос ч шиддэг. Өмнөх ДАШТ-д 7 тоглолтод 70 оноо авсан “аймшигтай” үзүүлэлттэй. Одоо Австралийн “Rockingham Flames” багт хүчин зүтгэж байгаа Маренагийн “гоолын баяр” багийг нь сэргээдэг.
Микайла Уильямс (АНУ)

Сүүлийн дэлхийн аварга баг АНУ-ын шигшээ үе солигдож, шинэ залуучуудаар цус сэлбэсэн. Тэдний толгойлогч нь 19 настай Микайла Уильямс. Америкийн залуучуудын шигшээ багт гурван дэлхийн аваргын титэм авч өгсөн түүнийг насанд хүрэгчдийн ДАШТ-д хэрхэн тоглохыг харахаар мэргэжилтэн, шинжээчид цуглараад байна. Монголчууд бид ч энэ түүхэн явдлын гэрч болох нь. 2021 – 2023 онд тэрээр гурван удаа залуучуудын дэлхийн аварга болохдоо бүгдэд нь MVP болж байсан. Багадаа софтбол, хөнгөн атлетикаар хичээллэж байсан, биеийн хүч сайтай. Ер нь тэр бүгдийг чадна.