Өнөөдөр дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси 39 нас хүрч байна. Мексик, Канад, АНУ-д болж байгаа ДАШТ-д оролцож байгаа тэрээр өөртөө 5 гоолоор бэлэг бариад байгаа билээ.
Ингээд дэлхийн бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Лионель Мессигийн амьдралын дүрмийг танилцуулж байна.

Миний ам биш хөл ярьдаг.
Хөлбөмбөг бол миний хамгийн дуртай тоглоом.
Би Барселонад 12 настайгаасаа амьдарсан. Гэхдээ би аргентин хүн хэвээр байгаа.
Амиа хичээх зан надад байхгүй. Ямар ч гэсэн одоо тийм зантай болоогүй л байна.
Би Пеле, Марадона, Ди Стефано нарын аваргуудыг их хүндэлдэг. Гэхдээ одоо намайг тэдэнтэй харьцуулах нь таалагддаггүй. Энэ талаар намайг тэтгэвэрт гарсан хойно ярилцацгаая.
Би багаасаа чимээгүй, нам гүм амьдарч ирсэн. Бүх чөлөөт цагаа хөлбөмбөгт зориулдаг. Найзууд минь зугаалахаар дуудах болгонд би маргааш бэлтгэлтэй гээд татгалздаг байлаа. Одоо ч гэсэн адилхан, гэртээ л байдаг.

Авьяас чадвар ч золиос шаарддаг.
Өдөр болгон шинэ юм сурах боломжтой байдаг бол амьдрал улам сайхан байх байсан.
Би шилдэг тоглогч байхыг эсэргүүцээгүй. Гэхдээ төгс төгөлдрийн үүднээс өөрийгөө шүүмжлэхийн тулд л тэр.
Би амжилтаа хэмжээд байдаггүй. Өчигдөр болсон зүйл өчигдөртөө үлдсэн. Маргаашийн талаар бодох хэрэгтэй. Миний амьдрал өнгөрснөө эргэн санахын аргагүй хурдан өнгөрдөг. Зодог тайлсан хойноо л өнгөрснөө дурсан санах болно.
Шагнал гэдэг сайхан зүйл. Гэхдээ шагнал намайг биш сэтгүүлчдийн л сэтгэлийг хөдөлгөх ёстой.
Хамгийн сайхан гоолоо нэрлэ гэж байнга сонсдог. Миний хувьд гоолыг сайхан, муухай гэж биш чухал, чухал биш гэж ангилдаг. Финалд оруулсан гоол болгон чухал.

Би бүх тоглолтод шигшээ тоглолтод гарсан мэт тоглодог.
Тоглолтын дараа “Арсенал”-ын нэг тоглогч над дээр ирээд “Нэг талбайд тоглох нь нэр хүндийн хэрэг байлаа” гэж хэлсэн. Би дотроо “Бурхан минь, дөнгөж сая ялагдсан багийн тоглогч ингэж хэлэх гэж үү” гэж бодсон.
Амьдралд ялалт, ялагдлаас илүү чухал зүйл бий.
Аав болоод би юмыг шинээр хардаг болсон. Өчигдөр л надад хэдэн сая чухал ажил байсан бол өнөөдөр хүүгээс минь илүү чухал зүйл гэж үгүй.
Хэн ч цаг үргэлж ялна гэж байхгүй гэж өөртөө хааяа хэлж байх хэрэгтэй.
Мөнгө намайг илүү сайн тоглодог болгож чадахгүй. Би одоо ч гэсэн гудамжинд тоглож байгаа бяцхан хүүхэд шиг л байдаг. Энэ мэдрэмж алга болсон цагт би зодог тайлна.

Цалин мөнгөгүй байсан ч би одоогийнх шигээ тоглосоор байх болно. Мөнгө амьдралыг тав тухтай болгодог ч сэтгэл санааг сэргээдэг зүйл биш. Би амьдралаа сайжруулах гэж хөлбөмбөг тоглодоггүй, би хөлбөмбөг тоглох гэж амьдардаг.
Надад гоёмсог үс засалт, сайхан бие бялдар хэрэггүй. Зүгээр л бөмбөг өгчих, би юу чаддагаа харуулъя.
Роналду бол агуу тамирчин. Хэрэв тэр байгаагүй бол магадгүй би хөгжихгүй, байрандаа байх байсан биз.
Улам сайн болж чадахгүй гэдгээ ойлгох үе амьдралын хамгийн гунигтай өдөр.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгч болохоос илүү сайн хүн болохыг хүсдэг. Тэгэхгүй бол зодог тайлаад надад юу үлдэх билээ? Намайг сайн залуу гэж дурсвал би илүү баяртай байх болно.
Надад сурах юм их байна. Баруун, зүүн хөлөөр адилхан цохидог болох сон.
Аргентины шигшээ баг ганцхан Месси биш.

Намайг хүнд хэцүү Англид тоглож чадахгүй гэж хэлдэг хүмүүс Росариод ямар нөхцөлд тоглодог байсныг минь мэдэхгүй байна. Тэнд талбай дээр шилний хагархай, нүхтэй байлаа. Гэсэн ч би сайн тоглодог байсан.
Роналду бид хоёр дайснууд биш. Нэг нэгнээ хүндэлдэг. Талбай дээр өрсөлддөг ч амьдралд үгүй.
Надад рекорд хэрэггүй. Рекорд тогтоолоо гээд цом авахгүй шүү дээ.
Мөрөөдлөө биелүүлэхийн тулд золиос гаргахад бэлэн, маш их хөдөлмөрлөж, тэмцэх хэрэгтэй.
Хүүхэд багачуудын инээмсэглэлээс илүү сайхан зүйл үгүй. Би гарын үсэг өгч байхдаа ч тэднийг инээмсэглүүлэхийг хичээдэг.

Би тоглолтын ямар нэг төлөвлөгөө гаргаж, задлан шинжилдэггүй. Би байгалиас заяасан зөнгөөрөө тоглодог.
Багийн шагнал хувийн шагналаас хэд дахин илүү үнэ цэнтэй.
Шави, Иньеста хоёр надаас илүү зүйлийг талбайд бүтээдэг.
Марадонатай намайг харьцуулдаг. Дэлхийд ганц л Марадона бий.
Арсланд хонины бодол хамаагүй. Ялахыг хүсвэл чамайг доош нь татаж байгаа хүмүүсийн үгийг бүү сонсоорой.
Алдар нэртэй байх нь зовж зүдэрсэн хүмүүст туслах боломж олгодог. Ялангуяа хүүхдүүдэд.

Би ганцаардлаас таашаал авдаг
Лионель Месси илэн далангүй ярилцлага өгөөд байдаг хүн биш. Угаасаа даруу төлөв хүн тул хувийн амьдралаа дэлгэх дургүй. Харин энэ удаад түүнтэй ярилцсан Аргентины “Luzu TV” платформ урьд өмнө хүмүүсийн мэддэггүй байсан баримтуудыг танилцуулж чадсан юм.
Ганцаардлын талаар: Үнэнийг хэлэхэд би заримдаа их хачин хүн. Би ганцаараа байх дуртай, бүр ганцаардлаас таашаал авдаг гэж хэлж болно. Заримдаа гэрт гурван хүүхэд шуугилдаад, гүйлдээд, тоглоод байхад их ядардаг. Надад чив чимээгүй орчин таалагддаг.
Сэтгэл зүй: Сэтгэл зүйчийн тусламж авч байсан үе бий. Барселонад амьдарч байхдаа л даа. Дараа нь больсон. Би хамаг зүйлээ дотроо хадгалаад байдаг муу зуршилтай. Хамаг асуудлыг ганцаараа шийдэх гэж оролдоно. Ингэхээр дотор зөндөө юм хуримтлагддаг.
Талбай дээрх өөрчлөлт: Талбайд гарахад миний дотор өрсөлдөх, ялах хүсэл эрмэлзэл асдаг. Тэгээд уурлах, тэсрэх зүйл гардаг. Дараа нь тэнэг зүйл хийж дээ гээд харамсдаг.
Олон нийтийн сүлжээ: Хэн нэгнийг хасах, хэн нэгнээс зугтах хүсэл төрдөг. Гэхдээ би хэзээ ч тэгж байгаагүй. Учир нь энэ нь юунд хүргэж болохыг би мэднэ. Жижиг зүйл мэт боловч маш муу үр дүнтэй байдаг нь сэтгэл зовоодог. Намайг хөлбөмбөгөөс өөр зүйлээр шүүн ярихад би дургүй.
Шүүмжлэл: Би өөрөө өөрийнхөө хамгийн том шүүмжлэгч гэдгээ байнга хэлж ирсэн. Зөв юм хийж байгаа эсэхээ би сайн мэддэг.
Зурхай: Би мэлхийн орд. Зурхай огт ойлгодоггүй. Антонеллагийн аав нь бас мэлхийн орд болохоор бид сайн ойлголцдог.
Романтик: Би энэ талдаа муу. Ер нь хүйтэн талдаа болохоор Антонелла нэг хэсэг романтик байхаа больсон байлаа. Ингээд нэг удаа түүнд “Чи өмнөхөөсөө өөр болчхож” гэж хэлж байсан. Хайртай дотнын хүмүүс минь аз жаргалтай байхад би дуртай. Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаад байдаггүй ч мэдрэмжтэй. Заримдаа кино үзээд уйлдаг. Бодит түүхээр хийсэн кино үзэхээр нулимс гараад байдаг юм.
Дэг журам: Миний эд зүйлсэд хүн хүрэхэд дургүй. Багаасаа л тийм байсан. Хүүхдүүд минь ч яг адилхан.
Бүжиг, архи: Согтууруулах ундаанд дургүй. Гэхдээ бүжиглэхийн тулд бага зэрэг халаалт хэрэгтэй. Би дарс уудаг. Хурдан халахын тулд спрайттай дарс уудаг гэж байгаа.
Төрсөн нутаг: Баяраар очих дуртай. Гэхдээ үнэндээ гадагш бараг гардаггүй. Гэр бүлийнхэн, найзуудтайгаа уулзах сайхан шүү. Ялангуяа 12 дугаар сард нутагтаа очих сайхан. Энэ үед нэг л өөр байдаг юм. Аргентины зун.
Бизнес: Хүмүүс надад тусалдаг. Анх хөлбөмбөгөөс өөр юм боддоггүй байлаа. Одоо хамтран ажилладаг хүмүүстээ итгэдэг болохоор бизнесээ бараг хажуугаас нь хараад сууж байдаг гэхэд болно.
Шоу-бизнес: Надад хов жив таалагддаг. Ээж бид хоёр хов базна. Харин Антонелла элдэв ярианд дургүй. Ээжээс надад өвлөгдөж үлдсэн зүйл энэ.
Гадаад хэл: Гадаад хэл мэдэхгүй байх нь тун эвгүй байдаг. Гэхдээ би англи хэлээр ойлголцож чадна гэж боддог.
Хиймэл оюун: Энэ талаар огт мэдэхгүй.
Ирээдүй: Үнэндээ би дасгалжуулагч болно гэж боддоггүй. Менежер болж болох юм. Хэрэв сонго гэвэл багийн эзэн болохыг илүүд үзнэ. Өөрийн багтай болоод хөгжүүлж, хүүхдүүдэд боломж олгох нь миний хүсэл.
Цол хэргэм: Одоо надад хүсээд байх зүйл үлдээгүй. Бурхан надад төсөөлснөөс минь илүүг өгсөн. Боломжгүй болчихлоо гэж бодож байтал Аргентинтайгаа цуг ялаад эхэлсэн. Эхлээд Америкийн цом, дараа нь дэлхийн аварга. Цаашдаа юу болохыг Бурхан л мэднэ. Би талархаж явдаг.
