UBLife Logo
Авторын булан

Хашийн Сүрэн: Өндөр өвөөгийн минь бүтээл залаатай Занабазарын музейд үзэсгэлэнгээ гаргахдаа ихэд бэлгэшээлээ

Хашийн Сүрэн: Өндөр өвөөгийн минь бүтээл залаатай Занабазарын музейд үзэсгэлэнгээ гаргахдаа ихэд бэлгэшээлээ

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн танхимд 130-аад жилийн зайтай төрсөн өндөр өвөө, охин хоёрын урласан бүтээлүүд зэрэгцэн орших мөч энэ өдрүүдэд тохиов. “Дурсамжаар бүтээв” үзэсгэлэнгээ дэлгэсэн Хашийн Сүрэнтэй ярилцлаа. Түүний хувь тавиланд Монголын түүхэн хүмүүсийн үр удам болж мэндлэх, гэр бүлд нь өсөж хүмүүжих, урлан бүтээх онцгой хувь тохиожээ.

-Залуу уран бүтээлч Та гурав дахь удаа үзэсгэлэнгээ дэлгэх хүртлээ барлах урлалаар хэдий хугацаанд хичээллэж, ямар зам туулсан байдаг бол? Ер нь хүмүүс дүрслэх урлагийн дотроос бар урлалаас юуг таньж мэдвэл зохих вэ?

-“Дурсамжаар бүтээв” төслийнхөө төгсгөлийн гурав дахь үзэсгэлэнг цианотик, торгон хэвлэл, инстоляц, тэгээд медиа арт гэсэн дөрвөн төрлөөр дэглэн үзүүллээ. Барлах урлал яаж надад ирсэн бэ гэж ярихын тулд эндээс цианотик гэдгийг 1800-гаад онд үүссэн, инженерүүдийн зураг төслөө хувилах арга байжээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Торгон бар бол Хятадад үүссэн гар урлагийн нэг төрөл бөгөөд торго ашиглах хэвлэх техник гэсэн үг шүү дээ. Барлах урлаг маш эрт дээр үеэс үүсэж, ном зохиол хэвлэгдэж ирсэн түүхтэй. Тэгэхээр барлах гэдэг маань хэвлэх гэсэн үг гэдэг нь тодорхой ойлгогдох байх. Яагаад би заавал барлах урлалаар уран бүтээл хийгээд байна вэ гэхээр өнөөдрийн бидний компьютерийн график дизайны өвөг эцэг, эмэг эх юу чаддаг байсныг орчин үеийн хүмүүст харуулах, арга техникийг нь эзэмшиж, өөрийнхөө уран бүтээлээр гаргаж ирэхийг л хүсэж, зорьдог юм. Миний аавын нагац өвөө олноо “уран” хэмээн алдаршсан Сүрэн гэж уран сийлбэрч барладаг байсныг би сүүлд мэдсэн. Би багадаа фото зураг их сонирхдог байсан юм. Аав намайг зургаараа мэргэжил эзэмшсэн нь дээр гэдэг байж билээ. Өөрөө өөртэйгөө харилцаад л урдах юмаа хийгээд явбал охинд нь илүү зохих юм шиг санасан байх. Гэхдээ би их сургуульд биологич мэргэжлээр хоёр жил сураад байхдаа СУИС-ийн Дүрслэх урлагийн дээдийн бар зургийн ангид шалгалт өгөөд тэнцчихсэн. Хуурай зүүгээр слайд дээр зурж хэвлэдэг, модон бараа өөрсдөө хийдэг техникүүдийг голчлон заадаг байв. Тэгээд би аавтайгаа ярилцааад бар зургийн техникийг иж бүрэн заах газар Итали юм байна, тэнд очиж суръя гэж шийдээд явж байлаа. Товчхондоо бол фото зураг авдаг байснаасаа болоод барлах урлаг руу яваад орчихсон. Техникийн үндэс нь фото зурагт ч, хэвлэлд ч, график дизайнд ч хэрэглэгддэг, миний сонирхдог бүх юм руу хувираад орчхож болж байгаад нь би барлах урлагт маш их татагдсан даа. Өнөөдрийн үзэсгэлэнгийн цинотикийн техникийг би сургуулиар сураагүй юм шүү дээ. Багш маань арай өөр фото техник зааж өгч байсантай тун төстэй байсан учраас туршиж үзмээр санагдаад тасралтгүй дөрөв таван жил оролдож байж чаддаг болсон юм. Ингээд болох юм байна гэдгийг нь хараад, одоо энэ үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээ хийсэн.

Нагац ах Ч.Ганболд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр. 2025 он.

-Тэр хөх өнгө ямар учиртай юм бэ. Чиний гаргасан өнгө үү?

-Сүрэнгийн гаргаж ирсэн өнгө гэж ярьж болохгүй. Яагаад гэхлээр 1840-өөд онд инженерүүд зургаа хувилах, архивлахын тулд бодож олсон техник юм. Бас ургамал судлаачид ургамлын архиваа хадгалахдаа ч ашигладаг байсан гэдэг. Химийн бодисоос хөх, цэнхэр өнгө гарч ирдэг. Инженерийн блюпринт гэж нэршил 90-ээд он хүртэл байсныг одоо санах хүмүүс бий байх. Би туршиж байгаад энэ аргаар өөрийнхөө бүтээлийг хийсэн гэсэн үг. Монголд яг энэ цианотикээр юм хийдэг хүн бараг байхгүй, надаас өөр байдаг бол тун цөөхөн л байх. Харин торгон хэвлэлийн бар зургаар олон артист уран бүтээлээ хийж байгаа. Торгон хэвлэлийн студи орчин нөхцөл шаарддаг ажил л даа. Төмөр бар мөн л тусгай пресс хэрэгтэй, хүчлээр идүүлдэг техник шүү дээ. Модон бар л гараараа хийгээд гараараа хэвлэчхэж болдог.

Каталдо Стефани багшийнхаа хамт. 2016 он.

-Таны уран бүтээлд бараас гадна гар зураг орон зай эзэлдэг. Таны зурдаг үнэгийг харахаар өөрийгөө зураад байгаа юм шиг санагддаг. Тэр хэн бэ?

-Тэр үнэг үү, ийм түүхтэй. Миний диплом таван цуврал ажил байдгийн дотор монгол үлгэрээс сэдэвлэсэн модон барын зураг хэвлээд дээр нь хатгамал хийсэн нэг бүтээл байдагт анх дүрслэгдсэн үнэг юм. Би тэр үнэгийг аавыгаа бодоод хийсэн. Хүүхэд төрөхөд аав нь эсгий үнэг хайчилж, зүүдийг нь хамгаалдаг ёс заншлаас санаа аваад энэ бол миний аав гэж бодсон минь яван явсаар би өөрийнхөө характерыг тэр үнэгээр илэрхийлэн гаргаад байгаа юм шиг үргэлжлэлтэй болчихсон.

-Би анх Сүрэнг сэтгүүлийн зургаас модель юм байна гэж харж байсан. Орчин үеийн хүмүүс хүссэн, сонирхсон олон зам мөртэй, олон ажил мэргэжилтэй байх нь амьдралынх нь хэв маяг юм уу. Ингэхэд та яг хэн юм бэ?

-Нэг үгээр уран бүтээлч гэвэл болох байх.

-Таныг Улаанбаатарын залуучуудын цугладаг газраас олох гэвэл сэтгүүлчдийн дунд бас л байж байдаг..?

-Би анх З.Энхмөнхтэй (Күш) Урлагийн зөвлөлийн Залуу манлайлагч хөтөлбөрт танилцсан юм. Итали явж ирчхээд Күшийн зургийг авч өгснөөс хойш нэг л мэдэхэд Гэрэг сэтгүүл, ub.life сайтын залуусын дагуулдаг бөөгнөрлийн нэг болчихсон явж байна. 

-Барлах урлалаар уран бүтээл хийх, сэтгүүлийн дизайн хийх, хажуугаар нь өөрийн гэсэн хоббитой, сонирхолтой, найз нөхөдтэй байна гэдэг нь гоё л доо. Гэхдээ Таныг тодорхойлох зүйлстэй, ийм амьдралын хэв маягтаа тууштай үнэнч явах хэр хэцүү вэ?

-“Дурсамжаар бүтээв” үзэсгэлэнгийн үеэр бид яг үүнтэй төстэй асуултад хариулт олохоор хэлэлцүүлэг хийсэн юм. Сайхан уу гэвэл сайхан. Хэцүү юу гэвэл хэцүү. Сүрэн гэдэг хувь хүний зүгээс би өөрийгөө юу хийж чаддаг хүн юм бэ гэдгээ үнэхээр мэдмээр байсан. Надад итгэдэг гэрийнхэндээ, найз нөхдөдөө бидний бие биедээ итгэдэг нь чухам юу бүтээснийг дэлгэж харуулмаар байсан. Редактор гэхэд У.Бямбаням маань байна, дизайн дээр Үйлсээ, за тэгээд Күш рүүгээ залгаад юу болохгүй байгааг хараад нэг хэлээд өгөөч гэнэ, Тэгшээгээ дуудна. 116 дугаар сургуулийн багш нар, захирал нь хүртэл тусалъя гээд л ирж байгаа юм. “Цагийн хүрд”-ийн дохионы хэлмэрч Бямбаа эгчтэй танилцаж тусыг нь авлаа. Үгүй тэгээд яаж мөнгө олох вэ гэдэг асуултад уран бүтээл хийж байгаа хүн бүхний толгой гашилдаг. Би жишээлбэл спонсор олж үзэсгэлэнгээ гаргаж байгаа шүү дээ. Үзэсгэлэнгийн өмнө “Би яг юу хийгээд байгаа юм бэ” гэдэг нөгөө л асуулт дээрээ ирсэн. Ямар ч л байсан энэ үзэсгэлэнгээ гаргачихвал миний амьдрал өөрчлөгдөнө өө гэдэг дээрээ хүрч байгаа юм. Яг үнэндээ уран бүтээл хийгээд, үзэсгэлэн гаргаад мөнгөтэй болж амьдрал өөрчлөгдөх тухай асуудал биш. Нөгөө л итгэлээ, урам зоригоо, кайфаа авдаг. Түүгээр амьдрал баян байж болдог гэдгээ дахин харна. Бидний өдөр тутамд хэрэглэж байгаа, харж байгаа зүйлс өнөөдөрт ирэх хүртэлх замыг ухрааж, хөгжил эхлэхдээ анх юу байсан, хэрхэн хийж байсныг бодитоор харах боломжийг би хүмүүст үзүүлж байна. Жишээ нь өнөө цагт энгийн хэрэглээ болсон рекламын дизайн, баннерууд анх барлах аргаар л хийгдэж байсан. Технологи өндөр хөгжихөөс өмнө ч бас технологи байсныг, хэвлэлийн технологийн өвөө, эмээ нь ийм байсныг би өөрийнхөө бүтээлээр үзүүлэх нь миний урлаг юм. Би их азтай, үнэтэй зөвлөгөө өгдөг, санаа бодлоо хуваалцдаг маш гоё найзуудтай. Миний гэр бүлийнхэн намайг өөрийнхөөр минь байлгадаг, ямагт дэмждэг.

Т.Рагчаа өвөөгийн хамт. 2008 он.

-Эрх чөлөөтэй амьдралын хэв маяг зарим хүмүүст боломжгүй мэт, зөвхөн мөнгөтэй хүмүүст хамаарах мэт санагддаг шүү дээ. Танд найз нөхдийн хүрээллээс гадна хүүхэд нь дуртай юмаа хийгээд явахад итгэдэг гэр бүлийн уур амьсгал, соёл хаанаас эхтэй байдаг бол. Та ямар гэр бүлд өсөж өндийсөн бэ?

-Миний аав Р.Хаш Германы Дрезден хотын Техникийн их сургуулийг автомашины инженер мэргэжлээр дүүргэсэн, шинжлэх ухааны доктор зэрэгтэй хүн байсан. Ээж Ч.Энхтуяа маань Орост орос хэлний багшаар төгссөн хүн л дээ. Зарим хүн Хүрээ Ротари клубын гишүүн  гэдгээр нь мэддэг байх. Аавын аав Т.Рагчаа БНМАУ-ын үед МАХН-ын Төв Хорооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, гавьяат эдийн засагч хүн байсан. Рагчаа өвөө, Дашаахүү эмээ маань тэтгэвэртээ гарчихсан, аав ээж хоёр маань ажлаа ид хийж байх үе учраас би өвөө эмээгийндээ байж л дээ. Гэрийн даалгаврыг минь хамт хийдэг, хийхгүй гээд босвол ширээ тойроод араас элдэж тоглодог өвөө минь байлаа. Өвөө эмээгээсээ цаг барихыг, эхэлсэн ажлаа дуусгахыг, үнэнч байхыг, өлсөж байсан ч хулгай хийж болохгүйд суралцаж өссөн. Рагчаа өвөө хөдөөгүүр явж эмийн ургамал түүж хатаана. Хүмүүс өвдлөө гэхээр өвөө ургамлаа цаасан уутанд боогоод өгнө. “Сүрээн, миний охин өвөөдөө 100 ширхэг шар цэцэг, 3 цагаан уултай аваад ир” гэхээр нь би яс тоолж байгаад л аваачиж өгдөгсөн. Өвөө намайг жаахан гэж голохгүй, алдахгүй гэдэгт маш их итгэдэг байлаа. Рагчаа өвөөд монгол бичгээр бичсэн цэнхэр хавтастай их зузаан ном байна. Ургамлуудын зурагтай, уламжлалт анагаах ухааны ном юм. Тэрийгээ өвөө байсхийгээд л уншаад суучихна. Би 15 настайгаасаа Рагчаа өвөөгөө харж цэцэгс, ургамлуудын хатаамлууд хийж эхэлсэн нь 20 жилийн дараа “Дурсамжаар бүтээв” үзэсгэлэнгийн бүтээлүүдийн минь үндэс болсон юм шүү дээ. Өвөөгийн цонхон дээр нэг айхтар үнэртэй ургамал байдаг сан. Өвөө нөгөөхөө сэгсрээд л “Энэ мөн гоё үнэртэй шүү” гээд л. Би тэр ургамлаас ганцхан навч авч үлдсэн нь одоо ч хатаамлаараа байдаг. Аав маань маш баялаг эрвээхэйн хатаамалтай хүн байсан. Аавын герман найзууд эрвээхэй судлахаар Монголд ирдэг байж. Нэг нь шинжлэх ухаанд урьд танигдаагүй шинэ эрвээхэй Монголоос олж, түүнийг нээсэн хүнээр тодрон өөрийнхөө нэрээр нэрлүүлсэн юм гэнэ лээ. Гэхдээ аав маань судалгаа шинжилгээний гэхээсээ эрвээхэйг аль гоё ховор өнгөтэй, хэлбэр дүрстэйгээс нь цуглуулдаг байсан нь аавын хувьд бараг л уран бүтээл юм болов уу. Ээжийн маань аав Чулуун өвөө минь сая үзэсгэлэн ирж үзээд явлаа. БНМАУ-ын үед Ю.Цэдэнбалын комиссараар ажиллаж байсан гэдэг. Ээж маань залуудаа шанз хөгжим тоглоод Бүх ард түмний урлагийн үзлэгийн алтан медаль хүртсэн хүн л дээ. Би бага насныхаа дурсамжуудыг нэхэн санахад миний анхны дурсамж юу гээч, би гэрт өлгөөтэй байсан ээжийн шанзыг оролдож байдаг. Миний ээжийн ах Ч.Ганболдыг гадаад харилцааны хүн ч гэлээ “Инээмсэглэл” хамтлагийн дуучин гэхээр хүмүүс мэдэх байх. Чулуун өвөөгийн эцэг өвгөд гэж дуулж хуурдаж байгаа нь гурван уулын цаадтай хадааж байдаг хүмүүс байсан гэж нутгийнхан ярьдаг юм гэсэн. Манай ээжийн дөрвөн ах дүүс бүгд дуулж хөгжимддөг улс бий. Би л дуулахдаа маруухан, гэхдээ хөгжмийн сонсголтой.  Тэгэхээр амьдрал нь сонирхолтой, хүүхдүүдийнхээ хоббиг дэмжих тал дээр манай гэр бүлийн баялаг уламжлал хоёр талын өвөө эмээгээс, тэдний өвөг дээдсийн үеэс эхтэй байх гээд байна.      

Т.Раднаа өвөөгийн хамт 2000 он. Шаргалжуут.

-Танай дээд удам “уран” Сүрэн гэж Монголын дүрслэх урлагийн XIX-XX зууны томоохон уран бүтээлчийн тухай яриаг дэлгэрүүлж өгөөч? 

-Аавын минь нагац өвөө, миний хувьд Дашаахүү эмээгийн аав нь тэрхүү “уран” хэмээх сийлбэрч Сүрэн бөгөөд аав намайг төрөхөд нэрийг нь хайрласан юм билээ. Элэнц өвөө “уран” Сүрэнгийн маань 40 орчим бүтээл одоо Занабазарын музей, Чойжин ламын сүмийн музейн Ядамын сүм музей, Завхан аймгийн музейд хадгалагдан үлдсэн. Би Занабазарын музейд үзэсгэлэнгээ гаргахдаа өвөөгийнхөө бүтээл байдаг газар гэдэгт тун их сүсэглэн бэлгэшээлээ. Аавын үлдээсэн гар бичмэлээс үзвэл, халхын сийлбэрч Ц.Сүрэн 1867 он буюу улаагчин туулай жилийн зуны дунд сарын шийнийн 3-нд Засагт Хан аймгийн Сартуул гүний хушууны нутаг Хар Ус нуур гэдэг газар төрсөн, мөн өөр сурвалжийн ярьснаас тэмдэглэж авч үлдсэн нь Ховд аймгийн Хан хөшигийн хүн байсан бөгөөд хожим Хар усны ойролцоо нутагшсан гэж ч байдаг. Уран Сүрэн өвөө маань 1905 онд Төвөдөд очиж Далай ламд бараалхаад буцах болоход Далай лам түүнийг дэргэдээ нэг жил  шахам суулгаж, бүтээлд шамдуулсан юм билээ. Өвөө Далай ламд хүрэн цагаан зандангаар Улаан сахиус, Найчин чойжоо тэргүүтэн хэд хэдэн бурхадыг бүтээж өгөөд ирсэн гэдэг. Эмээ маань надад ярьж үлдээсэн хөөрхөн түүх бий. Өвөө будаан дээр амьтан сийлээд дотор нь бөөс хийчхээр хөдлөөд явдаг байсан гэж. Богдын Хүрээнд модоор төрөл бүрийн бурхан сийлбэрлэж Богдод өргөж байхдаа Богдын ордонд шадарлан бэлэг дурсгалын жижиг бурхдыг сийлбэрлэж өгдөг байжээ. Нэг өдөр Богд эзэн дуудаж, түүнд “Та энгийн нүдэнд үзэгдэхээр сийлбэрээ сийлбэрлэж байгаарай” гэж хэлснийг нь эмээ ааваасаа сонссон байдаг. Богдод янз бүрийн хатуу мод, хув, шүрээр Бурхан багш, Лхам, Улаан сахиус, Жигжид, Насны гурван бурхан, Оточ зэрэг бурхдыг сийлбэрлэж, Жамсран бурханыг Лайлан соргодогийн хамт босоо тийшээ үзүүр тохой илүү хэмжээтэй хийсэн нь Занабазарын музей, Чойжин ламын сүм гэх мэт газар хадгалагдан үлдсэнийг нь энэ цагийн хүмүүс мэднэ. Уран Сүрэнгийн намтар, бүтээлийн дэг сургууль, хэв маягийг судалдаг судлаач нар 90 оны эх хүртэл нэлээд хэдэн эрдэм шинжилгээний ажил бичиж үлдээсэн нь бий. Одоо миний хийдэг модон бар бол сийлбэрийн нэг төрөл төрөл шүү дээ. Миний дээд өвөг мод, чулуугаар сийлдэг байсан гэж мэдээгүй л эхлүүлсэн. Сүүлд судалгааны материал уншиж байгаад л мэдсэн дээ.

Халхын уран Сүрэнгийн 1900-гаад оны эхэн үест бүтээснээс Чойжин ламын сүм музейд тавигдсан үзмэрүүдээс нэгэн сийлбэр нь.

-Мод чулуу сийлж байсан уран хүнээс хөдөлмөрийн багаж зэвсэг, бүтээл туурвилаас нь үр хүүхдэд нь өвлөж үлдсэн эд өлгийн зүйлс байдаг уу?

-Бүтээлүүд нь музейд л үлдсэнээс бидэнд нэгээхэн нь ч байдаггүй. Хэрэглэж байсан авдар, савх, хутга нь байдаг.  

Бүтээлч: Уран Сүрэн Урт: 1.2см, Өргөн: 0.4см, Өндөр: 1.4см, Жин: 0.23гр, Хэмжээ: Гуу өн-33.3см ур-2.3см өр-1.3см 15.гр Нийт 16.1гр Матераил: Улаан хув , сийлбэр

-“Дурсамжаар бүтээв” үзэсгэлэнгийн гуравдугаарх нь дэлгэгдээд энэ төсөл өндөрлөж байна. Цаашдын уран бүтээлийн ямар санаа, төлөвлөгөө байгаа вэ?

-Олон улсын үзэсгэлэнд орох сонирхол маань зорилго болж тэллээ. Би үзэсгэлэнгээ харааны болон хэл ярианы бэрхшээлтэй үзэгчдэдээ ч ээлтэйгээр хийсэнд хүмүүс сэтгэл хангалуун байлаа. Тэгэхээр би цаашдаа брайл үсэгтэй хүүхдийн номын төсөл хийх зэрэг санаануудаа оллоо. Урлагийг шинжлэх ухаантай хослуулсан зүйл хийе гэж бодож байна.

-Танай гэр бүлийн хувьд Танаас дээш гурван үе, Таныг оруулаад дөрөв дэх үе тань амьдарч буй нийгэм, цаг үедээ идэвхтэй, оролцоотой, бүтээгч иргэд ажээ. Хүссэн хүн бүр ингэж амьдарч, ажиллаж, бүтээж чадахгүй байх. Эсвэл энэ нь хувь тавилангаас шалтгаалдаг гэж боддог уу?

-Би амьдрал, хувь тавилангийн талаар хариулт хэлэх насны хүн биш гэдгийг ойлгоорой. Энэ тухай урьд нь бодож байгаагүй ч одоо ингээд шуудхан хариулахад, хүн мөрөөдөлтэй, хүсэл эрмэлзэлтэй, хичээл зүтгэлтэй, итгэл үнэмшилтэй байхаас амьдрал нь хэр идэвхтэй, ямаршуу хөдөлгөөнд орших нь шалтгаалдаг юм болов уу. Тэгээд мэдээж үнэнч байх их эрхэм чанар шүү дээ. Хийж сурсан ажилдаа, сурсан эрдэмдээ, гэр бүлдээ, найз нөхдөдөө үнэнч хүн цаг үедээ, амьдарч буй нийгэмдээ ямар нэг зүйлийг бүтээн харуулж, бусдыг дагуулж, итгэлцэж амьдардаг байх аа.

Чулуун өвөөгийн хамт. 2025 он.

-Надад хэрэгт дурласан нэг асуулт байна. Таны аав ч, ээж ч тухайн цаг үеийнхээ улс төрийн албан тушаалын хамгийн дээд түвшинд ажилласан хүмүүсийн гэр бүлд өсөж хүмүүжжээ. Төв хорооныхны ар гэрийн аж байдлыг хүмүүс тусгай байсан, онцгой хангамжтай байсан гэлцдэг. Ахуй амьдралдаа хэвшүүлсэн уламжлалаас нь сонирхмоор байна л даа? Өвөө эмээ нарын тань гэрийн хэв маягаас одоо ч гэр бүлдээ өвлөсөөр яваа ямар дэг соёл, өв хөрөнгө байдаг бол?  

-Би дээр ч хэлсэн дээ, худлаа хэлэхгүй, өлсөж байсан ч хулгай хийхгүй амьдрах ёстойг сургасан гэж. Тэр нь ч яс маханд шингэж үлдсэн учраас хамгийн том өв соёл нь тэр юм. Тэгээд л сурсан эрдэмдээ үнэнч, урдах ажлаа хийгээд явахыг зөв гэж үздэг. Манайхан цаг хатуу барьдаг. Би хичээлдээ хоцорч үзээгүй нь өвөө ч, аав ч намайг яг цагт нь хүргэж өгдөг байснаас эхэлсэн. Хоолоо ч бас цагтаа иднэ. Гэртээ зүгээр суухгүй хөдөлж, спортоор хичээллэж, мэддэг чаддагаа бусадтай хуваалцаж, түгээж байсандаа хөгшчүүд маань урт насалсан байх гэж би боддог. Манай гэрт дулаахан көүзи орчин үүсгэдэг Рагчаа өвөөгийн монгол гэрийн явган сандал байдаг. Би дээр нь унших номуудаа тавьдаг юм. Эд зүйлийн тухайд хүн ер нь багтааж чадах, шингээж чадах, авч чадах юмаа л өвлөөд явна. Манайхан баяр ёслолыг нэгнийдээ цуглаж тэмдэглэхдээ өвөө эмээ нарынхаа гэрт иддэг байсан хоолыг заавал хийдэг нь чанасан мах, шөл, бууз, нийслэл салат, улаан манжингийн, байцааны салат. Тэгэхээр асуугаад байгаа тусгай хангамж, онцгой хэрэглээ гэх зүйлс нь энэ байсан юм болов уу. Рагчаа өвөө хааяа охиндоо гоё юм идүүлнэ ээ гээд л дагуулж гараад надад зайрмаг авч өгдөг сөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Undram \13.212.39.34
Mundag saihn duugiinhee Uhaalag ajilsag hicheengui juramlagt egch n dandaa bayarlj baharhaj tsaashdiin Uran buteeld n ulam undur amjilt husey . Hairtai shuu duudee Undram Prague 24.6.3025.
ЗОЧИН\13.212.39.34
Mundag saihn duugiinhee Uhaalag ajilsag hicheengui juramlagt egch n dandaa bayarlj baharhaj tsaashdiin Uran buteeld n ulam undur amjilt husey . Hairtai shuu duudee Undram Prague 24.6.3025.
ЗОЧИН\13.212.55.54
Mundag saihn duugiinhee Uhaalag ajilsag hicheengui juramlagt egch n dandaa bayarlj baharhaj tsaashdiin Uran buteeld n ulam undur amjilt husey . Hairtai shuu duudee Undram Prague 24.6.3025.
ЗОЧИН\13.214.188.119
Mundag saihn duugiinhee Uhaalag ajilsag hicheengui juramlagt egch n dandaa bayarlj baharhaj tsaashdiin Uran buteeld n ulam undur amjilt husey . Hairtai shuu duudee Undram Prague 24.6.3025.
Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй: Төсвийн төгрөг бүр үр дүнд суурилсан байх ёстой

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй: Төсвийн төгрөг бүр үр дүнд суурилсан байх ёстой

“Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь” гэх ерөнхий нэртэй ч үр дүн нь Монголын хөгжлийн бодлогын эд эс, үүнд гар бие оролцох хүн нэг бүрт чухал хамаатай хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болж өнгөрлөө