UBLife Logo
Авторын булан

Авторын булан: МАН-д шүглэсэн нүүрсний хараал

Авторын булан: МАН-д шүглэсэн нүүрсний хараал

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уржигдар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэрлэгдэж, өчигдөр МАН-ын гишүүнээс хөөгдөв. Б.Энхбаярыг намаас хөөсөн МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг эсэргүүцэн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар МАН-ын бүлэг, цаашлаад МАН-аас гарахдаа хүрэхээ өнөөдөр мэдэгдлээ. Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг УИХ-д танилцуулах хүсэлтээ УИХ-ын даргад өчигдөр хүргүүлсэн боловч нэр нүүрийг нь нүүрсэнд хутгаж яваа тэдэнд Д.Амарбаясгалан алхны дуу сонсгох гэж юунд яарах. АН-ын бүлэг ч бас зүгээр суусангүй, өнөөдөр гэнэт бүлгээрээ хуралдахаар чуулганыг орхин гарлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайн хэргээ шалгуулахыг шаардан чуулган орхисон гэх тайлбарыг гишүүдээс нь өгч байна. Өнөөдөр хуралдах байсан Хууль зүйн байнгын хороо ч хуралдаанаа хаалаа. Үүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд хүлээсэн ялагдлаа зөвшөөрч чадахгүй байгаа журмын нөхөр Г.Занданшатарын зүгээс Ерөнхий сайдын хувьд УИХ-д үзүүлж буй дарамт хэмээн үзэж буйгаа энэ өдрийн төгсгөлд мэдэгдсэнээр нэгэн халуун өдөр өндөрлөж байна. Д.Амарбаясгалан өөрийг нь сүлийн хоёр жил цоллосон нүүрсний хэргээр болон хүний амь нас бүрэлгэсэн тухайд шалгасан уу гэх асуудлаар цагдаад хандаж буйгаа өнөөдөр хэллээ. Үүнээс өмнө түүнийг хуулийн байгууллагаас нэг ч удаа байцаагаагүй байжээ.

МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдаж нам бус Б.Энхбаярыг хуулийн сайдад томилуулахгүй байх шийд гаргах яриа гарчээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар 6 жил, сүүлийн 2 жил нь ЗГХЭГ-ын даргын албан тушаалтайгаа хавсран ажиллаж, өөрийн гараар бүрдүүлсэн багаа Я.Содбаатарт орхиод гарснаас нь хойш ганцхан жил өнгөрч буй Д.Амарбаясгаланд энэ гаргалгаа амар мэт боловч нэгийгээ үзэхээр шийдсэн Г.Занданшатарын хувьд одоо намын УЗ ч яамай, улайрч яваа.  

Б.Энхбаяр намрын халуун өдрүүдийн буруутан боллоо. МАН-ын түүхийг уран сайхнаар үзүүлсэн “Намрын халуун өдрүүд” киноны нэр Монголын улс төрд ёртой юм шиг яг 100 жилийн дараа тохиолдож буй халуун үйл явдлуудыг тодорхойлж чадахаар байна. 1924 онд МАН-ын 3-р их хуралд сайд С.Данзан коммунизмын эсрэг үзэл бодлоо илэрхийлээд баривчлагдан хороогдсон түүхтэй. Өрнөж буй үйл явдлын ил дүрүүд Б.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар боловч Монголын ашигт малтмалд МАН хууль бусаар хэт нөлөөтэй хүчин болсны учир улс төр-эдийн засгийг бүхэлд нь хамарсан том талбарт хямрал нүүрлэлээ. МАН-ын нууц нийгэмд аандаа илчлэгдэх, иргэдийг татан оролцуулахаас нааш намжихааргүй хурцадсан нь нийгмийн сүлжээг ч ид халааж орхив.

Яагаад ийм хямрал бий болов? Нэг үгээр хэлбэл, ердөө л нүүрснээс шүү дээ. Баялгийн хараал гэдэг шиг нүүрсний хараал шүглэсэн юм.

Нүүрс бидний хувьд чухам юу болохыг монголчууд бүгд чээжээр хэлнэ. Манай улсын экспортын орлогын 80 хувийг зөвхөн нүүрс дангаараа бүрдүүлдэг ээ гэж. “Нүүрсний хулгай” гэж чанга дуугарсан анхны Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. МАН өөрөө нүүрстэй гүнзгий хутгалдсаныг экс Ерөнхий сайд зарлаж, намынхаа хулгайч нөхөдтэй “дайтахдаа” ард түмэнтэйгээ хамтрахгүй бол улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн өмнө ганцаардаж буйгаа нэг бус хэлдэг байв. Энх цагийн монголчуудын амьдралдаа ч сонсоогүй дайчин үгс нүүрсний бүлэглэлийн эсрэг чиглэдэг байлаа. Чингээд 2016-2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан Д.Ариунболдыг хятадуудаас 360 мянган ам.долларын хахууль авсан хэрэгт татаж, Канадад худалдаж авсан хаусыг нь хууль бус орлого хэмээн хураасан. Ариунболдын дараа ЭТТ-г удирдсан Б.Ганхуягт шүүхээс таван жил 9 сарын ял оноож, 9.9 тэрбум төгрөг хураах шийдвэр гаргаж байсан. ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадалгүй мөн ял эдэлж буй. Гэхчлэн нүүрс зарахдаа хууль бусаар хувьдаа олз хайх боломж төрийн нүүрэнд байдгийг нотолж эхэлсэн. ЭТТ-н санхүүгийн хяналт 2016 оноос уул уурхайн салбар хариуцсан яамнаас ЗГХЭГ-т шилжин ирэх яг тэр үед Засгийн гал тогоог барьж ажилласан Ж.Мөнхбат ч хариуцлага хүлээсэн, хүлээсэн гэхээсээ хариуцлага тооцохоо зарласан Ерөнхий сайд оргон зайлах нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн дүр зураг харагддаг. Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн уурхайтай нэр холбогдоод буй УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг багын анд Ц.Чулуунзагдын ахын бизнесийг дэмжих замаар, 2022-2024 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа төрийн хяналтыг шууд хэрэгжүүлэх эрх мэдэлтэн байсны хувьд хөрөнгөжсөн байх магадлалтай хэмээн сэрдсэн нь ч мөн л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед хамаардаг.  

Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар ч мөн л нүүрсний хулгай яриад эхэллээ, яахаас ч сийхгүй болж байна. МАН-ын даргад ялагдсан ч их хол явахаар шийдсэн харагдана. Одоогоор нам нь ч, хэвлэл ч, иргэд ч яг хоёр хуваагдаад бас л хоорондоо хэрэлдэж гарлаа. Бүр АН хүртэл МАН-ын Занданшатар, Амарбаясгалангийн гэсэн хоёр талд хуваагдсан байгааг харахад нүүрс бол үнэхээр эд баялаг, эрх мэдэл, ерөөс Монголын амьдрал, бүх юмны учир шалтгаан болжээ. Уншиж, судалж, боловсруулж, үзэг цаас нийлүүлж суудгаараа л алдартай болохоос урд гарч, уухайлан тэмцэж, араасаа дагуулсан дүргүй Г.Занданшатар өмнөх Ерөнхий сайдын авлигатай тэмцэх илдний үзүүр нь болж явсан Б.Энхбаярыг түлхэхдээ арыг нь бат даахаар босов. “Би хөөгдөхгүй, харин би өөрөө нүүрсчдийг эх орноосоо хөөнө” хэмээн Л.Оюун-Эрдэнээс дутахааргүй эрэлхэг үгсийг Энхбаяр бидэнд өнөөдрөөс эхлэн хэлэх боллоо. Б.Энхбаяр өмнө нь нүүрсний сонсголын бэлтгэл ажлыг бүрэн хариуцаж бүх мэдээлэлтэй биечлэн танилцсан гол хүн. Тэгэхээр түүнд буй мэдээлэл Ерөнхий сайд болгоны иргэддээ хэлдэг ам тангараг, гүйцэтгэхээр хүлээдэг үүрэгт нөлөөлөхүйц баримт мөн, эсэх нүүрсний хулгай гэдэг нь популизм мөн, бишийг нотлох биз.

Л.Оюун-Эрдэнийн хувьд өөрөө автор нь болсон нүүрсний хулгайн тэмцлийнхээ сүр хүчийг 2024 оноос илэрхий сулласан нь ямар учиртай юм бол? Г.Занданшатар, Б.Энхбаяр хоёр бас хаана очоод хана мөргөх бол? Иж бүрэн илчилье, устгая гэхээр энэ нь хэн бэ, ямар хүн бэ гэдэг асуултын хариуд дэргэдийн нөхдөө шоронд суулгаж хөрөнгийг нь хураах хуультай улс билээ. Монголд авлигаас нэг тоосго ч хэлтлэх боломжгүй улс төр нь нийтээрээ унах тогтолцоо болж сүндэрлэжээ. Нүүрсний хулгайг нам даръя гэхэд хэтэрхий том бүтэц болсон байх мэдээллийг Б.Энхбаяр баримтаар нотлох ёстой болов. МАН албан тушаалын хэргээс цэвэрших, эс бол өс хонзон нам сүйрүүлдгийн бэлэн жишээ, бэлгэ тэмдэг нь нүүрс байхыг үгүйсгэхгүй. Нүүрс асар ашигтай, айхтар хараалтай туслаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.