УИХ-ын дарга Н.Учрал анхны гадаад айлчлалаа хойд хөрш ОХУ-аас эхлүүлсэн нь оросуудын анхаарлыг их татжээ. Ардчилсан Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу УИХ-ын дарга, Их Британид боловсрол эзэмшсэн миллениал үеийн улстөрч Н.Учрал албан ёсны айлчлалаа аль улсаас эхлэх вэ гэдэг хувилбар бүрээрээ геополитикийн хувьд ил далд мессеж өгөхөөр л дөө.
Яг одоо алба хашиж буй Монголын төрийн гурван өндөрлөгөөс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны айлчлал ОХУ байсан бол Ерөнхий сайд Г.Занданшатар албан ёсны айлчлал хараахан хийгээгүй байгаа. Түүний өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны айлчлал гуравдагч хөрш Японоос эхэлсэн. Тэгэхээр тэд арай өөр дурангаар ажиж байсан нь гарцаагүй. Албан уулзалтын үеэр ч энэ тухайгаа илэрхийлсэн гэнэ билээ.
Орос-Украины дайн эхэлснээс хойш дэлхийн ихэнх улс орон төдийгүй бизнесүүд, бүр түргэн хоолны томоохон сүлжээнүүд ч ОХУ-аас нүүр буруулж, нүүж явсан. Сая очоод ажиглахад “McDonald’s” зүсээ хувилган ижил менютэй “Вкусно - и точка” болсон бол “Zara” брэндийг загвар төдийгүй бичгийн фонт нь хүртэл адилхан “Zarina” орлож, “Starbucks” харин кокошник толгойн гоёлтой, эндүүрмээр ижилхэн логотой “Stars Coffee”-д хувирчээ. Харин энэ хугацаанд ардчилсан хөрш нь аль ч утгаараа нуруугаа харуулж, нүүрээ нуусангүй. УИХ-ын дарга Н.Учралын энэ айлчлал ч үүний нэг баталгаа юм. Түүгээр ч үл барам түүний айлчлалын багт онгоц дүүрэн Монголын бизнесийн томоохон төлөөллүүд багтсан нь сонирхолтой эсрэгцэл гэлтэй.

Экспорт 24.1 хувиар өсөх сайн боломж
Оны өмнөхөн УИХ-аар маш чухал хэлэлцээрийг баталсан. Энэ бол Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр. УИХ-ын дарга Н.Учралын энэ удаагийн айлчлалын хамгийн гол сэдэв энэ байж, дээрх хэлэлцээр бүрэн хэрэгжиж эхлэхээс өмнөх чухал уулзалт, хэлэлцүүлгүүд энд өрнөв. Мөн Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардуулсан.

2015 оноос түүх нь эхлэх Евразийн эдийн засгийн холбоонд ОХУ, Казахстан, Киргиз, Беларусь, Армен гэсэн таван улс бий. Түр хэлэлцээрийн дагуу 180+ сая хүнтэй энэ зах зээлд Монголын 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн татваргүй болон маш бага татварын нөхцөлтэйгээр гарах боломж нээгдэх гэж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын мэдээлснээр:
Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн: Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн;
Хөнгөн үйлдвэр: Ноос, ноолуур, нэхмэл болон оёмол бүтээгдэхүүн;
Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн: Арьс шир болон зарим боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд багтжээ.
Үр дүнд нь олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашигладаг “Ерөнхий тэнцвэрийн загвар” (GTAP)-ын тооцооллын дагуу манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, Евразийн эдийн засгийн холбооны улсууд руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой гэсэн тооцоо гараад буй.

УИХ-ын дарга Н.Учралын айлчлалын үеэр Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцээрийн дагуу монгол аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох ач холбогдлууд бийг сайн тал гэж харж байна.
Мэдвэл зохих: Өнөөдрийн байдлаар ОХУ, Беларусь, Казакстан улсын парламент дээрх хэлэлцээрийг соёрхон баталсан байна. Армен, Киргиз хоёр улсад энэхүү хэлэлцээрийг батлах үйл явц өрнөж буй. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван улс бүгд баталчихвал 60 хоногийн дараа худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх товтой. Энэ бол хэрэгжих хугацаатай, тодруулбал хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш гурван жил үргэлжлэх ажил. Аль аль талдаа ашигтай байвал цаашид сунгаад явна.
Дээр нь Монголд үйлдвэрлэдэггүй химийн болон аж үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүийг Евразийн эдийн засгийн холбооны таван орноос Монгол Улсын зах зээлд нийлүүлэхэд тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Харин улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн бараанд квот тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.
Дам сайн мэдээ: Айлчлалын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нартай албан уулзалт хийсний гол сэдвийн нэг нь шатахуунтай холбоотой. Өнгөрсөн оны XII сард УИХ-аар баталсан Стратегийн зарим бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу дотоодын шатахууны хэрэглээний 3-6 сарын нөөц хадгалах сав барих шийдвэр гарсан ч бодит байдалд энэ ажил 2 жил шаардагдах аж. Харин энэ зуур ОХУ-ын Эрхүү мужийн нөөцийн савуудыг ашиглах тухай яриа нааштай болжээ. Мөн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Улаанбаатар-Москвагийн чиглэлийн нислэг эргэн сэргэж, ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэх тухай дуулгалаа.
Бидний танил саад
Хэлэлцээрийг бодитоор ажил хэрэг болгох Монголын бизнесийн салбарын 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим төлөөлөл оролцож сайн, муу, саад, эрсдлүүдээ ярьж авсан. Ялангуяа энэ хэлэлцээрийн эхний яриа хөөрөөнөөс бизнес эрхлэгчид боломж, эрсдлийг тандаж, зарим нь бүр эрс эсэргүүцэж байсныг дурдах нь зүйтэй. УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д болсон Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлэгт аль аль талуудын төлөөллийг заавал багтаах ёстой гэж санаснаа хэвлэлийнхэнд илэрхийлсэн. Энэ ч утгаараа хэлэлцээр бодит ажил болохоос өмнө боломж болон эрсдлийг ний нуугүй яриад авах нь үр дүнтэй гэж харжээ.
Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудад стандарт, техникийн зохицуулалт, гарал үүслийн дүрэм, тохирлын баталгаажуулалтын тайлбар нь харилцан адилгүй хэрэгжих, Монгол Улсад олгосон сертификат, лабораторийн шинжилгээг зарим тохиолдолд дахин шаардах зэрэг нь өнөөг хүртэл явж ирсэн бодит саад хэвээр. Энэ нь экспортын хугацаа, зардлыг ихэсгэдэг. Дээр дурдсанчлан хэлэлцээр гараанаас гараад 3 жилийн дотор л үргэлжлэх учраас цаг, боломж алдах хайран.

Мөн мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний экспортод ариун цэвэр, эрүүл ахуй, мал эмнэлгийн шаардлагын тайлбар жигд бусаас гадна хил, гаалийн шатанд бичиг баримтын давхардал үүсэх, дамжин өнгөрөх процесс удаашрах зэрэг хүндрэл бизнесийн салбарт бодитоор мэдрэгддэг. Иймд “Энэ удаагийн форум зөвхөн боломжийг ярих талбар бус, харин тулгамдаж буй асуудлыг ил тод хөндөж, шийдлийн гарцыг хамтдаа эрэлхийлэхэд чиглэх ёстой. Гарал үүслийн дүрэм, тарифын хөнгөлөлт, гааль, техникийн зохицуулалт, стандарт, баталгаажуулалт зэрэг худалдаанд шууд нөлөөлөх асуудлуудыг тодорхой, ойлгомжтой, ажил хэрэгчээр танилцуулснаар Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх, экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно” гэсэн байр суурийг УИХ-ын дарга Н.Учрал орсон уулзалт бүрдээ тодорхой илэрхийлж байв.
Хэрцгий алдаа
Энэ удаагийн айлчлал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгатай. Айлчлалын хоёр дахь өдөр тэд албан ёсны хэлэлцээ хийж, эдийн засаг, түлш, эрчим хүч, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хил орчмын хамтын ажиллагаа болон байгаль орчны салбарын өргөн хүрээний асуудлаар санал солилцсон.

Үүнээс нэг хоногийн өмнө ОХУ-ын төрийн мэдээллийн агентлаг ТАСС айлчлалын талаар мэдээ бэлтгэхдээ “Оросын цагаачдын удам” гэх дэд гарчиг дор “...Тэрээр 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Оросоос дүрвэн гарч, ОХУ-тай хил залгаа Хэнтий аймагт суурьшсан буриад цагаачдын гэр бүлээс гаралтай...” хэмээн бичжээ. 1904 оноос түүх нь эхлэх, Орос даяар 70 оффис, дэлхийн 53 улсад 56 салбартай энэ том хэвлэл ноцтой алдаа гаргаснаа одоо ч залруулаагүй байгааг та харж болно. Харин энэ тухайд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас цаг алдалгүй мэдэгдэл гаргаж “ОХУ-ын ТАСС агентлагийн нийтлэлд дурдагдсан Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын удам угсаа, гарал үүслийн талаарх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй, алдаатай болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээсэн.
Сэтгүүлчийн эсвэл редакцын түвшний энэ алдааг монголчууд эмзэг хүлээж авсан. Энэ бол Монголд сануулга өгөх гэсэн, биднийг албаар дорд үзсэн хэрэг гэх сэрдлэг ч нийгмийн сүлжээнд явсан. Гээд яах билээ, заримдаа тодорхой алдааг санаандгүй, санамсаргүй гаргасан байгаасай л гэж найдахаас өөр арга байдаггүй шүү дээ.
Төгсгөлд учирлах нь

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Энх тайвны зөвлөл”-ийн гишүүн орон болох гэрээнд гарын үсэг зурсан. Айчлалын үеэр энэ сэдэв мөн хөндөгдсөн. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга,"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведев “Монгол Улс гуравдагч хөрш орнуудтай хамтран ажиллах нь зүйн хэрэг. Та бүхэн АНУ-ын санаачилсан Энх тайвны зөвлөлд нэгджээ. Монгол Улс энэ мэт гуравдагч хөрш орнуудтай гэрээ хэлэлцээ хийхдээ хоёр хөршийнхөө санал бодлыг анхаарч байвал таатай байх болно” хэмээн УИХ-ын дарга Н.Учралтай хийсэн уулзалтынхаа үеэр хэлсэн.
Үнэн хэрэгтээ ОХУ ч “Энх тайвны зөвлөл”-д үгүй гэж хэлээгүй. BBC-ийн мэдээлснээр ОХУ зөвлөлд нэгдэх эсэх саналыг судалж байгаа бөгөөд хөлдөөсөн хөрөнгөөсөө нэг тэрбум ам.доллар гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэх.
БНХАУ, ОХУ гэх хоёр том, хэдэр улстай хиллэдэг ардчилсан Монгол Улсын гадаад бодлогын нүүдлүүд хэрсүү үргэлжилсээр л байна. УИХ-ын дарга, миллениал үеийн улстөрч Н.Учралын дараагийн айлчлал БНХАУ, тэгээд Австрали байх тов гарчээ.