Сүүлийн үед тохиолдоогүй их хэмжээний аадар бороо орсны улмаас Хятадын нийслэл болон хойд хэсэгт үер боллоо. Бээжин хотын дэд бүтэж ихээхэн сүйдэж, хэдэн арван хүн амиа алдлаа. Мөн олон мянган өрх орон гэргүй болсон байна.
Фото: China News Service

Хүчтэй бороо долоодугаар сарын 23-наас эхлэн орж, 28-нд дээд цэгтээ хүрсэн. 29-ний өдөр гэхэд Бээжинд дунджаар 166 мм, Миюнд 543 мм хур тунадас орсон байлаа.

Энэ хэдэн өдрийн дотор Бээжинд бүтэн жил ордог хур тунадас буусан байна.

Бээжингийн баруун, хойд хэсэгт байх уул нурууд аадар бороо орох шалтгаан болсон гэж цаг уурчид үзжээ.

Үерээр 30 орчим зам эвдэрч, 136 суурин газар цахилгаангүй болсон байна.

Хотын захиргаанаас мэдээлснээр Бээжинд 30 хүн амиа алдсаны 28 нь Миюнь дүүрэг, 2 хүн Яньцин дүүрэгт эрсэдсэн байна.

Аюултай газраас 80 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, хоргодох газар байрлуулжээ.

Бээжин хотын захиргаанаас зам, далан сувгийг сэргээн засаж, цахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байна.

Хотын ус зайлуулах систем маш их хэмжээний ачааллыг даасангүй. Шинжээчид ийм ачааллыг ямар ч мегаполис хот даахгүй гэж мэдэгдлээ.

Цагдаагийн газар, аврагчид 24 цагаар ажиллаж байна.

БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооноос Бээжинд 200 сая юань ($28 сая), Сангийн яамнаас 350 сая юань ($49 сая) тусламж олголоо.

Өмнө нь 2023 онд Бээжинд болсон үерийг 140 жил тохиолдоогүй гамшиг гэж нэрлэж байлаа.
