Норвегийн нийслэл Осло хотоос 3 цаг , харин Тромсо хотоос 1 цаг 40 минут нисээд манай гарагийн хамгийн хойно орших Свальбардын нисэх онгоцны буудалд хөл тавих боломжтой. Норвегийн харьяанд байдаг, Хойд мөсөн далай, Норвегийн тэнгис, Гренландын тэнгис, Баренцийн тэнгисийн дунд оршдог олон зуун арлаас бүрдсэн энэ архипелаг (далайн олон арлын нэгдэл)-ийг Холландын алдарт далайчин, аялагч, судлаач Виллем Баренц 1596 онд нээж, Spitsbergen (Хурц шовх уулс гэсэн утгатай нидерландаар) хэмээн нэрлэсэн түүхтэй бөгөөд бид бүхэн Шпицберген гэсэн нэрээр нь сайн мэддэг ч одоо бол ёсны нэр нь Свальбард болсон ажээ.

Свальбард нь Баруун Шпицберген, Зүүн хойд газар, Эдж хэмээх гурван томоохон арал, Баренц, Цагаан, Ханхүү Карлын газар, Баавгайт, Конгсёиа, Свенскёиа, Вильгелм зэрэг багавтар арлууд болон бусад олон зуун жижиг арлаас бүрдэнэ.
Засаг захиргааны төв нь Лонгйир (Longyearbyen ) хот. Свальбардын нийт хүн ам болох 2900 орчим хүний дийлэнх нь Лонгйирт байнга оршин суудаг бөлгөө.
Энэ хотыг Америкийн бизнесмэн Жон Лонгйир 1906 онд үндэслэн, нүүрс олборлож эхэлжээ.

100 орчим жилийн турш Лонгйир нь нүүрсний уурхай дагнасан эдийн засагтай байсан бол сүүлийн хорь гаруй жил аялал, жуулчлал асар хурдтай хөгжиж, гол орлогын нэг болж чаджээ.
Чухам юу нь ингэж жуулчдыг татдаг вэ гэвэл нэг биш нилээн олон учир шалтгаан хэлж болно.
Энэ дэлхийн өөр хаа ч байхгүй газар зүйн байршил, цаг уурын байдал, бүс нутгийн өвөрмөц хууль дүрэм, журам гээд л.
Свальбардын төв Лонгйир хот Хойд туйлаас ердөө 1300 км зайтай тул Хойд туйлыг зоригсод эндээс аялалаа эхлэх нь олонтаа.

Свальбардын нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь нь мөсөөр хучигдсан, дөнгөж 10 хувь хүрэхгүй газар нь ургамал, ногоо ургадаг, огт мод байдаггүй ч өөр хаа ч олж харахгүй олон мөсөн гол, нийт хүн амынхаа тооноос олон буюу 3000 гаруй цагаан баавгай, 10000 орчим цаа буга, за тэгээд цагаан үнэг, туйлын чандага болон далайн хав, далайн арслан, далайн морь, за тэгээд өнөө цагт дэлхий дээр амьдарч буй хамгийн том амьтан болох (20-30 метр урттай, жин нь 200 тонн хүрдэг) цэнхэр халим Свальбард орчимд элбэг харагддаг нь унаган байгальд дурлагсад, гэрэл зурагчдыг соронзон мэт татдаг байна.
Мөн энд (Лонгйирт) Дэлхийн үр, тарианы нөөц зоорь бий. Дэлхийн хэмжээний ямар нэг гамшиг (байгалийн онцгой үзэгдэл, цар тахал, дайн байлдаан, дэлхийн дулаарал гэх мэт) тохиолдох аваас хэрэглэх үр тариа, хүнсний ногоо, ургамалын бүхий л үрийг хадгалдаг Svalbard Global Seed Vault зоорийг 2008 онд ашиглалтад оруулж, манай гараг дээрх бүхий л улсад ургадаг 4,5 сая төрлийн үр тариа, хүнсний ногооны үр энд хадгалагддаг ажээ.
За тэгээд Свальбард бол жигтэй сонин өөрийн гэсэн хууль дүрэмтэй. Тухайлбал энд та нэг ч муур олж харахгүй. Зөвхөн Свальбардад байдаг зарим шувуудыг хамгаалахын тулд муурыг энд хуулиар хориглодог.
Бас та хот суурин газраас хэдхэн алхам ч гэсэн холдох хэрэг гарвал заавал ч үгүй галт зэвсэг биедээ авч явах хуультай.Учир нь хамгийн аймшигт махчин амьтны нэгд тооцогддог цагаан баавгай тан руу дайрвал амь насаа хамгаалах хэрэгтэй болно. Свальбардад сүүлийн 50 жилд таван хүн цагаан баавгайд бариулж, амь насаа алдаж, цөөнгүй хүн гэмтэж шархадсан харамсалтай хэрэг гарч байж.
Гэхдээ дүрэм журмаа дагаад, ганц нэгээрээ хот суурин газраас хол явахгүй бол аюулгүй байж болноо.
Гол нь энд гэмт хэрэг бараг л гардаггүй, амгалан тайван газар. Цагдаагийн газар бүртгэгдсэн хэрэг зөрчлийн дийлэнх нь баар, уушны газрын явган хэрүүл байдаг гэнэ.
Та аль ч орны иргэн , хэнбугай ч байсан Свальбардад урт хугацаагаар ажиллаж, амьдрахад виз, байнга оршин суух зөвшөөрөл авах огт хэрэггүй. Харин та өөрийгөө тэжээх мөнгө төгрөгтэй, эсвэл ажиллаж хөдөлмөрлөх чадвартай байх л хэрэгтэй. Танд ямар нэг нийгмийн халамж, тэтгэлэг олгохгүй тул.
Свальбардын офис, албан байгууллага, зочид буудлуудын гадна гутлан " овоо" байхыг та олонтаа харна. Цас, мөсний шавар шавхайтай гутлаараа хаа саагүй туучихгүйн тулд "гутлаа тайлдаг" заншил энд үйлчилнэ.
Бас нэг сонирхолтой зүйл нь Свальбард бол Арктикийн цөл юм. Чийглэг маш бага, Сахарын цөлөөс ч илүү хуурай агаартай гэж байгаа.

Нээрээ Свальбардад "Нутгийн зөвлөл" гэж байхгүй. Яагаад гэвэл эндхийн унаган иргэн гэж нэг ширхэг ч хүн байдаггүй. Энд эмэгтэйчүүдийг төрөхийг хориглодог. Төрөх дөхөөд ирэхээрээ бүсгүйчүүд Норвегийн эх газар руу явж төрдөг гэнэ. Ганцхан төрж болдоггүй юм биш ээ энд. Бас "үхэж" болохгүй. Эдгэршгүй хүнд өвчин туссан, эсвэл хүндээр гэмтэж бэртсэн, осолдсон хүмүүсийг аль болох хурдан арлаас явуулдаг. Нас барсан хүмүүсийг бол онгоцоор Норвеги болон бусад орон руу аваачиж оршуулдаг. Мөнх цэвдэгт байдаг Свальбардад нас барсан хүнийг оршуулбал задрал явагдаж, хөрст дэлхийдээ "шингэдэггүй" юм байна.
За эцэст нь хэлэхэд Свальбардад зундаа таван сар (дөрөвдүгээр сарын 19-нөөс наймдугаар сарын 23 хүртэл) нар шингэхгүй ээ. Бүхэл бүтэн таван сарын турш үргэлж нартай, шөнө болохгүй гээд төсөөл дөө.
Тэгтэл бас өвөл нь (11 дүгээр сараас нэгдүгээр сард) нар мандахгүй, энд. Гурван сар шөнөөрөө байна гэсэн үг.
Ийм л сонин нутаг орон юм, Свальбард.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин