Ундны усны хомсдол нь нийт дэлхийн хүн амын 40 хувьд шууд нөлөөлж буй бөгөөд энэ нь дэлхийн гадаргын дундаж хэм нэмэгдэх тусам улам өсөх төлөвтэй байгаа билээ. Хэдийгээр 1990 оноос хойш 2.1 тэрбум хүн усны ариун цэврийн байгууламжаа сайжруулсан ч ундны усны хомсдол дэлхийн бүх тивд нөлөөлж байгааг НҮБ-аас мэдээллээд буй. Жил ирэх тусам олон улс орнууд ундны усны хомсдолтой нүүр тулж байгаа бөгөөд бөгөөд ган гачиг, цөлжилт нэмэгдэж байгаа нь эдгээр хандлагыг улам дордуулж байна. Манай Монгол Улсын хувьд ч цөлжилт улам бүр эрчимжиж байгаа билээ. 2050 он гэхэд дөрвөн хүн тутмын нэг нь ундны усны хомсдолд орно гэсэн тоон үзүүлэлт байна. Бүх нийтийг аюулгүй, хүртээмжтэй ундны усаар хангахын тулд үндсэн үйлчилгээний дутагдалтай 800 сая гаруй хүнд хүрч ажиллан, 2 тэрбум гаруй хүний үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай талаар НҮБ тогтвортой хөгжлийн тайландаа дурджээ.

Харин үүнтэй холбоотойгоор манай улсад ус дахин боловсруулах төсөл хэрэгжсэний нэг нь АНУ-ын Засгийн газар Усны Компакт гэрээ юм.
2016 оноос эхлэн хаягдал ус дахин боловсруулах төсөл АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэн хэрэгжиж эхэлсэн билээ. Харамсалтай нь, АНУ-ын Ерөнхийлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Гадаад тусламжийн санхүүжилтийг хянан үнэлэх” зарлигийн хэрэгжилттэй холбогдуулан Мянганы сорилтын корпорацаас дэлхийн 47 оронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байв.
Харин өнөөдрийн байдлаар АНУ-ын Засгийн газар гадаад тусламжийн хөтөлбөрүүдээ хянан үнэлэх ажиллагааг эцэслэж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 462 сая ам.долларын дүн бүхий Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийт хөтөлбөрийн хэрэгжилт 2025 оны долдугаар сарын эцсийн байдлаар 86 хувьд хүрсэн байгаа аж.
Ус дахин боловсруулах тал талын ач холбогдолтой бөгөөд эдгээрт:
1, Усны нөөцийг хамгаалах: Ус дахин боловсруулах нь ундны ус болон эргэлтийн усны хэрэглээг багасгаж, байгалийн усны нөөцийг хадгалах
2. Байгаль орчны хамгаалал: Хаягдал усыг зөв боловсруулж ашигласнаар гол, нуур, газрын доорх усны бохирдлыг багасгаж, экосистемийн тэнцвэрийг хадгалах
3. Эдийн засгийн үр ашиг: Ус дахин ашигласнаар усны төлбөр, эрчим хүчний зардлыг бууруулж, урт хугацаандаа төсөвт хэмнэлт бий болгох
4. Хот, суурин газрын хөгжилд дэмжлэг: Хот суурин газрын усан хангамж, хог хаягдлын менежментэд уян хатан шийдэл болж, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах
5. Тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмэр: Усыг дахин боловсруулах нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын 6-р зорилт болох “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах”-ийг дэмжиж ажиллах

Ус дахин боловсруулалтыг амжилттай хэрэгжүүлсэн жишиг улсууд:
Сингапур: “NEWater” хөтөлбөрөөрөө алдартай. Хаягдал усыг нарийн шүүлтүүр, мембран, ариутгалын процессоор боловсруулж ундны усны түвшинд хүртэл хэрэглэж байна.
Израиль: ХАА, хот суурин газрын усан хангамжид дахин боловсруулсан усны хэрэглээг идэвхтэй ашигладаг.
АНУ (Калифорни, Техас): Хотууд хаягдал усыг дахин боловсруулж, цэцэрлэгжүүлэлт, үйлдвэр, эрчим хүчний хэрэгцээнд ашиглах төслүүдийг амжилттай хэрэгжүүлдэг.
Австрали: Мельбурн, Сидней зэрэг хотууддаа хаягдал усыг дахин боловсруулж, цэвэр усны хангамж, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэж байна.
Япон: Хот суурин газрын хог хаягдал усны менежмент, хөдөө аж ахуйн усан хангамжид дахин боловсруулсан усыг идэвхтэй ашигладаг.
Бэлтгэсэн: Г.Ариунзаяа
Эх сурвалж: https://shorturl.at/nTdDc