Бразил болон халуун бүсийн олон оронд эрвээхэйнүүдийн далавчны өнгө бүдгэрч, дэлхий маань улам бүр өнгө алдаж эхлээд буйг судлаачид тогтоожээ. Өмнө нь улаан, цэнхэр, алтлаг өнгөөр гялалзан нисдэг байсан эрвээхэйнүүд одоо бор, саарал туяатай болжээ.
Шинэ судалгаагаар эвкалипт модны аж ахуй болон үйлдвэрийн зориулалттай тариалангийн газраас болж өнгөт эрвээхэйнүүд амьд үлдэхэд бэрх болдог болохыг тогтоожээ. Учир нь эдгээр орчинд гэрэл хэт хурц, агаар хуурай бөгөөд газрын хөрс бараг ургамалгүй “хоосон” болдог. Үр дүнд нь амьд байгалийн өнгө, хөдөлгөөн, дуу чимээ бүдгэрч, хоосон, дүнсгэр уур амьсгал ноёлж байна.

Эрвээхэйнүүдийн өнгө бол зүгээр нэг гоёл биш. Энэ нь сая сая жилийн турш хувьслын замаар бий болсон “амьд үлдэх хэл” юм. Өнгө нь тэдэнд хосоо татах, ангуучдаас зугтах, ой модны төвөгтэй орчинд нуугдах чадварыг олгодог.

Өнгөний баялаг байдал нь экосистемийн олон төрөл зүйл, тэнцвэрийг илтгэдэг. Судалгаагаар хамгийн тод, өнгөлөг зүйлийн эрвээхэйнүүд нь байгалийн модод устах үед хамгийн түрүүнд мөхдөг болохыг харуулсан нь Британийн аж үйлдвэрийн хувьсгалын үеийн “peppered moth” буюу сажиг эрвээхэйтэй адил жишээ юм. Тухайн үед утаанд дарагдсан хотуудын саарал өнгөтэй нийцэхийн тулд энэхүү эрвээхэй мөн хар өнгө рүү хувирч байсан билээ.

Энэ үзэгдэл зөвхөн эрвээхэйнүүдэд бус, дэлхийн бусад экосистемд ч илэрч байна. Шүрэн арлууд цайрч, далай ногоорон, бохирдсон тэнгэрт солонго хүртэл бүдгэрэх аюул нүүрлэжээ.

Байгаль өнгөө алдахын хэрээр экосистемийн уялдаа холбоо, харилцан хамаарал суларч, экологийн бүтэц нуран унаж байна. Өнгөний олон янз байдал үгүй болох нь байгалийн амьд системийг алдагдуулж буйг бид бүгд анхаарах хэрэгтэй байна.

Эрдэмтэд, байгаль хамгаалагчид энэхүү “өнгө алдалт”-ыг дэлхийн биологийн олон янз байдлын гүн хямралын дохио гэж үзэж байна. Хэрэв энэ чиг хандлага үргэлжилбэл, бид зөвхөн эрвээхэйнүүдийн бус дэлхийн өнгө, уур амьсгал, амьдралын утгыг ч алдаж мэднэ.

Эх сурвалж: The Guardian
Судалгаа: “Discolouring the Amazon Rainforest: How deforestation is affecting butterfly coloration