Маргааш Жанжин Д.Сүхбаатарын талбайд Үндэсний номын баяр эхэлнэ. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх энэ баяраар бид сүүлийн үеийн шинэ ном, олон мянган хувь зарагдсан бестселлер зохиолуудтай танилцахаас гадна алдарт зохиолчидтой уулзах боломжтой болдог билээ. “Ном бол цаг хугацааны далайгаар аялах хөлөг онгоц юм” гэж Фрэнсис Бэкон хэлжээ. Ингээд дэлхийн хамгийн өвөрмөц, алдартай Номын баяруудыг танилцуулж байна.
Франкфуртын Номын баяр
Дэлхийн хамгийн том, эртний Номын баяр бол Франкфуртын Номын баяр (Frankfurter Buchmesse) юм. Жил бүрийн аравдугаар сарын дундуур Германы Майн мөрөн дээрх Франкфурт хотод таван өдрийн турш номын хорхойтнууд чуулдаг. Баярт дэлхийн 100 орны 7000 гаруй зохиолч, хэвлэлийн газар, менежер гэх мэт хүн оролцдог. Анх алс тэртээ 1473 онд эхэлсэн энэ баяр XVII зууны сүүл хүртэл дэлхийн номын худалдааны хамгийн том төв байв. Гэвч 1632 оноос Лейпцигийн Номын баярт байр сууриа алдсан юм.

“Frankfurter Buchmesse” 1949 оноос дахин сэргэсэн. Франкфуртын Номын баяр бол дэлхийн хэмжээний үйл явдал. Энд зохиолч, хэвлэлийн газар, редактор нар цугларч, хамтын ажиллагаа, шинэ санаа бодлоо хэлэлцэн ярьдаг билээ. Наадмын үеэр шинэ номын танилцуулга, лекц, яриа болж, алдарт зохиолч, яруу найрагч нар уншигчидтайгаа уулзалт хийдэг. Энэ баярын үеэр шагнал гардуулдаг. Хамгийн нэр хүндтэй нь тэр жилдээ герман хэл дээр хэвлэгдсэн шилдэг романд олгодог “Германы номын шагнал” (Deutscher Buchpreis). “Германы номын худалдааны энх тайвны шагнал”-ыг (Friedenspreis des Deutschen Buchhandels) энх тайван, эв нэгдэлд хувь нэмэр оруулсан соёлын зүтгэлтэнд олгодог. Мөн шилдэг залуу зохиолчид олгодог “Deutscher Jugendliteraturpreis” шагналтай. 2025 онд буюу энэ жил Франкфуртын Номын баяр аравдугаар сарын 15-19-нд Франкфурт хотын “Messe Frankfurt” үзэсгэлэнгийн танхимд болно. Баярын үеэр ямар нэг улсыг хүндэт зочноор зарладаг бөгөөд энэ жил Филиппин улсын ээлж иржээ.
Лейпцигийн Номын баяр

Лейпцигийн Номын баяр (Leipziger Buchmesse) Германы хоёр дахь том Номын баяр. Франкфуртын Номын баярын дараа ордог гэж байгаа. “Leipziger Buchmesse” жил бүр дөрвөн өдрийн турш Лейпцигийн худалдааны цогцолборт явагддаг уламжлалтай. Гол онцлог нь “Leipzig Liest” хэмээх номын уншлага наадамтай. Үдэш нь алдарт түүхэн барилга болох “Altes Rathaus” болон кафе, номын дэлгүүрт зохиолчид бүтээлээ чөлөөтэй уншдаг. “Leipziger Buchmesse” наадмаас Номын баярын шагнал, Европын харилцан ойлголтын шагнал олгохоос гадна “Германы шилдэг Залуу зохиолчдын шагнал”-д нэр дэвшигчдийг тодруулдаг уламжлалтай. Жил бүр гуравдугаар сард зохион байгуулагддаг бөгөөд 2026 онд гуравдугаар сарын 19-22-нд болно.
Лондоны Номын баяр

Энэ наадам бол зохиолчийн эрх, контент худалдаа, түгээх дэлхийн хэмжээний талбар. Хэвлэмэл, аудио, телевиз нэвтрүүлэг, кино гээд бүх төрлийн контент энд л зарагдана. LBF нь 1971 онд үүссэн. 50 жилийн дотор энэ баяр дэлхийн хэвлэлийн хамгийн том үйл явдлын нэг болж өргөжсөн. Жил бүр 30 мянган хүн ирдэг энэ баяр нь зохиолч, яруу найрагч, хэвлэлийн газруудын менежер, зохиолчийн эрхийн мэргэжилтнүүд цугларч, дэлхийн утга зохиолын чиг хандлага, хэвлэлийн салбарын ирээдүйн талаар ярилцаж, контент худалдаа, наймаа хийдэг гол талбар болжээ. Бага хурал, семинар, лекц, шинэ ном танилцуулга, шагнал гардуулах гээд маш олон арга хэмжээтэй. Ер нь номтой холбоотой бүх салбарын хүмүүсийн танилцах, холбоо тогтоох газар.
LBF наадам Лондон хотын “Olympia London” цогцолборт болдог бөгөөд 2026 онд гуравдугаар сарын 10-12-нд явагдана.
Нью-Йоркийн хуучин номын баяр

Жил бүр хуучин номын хорхойтнууд Нью-Йоркийн Парк-авеню дахь Арсенал хэмээх хуучин барилгад цугларна. Энэ баяраар маш ховор ном, гар бичмэл, газрын зураг, түүхэн баримт бичиг, дурсгалт зүйлс гээд маш олон хуучны эд зүйлс гарч ирдэг. Ном төдийгүй урлаг, дизайн, шинжлэх ухаан, анагаах ухаан, түүх, хувцас загвар, хөгжим, гүн ухаан гээд маш олон салбарыг хамарна. Баяраар зарагдах эд зүйлс, номыг дэлхийн хэмжээний эрдэмтэн, судлаачид үзэж сонгодог тул хуурамч зүйл авна гэж санаа зоволтгүй. Шинжээчид бүх хуучны номыг зохиолч, хэвлэлийн газар, хэвлэсэн он гээд бүх намтартай нь үнэн зөв тогтоодог. Харин үнэ нь гайхал төрүүлнэ. Зарим хуучны ном 50 сая ам.доллар хүрдэг гээд бод. Мөн баярт оролцоход такс төлнө. 2026 онд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд явагдах юм.
Дэлхийн хамгийн том далайн Номын баяр

Logos Hope бол хөлөг онгоц дээрх хамгийн өвөрмөц Номын баяр. Хөлөг дээр номын худалдаанаас гадна сургалт семинар, форум гээд олон арга хэмжээ болно. 55 жилийн өмнө номын худалдаагүй, шинэ ном олох боломжгүй улс орнуудад сайн чанарын утга зохиол хүргэх зорилгоор анх гарчээ. Хөлгийн экипаж, номын худалдааны ажилтан нар нь дэлхийн 60 орноос цугларсан сайн дурын ажилчид тул цалин авдаггүй. Эрэгт тулаад очсон орныхоо сургууль, эмнэлэг, хорих газруудад очиж, ном хандивлана, сургалт явуулна. Зарим том боомтод хэд хоног зогсож, жинхэнэ номын зах ажиллуулна. Ер нь бол хандивын төсөл гэж хэлэхэд болно. Ихэнх номоо төрийн байгууллагуудад үнэгүй хандивладаг.