Хүн бүрт ор тас мартахыг хүсдэг, оюун бодлоосоо аваад хаячихмаар, дурсан санахыг хүсдэггүй дурсамж бий. Найруулагч Мишел Гондригийн ‘’Eternal sunshine of the spotless mind’’ киног үзээд яг л Жоел, Клементин хоёр шиг дурсамжаа арилгах юм сан гэж бодсон хүмүүс цөөнгүй байдаг байх. Тэгвэл Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд ой санамжнаас хүсээгүй дурсамжуудыг устгах боломжтой эсэхийг судалж байна.


Бид чухал бичиг баримт, файлуудыг компьютертаа шинэ фолдер нээж хадгалдаг шиг хүний тархи ч бас үүнтэй төстэй ажилладаг. Эхлээд тархины нэг хэсэгт хормын төдийд бий болж, дараа нь урт хугацааны санах ойд хадгалагдаж үлддэг. Үүнийг ой тогтоон хадгалах процесс буюу memory consolidation гэж нэрлэдэг.
Японы Киотогийн их сургуулийн судлаач Акихиро Гото, Ясунори Хаяаши нар гэрлийн тусламжтайгаар ой санамжийг удирдан хянах нейрон-оптик системийг үүсгэхээр судалгаа хийж байгаа талаар ‘’Science’’ сэтгүүлд дурджээ. Ингэхдээ хулганы тархины маш нарийн хэсгүүдэд удаан хугацааны санах ойг бий болгох гол механизм болох LTP /long-term potentation/ буюу урт хугацааны потенциацийг саатуулахын тулд оптогенетик гэх гэрэлт суурилсан генетикийн аргыг ашиглах техникийг боловсруулжээ. Туршилтад оруулсан хулгануудын тархинд ‘’adeno-associated virus’’ гэх ген дамжуулахад ашигладаг тариаг тарьснаар тэдний тархинд гэрэлд мэдрэг уураг болон протейний холимог үүснэ. Харин үүний дараа хулгануудын тархи гэрэлд өртөхөд тэрхүү үүссэн холимог нь идэвхтэй хүчилтөрөгч ялгаруулж, ой тогтоолтод чухал үүрэг гүйцэтгэдэг уургуудыг идэвхгүй болгодог байна. Үр дүнд нь LTP саармагжиж, хулганууд тариа тариулахаасаа өмнө сурсан байсан даалгавруудаа мартсан байжээ.

LTP нь мэдрэлийн үйл ажиллагаагаар синапс буюу нейронуудын хооронд мэдээлэл дамжуулах үүрэгтэй мэдрэлийн эсийн холбоог бэхжүүлж, санах ойг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Тархинд санах ой хэзээ, хаана үүсдэгийг аль эсүүд хэрхэн LTP-д хамрагдаж буйг судалж тогтоодог байна. Мансууруулах бодис болон согтууруулах ундааны нөлөөгөөр LTP түр тасалдаж болох боловч дээр дурдсан гэрлийн арга шиг тархины тодорхой хэсгүүдэд, тодорхой цагт нарийн хяналт хийж, мартагдуулж чаддаггүй.

Акихиро Гото энэ судалгааны санаагаа ‘’Men in Black’’ киноноос авсан гэж ‘’Science’’ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Уг кинонд агентууд гэрэл ашиглан ой санамжийг устгадаг. Харин Ясунори Хаяаши “Энэхүү технологи нь хүний тархины ой тогтоох процессийг эсийн түвшинд цаг хугацаа, байрлалаар нарийн тусгах боломжийг судлах эхлэлийг тавьсан. Цаашдаа сэтгэл зүйн эмгэг, гэмтлүүдийн эмчилгээний олон боломжийг нээнэ гэж найдаж байна” гэжээ.

Хэрвээ уншигч танд таагүй дурсамжаа ой санамжнаасаа арилгах боломж олдвол тэр боломжийг ашиглаж, бүр мөсөн арилгахыг хүсэх үү?