UBLife Logo
World News Day

Мэдээ, мэдээлэл бол бидний алдах ёсгүй гэрэл гэгээ

Мэдээ, мэдээлэл бол бидний алдах ёсгүй гэрэл гэгээ

Gereg & Ub.life-ийн редакц Дэлхийн редакторуудын форум байгууллагад гишүүнээр элссэний хувьд 2 дахь жилдээ Дэлхийн мэдээний өдөрт нэгдэж байна.

Бид Та бүхэнд энэ 7 хоногийн турш дэлхийн шилдэг авторуудын сэтгүүл зүйн тухай эргэцүүлэл нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.


Бранко Бркич, “Kontinuum” төслийн тэргүүн, “Daily Maverick” сонины хамтран үүсгэн байгуулагч

Олон хүний хувьд ирээдүй юу ч үл харагдах түнэр харанхуй болсон мэт санагдаж байгаа энэ үед Дэлхийн мэдээний өдөр тохиож байна. Энэ цаг үеийг тодорхойлвоос, бид тасралтгүй хувьсан өөрчлөгдөх, дэлхий нийтийг хамарсан тодорхойгүй байдал, гүн гүнзгий түгшүүр, итгэл найдваргүйн дунд амьдарч байна.

Бидний амьдрал улам бүр мэдээллээс хамаарах болж, зарим тохиолдолд бүхэлдээ мэдээллийг түшин оршиж байна. Харин мэдээллийн гол дэд бүтэц нь хэвлэл мэдээлэл юм.

Ус, эрчим хүч шиг бид зөвхөн аливаа үйлчилгээг тасалдах үед л үнэ цэнийг нь бүрнээ ойлгодог. Үүний адилаар найдвартай мэдээ мэдээлэл хомсдох цагт бидний өдөр тутмын амьдрал үүнээс ямар ихээр хамаарч байсныг ухаарна.

Хиймэл оюун бидний ирээдүйн чухал хэсэг мөнөөсөө мөн боловч бүх асуудлыг хормын төдийд шийдэх шидэт шийдэл биш билээ. Алгоритм хэзээ ч шаргуу сурвалжлагч, туршлагатай эрэн сурвалжлах сэтгүүлчийг орлож чадахгүй. Хүмүүс бид л амин чухал өөрчлөлтийг авчрах хүчтэй юм. Учир нь хүн л үнэний төлөөх тууштай тэмцлийн явцад өрөвдөх сэтгэл, ёс суртахууны үнэлэмжийг хадгалж чадах билээ.

Хуучны бүтэц нуран унаж, зарим нь эргэн нөхөгдөхгүйгээр үгүй болж буй энэ цагт сэтгүүлчдийн ажил өдрөөс өдөрт илүү төвөгтэй болж байна.

Энэ амь өрссөн цаг үед хэвлэл мэдээллийн үүрэг, өдөр тутмын хариуцлага, оршихуй нь хүртэл урьд урьдныхаас илүү амин чухал болжээ.

Бид одоо ч үнэнийг түгээгч хамгийн чухал элч хэвээр байна.

Хэрэв энэхүү эрхэм зорилгынхоо төлөөх амлалтыг цааш ганхалгүй үргэлжлүүлэхийг хүсвэл, бид ч бас ирээдүйн талаар гүн гүнзгий эргэцүүлэх шаардлагатай нүүр тулж ирлээ.

Нэгэнтээ ганхаж буй хөрсөн дээр баттай зогсохын төлөө хэвлэл мэдээллийнхэн бид өөрсдийн хүрч ажиллан, үйлчлэх ёстой уншигч, үзэгч, сонсогч нартайгаа илүү ойр байхын тулд харилцаагаа бэхжүүлэх ёстой.

Бид өнөөгийн цаг үеийг тулж ирээд буй бодит мөхлөөс зааглаж буй шугамын харуул байхын төлөө мэрийж байна.

Таныг энэхүү нийтлэлийг уншиж байх зуур сэтгүүл зүй хуучин ба шинэ ертөнцийн дунд дэнжигнэж байна. Нэг талаар түүхийн салшгүй хэсэг, нөгөө талаар хүний оршихуйг шинэчлэн бичиж буй өөрчлөлтийн хөдөлгүүр. Өөрчлөлтийг авчрах хүч атлаа өөрөө ч өнгөрсөн үеийн дурсгал төдийхөн болон үлдэх аюултай нүүр тулж байна.

Нэгэн цагт ашигтай, тогтвортой байсан бизнес өнөөдөр ирээдүй нь тодорхойгүй, хүндрэлтэй салбар болон хувирлаа. Удаан хугацаанд тогтвортой байсан бизнес загвар богино хугацаанд хуучирч, шинэ загвар хараахан олдоогүй хэвээр. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хаагдахад орон нутгийн иргэд хяналт, хамгаалагчгүй болно. Харанхуйд авлига гаарч, үнэнийг хамгаалах хүн улам цөөрнө. Бидний орлого тасалдаж, дарамт шахалт өдөр тутмын энгийн зүйл болон хувирч, урт хугацааны оршин тогтнол маань аюулд өртөж байна. Энэ цаг үед эдийн засгийн дарамт бараг бүх хэвлэл мэдээллийн хаалгыг тогшиж байна.

Автократ удирдагчид, технологийн “томчууд”, инфлюнсерүүд, бүхий л салбарынхан хэвлэл мэдээллийн гол хэрэглэгчид хэвээр атлаа, олонх нь түүний ач холбогдлыг үгүйсгэдэг. ‘Энгийн’ уншигчид мэдэхгүй байж болох ч, аливаа хэлэлцүүлэг, мэтгэлцээн, ойлголт, шийдвэр бүрийн цаана хэвлэл мэдээллийнхэн гол үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Олон арван жилийн турш сэтгүүл зүй нь дэлхий дахины ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, хүн төрөлхтний иргэншлийн суурь болон тогтож ирсэн дүрэмд суурилсан тогтолцоог бататган дэмжигчийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Энэ тогтолцоо нь урьд өмнө тохиож байгаагүй, жигд бус хүртээмжтэй байсан ч дэлхийн хөгжил, цэцэглэлийг бий болгож чадсан юм.

Бид хүний эрхийн зөрчил, зэвсэгт мөргөлдөөний аймшигт ул мөр, авлигын шударга бус явдлыг сурвалжлан мэдээлж, бүхий л алхмын туршид хамт байсаар байсан.

Гэхдээ энэ хуучин үе рүүгээ эргэн очих нь одоо тунчиг эргэлзээтэй болон хувирсан билээ. Технологийн алхам бүр бидний хамтын амьдралын суурь үндсийг өөрчилсөөр байна. Гэсэн ч, ямар ч ‘шинэ’ төрлийн иргэншил бүрдсэн бай, итгэл даахуйц мэдээлэл зайлшгүй хэрэгцээтэй суурь үнэт зүйл байсаар байх болно. Үүн дээр л бид тогтвортой ирээдүйг босгож чадна.

Хүн төрөлхтөн бид мэдлэг мэдээллээ дараагийн үедээ дамжуулж чадсанаар хөгжиж ирсэн. Мэдээлэл бол бидний бүтээсэн хамгийн чухал, хамгийн хүчирхэг технологи байж ч мэднэ. Гэхдээ бид сохроор дүүлэн нисэж, харанхуйд бүдрэн алхахдаа юуг ч бүтээж чадахгүй. Харанхуйд зөвхөн ардчилал төдийгүй бүхэл бүтэн иргэншил ч мөхдөг. Тиймээс энэ жилийн Дэлхийн мэдээний өдрөөр хэвлэл мэдээллийн гол мессеж нь зөвхөн нэг салбарын ажлын байрыг хамгаалах гээд байгаа тухай биш, хүн төрөлхтөн мянга мянган жилийн турш бүтээж босгосон зүйлсээ хамгаалах тухай яригдаж байна. Бидний иргэншил, үүх түүх тэмцлийн үнэ цэнтэй.

Сэтгүүлчдийн үнэмлэхүй олонх нь үнэний төлөө тэмцэж, нийгэмдээ үйлчлэх чимээгүй тангараг өргөдөг. Энэ ажил бидний амьдралыг утга учиртай болгоод зогсохгүй, ямар ч санхүүгийн бэрхшээл, зовлон байсан даваад гарах ариун үүрэг юм.

Үнэн ба итгэл найдвар бол ийм цаг үед хамгийн чухал зүйлс билээ.

Өөрийгөө хүндэтгэх хамгийн сайн арга бол мэдээлэл авах эх сурвалждаа няхуур хандаж, хэнд итгэхээ зөв сонгох явдал. Таныг дэмждэг хэвлэл мэдээллийг та ч бас дэмж. Захиал, хуваалц, үнэнийг хамгаал. Итгэл даахуйц сэтгүүл зүйг сонго. Учир нь түүнгүйгээр бид бүгдийг харанхуй нөмрөх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.