UBLife Logo
World News Day

Дэлхийн мэдээний өдөр | Та хиймэл оюуны тайлбарыг биш үнэнийг мэдэх эрхтэй

Дэлхийн мэдээний өдөр | Та хиймэл оюуны тайлбарыг биш үнэнийг мэдэх эрхтэй

Gereg & Ub.life-ийн редакц Дэлхийн редакторуудын форум байгууллагад гишүүнээр элссэний хувьд 2 дахь жилдээ Дэлхийн мэдээний өдөрт нэгдэж байна.

Бид Та бүхэнд энэ 7 хоногийн турш дэлхийн шилдэг авторуудын сэтгүүл зүйн тухай эргэцүүлэл нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.


Лиз Корбин, Европын өргөн нэвтрүүлгийн холбооны Мэдээний албаны дарга. 

Винсент Пэйрэнэ, Дэлхийн мэдээ нийтлэлчдийн холбооны Гүйцэтгэх захирал 

Бид бүгд биднийг тойрон хүрээлж буй ертөнцийг ойлгохыг эрмэлздэг. Магадгүй Газын зурвас дахь дайны талаар, эсвэл бидний эрүүл мэндийн төлөө засгийн газар маань юу хийж байгааг тодорхой мэдэхийг хүсч байж болох. Зүгээр л бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөх автобусны чиглэл өөрчлөгдөх гэж буй тухай мэдээ ч байж болно. Энгийн ч бай, чухал асуудал ч бай бид итгэж болох үнэн, бодит мэдээллээр хангагдах эрхтэй. Хүн бүр олон нийтийн сүлжээн дэх ханаа гүйлгэж байгаад гайхширал төрүүлсэн бичлэг, хуваалцахгүй байхын аргагүй цочирдом мэдээлэлтэй таарч байсан байх. Харин одоо бид тэдгээр мэдээллүүд үнэхээр бодит уу, эсвэл хиймэл оюунаар бүтээсэн зохиомол зүйл үү гэдгийг ялгах шаардлагатай тулгарч байна. 

Хиймэл оюунаар бүтсэн аливаа мэдээлэл, зураг бичлэгүүд маш үнэмшилтэй болохын зэрэгцээ бидний хүлээн авч буй мэдээ, мэдээллийн дийлэнхийг бүрдүүлж байгаа нь цаашдаа хэн ч, юунд ч итгэж чадахгүй болох эрсдлийг дагуулж байна. Итгэлцэл үгүй болсон нийгэмд аливаа хуйвалдаан, зөрчил хагарал үүсэхээс гадна ардчилалд итгэх итгэл ч суларна. Гэтэл бидний дэлхий ертөнцийг ойлгоход туслах л үүрэгтэй байсан технологиуд “мэдээ” гэх ойлголтын баталгаатай үнэн байдлыг сүйтгэсээр.

Энэ удаагийн “Дэлхийн мэдээллийн өдөр”-өөр бид дэлхий даяар буй сэтгүүлчид, тэдний ажилладаг байгууллагуудын эрэн хайж, нягталж, түгээж буй мэдээ мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. 

Гэсэн хэдий ч олон сая хүмүүсийн өдөр бүр ашигладаг хиймэл оюуны системийг бүтээдэг технологийн компаниуд үнэний өмнө хүлээсэн хариуцлагаа хангалттай биелүүлэхгүй байна. 

Энэ жил BBC-ийн анхлан хийсэн судалгаагаар хиймэл оюуны тусламжтай боловсруулсан мэдээнүүдийн тал нь чухал баримт мэдээллийг орхигдуулж, тодорхой алдаануудыг гаргадаг болох нь тогтоогдсон байна. Тэдний туршсан хиймэл оюуны хэрэглүүрүүд тогтмол буруу мэдээлэл үүсгэж, зохиомол эсвэл алдаатай эшлэл оруулж, мэдээллийн гол утга санааг алдагдуулж, эх сурвалжийг дурдалгүйгээр аливаа мэдээг товчлох, агуулгыг өөрчлөх зэрэг алдааг гаргаж байжээ. 

Хиймэл оюун цаг хэмнэдэг, ирээдүйд сайжирна, жижиг алдаа гаргалгүй л яахав гэж нүдээ аниад өнгөрөөж болно. Гэхдээ бид зүгээр л хоолны жор, аялал төлөвлөх зэрэг энгийн зүйлсийн талаар ярьж байгаа юм биш. Үнэн гэж юу болох талаар нийтлэг ойлголт тааруу нийгэмд хүмүүс баримтад суурилсан шийдвэр гаргаж чадахгүй байгаа учраас ардчилал эрсдэлд ороод байна. Мөн хараат бус, үнэн бодит сэтгүүл зүйн үйл ажиллагааг зориуд гуйвуулж гажуудуулсан худал мэдээг шүүлтүүргүй хүлээж авдаг хүмүүс хортой мэдээллийн урсгал, тархи угаалтад живж болзошгүй. 

Интернэт аль хэдийн худал хуурмаг мэдээллээр дүүрэн, хүмүүсийг төөрөгдүүлээд ч болов их хандалт авахыг эрмэлзсэн, хувийн ашиг сонирхлын төлөөх орон зай болсон энэ үед дээр дурдсан аюулууд холын зүйл биш болсон. Хиймэл оюунаар үүсгэсэн төөрөгдөм гарчиг, хуурамч дуу хоолой, нүүр царай зэрэг нь мэдээллийн урсгалд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд ихэвчлэн хэн хийсэн нь болон эх сурвалж тодорхойгүй байдгаас эдгээр хуурамч мэдээлэлд хариуцлага тооцох боломж хомс байдаг. 

Олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн мэдээллийг түгээдэг хараат бус сэтгүүлчдийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр тусгай алгоритм ашиглаж дахин боловсруулахдаа утга санааг нь алдагдуулж тараах явдал ихсэж байна. Энэ үзэгдэл бидний мэдэх илт худал мэдээлэл, deepfake зураг бичлэгүүдээс ч ноцтой аюул дагуулж байж мэдэх юм. Учир нь  үл анзаарагдах жижиг алдаа, өөрчлөлтөөр дүүрэн тэдгээр мэдээнүүдэд хүмүүс итгэх магадлал илүү өндөр. Бидний итгэж болох найдвартай мэдээллийн эх сурвалжуудыг зориуд сүйтгэж буй энэ үзэгдэл аль хэдийн буурчихсан олон нийтийн итгэл үнэмшлийг улам бүр шавхаж байна. Тэгэхээр бид юу хийж болох вэ? 

Европын өргөн нэвтрүүлгийн холбоо болон Дэлхийн мэдээ нийтлэгчдийн холбоо (WAN-IFRA) нь дэлхий даяарх мянга мянган мэргэжлийн сэтгүүлч, редакцуудыг төлөөлдөг бусад хөгжин буй байгууллагуудтай хамтран хиймэл оюуны салбарын компаниуд хэвлэл мэдээллийн салбарынханд гаргаж буй хандлагаа даруй өөрчлөхийг уриалж байна. 

Бидний төлөөлдөг олон хэвлэл мэдээллийн байгууллага редакцын бодлого, үнэн шударга байдлаа алдагдуулахгүйгээр, сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд хиймэл оюуныг хариуцлагатайгаар ашиглаж байна. Жишээлбэл, орчуулгыг автоматжуулах, ташаа мэдээлэл баримтыг илрүүлэх, эсвэл хэрэглэгчдэд тохирсон контентийг санал болгох гэх мэт. Тэд ийнхүү хиймэл оюуныг ашиглахдаа зарчимч, ил тод, няхуур байхыг чухалчилдаг. 

Тиймээс бид хиймэл оюуны салбарын компаниудад тавьж буй таван тодорхой шаардлагаа танилцуулж байна. Эдгээр нь хэт туйлширсан бус, ёс зүйтэй технологи хөгжүүлэгчдийн хэрэгжүүлж, дагаж мөрдөх боломжтой, энгийн шаардлагуууд юм. 

1. Аливаа контентийг зохиогчийн зөвшөөрөлгүй ашиглахгүй. Хиймэл оюуны системүүд аливаа мэдээ, контентийг зөвшөөрөлгүй ашигладаг байхаар бүтээгдэх ёсгүй. Учир нь мэдээ, контент бол олон цагийн нягт нарийн хөдөлмөрийн үндсэн дээр, олон нийтийн итгэл үнэмшилд тулгуурлан бүтдэг оюуны өмч юм. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг ашиглах нь нэг ёсны дээрэм бөгөөд тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж буй хэрэг болно. 

2. Үнэ цэнийг хүндэтгэх. Чанартай, мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл үйлдвэрлэхэд их нөөц бололцоо шаарддаг ч нийгмийн сайн сайхны төлөө байх нь чухал. Хиймэл оюуны системүүд тэдгээрээс ашиг олж байгаа бол контент бүтээгчдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх ёстой. 

3. Ил тод байх. Хиймэл оюунаар үүсгэсэн аливаа мэдээ, контент эх сурвалжуудыг тодорхой дурдаж, холбоосыг оруулах. Баримт, эшлэл зүүлт үнэн бодит байх ёстой. Олон нийт мэдээлэл хаанаас гаралтай, эх хувилбараасаа хэр зэрэг ялгаатай эсэхийг мэдэх эрхтэй. 

4. Олон талт байдлыг хамгаалах. Хиймэл оюуны системүүд олон талт, бие даасан, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн сэтгүүл зүйг дэмжих ёстой. Бат бөх, эрүүл мэдээллийн орчныг бий болгохын тулд нийгэм дэх ялгаатай олон бүлгийг төлөөлөх мэдээ, контент чухал үүрэгтэй. 

5. Хамтран ажиллах. Бид хиймэл оюуны салбарын компаниудыг сэтгүүл зүйтэй нээлттэй, нухацтайгаар хамтран ажиллахыг уриалж байна. Ингэснээр үнэн зөв, аюулгүй, ил тод стандартыг хөгжүүлж чадна. Технологийн компаниуд сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өгөгдлийн эх үүсвэр бус хамтрагчаа гэж үзэх ёстой. Энэ бол олон нийт амьдралдаа нөлөөлөх чухал шийдвэрүүдийг үнэн бодит, найдвартай мэдээлэл дээр үндэслэн гаргах, өөрийн итгэл үнэмшлээр үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөт сонголт хийх эрхтэй холбоотой сорилт юм. 

Технологийн компаниуд итгэлцлийн талаар их ярьдаг ч итгэлцэл зөвхөн яриан дээр тогтдоггүй. Бид хиймэл оюуны хувьсгалыг удирдан залж буй салбарын манлайлагчдыг энэ асуудлыг яаравчлан шийдвэрлэхэд уриалж байна. Тэдэнд хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйг тодорхойлох хүч бий. Гэвч тэд бүтээсэн технологийнхоо алдаа дутагдал болон болзошгүй үр дагаврыг нухацтай авч үзэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Хэрэв үүнийг засаж залруулах доривтой арга хэмжээг яаралтай авахгүй бол хиймэл оюун зөвхөн төөрөгдүүлсэн мэдээ бүтээгээд зогсохгүй олон нийтийн аливаад итгэх итгэлийг үгүй хийнэ. Энэ нь бид бүхний хувьд маш ноцтой, сүйрэл авчрахуйц сөрөг үр дагавартай мэдээ болох болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.