Аймшгийн төрлөөр туурвидаг, Стивен Кингээс өөр олон зохиолч бий. Тэдний заримынх нь бүтээл Кингийн номоос илүү аймшигтай байдаг. Үүнээс зургааг нь сонгон авч танилцуулъя.
Стивен Грэм Жонс
Америкийн уугуул иргэдийн төлөөлөл Жонс уран зөгнөл, аймшгийн төрлөөр бичээд удаж байна. Одоо 50 настай тэрээр 22 ном гаргасан бөгөөд олон төрлийг хоронд нь хольж сүлэхдээ гарамгай. Аймшгийн бүтээлд олгодог Брэм Стокерын шагналыг хэд хэдэн удаа авч байсан.
“The Only Good Indians” Стивен Жонс

Дөрвөн багын найз жил бүр уулздаг уламжлалтай. Тэд буга агнаж, ирэх жилийн уулзалт болтол ан аваа мартана. Жирийн нэг ан, онцгой юм үгүй. Гэвч энэ удаад нэг л биш. Арван жил өнгөрлөө. Ямар нэг юм тэднийг мөрдөөд ч байх шиг. Өс хонзонгоо авах гэсэн юм болов уу.
Жо Хилл
“Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэсэн үг бий. Жо Хилл бол Стивен Кингийн хүү. Аавыгаа дуурайгаад аймшгийн зохиолч болсон юм. Гэхдээ түүний бичих арга маяг эцгээсээ огт өөр. Аавынхаа сүүдэрт дарагдахгүйн тулд тэр нэрээ хүртэл өөрчилсөн. Жинхэнэ нэр нь Жозеф Хиллстром Кинг. Брэм Стокерын шагнал, British Fantasy Award, International Horror Guild Award, World Fantasy Award гээд олон шагнал хүртэж явсан. Нэлээд хэдэн ном нь кино болон үзэгчдийн хүртээл болжээ.
“NOS4A2” (Nosferatu) Жо Хилл

Виктория багадаа нэгэн дугуйтай байлаа. Унаад л хүссэн газартаа очно. Нэг удаа тэр өөрөөс нь гадна ийм унадаг дугуйтай хүн байдгийг олж мэднэ. Мэгги Ли гэгч эмэгтэй түүнд NOS4A2 дугаартай, хүүхэд хулгайлдаг Роллс-Ройс хар машинтай сүнсний тухай ярьж өгнө. Машиныг мөрдөх гэж оролдох боловч дугуйгаа алджээ. Том болоод тэр үеэ хүүхдийн зөгнөл байж гэж бодох ч сүнс эргээд ирсэн байв.
Грейди Хендрикс
Америкийн зохиолч. Сэтгүүлчээр Playboy, Slate, The New York Post, Variety-д ажиллаж байв. Мөн The New York Sun сонины кино шүүмжлэгчээр ажиллаж байжээ. 2012 оноос аймшгийн төрлөөр бичиж, 2016 онд гаргасан “My Best Friend's Exorcism” ном нь уншигчдын анхаарлыг ихэд татсан юм. 2022 онд энэ номоор кино хийжээ.
“My Best Friend's Exorcism” Грейди Хендрикс

1988 он. Эбби, Гретхен гэсэн хоёр багын найз охин их сургуульд суралцаж байв. Нэгэн хүлээн авалт дээр Гретхен ойд алга болоод ирэхдээ төөрчихлөө гэж хэлнэ. Энэ өдрөөс хойш тэр эрс өөрчлөгдөж, маш ууртай болох бөгөөд түүний байгаа газар хачирхалтай зүйлүүд тохиолдох болно.
Алма Катсу
Америкийн зохиолч эмэгтэй. Алма 29 жил тагнуул, гадаад улс төрийн салбарт холбооны ажилтан байсан нь сонирхолтой. Нэг хэсэг RAND Corporation-д улс төрийн ахлах шинжээч хүртэл болж байв. Уран зөгнөлт аймшиг бичдэг. Түүний анхны роман “The Taker” оны шилдэг шинэ 10 номд багтаж байлаа. Түүний бүтээлүүд дэлхийн арван хэлээр орчуулагдаж, бараг бүх оронд зарагдаж байна.
“The Hunger” Алма Катсу

1846 он. Жеймса Доннер тэргүүтэй 90 хүн амьдралаа сайжруулахаар Калифорни явна. Энэ аялал ямар аймшигтай, олон хүний амийг авч одохыг тэд мэдээгүй юм.
Сильвия Морено-Гарсия
Канадын зохиолч эмэгтэй Сильвия Мексикт төрж, өссөн. 2004 онд Канадад шилжин суурьшжээ. Мексик маягийн аймшиг. Богино өгүүллэг, туужаар гараагаа эхэлж, удалгүй World Fantasy Award зэрэг олон шагнал хүртсэн зохиолч.
“Gods of Jade and Shadow” Сильвия Морено-Гарсиа

1929 онд Мексикт Касиопея нэгэн авдар нээснээр түүх эхэлдэг. Хаан титэм, өс хонзон гээд адал явдал дүүрэн.
Жош Малерман
Жош бол уран зөгнөл, аймшгийн төрлөөр бичдэг зохиолч төдийгүй The High Strung рок хамтлагийн дуучин, хөгжимчин хүн. Тавдугаар ангид байхдаа утга зохиол оролдож, 2014 онд анхны “Bird Box” номоо хэвлүүлжээ. Энэ ном тэр дороо л бестселлер болж, Брэм Стокерын шагналд нэр дэвшин, Мичиганы утга зохиолын шагнал хүртсэн. Удалгүй Netflix кино хийсэн юм.
“Bird Box” Жош Малерман

Тэр чамайг гадаа хүлээж байна. Тэр бол маш аймшигтай, харж болохгүй зүйл. Энэ мангасыг харсан хүн болгон үхдэг, галзуурдаг. Дэлхий сөнөж, хүн төрөлхтөн хаашаа ч юм алга болжээ. Хайх уу?