Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналын эзнээр Унгарын зохиолч Ласло Краснахоркаи тодорлоо. Түүнд соёл иргэншлийн сүйрлийн аймшгийг зөгнөсөн энэ үед урлагийн хүч чадлыг дахин дахин нотолж, баталж харуулсан алсын хараатай, сайхан бүтээлийнх нь төлөө шагнал олголоо гэж Нобелийн шагналын хорооноос мэдэгдсэн.
Ласло Краснахоркаи 1954 онд Унгарын зүүн өмнөд хэсэгт орших Дьюла хэмээх жижигхэн хотод төрсөн. Энэхүү алс бөглүү нутаг нь 1985 онд хэвлэгдсэн түүний анхны роман болох “Sátántangó” буюу “Шулмын танго” зохиолын үйл явдал өрнөдөг газар болсон юм. Энэ ном Унгарт жинхэнэ сенсаац болж байлаа. Ласло нэгэн ярилцлагадаа “Үнэндээ би ганцхан ном бичихийг хүссэн. Тэгээд дараа нь өөр зүйл, ялангуяа хөгжим оролдох гэж байсан” гэж ярьсан байдаг. “Sátántangó” зохиолд коммунист Унгарын мөхөж байгаа нэгэн тосгонд Иримиас хэмээх олон жилийн өмнө үхсэн гэгдэж байсан хүн буцан ирнэ. Тэрээр шинэ сайхан амьдрал амлаж, хөдөөгийн иргэд итгэж байгаа талаар дүрсэлсэн. Арван жилийн дараа энэ зохиолоор найруулагч Бела Тарр 7,5 цагийн урт кино хийсэн нь ихэд алдаршжээ.

Анхны номоосоо л Ласлогийн гол сэдэв нь сүйрэл, зогссон цаг хугацаа, хямрал, уналт байлаа. Түүний хэв маягийг Николай Гоголь, Сэмюэл Беккет, Франц Кафка нартай зүйрлэдэг.
“Би Кафкаг уншаагүй үедээ Кафкаг боддог. Кафкаг бодоогүй үедээ түүнийг санаж, гунигладаг. Хэрэв би Кафкаг бага ч гэсэн бодвол номыг нь гаргаах ахиад уншдаг” гэж тэр ярьж байлаа.
2015 онд Краснахоркаи олон улсын утга зохиолын Букер шагналын эзэн болсон. Түүний уран бүтээлд гадаад хэлээс гадна аялал их нөлөө үзүүлжээ. Ласло коммунист Унгараас 1987 онд анх гарч, Баруун Германд нэг жил амьдарсан. 1990 онд Зүүн Азиар аялсан нь түүний уран бүтээлд том нөлөө үзүүлсэн байна. Ялангуяа Монгол, Хятадад ирсэн нь бүтээж туурвих хүслийг нь асаасан гэдэг. Монголд тэрээр “Az urgai fogoly” буюу “Өргөө хотын хоригдол” номынхоо санааг олсон юм.

Ласло Краснахоркаи 71 настай. Аав нь өмгөөлөгч, ээж нь Нийгмийн хамгаалалтын яаманд ажилладаг байжээ. Ласло Сегед хотын хуулийн их сургуульд суралцаж, 1978 онд Будапештын их сургуулийн унгар хэл, утга зохиолын ангид элсэж, 1983 онд төгссөн. Одоо Германы Берлинд амьдардаг.
1901 оноос эхлэн Нобелийн утга зохиолын шагналыг 117 удаа олгоход 121 зохиолч хүртсэн. Үүн дотор 18 эмэгтэй зохиолч бий. Хамгийн залуу шагналтан нь Редьярд Киплинг. Тэрээр утга зохиолын Нобелийн шагнал 1907 онд авахдаа 41 настай байлаа. Харин 2007 оны шагналын эзэн Дорис Лессинг 87 настайдаа авч байсан билээ. Нобелийн утга зохиолын шагналыг 1914, 1918, 1935, 1940, 1941, 1942, 1943 онуудад долоон удаа олгоогүй. Хоёр хүн тус шагналаас татгалзсан. Борис Пастернак 1958 онд шагналыг хүлээн авсан ч ЗХУ-ын Засгийн газрын шахалтаар татгалзсан. 1964 онд Жан-Поль Сартр шагналыг хүлээн аваагүй. Сартр албан ёсны ямар ч шагнал авдаггүй хүн байлаа.
Нобелийн утга зохиолын шагналтнууд
2024: Хан Ган (БНСУ)
2023: Юн Фоссе (Норвеги)
2022: Анни Эрно (Франц)
2021: Абдулразак Гурна (Танзан)
2020: Луиза Глюк (АНУ)
2019: Петер Хандке (Австри)
2018: Ольга Токарчук (Польш)
2017: Казүо Ишигүро (Их Британи)
2016: Боб Дилан (АНУ)
2015: Светлана Алексиевич (Беларусь)
2014: Патрик Модиано (Франц)
2013: Элис Манро (Канад)
2012: Мо Янь (Хятад)
2011: Томас Транстремер (Швед)
2010: Марио Варгас Льоса (Перу)
2009: Герта Мюллер (Герман)
2008: Жан-Мари Ле Клезио (Франц)
2007: Дорис Лессинг (Их Британи)
2006: Орхан Памук (Турк)