Мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн ёкозүна Ооносатогийн ялалтаар өндөрлөлөө. Ирэх 11 дүгээр сарын 9-нд Фүкүокад Кюүшюү башё эхлэх хуваарьтай байгаа. Өнөөдөр сүмо бөхийн холбооноос Жюүрёо зиндаанд дэвших бөхчүүдийн нэрийг танилцуулсан. Харин үлдсэн банцүкэг аравдугаар сарын 27-нд зарлах юм.

Бид хоёр ёкозүна, нэг озэкитойгоор 2025 оноо дуусгах нь тодорхой болсон. Харин санякү буюу комүсүби, сэкивакэ нарт ихээхэн өөрчлөлт гарах нь. Дөрвөн санякү дотор ганцхан бөх 50 хувийн амжилт үзүүлсэн нь Украины комүсүби Аонишики. Бүр 11 давсан гэж байгаа. Тэрээр ирэх башёд Украины анхны сэкивакэ цолтой барилдах нь ойлгомжтой. Сэкивакэ болоод зогсохгүй дахиад арваас дээш давбал нэгдүгээр сард озэки ч болох боломжтой. Харин үлдсэн гурав буюу Вакатакакагэ, Киришима хоёр хоёулаа 6 давж, 9 унасан. Зүүний комүсүби Такаясү 7 даваа, 8 унаатай. Ингэхээр Вакатакакагэ, Киришима хоёр маэгаширад буух болно. Маэгаширагийн барууны 2 дээр 10 ялсан Оохо, зүүний 7 дээр 12 давсан Таканошёо хоёр санякүд буцаж ирэх шинжтэй. Харин 7 даваатай, зүүний комүсүби Такаясү баруун комүсүбид үлдэх үү, маэгаширагийн зүүний 2 дахь бөх Хакүоохо барууны комүсүбид дэвших үү гэдэг холбоо шийднэ. Сүүлийн үеийн чиг хандлагаас харахад Такаясү үлдэх болов уу гэж таамаглахаар байна.

Макүүчи зиндаанаас хэн унах, жюүрёо зиндаанаас хэн дэвших вэ гэдэг сонирхолтой. Намрын тэмцээнийг бүтэн өнжсөн маэгаширагийн зүүний 12 дахь бөх Такэрүфүжи, хоёрхон давсан маэгаширагийн барууны 16 бөх Нишикиги, 7 даваатай барууны 17-гийн Хитоши нар жюүрёод буух болов уу. Эсрэгээр нь жюүрёогоос дээд зиндаанд дэвших боломжтой бөх тав байна. Макүүчид гарах боломжийнх нь дагуу жагсааж үзвэл 11 даваатай барууны 3 дахь бөх Нишикифүжи, барууны тэргүүн жюүрёо Оошёоүми, барууны 2 дээр 9 ялсан Чиёошёома, барууны тав дээр 10 давсан Фүжисэйүн, 13 даваатай жюүрёод түрүүлсэн, барууны 11 дэх бөх Асахакүрюү нар юм. Фүжисэйүн, Асахакүрюү хоёр давааны тоогоор дээд зиндаанд дэвших боломжтой ч энэ удаад арай л үгүй байх.

Маэгаширагийн барууны 17-д бичигдсэн Хитоши сүүлийн өдөр Мэйсэйг давсан тул дээд зиндаандаа үлдэж болох л юм. Тэгвэл Чиёошёомагийн дахин дээд зиндаанд гарах нь хэцүү болно.
Намрын тэмцээнд дээд зиндаанд байсан цорын ганц Аомори мужийн уугуул бөх Такэрүфүжи гэмтлээр барилдаагүй. Аомори муж 1883 оноос хойш тасралтгүй дээд зиндаанд бөхтэй байсан, бөхийн өлгий нутаг. Такэрүфүжи жюүрёод унах нь тодорхой болсон ч оронд нь Аомори мужийн уугуул Нишикифүжи макүүчид дэвшиж байна. Ингэснээр тус мужийн рекорд ямар ч гэсэн тасрахгүй үргэлжлэх боллоо.