UBLife Logo
АЛХАМ 2.0
АЛХАМ 2.0 | “Ажлын эхний 120 хоногийг хэрхэн амжилттай төлөвлөх вэ?”

АЛХАМ 2.0 | “Ажлын эхний 120 хоногийг хэрхэн амжилттай төлөвлөх вэ?”

Ажилд орсон эхний өдрөө төсөөлмөгц догдлохын зэрэгцээ юу хийхээ мэдэхгүй жаахан түгшээд, ширээнийхээ ард чимээгүйхэн сууж байгаа мөч санаанд бууж байна уу? Шинэ эхлэл бүр сорилт, адал явдлаар дүүрэн байдаг. Их сургуулиа төгсөөд хөдөлмөрийн зах зээлд, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуус шинэ орчин, уур амьсгалд дасан зохицох хүртлээ өмнө үзэж, мэдэрч байгаагүй олон давааг туулах шаардлагатай тулгардаг. Энэ талаар буюу “Ажлын эхний 120 хоногийг хэрхэн амжилттай төлөвлөх вэ?” сэдвийн хүрээнд HR Consulting фирмийн гүйцэтгэх захирал Ш.Баярмагнай оюутан, залууст илтгэл тавьж, зөвлөгөө, туршлагаасаа хуваалцлаа. 

Энэ арга хэмжээг МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээ, “АЮФ Франкофон” хамтын ажиллагааны төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд зочин илтгэгчээр Франц улсын Сорбоны их сургуулийн профессор Гаэл Лаказ уригдан ирж, Франц дахь монгол судлалын талаар яриа өрнүүлсэн юм. 

“Сайн, зөв зүйлтэй л дасан зохицох ёстой”

HR Consulting фирмийн гүйцэтгэх захирал Ш.Баярмагнай

“Хүн амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг учраас сэтгэл зүйн тогтвортой, аюулгүй байдал хамгийн чухал. Ажлын байр гэдэг үргэлж аз жаргалтай орчин байх боломжгүй. Яагаад гэвэл өдөр бүр олон янзын хүмүүстэй төрөл бүрийн харилцаанд ордог тул хүнээс дасан зохицох чадварыг шаарддаг. Гэхдээ сайн, зөв зүйлтэй л дасан зохицох ёстой. Ажилд орохоосоо өмнө хөдөлмөрийн харилцааны тодорхой хэмжээний мэдлэгтэй байж, өөрийнхөө эрх бас үүрэг юу байх ёстойг ухамсарласнаар ажилд орсны дараа тулгарах саад бэрхшээлүүдийг хүндрэлгүй даван туулж чадна. Анх ажилд орж байгаа оюутнууд бол цэг ч тавиагүй цагаан цаас. Тэр цаасан дээр эхнээсээ буруу зүйл бичээд эхэлбэл юу болох нь ойлгомжтой. Тиймээс анхны ажлын байраа зөв сонгох нь чухал. Зөв харилцаа хандлагатай, чадварлаг удирдлагаас л сайн мэргэжилтнүүд төрдөг.”

Түүний хувьд “Зориг сан”-гаас хэрэгжүүлдэг “Залуу манлайлал” хөтөлбөрийн 2012 оны оролцогч. Энэхүү илтгэлээрээ ажлын байраа зөв сонгох, сэтгэл зүйгээ бэлдэх зэргээс эхлээд хууль эрх зүйн хүрээнд шинэ ажилд орох гэж буй цагаасаа эхлэн анхаарах ёстой зүйлс, ажил эрхлэгчийн эрх үүргийн талаар чухал ач холбогдолтой зөвлөгөөг оюутнуудад өгсөн юм.

Ажилд орохоос өмнө: Зөв соёлыг сонгох

  • Судалгаа хий: Ажилд орохоор зэхэж буй байгууллагынхаа цахим хуудас, танилцуулгыг уншиж, ямар үнэт зүйлтэй, эрхэм зорилготой байгууллага болох талаар судлах.

  • Ажилтнуудтай холбогд: LinkedIn эсвэл бусад сүлжээгээр тухайн компанид ажилладаг хүмүүсээс ажлын уур амьсгал, шийдвэр гаргалт хэрхэн явагддаг талаар асуух.

  • Ярилцлагын үеэр ажигла: Оффисын хувцаслалт, хүмүүсийн харилцаа, ярилцлага авч буй хүний биеэ авч яваа байдлыг анзаар. Ажлын цагаас гадуур ажиллах шаардлага гардаг эсэхийг асууж тодруулах. 

  • “Яагаад” гэж асуу: Ярилцлагын үеэр тэдний үнэт зүйлс бодит байдалд хэрхэн хэрэгждэг талаар асуух. Жишээлбэл, “Танай компани инновацид хэрхэн ач холбогдол өгдөг вэ? Сүүлд ямар шинэ санааг хэрэгжүүлсэн бэ?” гэх мэт асуулт тавьж болно.

Ажилд орсны дараа: Эрх үүргээ мэдэх, түүнийхээ дагуу ажиллах

HR Consulting фирм өнгөрсөн жил 2700 хүнийг хамарсан “Ажлын байран дээрх уур амьсгалыг таагүй болгодог хүчин зүйлс” сэдвээр судалгаа хийжээ. Оролцогчдын дийлэнх нь буюу 371 оролцогч “ойлгомжгүй, хоорондоо уялдаагүй олон төрлийн ажил үүрэг” гэж хариулжээ. Тиймээс шинэ ажилд ороод хамгийн түрүүнд танилцах шаардлагатай зүйл бол ажил үүргийн хуваарилалт, хөдөлмөрийн гэрээ юм. 

“Тайван, дулаан мэдрэмж авдаг, үүргээ биелүүлэхийн зэрэгцээ эрхээ ч бас зохих ёсоор нь эдлэх боломжоор хангагдсан газар ажиллах хэрэгтэйг ойлгосон”

МУИС-ийн Франц орон судлал хөтөлбөрийн III ангийн оюутан Б.Хулан:

Би 11-р ангийн сурагч байхаасаа хойш фэйсбүүкээс, эсвэл ажлын зарын сайтуудаас цагийн ажлууд олж, хийдэг байсан. Энэ хугацаанд дөнгөж ажилд орохоос эхлээд ажлаасаа гарах хүртэл, магадгүй дараа нь ч хөдөлмөрийн гэрээ гэдэг хамгийн чухал зүйл юм байна гэдгийг ойлгосон. Хэдий богино хугацаанд ажиллаад гарах цагийн ажил байсан ч ажил үүргийн хуваарилалтыг зөв, тэгш гаргаж өгдөг, сэтгэл зүйн хувьд дарамт мэдрүүлдэггүй газар ажиллах нь чухал. Бид нар нас залуу байгаа учраас олон өөр газар өөр хүмүүстэй ажиллаж үзэх нь тодорхой. Гэхдээ ажлын байрнаасаа тодорхой хэмжээнд тайван, дулаан мэдрэмж авдаг, үүргээ биелүүлэхийн зэрэгцээ эрхээ ч бас зохих ёсоор нь эдлэх боломжоор хангагдсан газар ажиллах хэрэгтэйг энэ сургалтаас ойлголоо. 

“Ажил олгогчийнхоо тавьсан шаардлагад л нийцэх хэрэгтэй гэж боддог байсан.”

МУИС-ийн Франц орон судлал хөтөлбөрийн I ангийн оюутан Б.Халиун:

Өмнө нь ажлын ярилцлагад орохдоо ажил олгогчоосоо юм асуух нь буруу, бараг л асуулт асууж болохгүй гэж боддог байлаа. Энэ хүн намайг ажилд авж байгаа л юм чинь тавьсан шаардлагад нь л нийцэх хэрэгтэй гэсэн ойлголттой байсан. Гэтэл би ч бас энэ байгууллагад ажиллаж байгаа юм чинь миний ч бас сэтгэл ханамж, тав тухтай байдал хамаатай юм байна гэдгийг энэ сургалтаас ойлголоо. Ажилд орохдоо заримдаа гэрээ ч хийхгүй, хэрвээ гэрээ хийвэл хоёр, гурван хуудас гэрээ байхад хүртэл уншиж танилцах ч үгүй шуудхан гарын үсэг зурчихдаг байсан. Тэгэхээр цаашдаа мэргэжлээрээ ажиллаж эхлэхдээ, эсвэл өөр цагийн ажил хийхээр болсон ч хөдөлмөрийн гэрээ гэдэг зүйл дээр их нухацтай хандах хэрэгтэйг мэдэж авлаа. 

Суурийг нь бат бэх тавьсан барилга илүү олон жилийн настай байдаг шиг ажилд орж, амьдралын анхны алхмаа хийхдээ өөрийгөө олон талаас нь сайн бэлтгэж, чамбай төлөвлөснөөр баргийн сорилтод бүдрэлгүй, карьерийнхаа эхлэлийг зөв тавьж чадах юм шүү. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Халиуны найз\47.129.189.111
Б.Халиун маш зөв зүйл ярьсан байна.Францийг судлаад өгөөрэй.