“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэх болно.
Бид алхам тутамдаа сонголт хийх хэрэгцээ шаардлагатай тулгардаг. Ахлах ангид орохтой зэрэгцэн мэргэжил сонголт гэх томоохон сонголт шийдвэрийг гаргаж, нэг л мэдэхэд их сургуулиа төгсөөд хаана, ямар ажил хийх вэ гэсэн асуултын хариултыг эрж хайх цаг ирсэн байдаг. Энэ асуултын хариултыг олохоос өмнө ажилд ороход тодорхой хэмжээнд өөрийгөө бэлдсэнээр ирээдүйд ажлын байрны орчинд тулгарч магадгүй асуудлуудыг илүү хялбар даван туулахаас эхлээд олон ач тустай.
Ажил амьдралын гараагаа, карьераа эхлүүлэхээр зэхэж буй оюутан, залуустаа зориулан ажилд ороход өөрийгөө бэлдэх арван зөвлөгөөг хүргэе.
1. Шинэ эхлэлд сэтгэл зүйгээ бэлтгэх
Их дээд сургууль төгсөгчид, ажил идэвхтэй хайж, ажилд орохоор зэхэж буй бүх насныханд тохиолддог зүйл бол ажил хайх явцад тохиолддог сэтгэл санааны тавгүйтэл, стресс юм. Ямар үр дүнд хүрэх нь тодорхой бус байнгын хүлээлт нь сэтгэл санааны хувьд тогтворгүй байдал үүсгэж байдаг. Эргэлзээ тээнэгэлзэл, өөрийгөө голох зэрэг сэтгэл хөдлөлүүд бүх хүний мэдэрч, даван туулдаг зүйл тул өөрт төрж буй мэдрэмжээ битгий буруутгаарай. Ажил хайхаас эхлээд ажилд орох хүртэл хугацаанд тулгарах сорилт бүр туршлага болж үлдэх тул бүү шантраарай.

2. CV таны толь
Шинэ хүмүүстэй уулзаж, танилцахад анхны сэтгэгдэл маш том нөлөө үзүүлдэг. Харин ажил олгогчид тантай өмнө нь уулзаж байгаагүй бол CV-ээр дамжуулж таны талаар төсөөлөл, сэтгэгдлийг авна. Хэн ч харсан таны талаар хангалттай мэдэж, ямар ур чадвар, хандлагатай хүн бэ гэдгийг илэрхийлж чадахуйц цэгцтэй, тодорхой CV-тэй байх нь хүссэн газартаа ажилд орох боломжийг тань нэмэгдүүлнэ. Хэрвээ CV-ээ өөрөө хэрхэн бэлдэхээ мэдэхгүй байвал МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээнд хандан зөвлөгөөний цаг товлож, тусламж авах боломжтой.

3.Мэргэжлийн хүрээллээ аажмаар бий болгоорой
Оюутан цагтаа бий болгосон сайн хүрээлэл карьерт тань томоохон дэмжлэг болно. Их сургуулийнхаа карьер хөгжилд чиглэсэн өдөрлөг, компаниудын танилцуулга, эрдэм шинжилгээний хурал, сургалт семинаруудад очиж ажил олгогчид, салбарын мэргэжилтнүүд болон нэг чиглэлээр суралцаж буй үе тэнгийхэнтэйгээ танилцаж, хүрээллээ тэлэх нь чухал. Мөн багш, сонирхол ижил найз нөхөдтэйгөө санаа бодол, ур чадвараа харилцан хуваалцсанаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй хөл нийлүүлэн, тасралтгүй суралцах боломжийг олгоно.

4.Зөөлөн ур чадвараа хөгжүүлэх
Мэргэжлийн болон технологийн өрсөлдөхүйц ур чадвартай байх нь аль ч салбарт ажиллахад шаардлагатай гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ хамт олны нэг хэсэг болохын хувьд хамт олонтойгоо дасан зохицож, гар нийлж ажиллаж чадахуйц хүн мөн үү гэдгийг таны хандлага, төлөвшил илтгэнэ. Хүн хоорондын харилцааны чадвар, уян хатан байдал, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвар гэх мэтчилэн soft skill-үүдээ хөгжүүлэх нь таныг ажил олгогч болон хамт олондоо өндрөөр үнэлэгдэхэд туслана.

Мөн ажлын байрны орчинд өдөр бүр и-мэйл захидал бичих, бусадтай албаны, ажил хэрэгч байдлаар харилцах хэрэгцээ шаардлагатай тулгардаг. Ажилд орохоор танилцуулгаа илгээсэн эхний и-мэйлээс эхлээд л таныг дүгнэж болох тул албаны и-мэйл бичих соёлд суралцах нь зүйтэй юм. Ажил хэрэгтэй холбоотой бүхий л захидал харилцааг тогтсон стандартын дагуу үг үсгийн алдаагүй, гарчгаас төгсгөл хүртэл эмх цэгцтэй, албаны үг хэллэг бүхий и-мэйлээр бичиж дадаарай
5.Мэргэжлээрээ дадлага хийж, ажлын туршлага хуримтлуулах

Их сургуулийн хичээлээр дамжуулан олж авч буй онолын мэдлэгээ практикт ашигласнаар тухайн салбарт ажил ямар байдлаар явагддаг, өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн өрнөдөгийг биеэр мэдэрч, нүдээр харж чадна. Дадлага хийх явцад зөвхөн мэдлэгээ бататгаад зогсохгүй дээр дурдсан зөөлөн ур чадваруудыг ч бас хөгжүүлдэг. Мөн суралцаж буй мэргэжилдээ үнэхээр сонирхолтой эсэхээ мэдэхэд тань тусалдаг тул цаашдын карьераа зөв төлөвлөхөд тусална. Үүгээр зогсохгүй, дадлагын үед салбарын мэргэжилтнүүдтэй танилцаж, хамт олны дунд орсноор мэргэжлийн хүрээллээ тэлэхэд их хувь нэмэртэй юм.
6.Сайн дурын ажлуудад идэвхтэй оролцох
Сайн дурын ажилд оролцсоноор бусдад тусалж, нийгэмдээ багахан ч болов хувь нэмэр оруулаад зогсохгүй өөрийгөө олон талаар хөгжүүлдэг. Ийм үйл ажиллагаанд оролцсон хүн санаачлагатай, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, багаар ажиллах чадвартай нэгэн гэдгийг харуулах давуу тал болж чадна. Энэ бүх чанар нь ажил олгогчдын хамгийн эрэлхийлдэг чадваруудын нэг тул таны намтрыг илүү сонирхолтой, өрсөлдөхүйц болгодог.

7. Мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүл
Хүн алхам тутамдаа суралцаж байдаг. Харин академик мэдлэг боловсролоо тасралтгүй хөгжүүлнэ гэдэг бол ирээдүйн ажил, карьертаа хийж буй том хөрөнгө оруулалт юм. Шинэ зүйл сурах эрмэлзэлтэй, сониуч хүн аль ч салбарт ялгарч чаддаг. Заавал их цаг хугацаа, мөнгө зарцуулж, сургалт дамжаанд сууж байж л өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг биш. Coursera, Khan Academy, FutureLearn зэрэг платформоос сонирхсон чиглэлийнхээ онлайн хичээлүүдийг үзэх, эсвэл Harvard Online, MIT OpenCourseWare зэрэг шилдэг их дээд сургуулиудын нээлттэй лекцүүдийг сонсох зэрэг олон боломж бий.

8.LinkedIn профайл үүсгэх
Өнөө цагт LinkedIn зөвхөн мэргэжлийн, хөдөлмөрийн зах зээлийн сүлжээ төдийгүй, ажил олгогчдод ч чухал хэрэгсэл болжээ. Судалгаагаар, бүрэн мэдээлэлтэй, оновчтой үүсгэсэн LinkedIn профайлтай хүмүүс ажлын ярилцлагад уригдах магадлал 71 хувиар нэмэгддэг гэжээ. Мөн 2023 онд уг платформоор дамжуулан минут тутамд зургаан хүн ажилд орсон байна. LinkedIn дээр идэвхтэй байх нь мэргэжлийн хүрээллээ тэлэх, салбарынхантай холбоо тогтоохоос гадна ажил мэргэжлийн хувьд шинэ боломжуудыг нээхэд ч томоохон үүрэг гүйцэтгэж байна.

9.Цагаа зөв төлөвлөж сурах
Замын түгжрэл, цаг агаар гээд олон нөхцөл байдлаас шалтгаалан хоцрох, болзсон цагтаа тохирсон газраа очиж чадахгүй байх үе тохиох нь бий. Гэхдээ ажлын байрны орчинд төдийгүй өдөр тутамдаа цаг барьдаг байх нь чухал. Үүний тулд хувийн зохион байгуулалтаа сайжруулж, өдөрт хийх зүйлсээ төлөвлөж, ямар ч зүйлийг цагийг нь тулгалгүй эртнээс бэлэн болгож сурах дадалд суралцах хэрэгтэй. Цаг барихгүй байх нь зөвхөн ажил олгогчдод ч бус хамт олон, найз нөхдийн дунд таныг хариуцлагагүй, сахилга батгүй нэгэн мэт сөрөг сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй ажлын бүтээмжийг ч бууруулах уршигтай тул цаг барих, төлөвлөх соёлыг өөртөө суулгаарай.

10.Хувцаслалтдаа ач холбогдол өгөх
Ажилд орох үед зохистой хувцаслалт нь хамт олны дунд таатай анхны сэтгэгдэл төрүүлэх чухал хүчин зүйлсийн нэг юм. Forbes сэтгүүлийн 2022 оны судалгаагаар оффисын ажил эрхэлдэг хүмүүсийн 55 хувь нь шинэ ажилтныг дүгнэх анхны сэтгэгдлийг зөвхөн хувцаслалтын үндсэн дээр гаргадаг гэжээ. Тиймээс ажилд орохоосоо өмнө хувцасны шүүгээ рүүгээ нэг анхаарах нь зүйтэй. Гол нь хувцас тань цэвэрхэн, зохистой, ажил хэрэгч байх нь чухал. ”Хувцас бол хүмүүсийн анхны дурсамжийг бүтээдэг толь” гэж Коко Шанель хэлсэн байдаг.

Өөртөө тохирсон ажил хайхаас эхлээд ажилдаа орох хүртэл зам олон шат, олон сорилтоор дүүрэн байх хэдий ч эртнээс өөрийгөө бэлдэж, алхам алхмаар урагшлан суралцсаар байх нь чухал юм шүү.
