Энд давхар дээлийн талаар өгүүлэх гээгүйгээ юуны өмнө хэлье. Зүгээр л дээл шүү. Дээлтэй гишүүд инээд халгиан эхлүүлдэг чуулганы шинэ улирлын нээлтийн зураг энэ намар илэрхий өөрчлөгдөж, нэг л биш болсон тухайд юм. Уг нь Солонгосын парламентын гишүүд тун саяхнаас чуулганы нээлтдээ “Жангүм” киноны ноён, тайган нар шиг тун ч торгомсог ирдэг болсон юм сан. Тэд манай хэдийг дуурайн парламентын ёслол хүндэтгэлд зориулан үндэсний хувцсаа өмсөж ирэх бичигдээгүй протоколд нэгдээд байгаа билээ. Гэтэл манай эрчүүд өнөөдөр шүүх хуралд морилж буй аятай. Чуулганд үзэгддэггүй Женко Х.Баттулга, Ерөнхий сайдаас огцорсноосоо хойш суугаагүй Л.Оюун-Эрдэнэ гээд ховор хүмүүс чуулганаа нээлцсэн нь улс төрийн өнцгийг тодотгож өглөө.
Монгол оронд энэ өдрүүдэд Төрийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэхүүнийг дээл малгайгаа “тайлж”, хоолойдоо зангиа углах хүртэл нь түгшээсэн ямар үйл явдлууд болж байна вэ.
АН мартагдаж, “МАНАН” сэдэв сэргэлээ
УИХ-ын зуны амралтаар тэмдэглэгдсэн улс төрийн амьдралын чухал үйл явдал АН шинэ даргатай болсон нь яах аргагүй л мөн. Гэвч тэрхүү лидер өнөөдөр шинээрээ хуучирч мартагджээ. АН-ын зүгээс намынхаа амьдралд гарсан томоохон өөрчлөлтийг, даргынхаа нэр төртэй үүргийг сануулах оролдлого хийвч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан сайд хоёрын маргаан гэхчлэн анхаарал татсан, шинэ тутам сэдвүүд шил дарсаар АН-ын байр сууриа тодруулах ямар ч хүчин чармайлтыг булааж дөнгөх. Лидерийн гүн хомсдолд орсон Монголын улс төрд залуусын төлөөлөл болж дээд зиндаанд дэвшээд МАН-ыг сүүлийн дөрвөн жил удирдаж, УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулж, хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар тогтвортой суусан Л.Оюун-Эрдэнэ унаж, МАН-ын дараагийн даргад өрсөлдөх хоёр талын өрсөлдөөн нам доторх фракцын асуудлаас дэвэрч, чимээ нь иргэдийн амар тайвныг алдагдуулж эхэллээ.
МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн штаб түүнтэй өрсөлдөх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийг шүүмжлэх 100 “ажил”-тай угтаж байгаачлан Занданшатарын баг ч мөчөөгөө юунд өгөх, засаггүй юм шиг л хов базах ажилтай байна. Тиймээс иргэдийн санал асуулгаар боловсрол, эрүүл мэндэд анхаарах ёстой төсвийн төсөл бэлтгэсэн ч энэ тухайд ухамсартайгаар санаа тавин ажиллахад УИХ бэлэн байгаа эсэхэд эргэлзэхүйц түгшүүртэй чуулган нээлтээ хийлээ. Монголын амьдралд хамгийн их зовлон боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдсан боловч эдийн засаг, нийгмийн бусад бүх салаа мөчир үржил шимгүй хатаж гандсан. Санхүүгийн хямрал, үнийн өсөлтийг шийдэх арга зам одоогоор байхгүй. Хөрөнгө оруулалт гацсан, түүнийг татах бодит нөхцөл хөрөнгө оруулагчдыг хуулиараа үргээсэн. Баялгийн сангийн хууль батлагдсанаар хэрэгжээд явах ёстой ч одоог хүртэл улс төрийн “зодооны” хачир болгон таваглазнаад шидчихсэн хойно ажил болсон нь үгүй. УИХ, эрх баригч нам хүчнүүд энэ талаар биш, МАН-ын дараагийн даргыг угтсан элдэв арга хэмжээнд урхидуулсан байдалтай чуулганаа нээлээ.
Цуврал аллага
Цуврал аллага болсноос нэг жилийн дараах энэ өдрүүдэд амь хохирогчийн ээж уг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй хүмүүсийг өөрийнх нь адил хохирогч хэмээн үзсэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, удахгүй болох шүүх хуралдааны өмнө олон нийтээс дэмжлэг хүсэж байна. Хөөрхий эх гэмт хэргийн баримт болох гэрэл зургийг цахим хуудастаа нийтэлсэн нь иргэдийн анхаарлын төвд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээ ээжийн талд нэгдэж, мөн зарим хуульч тайлбар сэлт зүүв. Нэг жилийн өмнөөс дуулиан шуугиангүйгээр энэ хүрсэн уг хэрэг яагаад заавал одоо ийнхүү эрчийг авч байгааг ээжийн шүүхэд гаргасан гомдлоос хайхгүй хэсэг ч мөн байна. Тэдний үзэж буйгаар бол, энэ хэргийг нийгмийн дургүйцэл, айдас хүйдсийг өдөөх зорилгоор “сэвж буй” аж. МАН-ын даргын сонгуулийн өмнөх улс төрийн үйл явцыг олон нийтийн анхаарлаас замхруулах, нэр дэвшигчдийн марафоны үеэр гарах мэдээллүүдийн эрчийг сулруулахад хөөрхий ээжийн постыг ашиглаж байна гэж “их мэдэх” хэсэг бий.
Үүнээс өмнөхөн Непалд болсон залуусын жагсаалын үеэрх Монголын нийгмийн сэтгэл хөдлөлийг удирдах санаархал мөн ажиглагдсан. Иргэд Төрийн ордныг галдан түймэрдэж, өөрсдийн улаан гараар авлигачдыг дүүжлэн хөөх замаар эх орноо цэвэрлэж шударга ёсыг хүчирхийлэн тогтоохыг уриалсан нийтлэлүүд цахим орчинд түгэж байлаа. Инфляц, амьдралын чанарт уурссан түмнийг төв талбай руу татах, энгийн залуусаар үймээн түйвээн үйлдүүлбэл эмх замбараагүй Монгол аль талд ашигтай болохыг тандсан нийтлэлүүд ч мөн нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарласан албан болон албан бус эх сурвалжууд анхааруулж байлаа. Алуурчин эрийн өдүүлсэн гэмт хэрэг ба МАН-ын дараагийн дарга хэн бэ гэдэг хоёр сэдэв тойрсон хэлэлцүүлгүүд ч эцэстээ нэгсэн бүлсэж байна. Энэ бол нэг л жишээ. Нийгмийн сүлжээнд эх оронд болж буй алив үйл явдлын учир шалтгаан бүрийг уур хилэн, өс хонзон, сэтгэл зүйн өвчлөл болгон хувиргах, ашиглах боломжийг бид “далд гарт” алдаж болохгүй.
Амарбаясгалан гол дүрийг Хүрэлсүхэд “санал” болголоо
МАН-ын шинэ дарга хэн байх тухай яриа гараад л эв нэгдлийн бэлгэ тэмдэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тайзны гол руу чангааж байна. Өчигдөр буюу ням гаригийн амралтын өдрийн төгсгөлд хүн амины жигшүүрт хэргийн талаарх мэдэгдэл түүнийхээр нэмэгдэв. тэрбээр байр сууриа илэрхийлэх ялдамдаа хуулийн байгууллагад хандан түргэн шуурхай, бат нот ажиллахыг шаардаж үндсэн ажлаа хийж байлаа. Ард түмний хуйларсан их дургүйцэл, уур хилэнгээс Төрийн тэргүүн ч бас болгоомжилж байна гэж энэ үйлдлийг нь харж болох юм. Гэтэл өнөө өглөөний сонинд У.Хүрэлсүхийн нэр дурдагдсан бас нэгэн мэдээлэл яг одоо анхаарлын эрчийг төвлөрүүлээд байна. Юу гэвэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дуудаж, МАН-ын даргад өрсөлдөхөө болихыг, үгүй гэвэл хэрэгт унахыг анхааруулсан гэж “Өдрийн сонин” онцолжээ. Ингэхдээ энэ тухай ярьсан эх сурвалж Д.Амарбаясгалан өөрөө гэж ойлгуулах өгүүлбэрүүдтэйгээр ниййтлэлийг бичсэн байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг МАН-ын дарга бологохын тулд гаднаас шууд нөлөөлж, дарамталж байгаа талаар энэхүү нийтлэлийн эх сурвалж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байгаа нь МАН-ын зөрчлийн гол “баатраар” Ерөнхийлөгчийг нэрлэсэн хэрэг юм.
Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын суудлыг үе тэнгээр ч, карьерын өсөлтөөр ч салшгүй холбогдсон Д.Амарбаясгалан анддаа шилжүүлэн өгөх нүүдэл хийх гэж байгаа нь өдгөө хэнд ч ойлгомжтой болсон. Энэ нь түүний намдаа нөлөөгөө авч үлдэх, их улс төрд нэрээ цэвэрлэх оролдлогууд бүтэмжтэй болох ганц найдвар. Энэ хослолыг Женко дэмжиж байгаа гэх хардлагыг Д.Амарбаясгалангийн зүгээс үл зөвшөөрдөг ч Л.Оюун-Эрдэнийн улс төрийг экс Ерөнхийлөгчгүйгээр МАН-ын нөхөд нь хардаггүй юм. Г.Занданшатарыг ч Женкотой шууд хамааралтай гэлцдэг, үүнийг нь улс төрийн биш Баянхонгорын хүчин зүйлээр тайлбарладаг.
Ийнхүү одоо өрнөж буй улс төрийн гол дүрүүд галыг гартаа авахаас цааргалж, зөрчлийн шалтгаанаа том ах нар руугаа заах, нийгэмд дуулиан тарьсан үйл явдлын хүчээр гол агуулгаа сарниах байдлаар марафоны урьтач бүрэлдэн тогтлоо. Ийм өдрүүдэд УИХ-ын чуулган, өвлийн бэлтгэл гээд улс орны амьдралын чухал үйл явдлууд бүдгэрэх, цалгардах нөхцөл мөн бүрджээ. УИХ-ын чуулганы намрын чуулганы нээлтээс харахад л тогтсон ёс жаягийг таягдан шүүх хурлын танхимын дүнсгэрт шилжжээ гэхээс өөр дүр зураг харагдсангүй. Парламентын сурвалжлага гэхээрээ найрын ширээнд суугаа зочдынх шиг эрээн мяраан гишүүдийн гэрэл зураг нийтэлдэг нь ч мөн уламжлал болсон байлаа. Энэ удаа гэрэл зургийн сурвалжлагуудын уур амьсгалд “хувьсал” гарч, дээлээ тайлж байгаад нэгийгээ үзэх улстөрчдийн царай тодорчээ.