Вернер Херцогийн 2007 оны баримтат кинонд нэгэн оцон шувуу гэнэт сүргээсээ тасарч, уулсын зүг ганцаараа алхаж эхэлдэг хэсэг байдаг.
Тэр бичлэг одоо олон нийтийн сүлжээнд хамгийн ихээр яригдаж, олон хүний анхаарлыг татаад байгаа юм. Учир нь тэр оцон шувууны цор ганцаар туулахаар сонгож явсан зам олон талаараа хүмүүсийн зүрх сэтгэлд маш ойр туссан юм. Нэгэн хэвийн зүйлээс холдож, тодорхойгүй байдал, үл мэдэх рүү цор ганцаар чиглэн алхах тэрхүү оцон шувууны мэдрэмжийг танд өгч чадах кинонуудыг “Goosebumps Cinema“ онцлон оруулсныг та бүхэндээ хүргэж байна.
Into the Wild (2007)

Нийгмээс тасрах нь эрх чөлөө мөн үү? Кристофер МакКэндлесс өөрийн танил, тухтай бүхнээс татгалзаж, зэрлэг байгаль руу тэмүүлнэ. Гэр бүл, мөнгө, нэр, хүлээлт бүгдийг ардаа үлдээн явсан түүний шийдвэр эцэстээ одоо бид бүгдийн дурсан санах түүхүүдийн нэг болж үлдсэн юм. Энэ кино өөрийн замаар явах нь гарцаагүй эрх чөлөө, бас ганцаардал байж болохыг харуулна.
Nomadland (2020)

Тогтвортой амьдралыг л бид аз жаргал гэж ойлгож болох уу? Орчин үеийн Америкт амьдрах гэр оронгүй хэдий ч эрх чөлөөтэй хүмүүсийн амьдралыг харуулна. Энэ нь зугтах биш, харин өөрөөр орших сонголт юм.
The Truman Show (1998)

Бүх зүйл бодож байснаар биш, зохиомол, хуурамч байсныг мэдэхэд бидний хийх үйлдэл юу байх бол?
The Secret Life of Walter Mitty (2013)

Дотоод төсөөллийн ертөнцөөс бодит аялал руу гарч буй гайхалтай түүх. Дотроо л амьдардаг байсан нэгэн амтдрал дээрх адал явдлуудтай нүүр тулж, тухтай бүсээсээ гараад хэрхэн өөрийгөө танин мэдэх аялалд гарч буйг эндээс үзэж, асар их зүйл ойлгох боломжтой.
Paris, Texas (1984)

Ямар ч тайлбаргүй алга болсон нэгэн эр. Энэ бүтээлд үгнээс илүү чимээгүй байдал нь чанга бас тодоор ярьдаг.
Captain Fantastic (2016)

Нэгэн эцэг хүүхдүүдээ соёл иргэншлээс тусгаар амьдруулна. Орчин үеийн техник технологи байхгүй, цэвэр байгаль дунд, өөрсдийнхөөрөө өсөх хүүхдүүд болон бодит байдалтай нүүр тулах үеийн зөрчлийг харуулсан бүтээл.
The Grey (2011)

Онгоцны ослоос амьд гарсан хүмүүс цас мөөсөөр дүүрэн хүйтэн байгаль, чоно, үхэлтэй нүүр тулна. Бидэнд үхэл тулан ирсэн үед бид яадаг бол?
Ad Astra (2019)

Эцгээ хайх аялал нь үнэндээ өөрийнхөө дотоод хоосролтой нүүр тулах уулзалт болно. Сансрын уудам дунд ганцаардах тэрхүү мэдрэмж хэчнээн өөр бол? Бид үнэнхүү ганцаараа байх үедээ л өөрсдийгөө илүү танин мэддэг биз ээ.
The Machinist (2004)

Бодит байдлаас аажмаар тасарч буй залуу. Нойргүйдлээс болоод өчнөөн өдөр унтаж чадаагүйгээс болоод тэр бусдын олж харж чадахгүй байгаа зүйлийг харж эхэлнэ.
Solaris (1972)

Дотоод ертөнц бол бидний учирч, очиж болох хамгийн хачирхалтай зүйл. Сансрын станц дээр өрнөх энэхүү түүх үнэндээ хүний дурсамж, хайр, гэмшлийн тухай гайхалтай харуулж чадсан билээ.
