Хэдхэн цагийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Давос хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-ийн дүрэмд гарын үсэг зураад байна.

Өнгөрсөн есдүгээр сард Дональд Трамп энэ зөвлөлийг Газын зурвасыг дайны дараа дахин босгох, тогтвортой засаглал бий болгох, эдийн засгийн сэргэлтийг дэмжих олон улсын механизм хэмээн танилцуулж байв.


Энэ сарын 11-нд Д.Трамп уг зөвлөлд ямар улсууд багтах талаар долоо хоногийн дотор мэдээлнэ гэж байсан бөгөөд 14-нд л гэхэд Аргентины Ерөнхийлөгч урилга хүлээн авснаа талархалтайгаар Х хуудастаа мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар Трампын “Энхийн зөвлөл”-д дэлхийн 19 орон нэгдээд байна. Урилга хүргүүлсэн орнууд дараах байдлаар хариу үзүүлжээ. Нийт 50 гаруй улсыг гишүүнээр урьснаас 20 гаруй нь хүлээж авчээ.


Уг зөвлөлийг хэдийгээр Газын зурвасыг дахин босгох үндэслэлд үүдэн байгуулсан боловч 11 хуудастай дүрэмд нь Газын зурвастай холбоотой ямар ч агуулга байхгүй байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.


Харин Д.Трампын хүргэн, Цагаан Ордоны ахлах зөвлөх асан Ж.Кушнер Газын зурваст авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлжээ. Тэд тухайн бүс нутагт зөвхөн тусламж, дэмжлэгт тулгуурлаж байгаа эдийн засгийн орчныг чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлнэ гэв. Түүнчлэн бус нутагт 100 мянган орон сууцны хотхон барьж, гурван жилийн хугацаанд оршин суух, аялал жуулчлалын бүс хөгжүүлснээр 2-3 сая хүн амтай хот болгон хөгжүүлнэ гэхчлэн олон ажил төлөвлөсөн байна.

Дональд Трамп “Энхийн зөвлөл” нь дэлхий дахинаа мөргөлдөөн, зөрчлийг шийдвэрлэх шинэ механизм хэмээн тодорхойлж, цаашлаад НҮБ-ыг ч орлох боломжтой гэж мэдэгдээд байгаа. Тэрбээр “НҮБ асар их хүч, нөөцтэй боловч түүнийгээ хэзээ ч ашиглаж байсангүй” гэсэн юм.


“Энхийн зөвлөл” нь АНУ-ын Мар-а-Лагод төвтэй, хэн элсэх эсэхийг Д.Трамп шийдвэрлэх бөгөөд удирдлага, шийдвэрийг ч мөн тэрбээр ганцаараа чиглүүлэх дүрэмтэй. Түүнийг насан туршийн дарга хэмээн нэрлэснээс гадна байнгын гишүүн болох улс 1 тэрбум ам.доллар төлөх бөгөөд төлбөр төлөхгүй бол гурван жилийн хугацаатай гишүүнээр оролцох боломжтой.