UBLife Logo
Ном

Ч.Дагвадорж: Г.Аюурзанын Горькийд явах өргөдлийг гараараа бичиж, хоньчин Б.Номинчимэдэд ном илгээж байлаа

Ч.Дагвадорж: Г.Аюурзанын Горькийд явах өргөдлийг гараараа бичиж, хоньчин Б.Номинчимэдэд ном илгээж байлаа

“Будантай юу буурал хорвоодоо

Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хөө” хэмээн аялахад хэн боловч түрлэг нэмэх ардын дуу мэт ийм нэгэн уран бүтээл байдаг. Сая дурдсан “Ээж минь дээ” дууны шүлгийг бичсэн нь яруу найрагч, судлаач Чойсүрэнгийн Дагвадорж юм.


-Таны уран бүтээлийн томоохон ай сав гарцаагүй л дууны яруу найраг гэж болно. Тэдгээрийн дотроос Ямаат хаднаа сийлсэн “Ээж минь дээ” дуу бол өдгөө бараг найрын түрлэг болтлоо түгэж дээ?

-Дууны яруу найраг бичих болсныхоо тухайд хэдэн зүйлийг хэлье. Уг гарваль маань хотгойд юм. Хотгойдууд гэгэлгэн дуугаараа алдартай шүү дээ. Гэлээ ч миний өссөн Арбулаг сумынхан, Баянзүрхийн дархадуудтай хил залгадаг. Тэгэхээр бага насны маань сэтгэлийн хөгжил хөдөлгөөн хотгойд, дархад дууны орчинд л төлөвшсөн байж таарна.

Мөн би тавдугаар ангидаа Мөрөнгийн 10 жилийн дунд сургууль руу шилжиж ирсэн. Хөдөөгөөс өглөө эртлэн сумын төв рүү дөтлөх ч, харин сумаас аймгийн төвийг зорих шуудангийн машин дандаа л оройтож ирдэг сэн.

Ингэж шуудангийн унаа хүлээх зууртаа үеийнхээ хүүхдүүдийн хамтаар Нацагдулам гэдэг айлд бөөгнөрөөд л Ноохойбаатар гуайгаар өглөөнөөс орой болтол дуулуулна. Тэр хүн сайхан ч дуулдаг. Энэ явдлаас үүдэн ардын дууны аяс сэтгэлийг маань эзэмдсэн болов уу.

Би аравдугаар анги төгсөхдөө нэг бүтэн хоргой дэвтрийг дүүртэл шүлэг биччихээд Улаанбаатар хотод ирсэн. Тэгэхдээ идэвхтэй шүлэг бичсэн маань гэвэл 40 насанд хүрснээс хойших цаг хугацаа л юм. Миний хувьд голцуу л дууны шүлэг туурвисан байна. Завшаанаар бичсэн шүлгүүдийн маань бараг эхнийх нь “Ээж минь дээ” юм.

-Уг шүлгээ бичих болсон тань юунаас үүдэлтэй вэ?

-Миний ээж 45 насандаа бурхны оронд одсон. Би хотод оюутан байсан учир амьсгал хураахынх нь өмнө уулзаж чадаагүй. Хожим ээждээ зориулж ямархан нэгийг бүтээх сэн гэж бодож байгаад 1987 оны намар “Ээж минь дээ” шүлгээ бичсэн.

Ингэж Зохиолчдын хорооны Үлгэрийн танхимд ажиллаж байсан дуучин Самдангийн Цэрэнчимэд аяыг нь зохируулсан юм. “Ээж минь дээ” дуу анх зохиогдсоныхоо дараа лавтай 6-7 жил радиогоор хангинасан юм шүү дээ.

Улаанбаатар хотноо 1990 онд Гадаадын дуу дуулаачдын уралдаан болоход алдарт дуучин Тэнгэр “Ээж минь дээ”-г дуулж, тэргүүн байр эзэлсэн түүхтэй.

-Та хотгойд дууны талаар лавшруулан судалдаг. Гарал үүслийнх нь тухайд юу хэлэх сэн бол?

-Хотгойд дууны гарал үүсэл 18-р зууны үеэс эхлэлтэй. Энэ нь Шадар ван Чингүнжавт зориулсан дуунууд зохиогдох болсноос үүдэлтэй гэсэн үг. Хотгойдын гэгэлгэн дууны ай савд багтах 40-өөд дуу бий. Тэдгээр нь 1930-аад оны сүүлч үеэс, 1950-иад оны эхэн хүртэлх хугацаанд олноо түгсэн байдаг. Гэгэлгэн дуу гэдэг нь дандаа л тухайн бүс нутгийн ард түмний авьяас, билгээр гийж гарсан бүтээлүүд юм. Миний дууны шүлгүүдэд ч гэсэн хотгойд дууны айзам, аяс, дүрслэгдэхүүн нийтлэг туссан байдаг нь үнэн.

-Хотгойд дууг зохиосон гэгддэг алдарт хүмүүс цөөнгүй. Тэдний тухайд таны олж, нээсэн ямар баримтууд байдаг вэ?

-Тухайлбал, “Миний борлог морь” дууг Жожо Сосорбарам хэмээх эр хуучин эхнэртээ зориулж анх аялсан гэдэг. Ингэхдээ:

“Миний борлог морь чинь

Морины дээд морь юм шүү

Миний ханилсан хань чинь

Хүний дээд хань юм шүү” гэж дуулсан түүхтэй. Хотгойдын гэгэлгэн дуу бол хүний сэтгэлийн дотоод хөдөлгөөнийг нээн илэрхийлдгээрээ онцгой юм. Ер нь угсаатны дууг өвөрмөц байдлаар нь хотгойдын гэгэлгэн дуу, дархадын ганган дуу гэхчлэн ярьдаг. Сүүлийн үед угсаатны дуунуудыг хооронд нь нийлүүлж, хольж хэвлэх тохиолдол олон болсныг мэргэжлийн байгууллагууд болон судлаачид анхаарч, засаж залруулж байх хэрэгтэй. Тухайлбал, П.Цагааны эмхэтгэсэн “Дархад дууны цоморлог” хэмээх номд хотгойдын бүх дууг дархад дууны ай савд оруулчихсан байгаа юм.

-Таны бүтээлүүдээс “Богд нь уулын сүндэл” хэмээх 1990-ээд оны үед анх цацагдсан сайхан дуу бий. Түүний талаар?

-Миний цөөнгүй шүлэг зүүдэнд маань орж ирсэн. Үүнд, “Эхийн сэтгэл”, “Богд нь уулын сүндэл” тэргүүтэй бүтээлүүдийг нэрлэж болох юм. Төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатартай би арван жилд байхаасаа л нөхөрлөсөн. Л.Хүрэлбаатар “Богд нь уулын сүндэл” нэртэй дуу бичнэ үү гэж надад даалгасан юм. Нэрийг нь үл ялиг өөрчилж болох уу гэхэд “Болохгүй ээ” л гэсэн.

Энэ дуунд ая зохируулсан Н.Мэндбаяртай анхлан танилцахад “Би 17 настайдаа А.Загдсүрэнд дурлаад “Дуучин чамдаа” гэдэг дууг зохиосон” гэж байв. “Богд нь уулын сүндэл”-ийг хэд хэдэн уран бүтээлч дуулсан боловч гагц МУГЖ Б.Сийлэгмаа л сонсогчдын сэтгэлд хүргэж чадсан.

-Та анхны шүлгийн түүврээ их л хожуу хэвлүүлсэн санагддаг. “Далийн цэцэг” ном тань 1989 онд л уншигчдын гарт хүрсэн шүү дээ. Гэлээ ч та залуудаа олон шүлэг бичсэн байлгүй?

-Би утга зохиол судлаач гэдэг мэргэжилдээ 23 жилийн туршид үнэнч хандсан юм. Олон жил судлаачийн ажил эрхэлсэн болохоор намайг гэнэтхэн шүлэг бичихэд зарим хүн гайхсан биз. Анхны ном маань олон ч удаа буцаагдаж байлаа. Багагүй хавчлага дундуур туучиж байхад Ш.Сүрэнжав, О.Дашбалбар нар хүчтэй дэмжиж л “Далийн цэцэг” номыг маань хэвлүүлсэн юм.

-Та Ш.Сүрэнжав гуайн тухай дуртгал эсээний ном бичсэн. Үүнд оруулалгүй үлдээсэн дурсамж бий юу?

-Бид хоёр бараг 60-аад жил нөхөрлөсөн. Их сургуульд ирээд анх харсан залуу зохиолч маань Ш.Сүрэнжав байж таарсан юм. Найзынхаа 85 насных нь ойгоор “Онгодтой найрагчийн алтан шүхэр дор” номыг бичиж хэвлүүлсэн. Хүний тусыг явсан хойно нь, айлын тусыг нүүсэн хойно нь гэж ардын зүйр үг бий шүү дээ. Ш.Сүрэнжавыг явснаас хойш олон юм эзгүйрсэн. Монголд том зохиолч олон бий, их олон байгаа. Гэлээ ч эрийн гурван наадмаар кино зохиол бичсэн нь Ш.Сүрэнжаваас өөр алга. Миний хувьд “Монголын боловсролын томоохон байгууллагыг Ш.Сүрэнжавын нэрэмжит болгох сон” гэж түүнийг эсэн мэнд байхад нь ч, “Багш” найраглалынх нь ойгоор ч хэлж л байсан.

-Та энэ саналаа холбогдох газруудад нь хүргүүлсэн байх аа. Хариу авч чадсан уу?

-Хариу ирээгүй.

-Сүүлийн жилүүдэд утга зохиолын судлал, шинжлэл хумигдаж, шинэ сонирхолтой өгүүлэл ч цөөн ажиглагдах болов. Үүнийг та юунаас үүдэлтэй гэж боддог вэ?

-Уран бүтээлчид судлаачийн үнэлэлт, дүгнэлтийн хүчинд цаг үргэлж урагш ахидаг юм. Биднийг залуу байхад Ц.Мөнх багш шинэ гарсан бүх номыг бөөндөж авчраад шүүмж бичүүлдэг сэн. Ингэж бичсэн өгүүллийг маань засаж тордоод сонины газруудад хуваарилж хэвлүүлдэг байлаа. Шүүмжлэл гэдэг үргэлж л гашуун, шорвог байдаг. Тэгэвч уран бүтээлчид маань өөгөө хэлүүлж байж өөдөө болох, буруугаа сонсож гэмээнэ зөв болох учиртай. Судлаачид ч гэсэн шүүмж гэдэг бие даасан уран бүтээл, урлагийн төрөл зүйл болохыг ойлгож, ажилдаа нухацтай хандах хэрэгтэй юм. Шүүмжлэгч гэдэг амьдралын, гүн ухааны бие даасан, гуйвшгүй бат үзэл бодолтой, зохиолчоос дутахааргүй хэл найруулгын уран чадвартай байх ёстой. 

Зарим хүн шүүмжлэл гэдэг үгнээс улбаалаад судалж, шинжилнэ гэдгийг “үгнээс өө хайх явдал” гэж ойлгох нь бий. Тиймээс би үүнийг “уран утгын яруу тайлбар” гэж нэрийдэх саналтай байна. Ш.Гаадамба багш утга зохиолын онол хичээлийнхээ үеэр “Уран зохиол гэдэг уран дүртэй байдаг юм. Уран дүрийн цаана харин уран санаа цухалздаг” гэж байнга хэлдэг сэн.

-Танд хүндэлж, биширдэг зохиолч бий юу?

-Би Ц.Дамдинсүрэн багшийг багаасаа л шүтсэн юм даг. Хоёрдугаар ангид байхдаа “Наалинхай хоёр нүд” шүлгийг нь цээжилсэн. Намрын өдөр хадны завсраас ус хутгаж байхдаа тэрхүү уснаа гуулин шанага алтан шаргал өнгөөр гялалзахыг анх харж билээ.

“Наалинхай хоёр нүд чинь Намрын ус шиг мэлтгэнэнэ” хэмээсэн мөнхүү шүлэг дэх “намрын ус” гэдэг нь тув тунгалаг хар ус байдгийг тэгэхэд л анзаарч байлаа.

Хожим нь Да багш бидэнтэй уулзахдаа “Би Дорнод аймгийн Матад суманд төрсөн. Манай нутагт ус ховор. Иймээс эрэгтэй хүүхэд төрөхөд шинээр худаг гаргадаг байлаа. Намайг эхээс мэндлэхэд гаргасан худаг одоо ч бий” гэж хуучилсан удаатай.

-Таны олж нээсэн авьяастай шавь нар гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Би С.Дуламын л багш юм шүү дээ. Их сургуулиа төгсөхийнх нь өмнөхөн “Утга зохиолын ерөнхий онол” хичээлийг түүнд заасан.

Энэ хичээлийг Их сургуульд анх заасан нь Ш.Гаадамба багш юм. Гэвч 1972 онд түүнийг “Үгүйсгэх, үндсэрхэг үзэлтэн” гэсэн шалтгаанаар ажлаас нь халсан. Га багшийн ордог дөрвөн хичээлийг заах хүн олдохгүй болоход заримыг нь Их сургуулийн хөтөлбөрөөс хасаад “Утга зохиолын ерөнхий онол”-ыг нь надаар заалгахаар шийдсэн юм. Тэр үед би цэргийн офицер байж таарсан тул шинельтэй ирж, оюутнуудад лекц уншдаг байлаа. Ер нь 1960-1990-ээд оны үеэр Их сургуулиа дүүргэсэн утга зохиолын авьяастнууд бүгд л надтай ямар нэг сэжмээр багш, шавийн холбоотой болж таардаг.

1988 онд хэдэн зохиолчдын хамтаар Баянхонгор аймагт явж байхдаа Г.Аюурзаныг олж нээсэн. Тэр үед Г.Аюурзана арван жилийн сурагч, бидэнд шүлгээ уншиж байсан юм. Би Улаанбаатарт ирээд томилолтын тайлан илтгэхдээ “Баянхонгорт ийм нэгэн авьяастай сурагч байна. М.Горькийн сургуульд илгээвэл болох юм” гэх саналыг хэлсэн. Горькийн сургуульд явах өргөдлийг нь ч би гараараа бичиж билээ. Г.Аюурзанын залуудаа бичсэн зарим шүлгүүд нь нооргоороо одоо ч надад бий.

1989 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд очтол үржлийн хуц хариулдаг сууринд илгээлтийн эзэн хоёр бяцхан хүүхэд тааралдсан. Тэдний нэг нь одоогийн алдартай зохиолч Б.Номинчимэд юм. Тухайн үед арван жилээ онц дүнтэй төгсөж, туслах малчин болчхоод байхтай нь би таарч л дээ. Ингэж танилцсанаас хойш Б.Номинчимэд над руу захиа бичих болж, би ч хариуд нь судалгааны ном илгээж байв. Маш их ном уншдаг хүүхэд байж билээ. Хожим би “Дорно дахины утга зохиолын дээд сургууль”-д хичээлийн эрхлэгч байхдаа УДЭТ-ын өмнө санамсаргүй тааралдаад Б.Номинчимэдийг сургуульдаа оруулж байв.

-Анх утга зохиолын шүүмжлэгч болоход тань ямар хүн голлон нөлөөлөв?

-Өвөрмөц сэтгэдэг багш л хүүхдийн анхаарлыг татаж, хүчтэй нөлөөлдөг. Арван жилд байхад маань зургаан сарын хугацаатай математикийн багшаар ирсэн С.Сандагдорж хэмээх эрхэм намайг утга зохиол руу оруулчихсан юм. Ф.Раблегийн “Гаргантюа ба пантагрюэль”, Х.Лонгфеллогийн “Хайаватын дуулал” зэрэг номуудыг орчуулсан тэрбээр бидэнд ер математик заагаагүй, харин уран зохиол л ярьдаг байлаа. Д.Сэнгээ гуайг шүүмжилсэн хэрэгт буруутгагдан Их сургуулиас хөөгдөхдөө Хөвсгөл аймагт нутаг заагдаж очсон нь тэр юм билээ.

-Таны номуудаас хэцүү бэрх, урт удаан замналыг туулсан нь бий юу?

-Миний хувьд ШУА-аас эрхлэн гаргасан “Монголын анхны нэвтэрхий толь” номын ерөнхий редактораар ажилласан. Б.Ширэндэв гуай 1972 онд ШУА-ийн ерөнхийлөгч байхдаа нэвтэрхий толь зохиох санааг анх гаргаж, төсөл болгох ажлыг нь голлон нугалсан юм. Энэ толийг бүтээх ажил олон жил үргэлжилж, 2000 онд хэвлэгдсэн. Улсын нууцлалтай холбогдох тоо баримтыг олноор нь багтаасан учир гадаадын улс, оронд хэвлүүлье гэхэд хориг ихтэй байлаа. Анх найман боть ном бэлтгэхээр төлөвлөсөн ч, хожмоо гурван ботиор Сингапурт хэвлүүлсэн. Хүн ч өөрийн зам мөртэй байдаг, ном ч өөрийн туулсан түүхтэй байдгийн тод жишээ энэ юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.