Намарт хайртай харанхуйн гоо үзэсгэлэнгүүд энэ нийтлэлийг уншиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бороо, бүрхэг өдөр, шаргал навчис, тухтай зузаан хувцсаас гадна юу энэ улирлыг гайхалтай болгодог билээ? Мэдээж далдын, нууцлаг, аймшигтай, сэтгэл татам бас айдас төрүүлэм мэдрэмж, түүхүүд шүү дээ. Энэ өдрүүдэд тань яг тохирох 21 киног санал болгож байна. Эдгээр бүтээл бүрд харанхуй, нууцлаг, бас зүрх дэлсэм онцгой өнгө оршиж буй.
1. The Rocky Horror Picture Show (1975)
Хөгжилтэй, цоглог уур амьсгал оруулсан готик мэдрэмжээр дүүрэн аймшгийн бүтээл. Маргаангүй хамгийн мартагдашгүй, шилдэг мюзиклүүдийн нэг шүү.

2. Sleepy Hollow (1999)
Хувьдаа лав хамгийн хайртай бүтээлүүдийн минь нэг гэж хэлнэ. Тим Бёртоны хар бараан үлгэрийн мэт ертөнц, намрын сэрүүн ой, нууцлаг домог, цус нөж бүхэлдээ үнэхээр мансууруулам шүү.

3. A Series of Unfortunate Events (2004)
Гунигтай, хошин, готик уур амьсгалтай үлгэрийн адал явдлыг мэдэрнэ. Багадаа мөн ч их үздэг байж дээ. Том болоод илүү ихээр дуртай болно гэж хэн мэдэх билээ дээ. Сүүлд гарсан цувралыг нь үзсэн хүн байна уу? Хэр болсныг хуваалцаж болно шүү.

4. The Wicker Man (1973)
Фолк аймшгийн бүтээлүүдийн сонгодог төлөөлөгч. Намрын хөдөө тосгоны нууцлаг зан үйл, түгшүүрт мэдрэмж нь таалагдана гэж найдаж байна. “Midsommar“ зэрэг бүтээлийн эцэг гэж ч болно доо.

5. Dead Poets Society (1989)
Мэдээж аймшгийн бүтээлүүд дунд бас гайхалтай сэтгэл хөдлөм бүтээлүүдийг оруулж өгөх нь зүйтэй. Намрын бас нэг гоё зүйл нь сургуулийн орчин, яруу найраг, философи, найз нөхөд биш гэж үү? Мэдээж хэрэг үзээд дууссаны дараах тэр гуниг арилахгүй удаж мэдэх ч, worth it.

6. Donnie Darko (2001)
Ай даа, энэ аравдугаар сарын мэдрэмжийг үү… Сэтгэлзүйн нууцлаг аялалд гарахдаа бэлэн биз дээ? Нэг таньдаг хүний минь хамгийн хайртай бүтээл нь. Үнэхээр ч үзээд сэтгэл татагдахгүй байхын аргагүй дээ.

7. The Crow (1994)
Харанхуй хотын гудмууд, өшөө авалт, хэрээ… Тэгээд тэр Хэн хайрлахгүй байж чадах билээ дээ? Яах аргагүй краш. Бас тэр дуунууд нь! Nine Inch Nails, The Cure, Pantera… *Chef’s kiss*

8. The Wolf House (2018)
Би хачин жигтэй, айдас төрүүлэм, өвдмөөр түүх өгүүлсэн анимэйшнүүдэд үнэхээр хайртай. Тэр дундаас нэн түрүүнд энэхүү бүтээлийг санал болгомоор байна. Дараа нь яг анимэйшнүүдээр өөр жагсаалт оруулна аа.

9. Kuroneko (1968)
Японы классик аймшгийн кино. Үнэхээр классик. Зэрлэг ой, өшөө авалтын түүх нь бие хүйт даамаар. Хүчирхийллийн золиос болсон нэгний асар их гомдол, уй гашуу цээж дарах шиг л болдог юм.

10. Nocturnal Animals (2016)
Том Форддоо сөгдөн мөргөмүй. Үзэж байсан бүхий л өшөө авалттай кинонуудаас хамгийн онцгой нь энэ байсан юм даа. Нэмээд, одоо хүртэл Абель Коженёвскийн энэхүү кинонд зориулан урласан хөгжийг байнга сонсдог доо.

11. Girl, Interrupted (1999)
Сэтгэлзүйн гүн аялал, өөрийгөө танин мэдэхэд хөтлөх маш эмзэг түүх. Хонгор Дэйзи минь дээ… Би энэ дүрийг өөрийн эрхгүй асар ихээр хайрладаг аа.

12. Rouge (1987)
Сэтгэл өвтгөм романтик, фантаз бүтээл. Хайртай нэгнээ амлалтаа биелүүлэхийг хүсэн хайж яваа бүсгүйн сүнсний түүх.

13. Alice (1988)
"Алиса гайхамшгийн оронд" угаас миний хамгийн хайртай бүтээл учир байж болох бүх хувилбарыг нь үзэж байсан гэхэд буруудахгүй. Гэхдээ 1988 онд хийгдсэн энэхүү сюрреалист, “creepy“ хувилбар хамгийн их таалагддаг.

14. Kwaidan (1964)
Японы уран яруу аймшгийн бүтээл. Нийт 4 хэсгээс бүрдэх антологи нь өнгө, дүрслэл, уур амьсгалаараа бүхэлдээ намрын мэдрэмж, уй гашуу, айдсыг мэдрүүлэх болно.

15. Blue Velvet (1986)
Агуу Дэвид Линчийн бүтээлээс дурдахгүй байх нь гэмт хэрэг болно. Тэр дундаа энэ бүтээлийг илүүтэйгээр санал болгомоор байна. Нээлтээ намрын улиралд хийж байсан нь ч үүнд нөлөөлнө. Хачин зүүд шиг л аялал байх болно.

16. Eyes Wide Shut (1999)
Сэрүүн салхитай намрыг орой үзэхэд төгс тохирох хачирхалтай бүтээл. Зүүд шиг л санагдах эротик мэдрэмж бүхий сэтгэлзүйн бүтээл. Ямар ч үед хүмүүст санал болгох дуртай кинонуудын нэг. Яагаад ч юм… :))

17. Coraline (2009)
Нууцлаг мэдрэмжээр дүүрэн бүтээл. Нэйл Гэймен хэдий сүүлийн үед асуудалд орооцолдоод байгаа хэдий ч гайхалтай зохиолч гэдэгтэй нь санал нэгдэхгүй хүн үгүй байх. Нэмээд, The Sandman цувралыг “бяцхан” санал болгочихъё.

18. Interview with the Vampire (1994)
За намайг Энн Райсын зохиолуудын тухай яриулж эхлүүлж болохгүй шүү. Би үнэхээр зогсохоо мэдэхгүй байх. Зүгээр л гайхалтай. Намрын шөнийн ганцаар, дотогш цаг мөчид үзэхэд үнэхээр тохирно.

19. The Duke of Burgundy (2014)
Энэ киног чимээгүйхэн санал болгочихъё. Илүү дутуу зүйл хэлэхгүй ээ. *wink wink*

20. Thirst (2009)
Пак Чан Вүкийн бүтээл. Анх яг энэ доор харагдаж байгаа хэсгийг нь олж хараад, тэгээд л бүтнээр нь үзэхээр шийдэж байсан. Хүсэл тачаал, цусаар дүүрэн оргилох цус сорогчийн түүх.

21. Vanilla Sky (2001)
Зүүд ба бодит байдал холилдсон мэт л гэж хэлнэ. Үнэхээр хайртай даа.
“Аль аль нь дараа төрөлдөө муур болж төрөх цагт чамд хэлье…“
