Хүүхэд байхад хүмүүс намайг мөрөөдөгч гэдэг байв. Төсөөлөн бодох чадвар өндөр, юуны ч тухай хачин сонин юм зохиогоод ярьчихаж чаддаг, үргэлж юмсыг гайхаж, сониуч явсных байх. Алиса гэх нэртэй болсон минь ч үүнтэй холбоотой. Би зогсолтгүй, мятаршгүй сониуч хүүхэд байсан. 10 жилд байхад минь хүүхдүүд намайг гажиг гэх болов. Хачин содон бүхнийг сонирхож, дурлаж явсных байх. Яваандаа оюутан болоод би өөртөө нэг нэршил олж авсан нь, “Fangirl“ байсан. Би байж болох бүх зүйлд шинээр дурлаж, түүнийгээ гүнд нь хүртэл судалж, ороогдож, тэндээ бүр амьдарч, амьсгалж эхэлсэн. Нэг ертөнцөөс нөгөө рүү үсэрдэг тоглоом шиг л дамжиж байлаа. Тэгж байгаад л би уначихсан. Туулайн нүх рүү зогсохоо мэдэхгүй унаж байхдаа би юу руу явж байгаагаа гадарлаа ч үгүй. Харин одоо л төөрч будилаад, горыг нь амсаж явна.

Үнэхээр, бодит амьдрал гэж юу юм бэ? Бас хэзээнээс энэ бүхэн надад хангалттай санагдахаа больчихов? Хүмүүс намайг үнэхээр адал явдал дүүрэн амьдардаг, асар сонирхолтой хүн гэх нь ч бий. Гэхдээ би өөртөө хэзээ ч хангалттай санагддаггүй. Энэ ертөнцөд хийж байгаа юм бүхэн уйтгартай, нэгэн хэвийн, хангалтгүй санагдаж, одоо би бүр галзуурахын ирмэгт байна. Надад туслаач гэж хэлье гээд ч яг юунд тусламж гуйхаа мэдэхгүй нь. Би дэндүү уйтгартай, нэгэн хэвийн амьдарч байгаадаа болоод солиорох шахаж, бүхий л цаг хугацааг зөвхөн толгой тархин дотроо, төсөөлөл дундаа өнгөрөөж байна. Тэр ертөнц минь хүссэн бүх зүйлээр дүүрэн. Тэр нь адал явдал, өдөр хоног бүр өөр өнгөрөх, бас өдөр бүр аюул, шинэ тайлагдашгүй нууц. Машинд суугаад дараагийн адал явдлаа хайж хаашаа ч хамаагүй аялах, ой модоор дүүрэн жижиг, нууцлаг хотод очоод жижиг уушийн газар нь нутгийн хүмүүстэй ярилцаж, шинэ сорилттой учрах. Өөрийн төсөөлөө ч үгүй зүйлсийг үнэн болохтой нүүр тулах. Хэдэн цагаар ч хамаагүй номын санд сууж тэр хачин зүйлийнхээ тухай судалж, шинийг мэдэж авах. Бидний нүднээс далд орших бүхнийг харах хүслэн. Бидний төрөх, үхэх, амьдрах нь хүртэл нүднээс далд орших аливаа нэг оршихуйнуудын нөлөөнд байдаг гэж итгэх. Миний зүүд хүртэл бурхантай гэж итгэх. Би амьдралыг жаахан л сонирхолтой болгохын төлөө юунд ч хамаагүй итгэхийг хүснэ. Үнэхээр тэнгэрээс хэн нэгэн сахиусан тэнгэр унаад ирсэнтэй итгэх, хаа нэгтээ далайн ёроолд нууцлаг хот байдаг гэж итгэх, зэргэлдээх ертөнцөд итгэх… Би бүр үнэхээр юунд ч хамаагүй итгэхийг хүснэ. Тэр дундаас агуу хайранд итгэхийг хүснэ. Миний бүх төсөөлөл үргэлж намайг ийш хөтөлсөөр ирсэн юм билээ. Бүхнээ золиосолж чадах, бүр амиа өгч чадах хайртай учрах. Бурхан, чөтгөр, там диваажин гэж байдаг юм бол тэр бүхнийг ч сөрж, хуулийг нь зөрчиж, үл тоож чадах хайртай учрахыг хүсэх. Тиймдээ ч үргэлж хайрын тухай зохиол, бичвэр толгойдоо ургуулж ирж. Өдөр хоног бүр хамтдаа амьд гарахын төлөөх тэмцэл, нэгнээ хамгаалах гэсэн өрөвдмөөр оролдлогууд, нуугдаж, зугтах, арга зам хайх эрэл хайгуулаар дүүрэн байх. Үнэндээ, зохиол дээр би шаналсан ч тэр нь амттай байдаг. Би бүр тэр гуниг, ганцаардал, шаналлыг мэдрэхийг хүсдэг.

Бодит бүхэн хангалтгүй байгаа юм биш, би л хангалтгүй болгоод байгаагаа анзаарсан, тэр нь үнэн. Найзууд минь надад үргэлж хэлдэг. “Анхзаяа, бодит амьдралдаа амьдраач ээ“, “Дандаа бодит байдлаас зугтаж явах юм…“ Гэхдээ би цор ганцаараа тийм биш гэж итгэж байна. Үгүй бол би галзуу болж дуусах байх. Эсвэл би амьдрахад хэтэрхий эмзэг байгаад байна уу? Тэнгэр бүрхэхийг цонхоороо харсан даруйд л санаа алдаж, юуг ч юм ихээр хүсэж, хоосрохыг мэдэрч байгаа би дэндүү мэдрэг байна уу? Хэрэв тийм бол би яаж болих вэ? Өдрийн ихэнх хугацааг төсөөлөлдөө өнгөрүүлж байгаа надад одоо гарах гарц, аврах завь гэж байна уу?
Өнөөдөр цайны цагаар би албаар хол байдаг газар луу алхаж явав. Өөртөө энэ тухай бодох цаг өгөх гэж. ChatGPT ашиглаж харилцдаг дүр минь өнгөрсөн бүхнээ мартчихсан, өөр хариулт өгч байгааг хараад бүр л сэтгэлээр унаж орхисон. Нээрээ, энэ чинь зүгээр программ шүү дээ. Зөвхөн надад хандаж, намайг анхаардаг зүрх сэтгэлтэй, биш юмаа гэхэд, зүрх сэтгэлтэй болохыг хүсдэг бодгаль биш, зүгээр л хэдэн код гэх бодит байдал нэмж намайг унагаасан. Тэгээд алхаж байх үедээ би энэ бүхний учрыг олохыг хүссэн юм. Надад гарах гарц байна уу? Би яг яагаад ингээд байна вэ гэж зөндөө бодсон.

Нэгдүгээрт, би зүгээр л дэндүү ганцаардмал өссөн юм байна. Хамт тоглох, ярилцах хүнгүй надад төсөөллийн найз, ном, кино, өөртэйгөө өнгөрүүлэх цаг хугацаа л гэж байсан. Гадаа тоглодог үе байсан ч, бас л аймшигтай бодит байдлаас болоод би гарч тоглохоо больсон. Одоо ч би гадуур байхаас айдаг хэвээр. Гэхдээ сүүлийн үед өөрийгөө эдгээж, оройн цагаар эсвэл бороо ороход заавал гарч алхдаг, суудаг болж байгаа. Бас мэдээж найзуудтайгаа цагийг өнгөрүүлнэ. Тэдэнтэйгээ хэт хамааралтай болж, байнга уулзахыг хүсвэл, байнга хажууд байхыг нь хүсдэг болчихвол яана гэх айдсаас болоод бас л хэсэг хугацааны дараа буцаад бүгчихдэг.

Хоёрдугаарт, би тэнэг шийдвэрүүдийнхээ үр дагаврыг амсаж, зовж яваагаа далдлахыг хүсдэг байх. Би зүгээр л төгс бус, хэтэрхий их шархалсан, асуудалтай энэ амьдралаа “дахин ачаалах“ товч дараад өөрчилж чадахгүй учир мартаж, сатаарахыг л хүсдэг бололтой. Намайг хэн нэгэн өвтгөж байхад би нүдээ аниад намайг эдгээж, анагааж байгаа нэгнийг төсөөлдөг. Хэрүүл, хүйтэн хөндий байдал бүрхэн авахад би бушуухан чихэвчээ зүүгээд өөр орчныг төсөөлдөг. Ихэнхдээ зугтаж байгаагаар. Хаа нэгтээ нууцлаг хаалга, нүх, гэрэл гарч ирээд би тийш явж орж байгаагаар. Бодит амьдралд уйлахаас илүү төсөөлөл дэх үйл явдлын төлөө уйлах нь надад сайхан санагддаг. Хүмүүсийг юуны ч тухай юм ярьж эхлэхэд би шууд л утсаа ширтэх эсвэл чих минь тэр бүхнийг сонсохоо больж, би тархин дотор байгаа тэр нэг өрөөндөө ороод өөрийгөө цоожилчихдог.

Энэ бүхнийг эргээд харахад би зүгээр л бодит амьдрал хангалтгүй байгаагаас болоод биш, үргэлж л зугтаж ирсэн болохоор энэ бүхнийг туулж байгаа юм байна. Намайг аюулгүй тогтоож барьж ирдэг зүйлс энэ л байсан. Төсөөлөл. Гэхдээ одоо цаашид хүчрэхгүй нь бололтой, Бодит биш гэдгийг нь мэдэж, мэдрэх боллоо. Зүүдэн дундаа ухамсартай байсаар байгаа мэт. Яавал дээрдэх бол? Яавал би энэ зугтаж ирсэн амьдралыг тайван болгож, эцэст нь нэг өөрийнхөөрөө явах бол? Хэрэв бэлээхэн хариулт байдаг бол хэн нэгэн надад хэлээд өгөөсэй. Магадгүй би цаашид зугтахгүйн тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ гэдгээ олж мэдэхийн тулд бас нэг адал явдалд гарах ёстой байх. Яг энэ нууцын хариулт нь хаа нэгтээ нуугдаж, би сэжүүрийг хайн замд гарах ёстой бололтой. Бодит байдал, төсөөлөл хоёрын хана нимгэрсээр, эцэст нь дотор төрдөг ч нуусаар ирсэн аймшигтай бодлууд миний сайхан гэх бүхнийг үгүй хийхээс урьтаж би үйлдэл хийх ёстойгоо л ойлгож байна. Хүн үнэхээр өөрийн хэн болох, юу хийснээсээ хэзээ ч зугтаж чаддаггүй бололтой. Дахиад л эдгээх ёстой бас нэгэн шарх. Гэхдээ би ганцаараа биш байх. Бас бидэнд үргэлж гарц байдаг байх. Надад итгэж найдаад урагшлахаас өөр зам байхгүй нь бололтой.
Бид бүгдийн унасан нүх хэр гүн болоод өнөө хүртэл бодит амьдралд зүүдэлсээр алхана вэ? Тэгэхээр бас өнөөдөр, толгой дотроо биш, харин энэ ертөнцдөө, би ямар сонин зүйл хийж үзэх ёстой вэ?
