Illustrations: John Derian Company

“Би хөгшрөхөөсөө өмнө үхнэ.” Дөнгөж 17-хон настай байхдаа би ийм л тэнэг зүйл боддог байлаа. Хорин нас дөнгөж гараад ойлгож ухаарсан зүйл ч ховор байсан сан. Он цаг хугацаа өнгөрсөөр л, өөрийн бодол санааг хангалттай төлөвшсөн, хангалттай ухаалаг болсон гэж бодож л хамаг цаг хугацааг өөрийгөө хаацайлан өнгөрүүлсэн. Энэ жил би 29 нас хүрнэ. Нэг л мэдэхэд өнөөх айдаг байсан гучин насныхаа босгон дээр ирчихсэн байдаг. Гэтэл одоо л, бүр одоо л амьдралыг арай ойлгож эхэлж байх шиг. Хүний тэнэглэл дуусашгүй, гэхдээ өдөр бүр илүү хичээхээс өөрөөр бид илүү дээр зүйл хийж чадахгүй. Шууд л ухаалаг болчихдог, ухаараад бүхнийг засчихдаг үлгэрийн амьдрал байдаггүй юм байна. Хэсэг ойлгоно, нэг зүйл болохоо болиход л мартчихна. Дахиад л өнөөх замаараа туучиж явна. Энэ алдаанаасаа би залхаад байсан. Сүүлдээ өөрийгөө шүүмжлэх чадал ч үлдээгүй. Яагаад би хайртай хүмүүсээ хангалттай хайрлаж чадахгүй байгаа юм бэ? Яагаад би өөрийгөө л бодож, өрөвдөж, амиа хичээсээр явсан юм бэ? Хангалттай ойлгох хугацаа байгаагүй гэж үү? Тэрийг ойлгох хэмжээний олон хүнээ алдаагүй гэж үү? Өвөөгөө, аавыгаа, найзуудаа би дэндүү олон удаа алдаагүй гэж үү? Дахиад хэдэн хүн намайг орхиж байж би үүнийг ухаарах байсан гэж? Энэ жил миний хувьд байж болох хамгийн муухай жилүүдийн нэг шиг эхэлсэн. Хаана ч харьяалагдахгүй, хайрлагдаж бас ойлгогдохгүй мэт санагдсан. Энэ өчүүхэн амьдралыг тээж яваа биеэ ч хангалттай зовоосон.

Гэхдээ одоо, яг энэ наймдугаар сарын төгсгөлд би юу гэж бодож байна гээч? Энэ миний амьдралд тохиосон хамгийн гайхалтай жил. Учир нь арай гэж би ойлгож, бас зүгээр л ойлгоод зогсохгүй үйлдэл хийж эхэлсэн юм. Явах учиртай хүмүүсийг явуулж, хайрлах ёстой хүмүүсээ анх удаа, чин сэтгэлээсээ хайр дүүрнээр харж үзсэн жил. Эдгэрэл гэгч шархыг угт нь хүртэл хөндсөнөөр л ирэх боломжтой зүйл байж. Хоосортлоо уйлж, чихээ өвдтөл хашхирч, өөрийгөө өрөвдөж өр зүрхээ тэврэн газар хэвтэж, очих газаргүй, ярих хүнгүй болтлоо ганцаардаж, дахин харах чадалгүй болтлоо хэн нэгэнд гомдож үзлээ. Хэсэг хугацаанд төөрөлдөж үзлээ. Өмнө нь төөрчихсөн хэрнээ худлаа л хэн нэгний замаар алхаж, зөв зүгтээ яваа мэт дүр эсгэсээр хавцал дээр тулаад ирчихсэн байж. Энэ чинь миний явах зам биш шүү дээ. Би үнэхээр төөрчихсөн байж шүү дээ. Одоо эвдэрхий луужингаа хаяад, хүлээн зөвшөөрөх цаг.

Үүнийг ойлгосон даруй би тэр хавцлаас үсэрч, өөрийн замыг олох аялалдаа гарсан юм. Живэх шиг, хуйлран эрчлэх давлагаанд туугдан амар заяа үзээгүй өдрүүд байсан ч одоо л эх газартай золгох шиг санагдаж байна. Хурц, хатуу хад чулуу биш зөөлөн элстэй эрэг намайг угтаж авсан. Одоо жаахан амар даа, чи зүгээр болно гэх шиг… Анх удаа тийм урт амьсгал авах шиг… Яадаг ч байсан би өөрийн л зам мөрийг олохоор шийдсэн тэр өдрүүдийн араас миний сэтгэл санаа, оюун бодол нуурын ус шиг л тогтуун байсан гээ. Би хэнийг ч үзэн ядахыг, хэнд ч гомдохыг хүсээгүй. Бүх зүйлийг ардаа үлдээж, зөвхөн урдах замаа л харж алхаж эхэлсэн. Өөрийгөө тултал нь үзэн ядаж, алдаа бүрээ хүлээн зөвшөөрч, ямар хүн бэ гэдгээ бодитоор харсны араас л ирж болох тэр амар амгалан намайг угтан авсан юм. Учир нь өөрөөсөө нуух зүйл үгүй болоход зүрх чангаар ярьж эхэлдэг юм билээ. Бас чи жинхэнээсээ сонсож, одоо яавал би энэ шархаа эдгээж, бүхнийг ардаа үлдээж чадах вэ гэдгээ бага багаар анзаарч эхэлнэ. Одоо зөвхөн сорвио тэмтэрч, санаа алдаж суухаас илүүтэйгээр би өнгөрснөөсөө болж зовохыг хүсэхгүй байна. Тавьж явуулж чадахгүй байгаагаасаа л болж дахин дахин өөрийгөө өвтгөдөг тэнэг баймааргүй байна.
Гэхдээ энэ зам үргэлж сайхан байхгүйг би ч, чи ч мэдэж байгаа. Угаас энэ үнэн учир гуниглан, гутрах шаардлага үгүй. Бас би хүн л юм хойно зөвхөн гомдож, шархалж явсан гэхээс гадна бусдыг гомдоож, шархлуулсан гэдгээ ч өөртөө хүлээн зөвшөөрч, цаашид илүү дээр хүн байхыг л хүссэн.

Одоо надад нэг л айдас байна. Эцэст нь нэг ухаарч эхлээд байтал хайртай зүйлс минь намайг орхиод одох вий… Энэ удаад би зөв хийе гэж бодтол тийм хугацаа үлдээгүй байх вий гэж айж байна. Заримдаа бидний тоохгүй өнгөрүүлдэг “Сайхан амраарай”, “Хайртай шүү”, “Хоолоо идсэн үү?”, “Дулаан хувцаслаарай” гэх үгс сүүлийн удаагийнх байх магадлалтайг ойлгож эхэлжээ. Хэрэв цаг хугацааг ухрааж болдог байсан бол би өөртөө энэ бүхнийг л хэлэх байсан. Талархаж, бас хайрлаж байгаарай гэж. Учир нь зовуурийн шалтгааныг хайхгүй дэндүү удаан явбал эцэстээ хэтэрхий оройтсон ч байж мэднэ. Хэзээ ч ухаарч чадалгүй энэ амьдралыг орхисон хүн баймааргүй байна. Хөгшрөхөөсөө өмнө үхэх биш, хайртай бүхэнтэйгээ ойр урт удаан амьдармаар байна. 80 настай би нуурын эрэг дээр хөгжим сонсож, ном уншиж суумаар байна. Дурлам дурсамж бүрийн тоогоор нэмэгдсэн цагаан үсээ донжтой засаж, хэзээ ч сэтгэлдээ хөгшрөхгүй байхыг хүснэ. Хайртай бүхэн минь илүү их хайраар баяжиж цааш үргэлжлэхийг нь харж, сэтгэлдээ амар амгаланг мэдрэн борооны салхи наашилж буйг харж зогсмоор байна. Амьдрах гэж хичээж, оролдож буй бид ямар хайр татам юм бэ гэж би боддог. Дотроо сайн сайхныг хүсдэггүй хүн гэж үгүй. Бага багахан үйлдлээр өнөөдрөөс дээр маргаашийг үзэхийн төлөө чармайж буй, алхаж, гүйж буй хүмүүсийн дунд амьдрах хайр татам байна. Бүгд хэн нэгний төлөө, бас өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийж, оролдож буйд сэтгэл минь хөдөлж байна. Маргааш хүүгийнхээ дуртай тоглоомыг авч орохын төлөө өнөөдөр ажлаа хийгээд сууж байгаа өөртөө ч хайр хүрч эхэлж байна. Бид унасан, хугарсан, дарагдсан, залхсан, гэхдээ хэзээ ч зогсоогүйд талархаж байна. Гучин насанд намайг юу хүлээж буйг мэдэхгүй ч, сайхан зүйл нь л илүү байгаа гэдэгт итгэнэм. Цаашлаад 40, 50, 60… Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би өөртөө шинэ зорилгыг олж, хүссэнээрээ амьдарч, бас хангалттай хайрлаж чадна гэдэгтээ найднам. Танд ч бас тэр сайхан бүхнийг хүсье.
