Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан, зураач Э.Мишээл нар хүүхэд, багачуудад хүний эрхийн тухай ойлголтыг энгийн, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилготой шинэ бүтээлээ танилцууллаа. “Хүний эрхийн цагаан толгой” нэртэй энэхүү зурагт ном нь өнгөлөг дүрслэл, ойлгомжтой тайлбараар дамжуулан Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүүхдийн хэлээр өгүүлж буйгаараа онцлог юм.
Номын гол санаа нь “Хүн төрөлхтөн аль ч тив, ямар ч хэл, соёлтой байсан хүний эрх бол түгээмэл” хэмээх үнэт зарчмыг хүүхдэд ойлгуулах. Үүний тулд бүтээлд НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр товч тайлбаруудыг оруулсан байна.
Оюутан, залуусын хувьд хүний эрхийн талаар олон эх сурвалжаас мэдээлэл авах боломжтой ч хүүхдэд зориулсан эх сурвалж маш хомс байдаг. Тиймээс хүүхдийг бага наснаас нь хүний эрхийн тухай мэдлэгтэй, ухамсартай, цаашлаад эрх, эрх чөлөөгөө хамгаалж, шаардаж чаддаг хүн болж төлөвшихөд туслах зорилгоор энэхүү бүтээлийг бүтээжээ.
Номын гол дүр нь хөх шувуу. Тэрээр энх тайван, амар амгаланг бүтээхээр аялж, бусадтай харилцан, танин мэдэж, хүний эрхийн тухай ойлгож буйгаар дүрслэгдсэн. Энэ нь хүүхдүүдэд ээж, аавтайгаа хамт ярилцах, эрхийнхээ тухай, утга учрыг ойлгоход нь туслах юм.
Мөн хөх шувуу нь хүний эрх, энх тайван, хөгжил гурвыг зэрэгцүүлэн авч үзэх ёстой гэсэн санааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн дараа энх тайван тогтооно, түүнээс хойш хүний эрхийг эдлүүлнэ гэсэн дараалал бус, гурвууланг нь зэрэг авч үзэх учиртайг сануулж байгаа юм.
Мөн хүн аз жаргалтай, сайн сайхан амьдрахын тулд “хөх шувуухайг олох” тухай домгоос санаа авсан бөгөөд хүний эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх нь өөрөө аз жаргалаа олсонтой адил хэмээн бэлгэджээ.