“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Оюутны карьер үйлчилгээтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэх болно.
Энэ удаагийн нийтлэлээрээ карьераа төлөвлөх болон шинээр ажилд орж буй залуучуудад HR Consulting LLC компанийн зөвлөх Ш.Баярмагнай хамтран 8 зөвлөмж бэлтгэн хүргэж байна. Тэрээр 2008 оноос хойш хүний нөөцийн салбарт 16 жил ажилласан туршлагатай зөвлөх мэргэжилтэн юм.
Карьер төлөвлөлт гэж юу вэ?

Энэ нь энгийнээр урт болон богино хугацаанд ажил мэргэжилтэйгээ холбоотой өөрийн зорилгыг тодорхойлж, үүндээ хүрэх алхмуудыг төлөвлөх тухай юм. Энэ төлөвлөгөөг аль болох эрт гаргах тусмаа чамд хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Оюутан цагаасаа карьераа төлөвлөх нь өөрийгөө илүү сайн таньж мэдэх, цаг хугацаа болон өөрийн нөөц бололцоог үр дүнтэй ашиглах зэрэг олон давуу талтай.
Карьераа ямар бүтцээр төлөвлөх вэ?
Карьер төлөвлөлтөд “hierarchical planning” буюу босоо төлөвлөлт, “lateral planning” буюу хэвтээ төлөвлөлт гэсэн ойлголтууд бий. Карьерын босоо төлөвлөлт гэдэг нь нэг салбарт урт хугацаанд ажиллаж, хөгжихийг хэлдэг. Жишээ нь та маркетингийн менежер мэргэжилтэй болохыг хүсдэг гэж бодъё. Маркетингийн менежерээр нэг компанид ажилд орж 5 жилийн дараа маркетингийн албаны дарга дахин 5 жилийн дараа маркетингийн албаны захирал болно гэж төлөвлөх нь карьерын босоо төлөвлөлтийн жишээ юм.
Харин карьерын хөндлөн төлөвлөлт гэдэг нь богино хугацаанд хэд хэдэн салбарт ажиллаж тэр хэрээр их туршлага хураахыг хэлнэ. Жишээ нь эхний жилд маркетингийн менежер, дараагийн хоёр жилд контент бүтээгч, дараагийн удаа программ хангамжийн инженерээр ажиллана хэмээн төлөвлөх нь карьерын хөндлөн төлөвлөлт жишээ юм.
Карьерын босоо төлөвлөлт нь тухайн салбартаа мэргэших давуу талтай бол хөндлөн төлөвлөлт нь олон төрлийн туршлага хураах давуу талтай. Хувь хүний болон таны ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан аль төрлийн карьер төлөвлөлтийн сонгохоо та өөрөө шийдэх юм шүү.
Карьерын төлөвлөгөөгөө гаргахад тань туслах асуултууд

Өөрийгөө таньж мэдэхэд тань туслах асуултууд
Миний “hard skill” буюу нарийн ур чадвар “soft skill” буюу зөөлөн ур чадварууд юу вэ? (Өөрийн ур чадварын жагсаалтыг гаргаарай).
Би ямар төрлийн ажил, даалгаврыг гүйцэтгэхдээ хамгийн их сэтгэл ханамж авдаг вэ? (Хүнтэй харилцах, асуудал шийдвэрлэх, гар урлал хийх гэх мэт).
Миний үнэт зүйлс юу вэ? (Тогтвортой байдал, бүтээлч байдал, орлого гэх мэтээр өөрийн үнэт зүйлсийг жагсаагаарай).
Зорилгоо тодорхойлоход тань туслах асуултууд
Миний 10 жилийн дараа хүрэх зорилго бол...
Би ирэх 3, 5, 10 жилд ямар салбарт ажиллах вэ?
Би ямар компанид ямар хугацаанд ажиллахыг хүсэж байна вэ?
Би ажиллахыг хүсэж буй мөрөөдлийн компани бол...
Зорилгоо хэрэгжүүлэх алхмаа төлөвлөхөд туслах асуултууд
Миний сонгосон ажил мэргэжлийн салбарт ямар ур чадварууд зайлшгүй шаардагддаг вэ?
Суралцах шаардлагатай байгаа мэдлэг, ур чадварыг хаанаас, хэзээ, ямар хугацаанд олж авах вэ?
Энэ чиглэлээр хэний туршлага, зөвлөгөөг сонсож болох вэ?
Орлого, сэтгэл ханамжийн аль нь надад илүү чухал вэ?
Ажил, хувийн амьдралын тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ?
Карьер төлөвтөө хийхэд чинь туслах веб сайтууд
Careerexplorer.com
Таны зан төлөв, сонирхолд үндэслэн тохирох ажил мэргэжил, карьерыг санал болгох 30 орчим минутын үнэгүй тест бий.
jobbank.gc.ca
Мөн адил карьераа төвөлөхөд туслах олон төрлийн үнэгүй үүдтэй. Түүнээс гадна ажил мэргэжлийн үүрэг, ямар мэргэжилд ямар зөөлөн ур чадварууд шаардлагатай зэрэг олон хэрэгтэй мэдээллийг энэ сайтаас уншаарай.
OnetOnline карьер төлөвлөлттэй холбоотой зөвлөмж, шинэ мэдээллүүд унших боломжтой гэдгээрээ онцлог. Мөн карьерынхаа урт хугацааны төлөвлөөг ч хийх боломжтой.
123 сайтийн тестийн сан арвин. Өөрийн сонирхлыг таньж мэдэх, ур чадвараа үнэлүүлэх гэхчлэн сонголтууд сайтай.
Ажлын ярилцлагад орохдоо анхаарах зүйлс

Өөрийгөө бэлдэх
Ажлын олгогчдоо өндөр сэтгэгдэл үлдээхийн тулд ярилцлагадаа өөрийн зүгээс бэлдэж очих хэдэн хэдэн зүйл бий.
Тухайн байгууллагын талаар судалгаа хийгээрэй. CV-гээ илгээхээсээ ч өмнө тухайн газрынхаа талаар сайтар судлаарай. Ийм судалгаа хийх нь таны ажилд орох магадлалыг нэмэгдүүлнэ.
Хувцаслалтаа зөв сонгоорой. Ажил хэрэгч, цэвэрхэн хувцаслаж ажлын ярилцлагадаа очих нь таныг энэ уулзалтад ач холбогдол өгч байгааг харуулна.
Ажлын ярилцлагадаа 10-15-р минутын өмнө ирээрэй. Уулзалтаасаа өмнө нь ирэх нь танд амьсгаа авч, бэлдэх цаг өгнө.
Анкетынхаа хуулбарыг бусад холбогдох бичиг баримт, гэрчилгээний хамт авчрахаа мартуузай. Энэ нь таныг зохион байгуулалттай, бэлтгэлтэй байгааг харуулна.
Ажиллах газраа шинжээрэй
Ажлын ярилцлага гэдэг бол хоёр талаас харилцан нэг нэгнээ танилцах, ойлголцох явц. Тиймээс та өөрийгөө залуу мэргэжилтэн гэж голж эмээлгүйгээр ажлын ярилцлагад урьсан байгууллагаа ч гэсэн шинжиж, карьер төлөвлөлтөд тань нийцэх газар мөн үү гэдгийг тандах нь зөв.
Тан руу цахим шуудан явуулж албан харилцаа өрнүүлж байна уу, таныг ажлын ярилцлагад ирэх боломжтой эсэхийг лавлаж байна уу, ажлын ярилцлагын үеэр таныг хүндэлж байна уу зэргээс тухайн байгууллагын соёл багахан зүйлсээс л харагдана.
Асуулт асуухаас битгий айгаарай

Монгол Улсын хуульд ажил үүргийн хуваарийг албан байгууллага дотооддоо зохицуулна хэмээн зааж өгсөн байдаг. Тиймээс ажлын ярилцлагын үеэс л өөрийн үүрэгт ажлуудыг сайтар тодруулж асуух хэрэгтэй. Зөвхөн үүрэгт ажлаа төдийгүй ажлын байртай холбоотой зүйлсийг илэн далангүй асууж ойлголцоорой.
Сул талаа шударгаар хэлээрэй
Ажлын ярилцлагын үеэр өөрийгөө шударга, үнэн зөвөөр илэрхийлэх нь маш чухал. Өөрийн ур чадвар болон дутуу чанар, сайжруулах хэрэгтэй талуудаа шударгаар хэлснээр ажил олгогч таны чадвар, мэдлэгийг зөв үнэлж, цаашид хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөндөө тусгаж, тохирох албан тушаал, үүрэг хариуцлагыг тодорхойлоход хэрэгтэй.
Шинэ харилцааг түрүүлж эхлүүлээрэй
Шинэ орчинд ажиллаж эхлэхэд хамтран ажиллагчидтайгаа эхний өдрөөсөө л танилцаарай. Өөрийгөө товч тодорхой танилцуулж, бусадтайгаа мэндэлж, эерэг анхны сэтгэгдэл үлдээгээрэй. Ажлын хамт олны дунд түрүүлж харилцаж, жижиг яриа өрнүүлэх нь таныг шинэ ажлын орчиндоо хурдан дасан зохицоход тусална.
Эх сурвалжууд: joinhandshake.com , capd.mit.edu, www.jobbank.gc.ca
