UBLife Logo
Кино

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчид одоо

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчид одоо

Яагаад гэнэт “Загалмайлсан эцэг” киног дурдав гэхээр өнөөдөр зохиолч Марио Пьюзогийн мэндэлсний 105 жилийн ой тохиож байгаа юм.

Түүний ачаар гангстерууд дэлхийн кино урлагт байр сууриа эзэлсэн билээ. Марио энэ зохиолоо 1969 онд бичсэн. Шууд л бестселлер болсон. 1972 онд кино болсноор Дон Корлеоне дэлхийн нэг дугаарын мафи болсон билээ. Марио Пьюзо 1999 онд нас барсан.

Марлон Брандо (Вито Корлеоне)

Марлон энэ дүрийг бүтээхдээ 48 настай, Оскар авчихсан алдартай жүжигчин байлаа. Тэрээр эхний хэсэгт л тоглосон. 2004 онд амьсгал хураажээ.

Аль Пачино (Майкл Корлеоне)

Вито Корлеонегийн бага хүүгийн дүрд Аль Пачино тоглосон. Тэр үед 32 настай сан Пачино кинонд ганц дүр бүтээсэн театрын жүжигчин байлаа. Намхан нуруутай гэж гологдох дөхсөн ч найруулагчийн ачаар “Загалмайлсан эцэг” киноны бүх ангид тоглож чадсан. Энэ жил Аль Пачино 85 настай.

Роберт Де Ниро (залуу Вито Корлеоне)

Роберт эхлээд Вито Корлеонегийн бие хамгаалагчийн дүрд тоглох шахсан. Харин мафийн боссын залуу цагийн дүрийг гайхалтай бүтээснээр жүжигчний замнал нь дээшилсэн билээ. Яг одоо тэр таван киноны төсөлтэй байгаа гээд бод. 2023 онд долоо дахь хүүхэд нь төрсөн. Тэр хөгшрөөгүй.

Роберт Дюваль (Том Хейген)

Эхний ангид тоглох үедээ тэр 40 настай, цэргийн алба хаачихсан, Театрын сургууль төгссөн, телевизэд ажилладаг эрхэм байлаа. Найруулагч анхнаасаа түүнийг яг Том гэж харж байсан гэдэг. Одоо тэр 94 настай.

Дайан Китон (Кей Корлеоне)

Китон гурван ангид бүгдэд нь оролцсон. Эхлээд найз бүсгүй, дараа нь Майклын гэргий, хүүхдүүдийнх нь ээж болж, “зүтгэсэн” билээ. 25 настай түүний анхны кино нь “Загалмайлсан эцэг” байлаа. Дайан Китон тун саяхан буюу энэ сарын 11-нд нас барсан.

Жон Казале (Фредо Корлеоне)

Корлеонегийн гэр бүлийн хамгийн сул дорой гишүүний дүр түүнд оногдсон. Энэ дүрийг авахад нь эртний найз Аль Пачино нь тусалсан юм. Тэр таван кинонд л тоглосон. 1978 онд нас баржээ.

Талия Шайр (Конни Корлеоне)

Найруулагч Коппола энэ дүрд өөрийн дүүгээ урьсан. Одоо 79 настай. Гурван хүүхэдтэй. Түүний хүү Жейсон Шварцман мөн л Холливудын од.

Жанни Руссо (Карло Рицци)

Конни Корлеонегийн нөхрийн дүр түүний анхны дүр байлаа. Залуудаа мафийн гишүүн байсан гэж ярьдаг. Нийт 40 гаруй кинонд тоглосон. Лас Вегаст ресторан ажиллуулж байгаад 1988 онд хаасан. Тэр жил Руссо нэгэн эмэгтэйг хамгаалж байгаад хүн буудаж, хөнөөсөн. Гэхдээ аргагүй хамгаалалт гээд ял эдлээгүй юм. 2004 онд цомог гаргасан дуучин.

Жеймс Каан (Сонни Корлеоне)

Вито Корлеонегийн ууган хүүгийн дүрийг авахдаа Каан туршлагатай, сайн жүжигчин гэгдэж байсан. Германы еврей цагаачдын гэрээс гаралтай тэрээр боксоор хичээллэж, мотоцикл унан, байнга зодолддог байв. Тэр үхэн үхтлээ кинонд тоглосоор байсан. Хамгийн сүүлийн кино нь Кааны оршуулгын дараа дэлгэцэд гарч байлаа. 2022 онд 82 настайдаа энэ ертөнцийг орхисон.

Аль Мартино (Жонни Фонтейн)

Ахимаг насны дуучны дүр нь яг л өөрийнх нь амьдрал гэлтэй. Аль Мартино 1950-иад онд алдаршиж, Италийн мафийн гишүүн байсан гэдэг. Найруулагч Коппола түүнийг тоглуулахыг хүсээгүй ч мафийн босс Рассел Буффалино ятгаж чаджээ. 1980 оноос түүний замнал өндөрлөсөн гэхэд болно. 2009 онд 82 настайдаа амьсгал хураажээ.

Энди Гарсиа (Винсент Манчини)

Гуравдугаар ангид оролцсон. Куба гаралтай Энди тэр үед гэмт хэргийн бүлгийн гишүүний хэд хэдэн дүр бүтээчихсэн жүжигчин байлаа. Маш олон кинонд тоглосон алдартай жүжигчин.

Жо Мантенья (Жоуи Заза)

Энэ кинонд ирэхдээ тэр Венецийн кино наадмын шилдэг дүрийн шагналтай алдартай жүжигчин байлаа. Гэрэл зурагчнаар замналаа эхлүүлж байсан гэдэг.

София Коппола (Майкл Фрэнсис Рицци, Мэри Корлеоне)

Эхний анги дээр тэр нялх хүүхдийн дүрд тоглож байсан бол гуравдугаар ангид Майклын 18 настай охины дүрийг бүтээсэн. Анхных нь кино байлаа. Дараа нь алдартай найруулагч болж, 2017 онд Ромын дуурийн театрт дуурь тавьж байлаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.