UBLife Logo
Спорт

“Царайлаг залуу” Эндо зодог тайлна

“Царайлаг залуу” Эндо зодог тайлна

Мэргэжлийн сүмо бөхийн комүсүби асан Эндо зодог тайлахаар болжээ. Эндо хоёр өвдгөндөө мэс засал хийлгэж, сүүлийн хоёр башёд барилдаагүй. Нагоя башё эхлэхээс өмнө баруун өвдөг, Намрын тэмцээний голоор зүүн өвдгөндөө хагалгаа хийлгэсэн. Өчигдөр гарсан шинэ банцүкэгээр макүшита зиндааны зүүний гуравт унаад байлаа. 2013 оны Нагояд жюүрёод дэвшсэнээсээ хойш анх удаа макүшитад барилдах болоод зодог тайлахаар шийдсэн байна. Цаашдаа Хаятэказэ дэвжээнд Китажин нэрээр туслах ояката болно.

Эндо “Нихон” их сургуулийн 4-р дамжаанд байхдаа сонирхогчдын сүмогийн ёкозүна болсон. Сонирхогчдын ДАШТ-ий хүрэл медальт, багийн тэмцээний аварга болж байсан. Мэргэжилд макүшитагийн 10-аас барилдах эрх авч, гуравхан башё барилдаад дээд зиндаанд дэвшсэн. Түүнийг жюүрёод барилдаж эхлэхэд аварга, арслангууд хувцас солих өрөөнд барилдааныг нь үздэг, сайн бөх гарч ирлээ гэж хэлдэг байжээ.   

Мөн Японд “Сүүжёо” хэмээх үзэгдлийг бий болоход гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Сүүжёо гэдэг нь “Сүмод дуртай эмэгтэй” гэсэн утгатай.

Эмэгтэйчүүдийн загварын “An An” сэтгүүлийн газраас Эндог “Дохён дээрх Хан Хүү” хэмээн танилцуулснаас хойш Кокүгикан ордонд ирэх эмэгтэйчүүдийн тоо эрс өссөн гэдэг. Ордны коридорт Эндогийн том зураг тавихад л бүсгүйчүүд дэргэд нь өөрөг зураг авхуулаад зогсчихно.

Холбооноос “Эндод гар дээрээ өргүүлэх өдөр “зохион байгуулахад 8132 хүсэлт ирж, Японы өнцөг булан бүрээс Сүүжёо нар цугларч, тасалбар олдохоо байж байв.

Ивээн тэтгэгчид түүний барилдаанд шагналын мөнгө тавих дуртай. Нэг башёд 200 дугтуй мөнгө тавигддаг байсан нь ёкозүнатай зэрэгцэх мөнгө байлаа.

Мэргэжилд орохдоо хийсэн хэвлэлийн хурал дээр “Манай Ишикава мужийн уугуул, Нихон их сургуулиас төрсөн ганц ёкозүна болох Важима бол миний зорилго” гэж хэлж байлаа. Харамсалтай нь комүсүбигээс дээш гараагүй ч Сүмо бөхийн холбооны нүүр царай болсон бөх байв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.